| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2016/0430/Э |
| Дугаар | 756 |
| Огноо | 2016-11-24 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 756
Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
ялтан Г.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Батхүү, О.Цэрэнпунцаг,
ялтан Ц.Нямсүрэнгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
ялтан Б.Зоригтбаатарын өмгөөлөгч Д.Энхцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарт холбогдох 201525012963 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Цогт овгийн Болдбаатарын Зоригтбаатар, 1994 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, “Буянт-Ухаа-2 Дельта констракшин” ХХК-д засал чимэглэлийн ажилтай, ам бүл ганцаар, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЗП94091810/,
- Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
2. Тайж овгийн Цогтын Нямсүрэн, 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Панда нүүлгэлт” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 8, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 16-02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЗА94051531/,
3. Чойжингийнхан овгийн Ганболдын Лхагважаргал, 1994 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Евролайн” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 8, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7а-397 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЗП94100813/,
Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн, Г.Лхагважаргал нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэд хохирогч Д.Золбаярын эд хөрөнгийг авах зорилгоор элэгдэж өшиглөн далан руу түлхэн унагааж, түүний амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хоёр ширхэг гар утсыг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын зүүн хойд талд хохирогч Э.Нацагдоржийн эд хөрөнгийг авах зорилгоор түүнийг хавирч унагаан улмаар цээж, нүүр рүү нь өшиглөх зэрэг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Нокиа Е63 загварын гар утсыг дээрэмдэн 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Чойжингийнхон овогт Ганболдын Лхагважаргал, Тайжууд овогт Цогтын Нямсүрэн, Цогт овогт Болдбаатарын Зоригтбаатар нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нарт оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Нямсүрэнгийн цагдан хоригдсон 80 хоног, Б.Зоригтбаатарын цагдан хоригдсон 77 хоног, Г.Лхагважаргалын цагдан хоригдсон 28 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.
Ялтан Г.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Батхүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Лхагважаргал урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Эрүүл мэндийн хувьд бамбай булчирхайн хурц хэлбэрийн оноштой. 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байх хугацаандаа сүрьеэ өвчний эмчилгээ хийлгэж байгаа. 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2 үйлдэлд холбогдсон. Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нартай бүлэглэж давтан гэмт хэрэг үйлдсэн гэдгээр ял шийтгэл оногдуулсан. Г.Лхагважаргал энэ хэрэгт оролцсон нь эргэлзээтэй. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байх явцад хавтаст хэргийн 139 дүгээр талд Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 170 дугаар тогтоолд “...хавтаст хэрэгт авагдсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тухайн дээрмийн гэмт хэрэгт Г.Лхагважаргал нь идэвхтэй үйлдлээр оролцсон болох нь тогтоогдохгүй байна” гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Шүүхэд шилжүүлээд шүүх хуралдаан болоход Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн нар мэдүүлгээ өөрчилж тухайн 2 үйлдэлд Г.Лхагвжаргал оролцсон гэж мэдүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгээр зүйлчилж, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нар гурвуулаа болж 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр шүүх хуралдаанд орсон. Ялтан Б.Зоригтбаатарын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Ц.Нямсүрэн бид хоёр 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой 22 цагийн орчимд үл таних залуугийн элэг рүү нь цохисон. Дараа нь биеэс нь гар утсыг нь аваад, далан руу түлхэж унагаагаад зугтаарай гэж хэлэхэд нь зугтсан. Тэр үед бид хоёрын урд Г.Лхагважаргал явж байсан учраас энэ үйлдэлд Г.Лхагважаргалын үйлдэл холбогдол байхгүй” гэж мэдүүлсэн. Хавтаст хэргийн 103 дугаар талд ялтан Ц.Нямсүрэн “2015 оны 12 дугаар сарын 8-ны орой 00 цагийн орчим нэг залууг би ганцаараа очоод хавирч унагаасан. Б.Зоригтбаатар миний хажууд, Г.Лхагважаргал урд явж байсан” гэж анхнаасаа мэдүүлдэг. Г.Лхагважаргалын хувьд “2015 оны 12 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нар гэмт хэрэг үйлдэж байхад би энэ хоёртой хамт явж байсан болохоос энэ хэрэгт оролцоогүй” гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд Г.Лхагважаргалыг хэрэгт холбогдуулаад хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тухайн гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр оролцсон болох нь тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон мөртлөө хэрэг шүүхэд шилжээд зөвхөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ дагуу Г.Лхагважаргал бид нартай хамт оролцсон гэж мэдүүлдэг. Урьд өмнө оролцоогүй гэж хэлсэн атлаа дараа нь оролцсон гэж мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Лхагважаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Ялтан Г.Лхагважаргалын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Г.Лхагважаргал 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Хил Хамгаалах Ерөнхий газрын ойролцоо Э.Нацагдоржийн биед дээрэмдэх зорилгоор халдсан гэдэг нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлгээр “Над руу 2 хүн халдсан” гэж мэдүүлдэг. Гэхдээ ямар хоёр хүн халдсан гэдгийг нотлох ажиллагаа явуулж чадаагүй. Өмгөөлөгчийн хувьд хэргийн бүрдэл хангагдаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлд заасны дагуу тодорхой ажиллагаа явуулж, үнэхээр Г.Лхагважаргалын оролцоо байсан уу гэдэгт таньж олуулах ажиллагаа явуулах шаардлагатай байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд заасан шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Өвчний оноштой холбогдуулаад Эрүүл мэндийн сайдын 2014 оны Өвчний учраас ялаас чөлөөлөх тушаалын жагсаалтад багтаж байгаа эсэхийг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү.” гэв.
Ялтан Ц.Нямсүрэнгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Нямсүрэнгийн хувьд бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлууд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болсон. Шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт гомдол гаргаагүй. Зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Ялтан Б.Зоригтбаатарын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.Зоригтбаатар өөрийн үйлдсэн гэмт хэрэгт, гэм буруутай үйлдэлдээ ямар нэгэн маргах зүйлгүй. Иймд Б.Зоригтбаатарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Г.Лхагважаргал хэрэгт холбогдоогүй гэж яриад байна. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч нар нь анхнаасаа дээрэм хийх санаа зорилготой гарсан байдаг. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад Г.Лхагважаргалын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Харин дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгож, гурвууланд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Г.Лхагважаргал нь Ц.Нямсүрэнтэй бүлэглэн Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн хажууд иргэн Нацагдоржийг дээрэмдэх үйлдэлд идэвхтэй оролцсон. Харин 2 дахь үйлдэлд Г.Лхагважаргал оролцоогүй.” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, өөрөөр хэлбэл Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд тэдний үйлдлийг буруу зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн, Г.Лхагважаргал нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэд хохирогч Д.Золбаярын эд хөрөнгийг авах зорилгоор элэгдэж өшиглөн далан руу түлхэн унагааж, түүний амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 2 ширхэг гар утсыг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын зүүн хойд талд хохирогч Э.Нацагдоржийн эд хөрөнгийг авах зорилгоор түүнийг хавирч унагаан улмаар цээж, нүүр рүү нь өшиглөх зэрэг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Нокиа Е63 загварын гар утсыг дээрэмдэн 80.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэтэл хохирогч Э.Нацагдорж мөрдөн байцаалтын шатанд “...хоёр залуу урдаас ирж явсан, тэгээд зөрөхдөө нэг нь хавирч унагаасан тэгээд нөгөөдөх нь хөлөөрөө миний цээж, нүүр рүү өшиглөсөн. Нийт 4-5 удаа өшиглөсөн байх, тэгээд нэг нь өшиглөж байхад нөгөөх нь халаас ухаж байгаад өмдний зүүн урд халаасанд байсан “Нокиа” E63 загварын гар утсыг маань аваад тэгээд хоёулаа баруун тийшээ зугтаасан...” гэж /1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар талд/, хохирогч Д.Золбаяр мөрдөн байцаалтын шатанд “...өөдөөс хоёр залуу ирж байгаад зөрөхдөө “тамхи байна уу” гэж асуусан. Би “байхгүй” гэсэн чинь нэг нь миний юүдэнтэй цамцны малгайг доош нь дараад нөгөөдөх нь хажуунаас элэг рүү гараараа цохисон. Мөн хөлөөрөө толгой руу өшиглөсөн. Би цохиулаад газар унасан чинь нэг нь миний өмдний халаасыг тэмтэрч үзээд халаасанд байсан “S4” загварын болон “Нокиа” загварын гар утсыг аваад намайг далангийн дагуу гол руу түлхээд зугтсан...” гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, уг гэмт хэргийг хэн үйлдсэн” талаар шалгаж тодруулаагүй, хэн нь хохирогч Э.Нацагдорж руу, хэн нь хохирогч хохирогч Н.Золбаяр луу довтолж түүний эд хөрөнгийг дээрэмдсэн нь тодорхойгүй байхад прокуророос “...Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн, Г.Лхагважаргал нар нь бүлэглэн...” гэж хэт ерөнхийлөн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх энэ байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Мөн Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн, Г.Лхагважаргал нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ давтан үйлдсэн, эсхүл бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцож үйлдсэн аль нь болохыг шалгаж тогтоогоогүй, энэ талаар яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдаагүй, тодорхой дүгнэлт өгөөгүй байх бөгөөд уг асуудлыг хөдөлбөргүй тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутай этгээдүүдэд тэдний оролцоо, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй юм.
Мөн хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 134 дүгээр талд авагдсан “Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-н 3 дугаар асуултын хариултыг засварласан байх бөгөөд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасыг үнэн зөв бөглөж лавлагаа авсан эсэх нь эргэлзээ төрүүлж байх тул уг эргэлзээг арилгах шаардлагатай.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурьдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан ялтан Г.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Лхагважаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯР
Ц.ОЧ