| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0801/Э |
| Дугаар | 860 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 860
2018 06 12 2018/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Г.Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
хохирогч Ц.Давгасүрэн,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гийг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706027240214 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар хэсгийн Сэлбийн 8-75 тоот нийтийн байрны гадна согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч Ц.Баасансүрэнтэй маргалдсан маргаанаас үүдэн түүнийг өөрөөсөө зайлуулж холдуулах зорилгоор түлхэж хүч хэрэглэсэн үйлдлийнх нь улмаас Ц.Баасансүрэн толгойн ар дагз хэсгээрээ газар мөргөн гавал тархины гэмтэл авч улмаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд нас барсан буюу амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судалхад шүүгдэгч Б.Г нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Давгасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Миний дүү Ц.Баасансүрэн нь 1993 оны 10 сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагаан чулуут суманд төрсөн. Бид эцэг, эхээс хоюулаа. Талийгаач айлын бага нь байсан..., Дүү тамхи татдаг байсан, архи хааяз нэг уучихдаг байсан. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар нь мэдэхгүй. Хулгайн хэрэгт шалгагдаж байсан. Нас барсан талаар нь үеэл Бямбасүрэнгээс сонссон. Дүүгээ тархины гэмтлийн улмаас нас барсан талаар нь мэдэж байна. Би ямар нэгэн байдлаар материаллаг зүйл мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 195/,
Гэрч О.Гантогтохын мөрдөн байцаалтанд өгсөн:
...талийгаач нь 2017 оны 10 сарын 20-ны өглөөний 05 цагт эрчимт эмчилгээний тасагт ухаангүй гүн комын байдалтай амнаас нь спирт үнэртэж, даарч хөрсөн, зүрхний хэм олширсон, амьсгал өргөцтэй ширүүссэн, хүүхэн харааны урвал илрээгүй, шөрмөсний рефлекс дарангуйлагдсан, амнаас нь цус гарч бүлэгнэсэн байдалтай ирж хэвтсэн. Хүлээн авах тасагт толгойны рентген зураг авахад толгойн зүүн чамархайн ясанд хугарлын шинжтэй хэвтсэн. Өвчтөний биеийн байдлыг үнэлээд тархины хаван хөөх цус тогтоох болон бусад эмчилгээг эхлүүлэн биеийн байдлыг ажиглан эмчилгээг хийх явцад 08 цаг 20 минутын орчимд таталт өгөн улмаар амьсгал зүрхний үйл ажиллагаа гэнэт зогссон. Сэхээн амьдруулах арга хэмжээг 15 минутын турш хийхэд үр дүнгүй зүрхний агшилт сэргэхгүй байсаар нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Гэрч Ц.Бямбаабаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:
...Согтуудаа намайг Отгоотой л хардаад байсан юм. Тэгэхээр нь би Отгоо тэр хоёрыг хоёуланг гар гээд Бааскагийн энгэрээс нь би заамдаад татаад гаргасан. Яв яв гээд гаргасан. Тэгээд гадаа гаргаад явцгаа гээд хаалгаа хаасан. Тэгсэн чинь Отгоо буцаад Бааска хэрүүл хийгээд байна гээд 20 орчим минутын дараа орж ирсэн. Отгоо надад Бааска гадаа галчтай зодолдоод байна гэж хэлсэн. Гадаа хэрэлдээд чанга ярилцаад байгаа нь гэрт зурагт үзээд сууж байхад сонсогдоод байсан. Тэгээд би тамхи татчихаад багцаагаар 15 минутын дараа ардаас нь гарсан. Тэгсэн галч залуу 00-ын хаалга хаагаад 00-руу орж байсан. Бааска наана нь газарт уначихсан байсан. Би тэгэхээр нь яасан Бааска миний дүү орж унт гэж хэлсэн. Тэгсэн юм дуугараагүй. Би тэгэхээр нь сугадаж босгоод орон дээр хэвтүүлээд унтуулсан. Хувцастай нь унтуулсан. Цагийг нь мэдэхгүй байна шөнө л байсан юм. Отгоо, Мооноо бид гурав архиа уугаад сууж байсан чинь Бааска мөлхөөд орноос буусан. Бид нар яасан ахын дүү гэсэн чинь бид нарын өдөр уусан кола ундаагаар бөөлжөөд байсан. Би тэгэхээр нь колаг нь харчихаад цусаар бөөлжөөд байна гэж айгаад түргэн дуудчих гээд түргэн дуудуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/,
Гэрч Г.Отгонлхагвын мөрдөн байцаалтанд өгсөн:
...тэгээд Бааска галчийн гэрийн үүдэнд очоод хэвтчихсэн. Цаанаас түхсэн чинь Бааска боссон. Бааска босонгуутаа ядарсан хүнийг дээрлэхлээ гэсэн. Тэгсэн галч чи юу гээд байгаа юм бэ гээд, Бааска ардаас нь нааш ир гөлөгөө гээд галчийг дагаад явсан. Хэрэлдэж байхдаа түлхэж унагаасан. Унахдаа Бааска бүхэл биеээрээ тал нүүрээ хажуулдсан байдалтай хажуугийн ховил цемент рүү унасан. Унахдаа ертөнцийн зүгээр баруун зүг толгой нь харсан байдалтай, хөл нь зүүн тал руу харсан байдалтай довжоо шат хоёрын хооронд унасан. Биеийнхээ бүхэл хэсгээрээ унасан. Уначихаад босож ирээд толгойгоо барьж байснаа ёо ёо гэчихээд ардаас нь хэрэлдээд явсан. Би шатаар хоёр давхарлуу гараад явсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Би ардаас нь ерөөсөө хараагүй юм.
...Бямбаа ахынд эргээд ороход Бааска орон дээр нь хэвтэж байсан. Бямбаа ах жорлонгийн хажууд ухаан алдаад уначихсан байхад нь ах нь оруулж ирлээ гэж хэлсэн. Тэгээд 12 цаг өнгөрөөгөөд унтах гээд ор засахаар Бааскаг холдуулахад өмдөндөө шээчихсэн байсан. Тэгээд Бямбаа ахын 99713157 дугаарын утсаар түргэн дуудаад дараа нь би өөрийнхөө 80009834 дугаарын утсаар дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 50-53 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2081 дугаартай: Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний ОНОШ: 1. Гавал тархины битүү гэмтэл. Дагзны нум хэлбэрийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, 2. Тархины дарагдалт, хаван. Уушгины хаван. Уушгины гялтан дах Тарьдегийн толбо, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хямрал, 3. Зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний оочний баруун доод хэсэг, баруун бугалганы урд дунд гадарга, зүүн бугуй, баруун шууны гадна дээд гадарга, зүүн гуяны гадна доод гадарга, зүүн шилбэний урд доод, урд дунд гадарга дах цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт.
ДҮГНЭЛТ: 1. Талийгаач Баасансүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 4. Талийгаач Баасансүрэн нь АВО системээр АВ /II/ бүлгийн цустай байжээ. 5. Талийгаач Баасансүрэн нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 71-75/,
Шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:
Талийгаачийн бие дээр үүссэн болон дүгнэлтэнд тусгасан үхэлд хүргэх гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхин дахь цус хуралт доод эрүү баруун бугалга, зүүн бугуйн цус хуралт, зүүн шилбэний зулгаралт /зүүн шилбэний урд, дунд гадрага дах зулгаралтаас бусад/ гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. Гэхдээ зарим зулгаралт гэмтлүүд нь үүнээс урд 24-36 цаг, 72 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Гавал тархины гэмтэл буюу тархины хатуу хальсан доорх цусан хураа нь нас оарахаас өмнө цаг орчимд үүссэн оаих ооломжтои шинэ гэмтэл оаина. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хугарал нь дагзны төвгөрийг дайран нум хэлбэрээр хугарсан байсан тул хүч дагзны төвгөрийн орчимд үүсгэгдсэн байх боломжтой байна. Уг гэмтлийг авсан хүн хатуу хальсан доор үүссэн цусан хураа нь тархийг дарах хүртэл хэсэг хугацаанд амьд байх бөгөөд хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Үйлчлэлийн хувьд мохоо зүйлээр үүсгэгдэх бөгөөд ийм хугарал нь ихэвчлэн дагз хэсгээр савж унах, дагз хэсэгт хязгаарлагдмал гадаргуутай буюу өргөн гадаргуутай зүйлээр цохигдох, мөргөлдөх үед үүсдэг. Ер нь уг гэмтэл дагз хэсгээр савж унах үед үүсдэг гэмтэл гэж үзэж болно. Гэмтэл авсаны дараа ухаан алдах хүртэл хэсэг хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой. Ийм гэмтлийг авсан хүн шууд зовиур шаналгаа илрэх боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн энэ гэмтлээ илэрхийлж мэдэхгүй байх тохиолдол байж болно. Гемитан гэдэг нь судаснаас цус гарч хязгаарлагдмал хэсэг газарт хуримтлагдсанг хэлж байгаа юм. Гемитанд бол тухайн гэмтлийг авсанаас хуримтлагдаж эхэлдэг тул гэмтэл авсан цаг хугацаатай давхацдаг. Шинжилгээний явцад авсан цусан хураанаас 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь энэ нь талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсанг харуулж байна. Харин шинжилгээнд орсон цуснаас этилийн агууламж илрээгүй тул нас барах үедээ согтолтгүй байсан гэж дүгнэлтэнд тусгасан. Шинжилгээний явцад хүний биед байсан цуснаас /эргэлдэж байсан/ авсан учраас архи согтууруулах ундааны зүйл арьс, шээс, амьсгал зэргээр ялгаран тухайн үед согтолтгүй болсон байсан байна гэж ойлгож болно. Мохоо зүйл гэдэгт хана, шал, хөл, гар гэх мэт мохоо зүйлд, ир үзүүртэй зүйл болон галт зэвсгийн үйлчлэлээс бусад бүх зүйлээр үүсгэгдэх гэмтлийг ойлгож болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-23/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27/,
-Хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29/,
-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 32/,
-гэрч Г.Отгонлхагвын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-36/
-түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 127/
-өвчний түүхийн хуулбар /хх-ийн 132-137/
-нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 163/
-яллагдагч Б.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 191-194/,
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн:
"...тэр өдөр галаа түлчихээд 00 орох гэсэн чинь Бааска хаалга дарж хэвтчихээд согтуу босохгүй байсан. Энэ нь орой 19 цагийн орчим байсан. Босохгүй болохоор нь би хаалгаараа жаахан түлхэж холдуулж зай гаргасан. Тэгээд булан эргээд 00 орох гээд явж байтал ардаас хүрээд ирсэн. Хүн хэвтэж байхад хаалгаараа түлхэж унагаалаа гээд хэрүүл хийсэн. Тэгээд 00-оос зайтайхан 00 ордог булан эргэнгүүт тэнд муудалцсан. Би баруун гараараа заамдаад түлхсэн. Тэгэхэд бөгсөн биеэрээ унаад хажуугаараа унасан. Тэгж айхтар чанга унаагүй. Тэгээд уначихаад босохгүй хэвтчихээд дунд буудлынханаар, архичидаар зодуулна гээд байсан. Босохгүй хэрүүл хийгээд занаад байсан. Би 00-д удаагүй 30 гаран минут болоод баачихаад гараад ирэхэд байхгүй байсан. Би жорлонгийн хаалгыг хаагаад сууж байсан болохоор талийгаач хэрхэн босож хаашаа явсан талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна. Би баруун гараараа заамдаад түлхэж унагаасан. Би уг зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Ц.Баасансүрэн нь тухайн үед архи уусан байсан. Надтай маргалдаад хэрүүл өдөөд 00-руу оруулахгүй араас ирээд заамдаж авахаар нь би зөрүүлээд баруун гараараа заамдаад түлхсэн чинь газар унасан гэх мэдүүлэг /хх-ийн 208-210, 236 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч Б.Г нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдууллаа.
Шүүхээс үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хор уршигийн байдал зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон хор уршиг учирсан ба хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэж байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэргийн улмаас шүүгдэгч нь 54 хоног цагдан хоригдсон байх учир түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хадгалаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Гийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон тавин дөрөв хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Давгасүрэн нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Гоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ