| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 182/2021/03728/И |
| Дугаар | 210/МА2022/00908 |
| Огноо | 2022-05-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2022/00908
| 2022 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2022/00908 |
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Бт холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Д.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамбын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б ХХК-ийн өмчлөлийн, төлбөрт хураагдсан Хан-Уул дүүрэг дүүргийн 00 дугаар хороо, БББББ, Туул гол гудамж ЫЫ байрны 83, 84 тоот хаягт байршилтай 59, 31,22 м.кв талбай орон сууцнуудын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Уг орон сууцнуудын онцлог нь тус тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцны зохион байгуулалтыг өөрчилснөөр нэг орон сууцны зохион байгуулалттай болж, нийт талбайн хэмжээ өөрчлөгдсөн. Энэ талаар нотлох баримтыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд хүргүүлсэн. Маргаан зүйл болж буй орон сууц нь Б ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй хэдий ч орон сууцанд компанийн удирдлага нь гэр бүлийн гишүүдийн хамт амьдардаг. Улсын бүртгэлд 83 тоотоор бүртгүүлсэн юм байна. Б ХХК-аар 83 тоот 3 өрөө орон сууцны талбайн хэмжилтүүдийг хийлгэсэн. Тус компани орон сууцны талбайн хэмжилтүүдийг холбогдох стандарт, аргачлалыг үндэслэн гаргасан ба сууцны нийт талбайн хэмжээ 90.22 м.кв бус, харин 93.37 м.кв талбайтай гэж тооцсон. Бэсгэ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин С.Мөнхжаргалын хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэлгүй гэж үзэж байна. Тус тайланд орон сууцны талбайн хэмжээг 90.22 м.кв гэж бичиж, 215,146,100 төгрөгөөр үнэлсэн. Бид хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцахад, төлбөрт хураагдсан орон сууцны үнэ цэнийг ижил байршилд байрлах орон сууцны үнэлгээтэй харьцуулсан эсэх нь ойлгомжгүй, орон сууцны талбайн хэмжээ, байрлалын итгэлцүүр, чанар хийц, давуу тал, онцлог зэргийг харгалзан зах зээлийн бодит үнийг тогтоосон эсэх нь тайланд тусгагдаагүй, энэ талаар баримтууд байдаггүй. Манайхаас тухайн орон сууцнуудын зах зээлийн үнийн саналыг авсан боловч, огт харгалзан үзээгүй байна. Бэсгэ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин С.Мөнхжаргалын үнэлгээ нь бодит бус талбайн хэмжээг үндэслэж зах зээлийн үнэлгээг бодитоор гаргаагүй гэж үзэж байна. Иймд Б ХХК-ийн өмчлөлийн, төлбөрт хураагдсан Хан-Уул дүүрэг дүүргийн 00 дугаар хороо, хороо, БББББ, Туул гол гудамж ЫЫ байрны 83,84 тоот хаягт байршилтай 59, 31,22 м.кв талбай орон сууцнуудын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргалын хариу тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1565 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжаар Б ХХК нь 56,955,200 төгрөгийг Б ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон боловч, Б ХХК нь өнөөдрийг хүртэл төлбөрөө авч чадаагүй хохироод явж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн хаягт байрлах 83,84 тоотод байрлах хоёр орон сууцыг нийлүүлж, нэг орон сууц болгосны дараа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үнэлгээ тогтоолгосон. Б ХХК нь өмчлөлд бус тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Энэ тухай үнэлгээний тайланд тусгагдсан байдаг учраас талбайн зөрүү гарсан зүйл байхгүй. 2020 оны 10 дугаар сард Бэсгэ ХХК-аар үнэлгээ тогтоолгосон. Харин нэхэмжлэгч тал 2022 оны 02 дугаар сард Арвижих эстимэйт ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээний тайланг гаргаж өгч байна. Эдгээр үнэлгээ цаг хугацааны хувьд өөр өөр байдлаар үнэлэгдэнэ. Өнөөдрийн зах зээлийн нөхцөл байдалд барилгын материалын үнэ, байрны үнэ ханш нэмэгдээд байгаа болохоор 2020 оны 10 сар, 2022 оны 02 дугаар сарын хооронд 4 сарын хугацааны үнийн хэлбэлзэл байх асуудал байна. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч талуудын хүсэлтээр анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. Үнэлгээ хийгдсэнээс хойш, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 6 сарын дотор явагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Бт холбогдох Хан-уул дүүрэг 00 дугаар хороо, Туул гол гудамж ЫЫ байр 83 тоотод байрлах 59 м.кв талбайтай орон сууц, мөн хаягт байрлах 84 тоотод байрлах 31.22 м.кв талбайтай орон сууцыг тус тус үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх-ээр авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамбын давж заалдах гомдлын агуулга: ... Арвижих эстимейт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Ланд бимион ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр Хан-Уүл дүүрэг, 1-р хороо Дөл хотхоны 5-р блок байрны 83 тоот 3 өрөө орон сууцны талбайн хэмжилт хийсэн гэх баримтуудыг гаргаж өгсөн боловч эдгээр баримтыг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болгох боломжгүй байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн, шинжээч зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж, төлбөр төлөгчийг хохироож байгаа гэх нөхцөл байдал хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан өгсөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Д.Өлзийсайханын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан үнэлгээ тогтоогдсон. Үнэлгээний гомдлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлж гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Бт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбар гарган маргажээ. /хх.1-3/
4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2020/01565 дугаар хүчин төгөлдөр захирамжаар Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох 78,207,616 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч Б ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн 78,207,616 төгрөгийн 21,252,416 төгрөгөөс татгалзаж, үлдэх 56,955,200 төгрөгийг хариуцагч Б ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 26,955,200 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.60-62/
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 20300803 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Б ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эд хөрөнгийг хураажээ. /хх.63, 77-78, 85-86/
5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б ХХК-ийн төлөөлөгчид үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч Б ХХК-ийн төлөөлөгч үл хөдлөх эд хөрөнгийг 450,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Б ХХК шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан байна. /хх.87-89, 118/
6. Б 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/260 тоот тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, Бэсгэ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа ...орон сууцны зах зээлийн хандлагаарх үнэ цэнийг 215,146,100 төгрөг гэж тогтоосон гэсэн дүгнэлт хийсэн, дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцжээ. /хх.92/
Шинжээчээр томилогдсон Бэсгэ ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байх тул анхан шатны шүүх шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд, үнэлгээг гаргахдаа хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.
Дээрх үнэлгээний тайлангаас үзвэл, шинжээч нь орон сууцанд үнэлгээ тогтоохдоо зарын сайтуудаас үнэлж буй орон сууцтай ойролцоо байршилтай орон сууцны жишиг үнийн зах зээлийн судалгаа хийж, талбайн хэмжээ, орон сууцны давхар, өрөөний тоо, худалдах үнэ зэргийг харьцуулан дүгнэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцжээ. Мөн Шинжээч үнэлгээний объект болох орон сууцанд үзлэг хийж, орон сууцны шинж байдал зэргийг зургаар бэхжүүлэн тайландаа хавсаргасан байна. /хх.96-116/
7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 47-121/19590 тоот мэдэгдлээр орон сууцны үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Б ХХК-ийн төлөөлөгчид гардуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлоо 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргажээ. /хх.118/
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээний талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуулиар тусгайлан тогтоосон гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00761 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Ц.ИЧИНХОРЛОО