| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 183/2021/03568/И |
| Дугаар | 210/МА2022/00872 |
| Огноо | 2022-05-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2022/00872
| 2022 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2022/00872 |
Ж.Дийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00404 дугаар шийдвэртэй
Ж.Дийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох
Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Дийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Ж.Д нараас 275,025,450 төгрөгийг гаргуулж Л.Баярцэнгэлд олгохоор шийдвэрлэсэн боловч Ж.Д миний Л.Баярцэнгэлд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Л.Баярцэнгэлээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураасан Ж.Дийн өмчлөлийн 000дүүрэг, 00 дугаар хороо, Б оргил Чингисийн өргөн чөлөө гудамж ББ байр, БББ тоот хаягт байршилтай, 103.62 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ 289,411,900 төгрөгийн 50 хувь болох 144,705,900 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад зарласан албадан дуудлага худалдаа буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль бус үндэслэлгүй байна. Ж.Д болон Л.Баярцэнгэл нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж уг гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр Улаанбаатар хот, 000дүүрэг, 00 дугаар хороо,Б оргил /17010/ Чингисийн өргөн чөлөө гудамж ББ байр, БББ тоот хаягт байршилтай 103.62 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрх Л.Баярцэнгэлд шилжсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу дээрх орон сууцны өмчлөх эрх төлбөр авагч Л.Баярцэнгэлд байгаа. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Ж.Дийн өмчлөлийн гэх үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөгчийг буруу тодорхойлон хууль зөрчиж албадан дуудлага худалдаа явуулж байна. Энэхүү асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар гомдлыг гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нар нь хувийн хэргийг хуульд нийцүүлэн судлаж үзэлгүй хэт нэг талыг барин шийдвэрийг гаргасан. Ц.Гантуяагийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 10/14 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, өмнө нь 2021 оны 10 сарын 06-ны өдөр өөрийн гаргасан 4-190/18963 дугаартай мэдэгдлийг үгүйсгэсэн илт хууль бус шийдвэрүүдээр нотлогдоно. Мөн ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04/2440 дугаартай албан бичгээр нэг талыг барьж Ж.Д миний гаргаагүй хүсэлт хувийн хэрэгт байгаа мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаярын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01414 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1944 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2019/00111 дүгээр тогтоолоор Ж.Дээс 273,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,525,450 төгрөг, нийт 275,025,450 төгрөгийг гаргуулж Л.Баярцэнгэлд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Ж.Дийн эзэмшилд байх, төлбөр авагч Л.Баярцэнгэлийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025613 дугаарт бүртгэлтэй, Хан- уул дүүргийн 00 дугаар хороо, Б оргил Чингисийн өргөн чөлөө гудамж ББ байрны БББ тоот хаягт байршилтай, 103.62 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн хүсэлтээр 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19290421/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19290421/07 дугаар тогтоолоор хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/453 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 289,411,900 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон. Үнэлгээний тайланг талуудад мэдэгдэж, төлбөр төлөгчид 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-190/37400 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 11/42 дугаар тогтоолын хамт танилцуулж гардуулан өгч, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлахад худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Ж.Д нь шинжээчийн тогтоосон үнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/Ш32020/16704 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/03255 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 320 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00045 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ж.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/07 дугаар тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-190/17358 дугаар тоот албан бичгээр мэдэгдэж гардуулан өгсөн. Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуулийн дагуу зохион байгуулж, дуудлага худалдаагаар 225 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг талуудад 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-190/18963 дугаар тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Дийн хариуцагч Нт холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын давж заалдах гомдлын агуулга: ... Ж.Д иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар буюу хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагааны талаарх хүсэлт, гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчид гаргаж байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүсэлт, гомдлыг хүлээн авч Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст битүүмжлэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Л.Баярцэнгэлээс төлбөр төлөгч Ж.Дийн өмчлөлд шилжүүлэх албан бичгийг явуулсан боловч бүртгэлийн байгууллагаас шүүхийн шийдвэрт тусгагдаагүй тул гэрээ байгуулж шилжүүлэх үйл явц явагдана гэж шилжүүлээгүй. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа дээрхийг хүлээн зөвшөөрсөн байтал шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн хуулийн энэ заалтыг баримтлан төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгө гэдгийг тодорхойлох Иргэний хуулийн бусад холбогдох заалтыг баримтлалгүй шийдвэр гаргасан. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө гэдгийг хуульд зааснаар тогтоох, шүүх мөн үүнд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу Л.Баярцэнгэл, Ж.Д нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Ж.Дийн хувьд хуулийн энэ зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй яагаад гэвэл өмчлөгч биш учир. Өмчлөх эрх нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээс бүрддэг. Шүүх хуулийн энэ зохицуулалтуудыг зөв хэрэглэж чадаагүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэл үнэн зөв байгаа бөгөөд бүртгэлтэй хэн нэгэн этгээд болон төлбөр төлөгч, төлбөр авагч маргаагүй гомдлын шаардлага гаргаагүй. Шүүх үүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй зөвхөн төлбөр авагчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлтэд үнэлэлт дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаяр давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
3. Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Нт холбогдуулан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбар гарган маргажээ. /хх.1-3, 51-52/
3.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь төлбөр авагч Л.Баярцэнгэлийн өмчлөлд бүртгэлтэй байхад Ж.Д эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй гэсэн дүгнэлт хийж орон сууц Л.Баярцэнгэлийн өмчлөлд шилжсэн байхад уг орон сууцанд албадан дуудлага худалдаа зохион байгуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарлажээ.
4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01414 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Дээс 190,365,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Баярцэнгэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 167,160,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, харуцагч Ж.Дийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1944 дугаар магадлалаар 273,500,000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /хх.54-61/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19290421 дугаар тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19290421/01, 19290421/01 дугаар тогтоол,, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудын дагуу хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. /хх.64-67/
5. Ж.Д, Л.Баярцэнгэл нар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 000дүүрэг, 00 дугаар хороо, Б оргил Чингисийн өргөн чөлөө гудамж ББ байр, БББ тоот хаягт байршилтай, 103.62 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдсон, үүнийг үндэслэж 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байна.
6. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/03255 дугаар шийдвэрээр Ж.Дийн нэхэмжлэлтэй Нт холбогдох 000дүүрэг, 00 дугаар хороо, Б оргил Чингисийн өргөн чөлөө гудамж ББ байр, БББ тоот хаягт байршилтай, 103.62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 289,411,900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 320 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх.82-94/
2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ээр 000дүүрэг, 00 дугаар хороо, Б оргил Чингисийн өргөн чөлөө гудамж ББ байр, БББ тоот хаягт байршилтай, 103.62 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч буюу Л.Баярцэнгэлийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн байгаа боловч уг байрыг нэхэмжлэгч Ж.Д бодитоор эзэмшиж байгаа, төлбөр авагч Л.Баярцэнгэл Нт хандан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр уг орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, төлбөрийг барагдуулах хүсэлтийг гаргасан байна. /хх.7, 63/
7. Анхан шатны шүүх хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, үнэлгээ тогтоож, анхны дуудлага худалдаа зохион байгуулсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлээр үл хөдлөх эд хөрөнгө 225 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон үйл баримт тогтоогдсон энэ талаар төлбөр авагчид мэдэгдсэн, албадан дуудлага худалдаа нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00404 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 631,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО