| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2410 0505 31131 |
| Дугаар | 2026/ДШМ/146 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/146
2026 01 29 2026/ДШМ/146
Т.Т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг /цахимаар/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,
шүүгдэгч Т.Т,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2754 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э гаргасан гомдлоор Т.Т холбогдох 2410 0505 31131 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т.Т, ........оны ........ дугаар сарын ...........-ны өдөр ...........аймагт төрсөн, захчин, ..........настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “...........” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ........, ............ хамт .......... дүүргийн ..........дүгээр хороо, ........... гудамж, ............ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:............../.
Шүүгдэгч Т.Т нь “............” ХХК-ийн захирлаар ажиллаж .............. өдөр ........ дүүргийн ............. хорооны нутаг дэвсгэрт байрлах “...............” ХХК-ийн барьж байгаа барилгын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.8 дугаар заалт, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт МNS4969:2000 "Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм" стандартын 3.16 дахь заалтуудыг тус тус биелүүлээгүйн улмаас Б.П нь пассадны шилэнд даруулж амь хохирсон буюу Т.Т нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч ..........овогт Т.Т "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Т нь оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээсэн үүргээ шүүгдэгч Т.Т биелүүлээгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс Т.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан үзэх зохицуулалтыг анхаараагүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлөөгүй, хор уршиг хэзээ ч арилахгүй байхад хуулийг буруу хэрэглэж, гэм буруутай этгээдийн үйлдэлд тохирсон шийтгэл оногдуулаагүй байна. Хүний амийг болгоомжгүйгээр хохироочихоод тэнсэн гэдэг шийтгэл аваад явдаг байж таарахгүй. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэм буруугийн болоод шудрага ёсны зарчимд нийцэх ёстой. Мөн ........гэж өөрийгөө танилцуулсан н.Н гэх хүн манайд удаа дараа ирж уулзан бид ямар ч асуудалгүй ээ хууль шүүхээр яваад яах вэ, зохицоод асуудлаа шийдье та хэд маань л тайван байгаад өгөөч, баримт ч цуглаад хэрэггүй бид хэд оршуулгын баримт энэ тэр нэхэхгүй гэж хэлж бидэнд итгүүлсэн учир оршуулгын зардалтай холбоотой гарсан 30 орчим сая төгрөгийн баримтыг гаргаж өгөөгүй. Мөн би талийгаач дүүтэйгээ дэндүү ойрхон байсан учир дүүгээ гэнэт алдаад асар ихээр шаналж зовсон, сэтгэл санаагаар маш их унасан өнөөдөр хүртэл сэтгэл санаа асар их тогтворгүй хэцүү байна. Мөрдөх байгууллагын мөрдөгч, прокурор нь миний сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилдог болохыг мэдсээр байж ажлаа бүрэн хийгээгүй болохыг хэрэг шүүхэд шилжин ирсний дараа мэдсэн. Би ч гэсэн анх удаа ийм зүйлд оролцож байгаа учир мэдээгүй ба надад хэргийн материалтай танилцах боломж ч олгоогүй. Би улам л хохироод үлдэх болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10 өдрийн 2025/ШЦТ/2754 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би болсон явдалд маш их гэмшиж байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн ар гэрт 40.000.000 төгрөг өгсөн. Үүнийг хохирогчийн ар гэр голж байна гэж ойлголоо. Би өөрөө хөдөлмөрийн чадваргүй болсон, 2024 онд энэ асуудлаас болж би олон сар нойргүй, сэтгэл санааны хямралд орсон. Ноднин наадмын өмнө инфарктийн өмнөх шат буюу 2 судас бөглөрч, нэг судсанд гуурс хийлгэсэн. Эмч 5кг-аас дээш юм өргөж болохгүй, хүсвэл групп тогтоолгож болно гэсэн. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэхгүй байгаа тул санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч захиалагч байгууллагын хүмүүсийг 200.000.000 төгрөг өг, та нар ч гэсэн гэм буруутай гэдэг байдлаар хандсан байсан. Тухайн барилгыг нь газрын асуудлаас болоод улсын комисс хүлээж аваагүй байгаа болохоор мөнгийг өгч чадахгүй байгаа юм байна гэж ойлгож байгаа. Миний хувьд мөн тухайн барилга дээрээс бартер маягаар 40.000.000 төгрөг авах байгаа. Барилгыг улсын комисс хүлээн авч, ордер нь гарчихвал мөнгөө аваад өмнөх 40.000.000 төгрөг дээрээ 40.000.000 төгрөг нэмээд өгөхөд татгалзах зүйлгүй” гэв.
Прокурор Х. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Тухайн хэргийн улмаас Б.Энхбатыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх, үүргийг танилцуулж, мэдүүлэг, тайлбарыг авч, хэргийн материалтай танилцуулсан. Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэргийн 33, 39 дүгээр талд “...гомдол, санал байхгүй, хуулийн дагуу хэргийг шийдүүлье, 40.000.000 авсан...” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн. Тухайн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тухайн “...200.000.000 төгрөгийг авмаар байна...” гэх асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаас ярьж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор шүүх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Иймд 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2754 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Т.Т холбогдох 2410 0505 31131 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтууд болох:
хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх ........ дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ хотхоны барилга дээр хүн бэртэж нас барсан гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дунд голын ертөнцийн зүгээр урд байрлах 4 блок барилгын А1 блокийн орцны хаалганы гадна талд байрлаж хурааж тавьсан пассатны шилэнд сууж байгаад даруулж гэмтсэн. Тухайн пассадны шилний хэмжээ 137x126 хэмжээтэй хураалттай, 22 шил буюу 2 давхарласан шилний доод талын 1 шил хагарсан, тухайн хагарсан шилний ойролцоох газар 5 шил зүүн талд 2 шил нийт 29 шил байсан. Шилний 1 ширхэг даац жин 34100 кг. ... Үзлэгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгсөн дэвтрийг хураан авсан...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 08-13),
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би талийгаачийн төрсөн ах нь байгаа юм. ... Хамтран амьдрагч байгаа, 6-7 жил болж байна. Албан ёсны гэр бүл үр хүүхэд байхгүй... 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 15 минутад нас барсан...” гэх мэдүүлэг (1 хх 32-33), “...Тухайн үед ажил явдал болоод бид нар хамт хохирогчийн ажилд нь зарцуулж авсан мөнгөн дүн баримтыг нь шатааж устгасан учир баримт байхгүй... Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (1 хх 36-37),
гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 16:38 минутад төрсөн эгчийн хүү болох Алтанхуяг манай хүний бие муу байна гэж хэлэхээр нь би очоод би 23:00 цагийн үед гэр лүүгээ явсан. Өглөө 10:00 цагийн үед очиход өөдөөс эмч нар нь яаралтай ороорой гэж хэлээд би орсон тэгтэл эмч нар нь зүрхэнд нь массаж хийж байсан, төд удалгүй 10:15 гээд зүрх нь зогслоо гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (1 хх 45-46),
гэрч Э.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өдрийн хоолондоо орчхоод өрөөндөө сууж байтал гаднаас шилэнд хүн дарагдаад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд шууд яваад очтол “............” туслан гүйцэтгэгч байгууллагын ажилтан А хэлбэрээр босоогоор хураагдсан байсан нэг талын шилэнд дарагдсан байдалтай, хүмүүстэй доороос нь өргөлцөөд гаргасан ухаангүй хэвтэж байсан.
гэрч Т.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны 13 цагт ажилчид өдрийн хоолонд орсон. Өдрийн хоолондоо орчихоод бие засчихаад гарч ирээд байж байхад манай “.........” ХХК-ийн нярав миний гар утас руу залгаад "яг манай урд хүн шилэнд дарагдчихлаа" гэж хэлсэн. Тухайн нярав заасан газарт явж очиход гадна шилэн пассатны босоогоороо хураалттай байсан том дөрвөлжин шил уначихсан байсан бөгөөд тэрний доор дарагдсан байсан “...........” ХХК-ийн ажилтныг тэр хавийн ажилчид нийлээд тэр дарсан гэх шилийг өргөж байгаад гаргаад ирсэн байсан. Тухайн “..........” ХХК-ийн шилэнд дарагдсан гэх ажилтан ухаангүй, хэвтээ дээшээ харсан байдалтай байсан. Тэр үед “..........” ХХК-ийн захирал Т.Т...... тухайн ажилтны амьсгалыг нь чөлөөтэй байлгах зорилгоор хиймэл шүдийг нь авсан...” гэх мэдүүлэг (1 хх 60-63),
гэрч М........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 дүгээр блокийн гадна пассадыг тухайн өдөр хийх гээд пассадны шилнүүдийг хайрцгаас нь гаргаж нэг нэгээр нь 4 дүгээр блокийн ар талаас 1 дүгээр блокийн урд талын талбай руу 11 цаг 30 минутаас 12 цаг 30 минутын хооронд зөөж авчраад хайрцаг налуулж хоёр талаас нь майхан хэлбэртэй хурааж байршуулсан байсан. Бид нар өдрийн хоолоо идэж байсан чинь шилэнд хүн дарагдчихлаа гэж хэлсэн. Гараад очсон чинь бид нарын зөөсөн шилэн пассаданд хүн дарагдаж хүмүүс доороос нь гаргачихсан байсан...” гэх мэдүүлэг (1 хх 66-68),
гэрч Д.Г.............мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрлийнхээ шонг талийгаач П........ шонгийн суурь бэлдэж өгч байсан бөгөөд 13 цагийн үед үдийн цайны цаг болж талийгаач П......г багажаа хураагаад цайндаа явахдаа бэлдэж бай, би В1 давхраас гэрлийн шон аваад ирье гээд би доод давхар луу ганцаараа явсан. Тухайн 31 давхарт 10 минут болоод буцаад гараад ирэхэд барилгын урд талд босоогоор хураасан байсан гадна пассатны шилэнд талийгаач П......... дарагдсан байхыг би хараад сандраад инженер Т.........ыг доошоо В1 давхар луу бууж дуудаж ирсэн...” гэх мэдүүлэг (1 хх 75-77),
Нийслэлийн шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 06- ны өдрийн ...........дугаартай “...1. Амь хохирогч Б.П......... цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр бүдүүн гэдэсний уруудах хэсгээс тахир гэдэс хүртэл чацархайгаас бүрэн салсан үхжил, бүдүүн гэдэсний цоорол, хэвлийн хөндий дэх цусан хураа, давсгийн задрал, зүүн дунд чөмөгт ясны хугарал, зүүн гуянд шарх, хуухнаг болон зүүн цавь гуянд цус хуралт, зүүн зовхи, дээд уруулд зулгаралт гэмтлүүд тогтоогдпоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн дарагдах, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогчийн нь хэвлий мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. 6. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 15 минутад нас барсан байна. 7. Амь хохирогчийн цус нь 0/1/-р бүлгийн харьяалалтай байна. 8. Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. 9. Амь хохирогчийн цуснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт (1 хх 86-91),
шинжээчийн “...1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д /үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг "үйлдвэрлэлийн осол" гэнэ./ гэж тодорхойлсон. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт "............. групп" ХХК-ийн төслийн барилгын талбайд ...........ны өдөр .............................................. ХХК-ийн ажилтан Б.П....... нь гадна тагтны шилэн хаалтын зориулалт бүхий хураалттай шилэнд даруулсны улмаас ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ...........ний өдөр нас барсан осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”- ийн 2.1.1 дэх заалт /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-д хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Уг осол гарахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, барилгын салбарт мөрдөгдөх норм, нормативын баримт бичгийн холбогдох заалтууд зөрчигдсөн байна. 2. ........ХХК-ийн ажил олгогч нь ажилтныг ажилд гаргахдаа гүйцэтгэх ажил үүрэгт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгоогүй ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтыг зөрчсөн байна....” гэх дүгнэлт (1 хх 116-118),
“.............” ХХК-ийн баримтууд (1 хх 172-173),
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт болон мэдэгдэх хуудас (1 хх 174-176),
“ESBS групп” болон “...........” ХХК-ийн хоорондоо байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн БҮХАБ/22-06 дугаартай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах гэрээ болон хавсралт (1 хх 181-187),
“.............." ХХК болон Т.Т............ нарын хоорондоо байгуулсан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 74/7 дугаартай “Хөлсөөр ажиллуулах гэрээ” (1 хх 188-190),
“...............” ХХК-ийн сургалтын тодорхойлолт болон хавсралт (1 хх 203-210),
“....................” ХХК болон “...........” нарын хоорондоо байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн БҮХАБ/22-06 дугаартай “Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах гэрээ” (1 хх 211-216),
“..............” ХХК-ийн захирал Т.Т........ амь хохирогч Б.П............. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн “Хөлсөөр ажиллуулах гэрээ" (2 хх 03-04),
шүүгдэгч Т.Т. данснаас амь хохирогчийн данс руу 2,960,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга (2 хх 23-32) зэрэг баримтуудаар шүүгдэгч Т.Т........нь “.........” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр .............. .......дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” ХХК-ийн барьж байгаа барилгын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.8 дахь заалтад, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт МNS4969:2000 "Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм" стандартын 3.16-т заалтыг тус тус биелүүлээгүйн улмаас Б.П......... нь пассадны шилэнд даруулж амь хохирсон болох нь нотлогдсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Т.Т...........үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ... болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э.........нь “...шүүхээс Т.Т.........д ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, гэм буруутай этгээдийн үйлдэлд тохирсон шийтгэл оногдуулаагүй байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг нь хөнгөн гэж гэмт хэргийн ангилалд хамаарахаар, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж зааснаар Т.Т.......... үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах болгоомжгүй гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан ба тус хэм хэмжээг тухайн зүйлд заасан болзол шаардлагыг хангасан шүүгдэгчид хэрэглэх эсэхийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэдэг ба анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгч Т.Т..........д шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэнг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э....... нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байсан төдийгүй анхан шатны шүүх хуралдаанд мөн “... нэмж нэхэмжилж байгаа зүйл байхгүй, хохирол төлбөрт 40 сая төгрөг төлсөн......” гэсэн байна.
Шүүгдэгч Т.Т.......... нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны үед нийт 40 сая төгрөгийг төлсөн /2 хх 70/, цаашид гарах хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э............. 200 сая төгрөгийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх нотлох баримтгүй үндэслэлээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэлгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 200 сая төгргийн нэхэмжлэлтэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй байгааг дурдаж байна.
Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э........н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2754 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э........ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР