| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/13710/И |
| Дугаар | 191/ШШ2026/01152 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2026/01152
2026 01 20 191/ШШ2026/01152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байранд байрлах ******* ******* ХХК /*******/ /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний хэмжээтэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч Б.*******,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Батзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
овогтой ******* миний бие нь 2025 оны 04 сарын 21-ны өдрийн дугаартай тушаалаар ******* ХХК-д Гэрээ, эрх зүйн хэлтсийн мэргэжилтнээр туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээний 3.2-т Ажилтны ажил үүргээ гүйцэтгэх хугацаа 2025 оны 04 сарын 21-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай байна гэж заасан. Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд ажиллахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны үүргийг чанд мөрдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай хуульд нийцүүлэн хийж гүйцэтгэн удирдлагад танилцуулж ажиллаж байсан бөгөөд Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал санал тавьж гүйцэтгэх захиралд танилцуулж харилцан тохиролцсоны үндсэн дээр 2025 оны 05 сарын 01-ний өдрийн Б/56 тоот тушаалаар Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах эрх бүхий албан тушаалтны чиг үүргийг хавсран гүйцэтгэх ажилтнаар томилогдон ажилласан. Мөн 2025 оны 07 сарын 31-ний өдөр хамт олны санал хураалтаар компанийн Ёс зүйн хорооны гишүүнээр сонгогдож 2025 оны 08 сарын 05-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/21 дугаартай тушаалаар ёс зүйн хорооны гишүүнээр томилогдон ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй хамт олноо манлайлан ажилласан. Захиргаа үйл ажиллагааны газрын захирал 2025 оны 07 сарын 23-ны өдөр буюу наадмын амралт дуусаад ажилд орох үед зарим хүмүүсийн хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа тул хугацааг нь сунгах шаардлагатай, гэрээний нэмэлт өөрчлөлтийн төсөл бэлдээд танилцуулаарай гэсэн тул төслийг бэлдээд 2025 оны 07 сарын 23 ны өдөр 14:33 минутад вайбер чатаар төслийг явуулж танилцуулсан, хүний нөөцөд өг гэхээр нь д мөн өдрийн 14:40 минутад явуулсан. Тухайн үед би хугацаа дуусахаас өмнө харилцан тохиролцож өөрчлөх ёстой гэдгийг дарга болон мэргэжилтэнд маш тодорхой тайлбарласан, ойлголоо баярлалаа гэсэн боловч энэ асуудал тэгээд чимээгүй болсон. Би миний хугацаа дууссан цааш хэрхэх талаар захирлаас асуухад одоохондоо хэнийг ч жинхлэхгүй байгаа, байж бай, хийх өөр ажил зөндөө байна тэгж байгаад болно гээд шийдэл хэлээгүй, би хугацаагүй хөдөлмөрийн гэрээ болчихлоо гэж бодсон. Гэтэл 2025 оны 08 сарын 29-ний өглөө 09:55 минутад Хүний нөөцийн мэргэжилтэн Д. вайбер чатаар Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон тул бичиг хэргийн өрөөнөөс ирээд гэрээгээ баталгаажуулаарай гэсэн зурвас ирсний дагуу очиж уулзахад 2025 оны 07 сарын 07-ны өдөр Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн гүйцэтгэх захирал тамга дарж гарын үсэг зурсан гэрээний нэмэлт өөрчлөлт өгч гарын үсгээ зурахыг шаардсан. Тэр үед ямар учиртай ямар тушаал, шийдвэр, харилцан тохиролцоогоор ийм өөрчлөлт оруулж байгаа юм бэ, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах бол хөдөлмөрийн гэрээний 9.4-т зааснаар хоёр тал харилцан тохиролцож өөрчлөлт оруулах заалттай гэж учирлаж тайлбарласан боловч би юу ч мэдэхгүй дээрээс удирдлагаас ирсэн шийдвэр, олон юм ярилгүй гарын үсгээ зураад өг гэсэн. Би тухай үед энэ миний 2025 оны 07 сарын 23-ны өдөр боловсруулсан төсөл байна, яагаад он сарыг нь өөрчлөөд 2025 оны 07 сарын 07 өдөр гарсан мэтээр өөрчилчхөв гэж хэлэхэд олон юм битгий ярь дээрээс ирсэн тушаал шийдвэр гарын үсгээ зураад өг гэхээр нь хэл амнаас эмээж он сар өдрөө тавиад гарын үсэг зураад өгсөн. Үйл ажиллагааны газрын захирал болон Хууль, эрх зүй комплайнсын газрын менежер нар 2025 оны 10 сарын 17-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай Б/168 дугаартай тушаалыг 2025 оны 10 сарын 20-ны өдрийн 16:59 минутад танилцуулаад тушаал гардан авсан гэж гарын үсгээ гялс зураад өг гэх үед нь би эхлээд тушаалтайгаа танилцаад дараа нь хүлээж авсан гэсэн гарын үсгээ зурна гээд тушаалаа аваад өрөөндөө ороод танилцаж үзэхэд тус тушаалын 1 дэх хэсэгт ажил үүрэг, ажлын үр дун хангалтгүй гэх үндэслэл дурдсан атлаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлээгүй, ажлын байранд тэнцэхгүй байгаа талаар албан ёсны нотолгоо, үнэлгээний тайлан, гүйцэтгэлийн оноо, комиссын дүгнэлт, албан шаардлага, хурлын тэмдэглэл, анхааруулга өгсөн ямар ч баримтгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай Б/168 дугаартай тушаалыг гаргасан байсан тул уг асуудлаар 2025 оны 10 сарын 20-ны өдрийн 17:30 минутад ******* ХХК-ийн захирал д хууль бус шийдвэр гаргаж үндэслэлгүйгээр хөдөлмөрийн харилцаа дуусгаж байгаа, мөн тушаалын 1 дэх хэсэгт заасан ажил үүрэг, ажлын үр дүн хангалтгүй гэх үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгнө үү гэсэн өргөдлийг гаргаж ажлын тайлангаа хавсарган бичиг хэргийн ажилтан н.т хүлээлгэн өгсөн бөгөөд захирал 2025 оны 11 сарын 14-ний өдрийн 01/214 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө ажил үүрэг, ажлын үр дүн хангалтгүй гэх үндэслэлээ нотлох баримт нэгийг ч гаргаж өгөөгүй хариу бичигтээ огт дурдаагүй, миний нэр хүнд, алдар хүндэд халдсан эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэл болох асуудалдаа огт тайлбар өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 64.2. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж заасан боловч туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ 2025 оны 07 сарын 21-ний өдөр дууссан байхад туршилтын хугацааг дуусгавар болгох эсвэл сунгах эсвэл хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар ямар нэг шийдвэр гаргахгүй ажил үүргийг хэвийн гүйцэтгүүлж түүнд тохирсон цалин урамшууллыг олгож явж байгаад 2025 оны 08 сарын 29-ний өдөр 07 сарын 07-ны өдөр гарсан мэтээр нөхөж гүйцэтгэх захирлын тушаал, туршилтын гэрээний сунгалтыг харилцан тохиролцолгүйгээр хүч түрэн хийж байгаа нь хөдөлмөрийн тухай хууль, ажилтны эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 сарын 07-ны өдрийн тоот тушаал, 2025 оны 10 сарын 17-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай Б/168 дугаартай тушаал нь хуульд нийцэхүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний хэмжээтэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.******* нь ******* төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2025 оны 04 сарын 21-ний өдөр Гүйцэтгэх захирлын тушаалаар Хууль, эрх зүйн газрын гэрээ, хууль, эрх зүйн хэлтсийн хуулийн мэргэжилтний албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилогдон ажилласан. 2025 оны 07 сарын 07-ны өдрийн Гүйцэтгэх захирлын Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах тухай дүгээр тушаалын хавсралтаар баталсан жагсаалтын 14-т зааснаар Б.*******ы туршилтын хугацааг нэг удаа 3 сарын хугацаагаар буюу 2025 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл сунгасан. Энэ талаар Б.******* мэдэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2025 оны 07 сарын 07-ны өдрийн Туршилтаар ажиллуулах, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт дээр гарын үсгээ зурсан. Тус гэрээний 3.3-т ажилтны ажил үүргээ гүйцэтгэх хугацааг нэг удаа 3 сарын хугацаагаар сунгах буюу 2025 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл байна гэж заасан. ******* ХХК нь 2025 оны 03 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн гэсэн оффисгүй, ажилтнууд өөр өөр газар түр байрлаж, ажилчдын цалин хөлсийг хугацаандаа тавьж чадахгүй, цаашид компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах эсэх нь тодорхойгүй байсан тул бүх ажилчдын туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасны дагуу нэг удаа сунгасан. Манай бүх ажилчид болон Б.******* 2025 оны 07 сарын 07-ны өдрийн Гүйцэтгэх захирлын Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах тухай дүгээр тушаалыг мэдэж, хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн туршилтын хугацаагаар ажиллаж, цалингаа бүрэн авсан болно. Гүйцэтгэх захирлын 2025 оны 9 сарын 29-ний өдрийн тушаалаар компанийн бүтцийн чиг үүрэг, албан тушаалын нэр шинэчлэгдэн улмаар ******* ХХК-ийн гэрээ, хууль эрх зүйн хэлтэс татан буугдаж, Б.*******ы албан тушаалын нэр нь хууль, эрх зүй, комплайнсын газрын хуулийн мэргэжилтэн болж өөрчлөгдөхөд тэрээр хүлээн зөвшөөрч 2025 оны 10 сарын 08-ны өдөр Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлт нь ажлын байрны нэрийг өөрчлөхтэй холбоотой хэдий ч талуудын хооронд байгуулсан 2025 оны 04 сарын 21-ний өдрийн туршилтын гэрээний бусад зүйл, заалт, нөхцөл хэвээр болно гэж тодорхой заасан. Б.******* энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан туршилтын гэрээний хугацааны талаар мэдэж байсан бөгөөд маргаагүй болно. 2025 оны 10 сарын 01-ний өдөр Үйл ажиллагааны газрын дарга нь Б.*******тай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эсэх талаар уулзаж ярилцсан бөгөөд түүнд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2025 оны 10 сарын 21-ний өдөр дуусгавар болж байгаа, цаашид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэхгүй болохыг биечлэн мэдэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Б.*******ы 2025 оны 05 сарын 01-ний өдрийн Б/56 дугаар бүхий ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалыг 2025 оны 10 сарын 02-ны өдөр тушаалаар хүчингүй болгож, хавсран гүйцэтгэж байсан эрх бүхий албан тушаалтны үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.*******ы туршилтаар ажиллуулах гэрээний хугацаа 2025 оны 10 сарын 21-ний өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр Гүйцэтгэх Захирлын 2025 оны 10 сарын 17-ны өдрийн Б/168 тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2025 оны 10 сарын 20-ны өдөр тушаалыг Б.*******д хүлээлгэн өгч, тайлбарлаж танилцуулсан. Гүйцэтгэх захирлын 2025 оны 07 сарын 07-ны өдрийн Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах тухай дүгээр тушаал болон Гүйцэтгэх захирлын 2025 оны 10 сарын 17-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/168 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд гарсан тушаалууд болно. Иймд Б.*******ы туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон, ажил олгогчийн хүсэл зоригоор цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн, мөн туршилтын хугацаа дууссан тохиолдолд ажил олгогч ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээхгүй тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-4/, хөдөлмөрийн гэрээ /хх5-11/, ******* ХХК-н Гүйцэтгэх захирлын 2025.04.21-ний өдрийн , 2025.10.17-ны өдрийн Б/168 дугаар тушаал /хх-12,13/, Б.*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-16/, 2025.07.07-ны өдрийн Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-17/, Ажил хүлээлцсэн тэмлэглэл /хх22-27/, ******* ХХК-н 2025.11.14-ний 01/214 дугаартай Хариу хүргүүлэх албан бичиг /хх-28/, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025.11.18-ны өдрийн 25/94 дугаартай хуралдааны тэмдэглэл /хх36-41/, ажлын тайлан /хх42-46, 47-51/, ******* ХХК-н Ёс зүйн хорооны 2025.07.31-ний өдрийн 1 дугаартай хурлын протокол /хх52-54/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: ******* ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-58/, итгэмжлэл /хх-59, 60/, хариу тайлбар /хх66-67/, ******* ХХК-н Гүйцэтгэх захирлын 2025.07.07-ны өдрийн дугаар тушаал, хавсралт /хх68-70/, ******* ХХК-н Гүйцэтгэх захирлын 2025.09.29-ний өдрийн дугаар тушаал, хавсралт /хх71-78/, 2025.10.08-ны өдрийн Туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-79/, ******* ХХК-н Гүйцэтгэх захирлын 2025.10.17-ны өдрийн Б/168 дугаар тушаал /хх-80/, 2025.10.20-ны Тушаал танилцуулсан тэмдэглэл /хх-81/, ******* ХХК-н Хөдөлмөрийн дотоод журам /хх-88, 89-106/
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний хэмжээтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3. Хариуцагч тал нь Б.*******ыг тус компанийн Хууль эрх зүйн газрын гэрээ хууль эрх зүйн хэлтсийн хуулийн мэргэжилтний албан тушаалд туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан, туршилтаар ажиллуулах хугацаа дуусгавар болж ажил олгогчийн зүгээс цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн учраас туршилтын хугацааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд гарсан гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 10 сарын 17-ны өдрийн Б/168 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 83.5, 83.6, 110 дугаар зүйлийн 110.3, Компанийн дүрмийн 6.5.9, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7, 6.5.9, Туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн ажил үүрэг, ажлын үр дүн хангалтгүй гэж Хууль эрх зүй, комплайнсын газрын хуулийн мэргэжилтний орон тоонд туршилтаар ажиллаж байсан Б.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 10 сарын 21-ний өдрөөр дуусгавар болгожээ. /хх-ийн 13/
5. Нэхэмжлэгч Б.******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг эс зөвшөөрч холбогдох гомдлыг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 10 сарын 30-ны өдөр гарган, тус хорооны 202 оны 11 сарын 18-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хэлэлцэн, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуралдааны 25/94 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь 2025 оны 11 сарын 28-ны өдөр тэмдэглэлийг хүлээн авч 2025 оны 12 сарын 09-ний өдөр шүүхэд гомдлын шаардлагыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д заасан хугацааг хэтрүүлээгүй, хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргажээ. /хх-ийн 36-41/
6. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Б.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн 42.1.1, 47 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 83.1, компанийн дүрмийн 6.5.8, 6.5.9, Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар батлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 05 тоот тогтоолыг тус тус үндэслэн Б.*******ыг Гэрээ, хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтнээр 2025 оны 04 сарын 21-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан. /хх-ийн 12/
6.2. 2025 оны 04 сарын 21-ний өдөр ажил олгогч, ажилтны хооронд Туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г байгуулж Гэрээ, хууль эрх зүйн хэлтэст мэргэжилтнээр, А-6 үндсэн цалинтай ажиллуулах хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаатай байгуулахаар харилцан тохиролцож, гэрээний 3.2-т ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 2025 оны 04 сарын 21-ний өдрөөс 3 сарын хугацаатай гэжээ. /хх-ийн 6-11/
6.3. ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 07 сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, компанийн дүрмийн 6.5.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 64 дүгээр зүйлийн 64.2, хөдөлмөрийн гэрээний 9.3 заалтыг үндэслэн ******* ******* ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудын туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг хавсралтад заасны дагуу сунгахаар шийдвэрлэсэн байх ба уг тушаалын хавсралтад дурдсан нэрсийн жагсаалтын 14 дугаарт Б.*******ы туршилтын хугацааг 3 сараар буюу 2025 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан. /хх-ийн 68-70/
6.4. 2025 оны 07 сарын 07-ны өдөр Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэх гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2025 оны 04 сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний 3.2-т ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацааг нэг удаа 3 сарын хугацаагаар сунгах буюу 2025 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл байна, 9.7-д гэрээний нэмэлт өөрчлөлт нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд түүнтэй хамт хүчин төгөлдөр байна гэжээ. /хх-ийн 17/
6.5. ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар компанийн бүтцийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, Гэрээ, хууль эрх зүйн хэлтэс нь Хууль, эрх зүй, комплайнсын газар болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2025 оны 10 сарын 08-ны өдөр Туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, 2025 оны 04 сарын 21-ний өдөр байгуулсан туршилтын хугацаатай гэрээний 2.1.1-д Ажлын байрны нэр: Хууль, эрх зүй, комплайнсын газар гэж, 2.1.2-т Гүйцэтгэх ажил үүрэг: Хуулийн мэргэжилтэн гэж, 2.1.4 Үндсэн цалин А-5 гэж тус тус өөрчлөн, гэрээний бусад бүх зүйл, заалт, нөхцөл хэвээр гэжээ. /хх-ийн 71-73, 74-78, 79/
6.6. ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 сарын 01-ний өдрийн Б/56 тоот тушаалаар Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах эрх бүхий албан тушаалтны чиг үүргийг хавсран гүйцэтгэх ажилтнаар томилогдож, 2025 оны 10 сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Компанийн дүрмийн 6.5.9, хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дахь заалтыг үндэслэн эрх бүхий албан тушаалын чиг үүргийг хавсран гүйцэтгэхийг 2025 оны 09 сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, нэмэгдэл хөлсийг тооцон олгохыг холбогдох албан тушаалтанд зөвшөөрсөн байна.
6.7. ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 10 сарын 17-ны өдрийн Б/168 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 83.5, 83.6, 110 дугаар зүйлийн 110.3, Компанийн дүрмийн 6.5.9, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7, 6.5.9, Туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн ажил үүрэг, ажлын үр дүн хангалтгүй гэж Хууль эрх зүй, комплайнсын газрын хуулийн мэргэжилтний орон тоонд туршилтаар ажиллаж байсан Б.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 10 сарын 21-ний өдрөөр дуусгавар болгожээ. /хх-ийн 13, 80/
6.8. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг танилцуулсан баримтыг үйлдэж, Б.*******д 2025 оны 10 сарын 21-ний өдөр танилцуулжээ. /хх-ийн 81/
7. Нэхэмжлэгч Б.*******ы хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дээр дурдсан тушаал шийдвэрүүд гарсан, туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлаар талууд маргаагүй боловч нэхэмжлэгч нь 2025 оны 07 сарын 07-ны өдрийн тушаалыг танилцуулаагүй, туршилтын гэрээний сунгалтыг харилцан тохиролцолгүй хүч түрэн хийж, 2025 оны 07 сарын 07-ны өдрөөр огноолсон Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2025 оны 08 сарын 29-ний өдөр нөхөж байгуулсан, 2025 оны 10 сарын 08-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан, ажил үүрэг, ажлын үр дүн хангалтгүй гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан арга хэмжээг авах ёстой байсан тул ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 10 сарын 17-ны өдрийн Б/168 дугаар тушаал хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гарсан гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.
8. Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно, 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж, мөн тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т туршилтын хугацаагаар ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар зохицуулсан.
******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 21-ний өдрийн дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 буюу туршилтын хугацаагаар ажиллуулах заалтыг баримтлан Б.*******ыг Гэрээ, хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтнээр 2025 оны 04 сарын 21-ний өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаагаар томилон, туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2025 оны 07 сарын 21-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан, улмаар 2025 оны 07 сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар туршилтаар ажиллуулах хугацааг 2025 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгаж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба ажил олгогч нь ажилтныг туршилтын хугацаагаар ажилд томилохоор тушаал гаргаж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.
9. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар 2025 оны 07 сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар туршилтын хугацааг 3 сараар сунгаж, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2025 оны 08 сарын 29-ний өдөр нөхөж байгуулсан үйл баримт тогтоогдож байх боловч тушаалын дагуу 2025 оны 07 сарын 21-ний өдрөөс 2025 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл гэрээний хугацааг сунгаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар ажилтны эрх ашигт сөргөөр нөлөөлөөгүй буюу нэхэмжлэгчийн эрх ашигт нь нийцсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч буюу ажилтан Б.******* 3 сарын туршилтын хугацаагаар ажилд томилогдсоноо мэдэж байсан, тухайн хугацаа дуусахад туршилтын хугацааг сунгах эсэх асуудлыг ажил олгогч буюу хариуцагч тал шийдвэрлэх талаар мэдэж байсан ба ажил олгогчийн зүгээс туршилтын хугацааг хуульд заасны дагуу 3 сарын хугацаагаар сунгасан нь ажилтны эрх ашигт илүү нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь туршилтын хугацааг сунгах хүсэл сонирхолгүй байсан бол энэ талаар ажил олгогчид хандах боломжтой ба тэрээр ажил олгогчийн зүгээс 2025 оны 07 сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар туршилтын хугацааг сунгасныг буруу, түүний эрх ашгийг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд холбогдох албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
10. Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 50 дугаар зүйлийн 50.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг хуулийн мэргэжилтний ажилд томилж туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар туршилтын хугацааг гурван сарын хугацаагаар сунгаж, ажилтны ажил үүргийн гүйцэтгэлийг харгалзан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хийгдсэн байх тул ажил олгогч болох хариуцагч ******* ******* ХХК хуулиар олгосон эрхийн хүрээнд ажилтан Б.*******ыг ажлаас чөлөөлсөн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан ба туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цаашид сунгах эсэх нь ажил олгогчийн эрхийн асуудал бөгөөд ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 10 сарын 17-ны өдрийн Б/168 дугаар тушаалд ажил үүрэг, ажлын үр дүн хангалтгүй гэсэн үндэслэлээр Хууль эрх зүй, комплайнсын газрын хуулийн мэргэжилтний орон тоонд туршилтаар ажиллаж байсан Б.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7-д Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр Гүйцэтгэх захирлын тушаал гарган өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох ба тушаалд ажлаас чөлөөлөгдсөн болон халсан шалтгаан, үндэслэлийг тодорхой заана гэж заасныг үндэслэн тушаалдаа нэхэмжлэгчийн туршилтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг дүгнэж хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй, туршилтын хугацаатай ажиллаж байсан Б.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/ 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т нийцэж байх тул ажилтныг хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй.
11. Нэхэмжлэгч нь ажилтны хийж гүйцэтгэсэн ажил үүрэг, ажлын үр дүн хангалтгүй гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал шийдвэрийг гаргах ёстой, хуулийн мэргэжилтний ажил үүрэг болон хавсран гүйцэтгэж байсан албан тушаалын ажил үүргийг хариуцлагатай сайн гүйцэтгэж байсан, өгсөн үүрэг даалгавар, ажлын гүйцэтгэлийг удирдлагуудад тухай бүрт нь танилцуулж байсан, ажил олгогчийн зүгээс ажлын гүйцэтгэлтэй холбоотой хангалтгүй гэж байгаагүй дүгнэж байгаагүй хирнээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тухайн үндэслэлээр дуусгавар болгосон нь хууль зөрчсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64.1, 64.2, 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийг заасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
12. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасныг баримтлан хуулийн мэргэжилтний ажилд туршилтын хугацаагаар томилж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасныг баримтлан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 10 сарын 21-ний өдөр дууссан байх тул шаардлагыг хангах үндэслэлгүй.
Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул тус шаардлагатай холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах шаардлагуудыг мөн адил хангах үндэслэлгүй.
13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Б.*******ыг туршилтын хугацаагаар ажилд томилж, туршилтын хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасны дагуу хийгдсэн, хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хуулийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний хэмжээтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний хэмжээтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /2021/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-ийн Хууль эрх зүй, комплайнсын газрын хуулийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний хэмжээтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэгч Б.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР