Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/166

 

2026           02             04                                                                              2026/ДШМ/166

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ууганбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид,

цагаатгагдсан этгээд Ж.Б-, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/2188 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаярын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаар эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжидийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2306 00578 0123 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овгийн Ж-гийн Б-, ......, ял шийтгэлгүй, /РД:Ж-/,

Цагаатгагдсан этгээд Ж.Б- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /Ж-/ Дүнжингаравын гудамж, Ж- тоот хаягт “Ж-” хотхоны С блок 12 давхар 60 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын холбогдох техникийн нөхцөл гараагүй байх хугацаанд эхлүүлж, улмаар дээрх барилгын ажлыг улсын комисс хүлээн аваагүй, мөн тухайн барилгын байршил бүхий газар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын холбогдох тушаалаар хүчингүй болж, 2022 оны 07 дугаар сард ашиглалтад орох бодит боломжгүй болохыг сайтар мэдсээр байж, дээрх бодит байдлыг нуух замаар, “орон сууцыг 2022 оны 07 дугаар сард ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгнө” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Г.Ш-ыг төөрөгдөлд оруулж, улмаар иргэн Г.Ш-тай 2022 оны 06 Дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, дээрх гэрээгээр халхавчлан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Г.Ш- нь “Хаан банк”-ны Ш- тоот данс руу 85.400.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилж хохирогч Г.Ш-д 85.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Х- овогт Ж-гийн Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ж.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогч Г.Ш-, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ууганбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Хэрэгт тусгагдсан Байгаль орчны сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/116 дугаар тушаал, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаартай тушаал, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/50 дугаартай тушаал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай албан бичиг, “Улаанбаатар цахилган түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн 2023 он 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/1277 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд “О-” ХХК-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан гэх “Ж-” хотхонд барилга барих газрын зөвшөөрөл олгогдоогүй буюу Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд хамаарах газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж буюу зориулалтын бус газар барилга угсралтын ажил явагдаж, газрын зөвшөөрөлгүй газарт барилга баригдсан нөхцөл хөтөлбөргүй тогтоогдсон, түүнчлэн хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар Ж.Б- нь /Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд зөвхөн аялал жуулчлалын 2 давхраас хэтрэхгүй байр/ барих ёстой гэдгийг мэдсээр байж, газрын зориулалтын бусаар баригдсан газарт, газар болон дулаан, цахилгааны техникийн нөхцөлийг хууль бусаар гаргуулах талаар удаа дараа эрх бүхий байгууллагад хандсан үйлдлийг шүүхээс “Ж.Б- нь ...байрыг барьж гүйцэтгэн, улмаар байрыг улсын комисст хүлээлгэх ашиглалтад оруулах явцад үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр зохих байгууллагад хандан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байжээ” гэх байдлаар түүнийг илтэд хууль зөрчсөн үйл ажиллагааг хууль ёсны гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй буюу хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

2. Шүүхээс тухайн байрыг барьсан ашиглалтад орсон гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар буюу “Улаанбаатар шугам сүлжээ” ХК болон Байгаль орчин аялал жуулчлалын яам, Богдхан уулын тусгай хамгаалалтын газрын албан бичгээр тус хуулийн этгээдийн барилга угсралт явуулж буй газар нь газрын зөвшөөрөлгүй буюу зориулалтын бусаар газар ашигласан гэх үндэслэлээр дулаан болон цахилгааны техникийн нөхцөл олгох боломжгүй талаар удаа дараа мэдэгдсэн, мөн дээрх үндэслэлээр Барилгын тухай хуульд зааснаар холбогдох улсын комисс ажиллах боломжгүй талаарх нөхцөл байдал тогтоогдсоор байхад шүүх хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны явцад шинжлэн судлаагүй үйл баримтын талаар зөвхөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн хийсвэр дүгнэлт хийж, “маргаан хянан шийдвэрлүүлж байгааг шүүх хөндлөнгөөс дүгнэх ...үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3. Хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар “О-” ХХК-ийн захирал Ж.Б- барилга угсралтын ажлын явцад барилгын туслан гүйцэтгэгчид /бартераар/ Бэрцэцэгт тухайн байрыг шилжүүлэхдээ “2022 оны 04 дүгээр сар гэхэд ашиглалтад орчихно” гэж гэрээ хийсэн боловч тухайн байр гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй учраас Б-ээс байрыг О.С-д шилжүүлсэн, О.С- мөн дээрх байр гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй учраас Ж.Б-тай гэрээг цуцлах талаар ярилцаж улмаар О.С- нь хохирогч Г.Ш-д тухайн байрыг шилжүүлсэн гэх боловч хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар Ж.Б- нь О.С-тэй орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх гэрээ хийгээгүй, харин Ж.Б- нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-ээг Г.Ш-тай шинээр байгуулсан талаарх нотлох баримт авагдсан байдаг. Гэтэл шүүхээс “Г.Ш- нь О.С-эс орон сууцны захиалгын гэрээний дагуу байрыг худалдан авч түүнд эд хөрөнгөө шилжүүлсэн” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Мөн хохирогч Ж.Б-, О.С-, Б.Халиун нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Ж.Б- нь Г.Ш-тай орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа “2022 оны 07 дугаар сард, бүүр цаашлаад наадмын дараа ашиглалтад орчихно” гэж төөрөгдөлд оруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон, үүнийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт тусгагдаагүй байхад шүүх “...төөрөгдөлд оруулсан, хуурсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад заасны дагуу тухайн барилгыг ашиглалтад оруулсан талаарх гэрчилгээ одоо хүртэл гараагүй буюу улсын комисс хүлээн аваагүй ба Ж.Б- нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б- нь хууль болон компанийн дүрмийг хэрэгжүүлэх, ажиллах ёстой байдал буюу “эрх бүхий байгууллагаас аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон газарт орон сууц барих, мөн тухайн орон сууцанд зориулж техникийн нөхцөл олгогдоогүй,” гэдгийг сайтар ухамсарлаж мэдсээр байж, мөн бодит байдалд тухайн орон сууц 2022 оны 07 дугаар сард барилгын тухай хуульд зааснаар ашиглалтад орох хууль эрх зүйн боломжгүй, хууль зөрчиж баригдсан барилга гэдгийг мэдсээр байж, О.С-д буцаан өгөх орон сууц захиалгын гэрээний үнийг төлөх зорилгоор хохирогч Г.Ш-ыг төөрөгдөлд оруулж “удахгүй ашиглалтад оруулна” гэж хуурч, хохирогчийн орон сууцтай болохыг гэсэн хүсэл зорилгыг ашиглаж бусдыг хуурч залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэхгүйгээр дүгнэлт хийсэн. Мөн О.С- нь тухайн хөрөнгийг өөрийн эрүүл мэндэд зарцуулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад авагдаагүй нотлох баримт үндэслэж дүгнэлт хийсэн.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ж.Б- нь “тухайн байр ашиглалтад орсон, одоо 59 айл амьдарч байгаа, мөн байнгын ус, дулаан, цахилгаанаар хангагдсан” гэж мэдүүлсэн мэдүүлгийг үнэлж тухайн байрыг ашиглалтад орсон гэж илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ...байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуу, хүйтэн усаар хангахыг хориглоно...” гэснийг зөрчсөн буюу улсын комисс хүлээн авах боломжгүй, газрын зөвшөөрөлгүй баригдсан барилгад дулаан ус, цахилгаанд нийлүүлсэн асуудалд дүгнэлт хийгээгүй. Мөн дээрх хуулийн 48.3 дугаар зүйл “...гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 59 айл өрхийг улсын комисс хүлээн аваагүй, өмчлөх эрхийг гэрчилгээ гарах хууль үндэслэлгүй байранд оруулж амьдруулж буй асуудалд нь мөн шүүхээс дүгнэлт хийгээгүй. Мөн улсын яллагчаас шүүх хуралдааны явцад барилгын хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй үүссэн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан тухайн барилгад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлд зааснаар үзлэг хийх талаар гаргасан саналыг хүлээн авч шийдвэрлээгүй талаарх шүүхийн цагаатгах тогтоолд дурдаагүй зэргээр хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, цагаатгах тогтоолд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/2188 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлтээ үүгээр гаргаж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч өндөр настан иргэн Г.Ш- нь 2022 оны 06 дугаар сарын эхээр эхнэрээсээ салах үедээ өөрийнхөө байрыг зарж байрныхаа мөнгийг хуваан авч өөрөө өвчтэй, хөл хугархай таягтай хүн тул яаралтай нэг өрөө бэлэн байр худалдаж авах шаардлага гарч үнэгүй зар мэдээ сайт руу орж хайхад зуучлалын компаниас “Наадмын өмнө ашиглалтад орох” Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан Дүнжингаравын гудамж “Ж-” хотхоны С блок 12 давхар орон сууцны 12 давхарт нэг өрөө байрыг зарна гэсэн зарын дагуу утсаар нь холбогдож асуухад удахгүй 7 дугаар сард ашиглалтад орно баригдаад дууссан бэлэн байр байгаа та үзэж болно гэсний дагуу тус Зуучлалын компанийн ажилтантай анх очиж үзэхэд гадна талаас харахад баригдсан байр байсан бөгөөд дотор нь ороход засал чимэглэл нь гүйцээгүй, дээшээ гарч үзэх гэхэд лифт байхгүй учраас үзэж чадалгүй буцсан байдаг юм. Ингээд дараа нь тус зуучлалын компанийн захирал Халиун гэх хүнтэй холбогдож утсаар асуухад зүгээрээ одоо бараг дуусаж байгаа цахилгаан байхгүй учраас лифтний асуудал шийдэгдэхгүй байгаа юм ямар ч байсан 7 сардаа ашиглалтад өгнө гэсэн хэрэв та үнэмшихгүй байгаа бол уг барилгыг барьж байгаа “О-” ХХК-ийн оффис дээр очоод захиралтай нь уулзаад асуу бид эндээс хүрээд очъё гэсний дагуу очиход “О-” ХХК-ийн захирал Ж.Б-, С-, Х- нар нь ирсэн байсан бөгөөд Б- нь Ш- гуайд хэлэхдээ “манайх барьж байгаа 60 айлын орон сууцыг наадмын өмнө 100 жилээр ашиглалтад өгөх гээд байгаа цаашлаад 7 сардаа багтаад ашиглалтад орно асуудал байхгүй манайх туршлагатай компани” гэж иргэн Г.Ш-д хэлсэн гэдэг тэр үед Ш-ын зүгээс “ах нь бие муутай, хөл гар муу даруйхан ашиглалтад орох байр юм уу бэлэн байр авах шаардлагатай байна” гэхэд “та санаа зоволтгүй бараг наадмын өмнө ашиглалтад өгөх тул та бүх зүйлээ аваад шууд орохоор хүрээд ирээрэй” гэж хэлэхээр нь итгээд “одоо тэгээд гэрээ хийх үү” гэхэд “байр одоо ашиглалтад ороогүй байгаа тул та манай компанитай орон сууцны захиалгын гэрээ хийчих” гээд “О-” ХХК иргэн Г.Ш- хоёрын хооронд орон сууцны захиалгын гэрээ хийгдэж захиалагч Ш-ын зүгээс “байрныхаа мөнгийг танай данс руу хийх үү” гэхэд “манай данс руу хийхгүй энэ С- гэх хүний данс руу хий” гэхээр нь С- гэх хүний данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд л наадмын өмнө Б-тай холбогдоход “наадмын өмнө арай амжихгүй байна та наадмаас хойш хүрээд ирээрэй” гэсэн ингээд наадмаас хойш арваад хоногийн дараа холбогдоход “цахилгаанаас болоод ажил явахгүй байна та хэдэн хоногоос ирээрэй тэгэхэд ашиглалтад оруулна санаа зоволтгүй” гэж хэд хэдэн удаа түүнд худал хэлсэн байдаг юм. 2022 оны 08 дугаар сарын эхээр Ш- нь “О-” ХХК-ийн байран дээр очиход тэндхийн ажилтан байрын хүн байрны гадна байхаар нь “байр ашиглалтад хэзээ орох юм гэхэд” гэж асуухад “өө мэдэхгүй, энэ байр лав энэ жил болон ирэх жил орох юм болов уу” гэж хэлэхээр нь өөрийгөө Б-д хууртагдсан болохыг мэдээд өөрийн дүү Н-г дуудаж болсон асуудлын талаар ярьсан бөгөөд үүний дагуу дүү Н- нь эхлээд зуучлагч компанийн эзэн Х-тай уулзахад “Манайхыг ийм зар тавиад зуучлаад өгөөч гэж С- гэх хүн гуйсан үүний дагуу манайх зар тавьж Ш- гуай өөрөө байраа манай ажилтантай үзсэн байх сүүлд нь би тэр С- гэх хүнийг дагуулан “О-” ХХК-ийн оффис дээр очиж Б-тай уулзуулахад “Б- захирал 7 сард ашиглалтад орно асуудалгүй гэж Ш- гуайд хэлсэн, би ч зар тавихаасаа өмнө тэднийхээс асуухад 7 сард ашиглалтад өгөх байр байгаа юм гэж хэлж байсан, би үүнийг хаана ч хэлнэ” гэж дүү Н-д нь хэлсэн байдаг юм. Тэгээд дараа нь Н- нь “О-” ХХК-ийн оффис дээр очиж захирал Б-тай уулзаж “Танай байр яагаад ашиглалтад орохгүй байгаа юм, энэ хөл, гар муутай өвчтэй хүн хэцүү өөрийн гэсэн орон байргүй олон хоног буудлаар хоног төөрүүлээд хэцүү байна” гэхэд Б- нь “Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээний газраас манай цахилгааныг өгөхгүй байна, хэрэв гуйгаад өгөхгүй бол “ёндоог нь” өгч байгаад цахилгаан авна, та нар санаа зоволтгүй, мөн л 10 хоногийн дараа ашиглалтад өгнө, Ш- гуай хэцүү байгаагаа өөрөө ч надад хэлсэн би ойлгож байна, энэ С- гэх хүнээс нэг боллоо, энэ хүн “цагаан сараас хойш хэл ам хийгээд гэрээгээ цуцална мөнгөө буцааж авна” гээд хэрүүл хийгээд байхаар нь танай гэрээг цуцлахгүй харин та өөрийнхөө байрыг худалдаж авах хүнээ олоод ир тэгвэл болох юм гэсэн чинь Ш- гуайг дагуулж ирээд ийм юм болчихлоо” гэхээр нь “хэрэв танай байр 10 хоногийн дараа ашиглалтад орохгүй бол энэ хүн хэцүү боллоо, танай компани болон С- та нарыг цагдаад өгч шалгуулна” гэж хэлээд гарч явсан гэдэг бөгөөд үүнээс хойш “О-” ХХК-ийн захирал Б- нь Ш- гуай руу утсаар ярьж “танай дүү цагдаад өгч шалгуулна гээд хэл ам хийгээд байна, 10 хоногийн дараа байр ашиглалтад орох гэж байхад ийм хэл ам гаргаад яахав би таны данс руу 500.000 төгрөг шилжүүлье, та хэдэн хоног аргалаад байж бай” гэж хэлээд 500.000 төгрөг шилжүүлсэн байдаг түүнээс хойш хэлсэн хугацаандаа байр нь ашиглалтад ороогүй, Б- утсаа авахгүй болохоор нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цагдаад өргөдөл гаргасан байдаг юм. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Г.Ш-ын гомдлыг хүлээн авч, тухайн гомдол мэдээллийг мөрдөгч Энхэлмааг шалгаж шийдвэрлүүлэхээр хариуцуулж даалгасан байдаг бөгөөд мөрдөгч Энхэлмаа нь гомдлыг хүлээн авсан даруйдаа “О-” ХХК-ийн оффис дээр өөрөө очиж удирдагч гэх Б-тай биечлэн уулзаж “танай компанитай холбоотой өргөдөл над дээр ирсэн” талаар мэдэгдээд үүнээс хойш мөрдөгч нь энэ гомдлыг цагдаагийн өргөдөл гомдол, мэдээллийн бүртгэлд оруулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэх олигтой зүйл хийлгүйгээр 2 сар шахуу дарж байгаад эцэст нь иргэний хэрэг гэж татгалзан хаах санал явуулж, прокурор Чимгээгээр хаалгуулсан байсныг мэдээд хохирогчийн болон өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, цагдаагийн дотоод хяналт шалгалтын хэлтсээс мөрдөгч Энхэлмаагийн асуудлыг шалгаж арга хэмжээ авч, түүнийг солиод өөр мөрдөгч энэ хэргийг шалгасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хэрэг нь 5 мөрдөгч, 5 прокурорын гар дамжин 3 жил гаруй шалгаж эцэст нь эрүүгийн хэрэг үүсгэж, Ж.Б-ыг яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж 2025 оны хавар шүүхэд шилжүүлсэн боловч яллагдагч Б- нь хэргийн хамт ирээгүй байна гээд прокурорт буцааж үүнээс хойш прокурорын зүгээс түүний араас хөөцөлдөн байж хэдэн сарын дараа Б-ыг ирүүлж шүүхэд шилжүүлсэн юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн талаар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хамт прокурор дээр очиж хэргийн талаар асуухад “манайх 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдээд шилжүүлсэн, та нар хэргийн материалтай шүүх дээр очиж танилц” гэсэн тэр өдрөө шүүх дээр очиж асуухад “энэ хэрэг манай дээр ирсэн, гэхдээ яллагдагч нь хэрэгтэйгээ хамт ирээгүй учраас манайхаас уг хэргийг прокурорт буцаасан” гэсэн ингээд хэдэн хоногийн дараа прокурор дээр очиж хэргийн материалтай танилцъя гэхэд “хэрэг одоогоор манай дээр байхгүй манайх хүлээж аваад дахин шүүхэд шилжүүлсэн” гэхээр нь шүүх дээр дахин очиж асуухад “манайх буцааснаас хойш дахин ирээгүй байна” гэхээр нь прокурор луу утсаар ярьж асуухад “яллагдагч Б- нь дуудаад ирэхгүй байна” гэж хэлсэн. Үүний гол шалтгаан нь Б- нь яллах дүгнэлтээ гардан авсны дараа утасныхаа дугаарыг өөрчлөөд, байгаа байршлаа солиод алга болсон байдаг. Ингээд Б- нь ирж прокурор 2025 оны 08 дугаар сард тус хэргийг шүүхэд шилжүүлснийг мэдээд шүүх дээр хэргийн материалтай танилцахад шүүх санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг зарласан захирамж гаргасан байсан юм. Мөрдөгчийн зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаа дуусмагц хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзвэл хэргийн материалтай танилцах талаар хэргийн оролцогч нарт мэдэгдэх үүрэгтэй, гэтэл мөрдөгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарт хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан нь энэ хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад шүүгч хэргээ уншаагүй болох нь харагдсан. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Г.Ш-ын зүгээс өөрийн эрүүл мэндийн байдлын улмаас өөрийнхөө хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар өөрийн дүү Н-д итгэмжлэл олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өөрийн дүү Г.Н-г томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгөх талаар мөрдөгчид хүсэлт гаргасныг мөрдөгч тогтоол гаргаж ханган шийдвэрлэж үүнээс хойш Г.Н- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн байхад урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр шүүгч нь Н-д хандаж та хохирогчийг төлөөлөх ямар ч эрхгүй, таныг энэ шүүх хуралдаанд оролцуулахгүй гэж хэлээд хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2, 4-д заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосон хууль ёсны эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан юм. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр прокурорын зүгээс яллагдагчид яллах дүгнэлт гардуулан өгч түүний хэргийг шүүхэд шилжүүлэх явцад яллагдагч Ж.Б- нь өөрт нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 14.3 дүгээр зүйлийн 2,3-т заасан “яллагдагч цагдаа, прокурор, шүүхийн дуудсан цагт ирнэ, мөн хаяг байршил, утсаны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгчид мэдэгдэнэ, үүргээ биелүүлээгүй, утасны дугаараа сольсон, хаяг байршлаа өөрчилсөн тухай прокурорт мэдэгдэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж шүүх, прокурор дээр ирэлгүй сар гаруй болсон тул түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар прокурор хүсэлт гаргасан боловч шүүх “Б- нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчөөгүй байна” гэж хамгаалан прокурорын хүсэлтийг хангаагүй юм. Мөн гэм буруугийн шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирогч болон гэрч С-, Х- нарыг тус шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасныг шүүхийн захирамж гарч хангаж шийдвэрлэсэн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр хохирогч Ш-ын зүгээс “тус шүүх хуралдаанд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас оролцох боломжгүй, би өөрийнхөө хууль ёсны төлөөлөгчид тухайн үед болсон асуудлыг маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн, тэр хүн миний өмнөөс оролцогчдын асуусан асуултад хариулах бүрэн боломжтой” гэж тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн юм. Харин энэ шүүх хуралдаанд гэрчээр дуудагдсан Х- нь ямар шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа талаар тайлбар нотлох баримтаа ирүүлээгүй, гэрч С- нь шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтээ шүүгчийн туслахад мэдэгдсэний дагуу шүүх хуралдаан эхэлсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэрч Х-г тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтээсээ татгалзаж байгаа талаар ямар нэгэн бичгээр шүүхэд хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх хуралдаан дахин хойшилж, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах ёстой байсан юм. Шүүх хуралдаан цааш үргэлжлэн явагдаж шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч С- мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч нарын гаргасан асуултад хариу өгөх болгонд цахим сүлжээнээс гарч орж ирж байсан сүүлдээ сүлжээнээс гарсан тул утас руу залгахад утас нь холбогдохгүй болсон учир шүүхийн зүгээс “одоо яахав техникийн саатал гарлаа шүүх хурлаа хойшлуулах уу” гэсэн энэ үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэрч цахимаар орж ирэх байх хэрэв ирэхгүй бол гэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2-3 удаа мэдүүлэг өгсөн байдаг тул шүүх хуралдааныг 22 цаг тасралтгүй үргэлжлүүлж хэлэлцүүлгийг дуусгая гэж санал тавьсан боловч дэмжигдээгүй шүүх хуралдаан өдрийн 17 цагийн үед хойшилсон юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн нөхцөл байдлыг хараад хэрэв шүүх хурал хойшилсон тохиолдолд С- болон түүний хамтрагч Б- нар нь шүүх хуралдааны дараа мэдүүлгээ өөрчилж болох хардалд төрсөн учраас 22 цаг хүртэл хэлэлцүүлгийн ажиллагааг явуулж дуусгах талаар санал гаргасан юм. Дээрх шүүгчийн хууль зөрчин гаргаж байгаа шийдвэрүүдэд дүгнэлт хийхэд, шүүгч нь өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хууль ёсны эрх ашгийг хязгаарлан, яллагдагчид давуу байдал олгоод байгаа нь магадгүй Б- нь өөрийнх хэрэг энэ шүүгч дээр хуваарилагдахыг хүлээгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, прокурор дээр ирэхгүй байсан юм биш үү гэсэн хардах сэтгэл төрдөг юм.

Хавтаст хэрэгт цугларсан доорх нотлох баримтаар шүүгдэгч Ж.Б-ы гэмт үйлдэл хангалтай тогтоогддог талаар: Хохирогч Ш.Ш-ын “...Би 2022 оны 06 дугаар сарын эхээр эхнэрээсээ салж бид хоёр амьдарч байсан байраа зарж, мөнгөө хувааж авсан. Би өөрөө өвчтэй, гар хөл муутай гэмтэлтэй байсан тул нэн даруй энэ мөнгөөрөө нэг өрөө байр даруй олж авах шаардлага гарч, үнэгүй зар сайт руу орж байр сонирхоод Зуучлалын компаниас “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын гудамжинд байрлах “Ж-” хотхонд удахгүй 2022 оны 07 дугаар сард ашиглалтад орох нэг өрөө байр зарна” гэсэн тус компанийн захирал Х- гэх эмэгтэйтэй Х- гэх дугаартай утсаар холбогдож тус байрыг үзэхээр тэдний компанийн хүнтэй очиж үзэхэд гадна талаас нь харахад баригдсан байсан дотор нь орж үзэх гэхэд цахилгаан байхгүй учраас лифт нь ажиллахгүй байгаа гэхээр нь хөл хугархай таягтай миний хувьд 12 давхарт гарч өөрийнхөө байрыг үзэх боломжгүй учраас тэндээс буцсан. Сүүлд нь Х-тай дахин холбогдож “О-” ХХК дээр С-, Х- нарын хамт очиж захирал Б-тай уулзахад “Сэлэнгийн зүгээс би анх энэ байрын суурийг тавихад захиалгын гэрээ хийсэн одоо би өөр газарт амьдрах болсон тул зарах гэж байгаа юм” гэсэн, мөн компанийн захирал Б-ы зүгээс “манай байр бэлэн болсон, наадмын өмнө буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад өгнө, 100 жилээр ашиглалтад оруулна” гэсэн тэгэхээр нь итгээд тус компанитай орон сууц худалдан авах захиалгын гэрээ хийсэн. Ингээд Б-ы зүгээс байрныхаа мөнгийг С- гэх хүний дансанд хийгээрэй гэхээр нь Сэлэнгийн дансанд шилжүүлсэн. Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд Б- руу залгахад утсаа авахгүй байж байгаад нэг удаа утсаа авахдаа “та 2022 оны 07 дугаар сарын 28, 29-ний өдөр ирж байрныхаа түлхүүрийг гардаж аваарай” гэж хэлсэн. Түүний хэлсэн хугацаанд байр ашиглалтад орохгүй болохоор нь дахин асуухад улсын комисс амарчихсан байна гэж хэлсэн. Б- нь ярих болгонд одоо ашиглалтад орно гэж намайг хуурч байсан, би одоо өөрийн орон байргүй буудал, таньдаг айлаар хоног төөрүүлж байна. Б- нь С-, Х- нартай нийлж 2022 оны 07 дугаар сард ашиглалтад орно гэж худал хэлж, хуурч мэхэлсэнд гомдолтой байна” /хх 19-22/ гэх,

гэрч Ж.Б-ы “...Би Г-ын Ш- гэх хүнтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулах үедээ “тус байрыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад орно” гэж хэлсэн, захиалгын гэрээндээ ч тусгасан байгаа тус барилгын газрын эзэн О.О- гэх хүн манай “О-” ХХК-тай маргаан үүсгэж тус барилга шинээр эрчим хүчний эх үүсвэр авах шаардлагатай болж эдгээр маргаанууд иргэний болон захиргааны хэргийн шүүх дээр явагдаж байгаа...” /хх 25-27/ гэх,

гэрч Б-ы “...Манай компанийн барилга баригдаад дууссан өнөөдөр ч орон сууц захиалагчдаа байранд оруулахад бэлэн байгаа боловч уг орон сууцыг барьсан газрын эзэн О-тэй 2021 оноос газрын маргаантай байгаа шүүхийн маргааны асуудлаас болж “Ж-” хотхоны С блок ашиглалтад орох боломжгүй болсон” /хх 31-32/ гэх,

гэрч Б- дахин өгсөн “...намайг С-тэй хуйвалдан намайг хуурч мэхэлсэн гэдэг Би С- гэх хүнийг танихгүй...” /хх 35-38/ гэх,  

гэрч Б.Х-ы “...С- нь Ш.Ш- гэх хүний худалдан авсан байрыг манай компаниар зуучлуулан худалдан борлуулах хүсэлт тавьж, тус хүсэлтийг манай үл хөдлөх хөрөнгийн зуучлалын “О-” ХХК нь хүлээн авч Г.Ш- гэх хүнд зуучлан борлуулж өгсөн. Харин Ж.Б- гэх хүнийг танихгүй, манай компанийн зүгээс байр хэзээ ашиглалтад орох талаар асууж тодруулахад тус компанийн борлуулалтын албанаас 2022 оны 07 дугаар сардаа багтаад улсын баяр наадмын өмнө ашиглалтад орно гэж хэлсэн...” /хх 41-43/ гэх,

гэрч С-ийн “...Би анх 2021 оны 10 дугаар сард анх удаа “О-” ХХК-ийн захирал Б-тай уулзаж байсан, үүнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бид уулзахад тэр үед Б- “ямар ч асуудалгүй, 2022 оны 07 дугаар сарын сүүлээр ашиглалтад орно, барилгын ажил 95%-тай байгаа” гэж хэлсэн тэгээд надтай хийсэн гэрээг цуцалж, Г.Ш-тай шинээр гэрээ байгуулж, Ш- нь байрны мөнгө болох 85.400.000 төгрөгийг шилжүүлсэн би Х- захиралтай зуучлалын компанитай зуучлалын гэрээ байгуулсан юм шиг санагдаж байна” /хх 45-47/ гэх,  

2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээ “...Гэрээний нэг тал болох гүйцэтгэгч гэх “О-” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б- нөгөө талаас иргэн Г.Ш- нар харилцан тохиролцож байгуулсан гэрээ байдаг гэрээний 1.3-т орон сууцыг 2022 оны 07 дугаар сард ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгнө...” /хх 58-60/,

иргэн Г.Ш-ын дансны хуулга “үүнд иргэн Ш- нь захиалсан байр нь ашиглалтад ороогүй улмаас зочид буудал, түрээсийн байраар хоног төөрүүлж мөнгө төлж байсан дансны хуулгууд байдаг” /хх 114-128/,

Улаанбаатар хотын цахилгаан түгээх ТӨХК-иас Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга х/ч Баяр-Эрдэнэд явуулсан албан бичиг “Иргэн О.О- нь “О- ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хөрөнгө оруулж, иргэн О.О-гийн эзэмшлийн газар дээр “О-” ХХК нь барилга барьсан бөгөөд манай компаниас тус барилгууд нь техникийн нөхцөл авч цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй болно. Иргэн О- нь манай компаниас аялал жуулчлалын зориулалтаар техникийн нөхцөл авсан боловч тус байршил дээр нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барьсан нь МУ-ын Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8, 30.1.13, 30.1.12 дахь заалтуудыг зөрчөөд байх тул “О-” ХХК-ийн барьсан С блок орон сууцны барилгад техникийн нөхцөл олгохгүй байх “О-” ХХК-ийн С блокийн орон сууцны барилга нь газар ашиглах эрхийг гэрчилгээгүй байна” /2 хх 168-169/ гэх,

Газар ашиглах гэрээ “...Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат төрийн тусгай хамгаалалтай, Зайсангийн ам гэх газарт 5.0 га талбайг Иргэн О-д Аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах зорилгоор гэрчилгээ олгов 2014-05-23...” /2 хх 183/,

иргэн Ш-ын харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 35-42/,

Ж.Б-аас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар авсан “...Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Г.Ш-тай орон сууцны захиалгын гэрээ хийн шилжүүлж өгсөн Би орон сууцны захиалгын гэрээг шинээр хийгээгүй би Ш-д хэлэхдээ наадам өнгөрөөгөөд 08 дугаар сард ашиглалтад орно гэж хэлсэн О- гэх хүнтэй холбоотой эд хөрөнгийн маргаан Хан-Уул дүүргийн иргэний шүүх дээр шийдвэрлэгдэж байгаа...” гэх /3 хх 116-117/,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 85 тоот тогтоол, хариу мэдэгдэх хуудас хяналтын прокурорын зүгээс Ж.Б-ыг яллагдагчаар татсан тогтоол нь хууль үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй байна гэх /3 хх 142-144/,

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Улаанбаатар хотын захирагчийн албанд явуулсан албан бичигт “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/50 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан 5161,4 м.кв байршилд барилга баригдсан байгаа нь үнэн болно хувийг “О-” ХХК...” гэх /3 хх 175/,

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/50 тоот тушаалд “Иргэн О- нь Улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэр ашиглахдаа хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 065/356 дугаар дүгнэлт, тайлангаар нотлогдож байх тул 2.041 га газраас хавсралтад дурдсан солбилцол бүхий 5161,4 м.кв газрыг ашиглах эрхийг цуцлав” гэх /3 хх 178/,

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/21 тоот тушаалд “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасанд заасан зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгож гэрээг цуцалсугай, гэрээний хавсралтын 28-д О-гийн газар эзэмших эрхийг цуцалсан байдаг...”  /3 хх 182/,

Нийслэлийн ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын газраас Ж.Б-ы өмгөөлөгч Лхагвасүрэнгийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 651 дүгээр тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 4/581 дугаар тогтоолууд /3 хх 211, 222/,

2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 5507 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж /4 хх 19-21/,  

хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжидийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан х/02 дугаартай хүсэлт /хх 45/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...би өөрийн ах хохирогч Г.Ш- ахаас “...“О-” ХХК-ийн захирал, Зуучлалын компанийн захирал Х-, С- гэх хүмүүст залилуулчихлаа” гэхээр нь “та хоёрын хооронд гэрээ байгуулах үед уг байр цахилгаан байхгүй учраас ашиглалтад орохгүй байгаа талаар таньд хэлсэн үү” гэхэд “үгүй, тэгж хэлээгүй манай компани туршлагатай компани, ямар ч асуудалгүй наадмын өмнө ашиглалтад өгнө, мөн зуучлалын компанийн захирал Х-, С- гэх эмэгтэй 7 сардаа ашиглалтад орно гэж хэлэхээр нь гэрээ хийж мөнгөө шилжүүлсэн юм, хамгийн гол нь тухайн барилгын гүйцэтгэгч компани, зуучлал үзүүлж буй компанийн захирал нарт итгэсэн юм, хэрэв тэгээгүй бол би тухайн үед мөнгөөрөө бэлэн нэг өөрөө шинэ, хуучин нь хамаагүй нэг өрөө байр худалдаад авчих байсан юм” гэж хэлэхээр нь би эхлээд өөрийн биеэр Зуучлалын компанийн захирал Х-тай уулзахад “Б- чинь өөрөө Ш- гуайд манай байр наадмын өмнө ашиглалтад орно ямар ч асуудалгүй гэж хэлж байсан тэгээд гэрээ хийгдсэн манай компани С- гэх хүний гуйлтаар зуучлал үзүүлсэн юм” гэхээр нь би “та нарын хооронд байгуулсан зуучлалын гэрээ” байна уу гэхэд гэрээ байгаа гэхээр нь үзье гэхэд үзүүлэхгүй, энэ компанийн нууц гээд үзүүлээгүй юм.

Дараа нь “О-” компанийн оффис дээр очиж уулзахад захирал Б- нь 2025 оны 02 дугаар сараас хойш энэ С- гэх эмэгтэй хэл ам гаргаад манай оффисоор гүйгээд гэрээгээ цуцалъя гэж гуйгаад байхаар нь би чиний гэрээг цуцлахгүй, харин танайх нэг өрөө байрыг худалдан авах хүнээ аваад ирвэл цуцалж болно гэсэн. Гэтэл Ш- гуайг авчирч ирээд ийм балай юм боллоо, танай байр яагаад гэрээнд заасан хугацаандаа орохгүй хөл гар муутай ядарсан хүнд чирэгдэл учруулж өнөө маргааш ашиглалтад орно гэж худал хэлээд байгаа юм гэхэд “Манай байр баригдаад ерөнхийдөө дууссан гагцхүү УБЦТС-ын газраас манайхыг цахилгаанаар хангах гээд байгаа учраас ашиглалтад орох боломжгүй байна, би тэднийхээс гуйгаад болохгүй бол “ёндоог нь” ч гэсэн өгч байгаад цахилгаанаа авна, та санаа зоволтгүй, 10 хоногийн дотор ашиглалтад оруулна” гэж хэлэхээр нь “би та худал хэлэх юм бол та нарыг бусдыг залилсан хэргээр цагдаад өргөдөл гаргаж шалгуулна шүү” гэж хэлээд явсан гэх,  

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С- “...Би Б- гэх хүнийг танихгүй, 2021 онд байр захиалахдаа нэг уулзсан, дараа нь 2022 онд Ш- гуайд байр худалдах үед очсон, өөрөөр уулзаагүй. Би Х- захиралтай зуучлалын компанитай харилцан тохиролцож зуучлуулсан зуучлалын гэрээ хийсэн эсэх талаар сайн санахгүй байна. Би гэрээнд заасан хугацаанд байр орохгүй болохоор “О-” ХХК дээр очиж бусад захиалагч нарын хамт шаардаж байсан нь үнэн. Миний хувьд өөр газарт суурьших болсон тул байраа зарах шаардлага гараад зуучлалын компаниар зар тавьсан. Тэгээд Ш- гуайд зарсан. Тэр үед Б- нь Ш- гуайд 7 сардаа багтаад энэ байр ашиглалтад орно гэж хэлээд гэрээ байгуулсан, байрны мөнгө 85.400.000 төгрөг, миний дансанд орсон гэх юм гэж хэлсэн талаараа хохирогчийн өмгөөлөгч хэлдэг. Энэ тухай гэрч С-эс асуухад цахим сүлжээнээс гараад дахин орж ирэхдээ Б- гэх хүнийг танихгүй, би 2021 онд анх энэ байрыг худалдаж авахдаа, мөн Ш- гуайтай хамт “О-” ХХК дээр нэг уулзсан, би хоёр удаа уулзсан, танихгүй гэдэг. Гэтэл өмгөөлөгчийн “Б- таныг гэрээгээ цуцалъя гээд 2022 оны 2 сараас хойш хэл ам гаргаад гүйгээд байсан” гэх асуултад С- хариулахдаа “би тухайн компанитай 2021 онд захиалгын гэрээ байгуулсан гэрээнд заасан хугацаанд ашиглалтад өгөхгүй болохоор нь “О-” ХХК дээр очиж бусад захиалагч нарын хамт шаардлага тавьж байсан” гэж мэдүүлдэг.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед нотлох баримт шинжлэн судлах ажиллагааны талаар: Хавтаст хэргийн материалд “О-” ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтаар өгсөн олон хуудас материалууд нь гаргац муутай, бүдэг, канондсон, нотариатын тамга тэмдэг байхгүй, гараар засварласан, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байсан бөгөөд уг баримтуудаа 2-3 удаа хуулбарлан хавтаст хэрэгт өгсөн байсан. Уг материал нь “О-” ХХК-ийн С блокийн барилгатай ямар ч холбоогүй баримт байсан. Харин тэдний компанийн өмнө барьсан В, Г блокийн барилгатай холбоотой баримт байсан. Тэр нь зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар нүүдлийн отог байгуулахад авсан техникийн нөхцлүүд байсан юм. Харин бид нарын маргаад байгаа С блокийн барилгатай холбоотой барилга барих барилгын зөвшөөрөл, техникийн нөхцөл авсан нотлох баримт байхгүй байсан учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэдгээ хэлсэн юм. Шүүгдэгч Б-ы зүгээс манай С блокийн орон сууцны барилга баригдсан 3.144 м.кв талбайг ашиглах эрх цуцлагдаагүй гэж мэтгэлцдэг боловч өөрөө зураг дээрээ тайлбарлаж чадахгүй байсан. Уг нотлох баримт канондсон, бүдэг, нотариатын улаан тамга байхгүй, хуулбарласан нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримт байсан. 3.144 м.кв талбайн талаар шүүх хуралдаанд оролцсон оролцогчдын хэн ч ойлгоогүй, тайлбарлаж чадахгүй байсан. Учир нь, мэргэжлийн бус хүмүүс учраас гагцхүү мэргэжлийн хүмүүс тайлбарлаж ойлгуулах боломжтой юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагаа гүйцэт биш явагдсан талаар: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байгаа шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэлт хийж мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан болох нь харагдсан. Учир нь:

Анх хохирогчийн зүгээс цагдаад гомдол гаргахдаа: би “О-” ХХК-ийн захирал Б-, зуучлалын компанийн захирал Х-, иргэн С- нарт залилуулж 85.400.000 төгрөгөө алдлаа гэж гомдол гаргасан байдаг дээрх нөхцөл байдал нотлох баримтад дүгнэлт хийхэд дээрх хүмүүс нь урьдчилан үгсэн тохиролцож иргэн Ш-д худал мэдээлэл өгч тухайн барилга 2017 оноос эхлээд 2022 он хүртэл ашиглалтад яагаад орохгүй байгаа талаарх бодит мэдээллийг өгөхгүй нууж, 2022 оны 07 дугаар сард ашиглалтад орохгүйг мэдсээр байж наадмаас өмнө ашиглалтад орно гэж итгүүлэн түүний 85.400.000 төгрөгийг, түүний яаралтай орон сууц авах шаардлагатай байгаа. Мөн түүнд бэлэн мөнгө байгааг мэдээд бүлэглэн залилан мэхлэх арга хэрэглэн бусдын эзэмшилд шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь харагддаг. Ийм байхад мөрдөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х- захиралтай зуучлалын компани нь зуучлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, гэрчилгээтэй эсэх, мөн С- зуучлалын компани хоёрын хооронд зуучлалын гэрээ хийгдсэн бол тус нотлох баримтуудыг гаргуулж хэрэгт хавсаргаагүй, мөн барилгын төвөөс “О-” ХХК нь С блокийн барилга барихдаа тус барилгыг барих тусгай зөвшөөрөл, гэрчилгээ авсан тэднийд зөвшөөрөл хүсэхдээ ямар ямар нотлох баримт хавсаргаж өгсөн талаар лавлагаа гаргуулж нотлох баримтуудыг гаргуулж аваагүй, энэ хэрэгт гэрч С-, Х- нарыг холбогдуулан шалгалтын ажиллагаа хийгээгүй зөвхөн гэрчээр хагас дутуу авсан мэдүүлэг байдаг юм.

Шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч доорх дүгнэлтийг гаргах нь: Анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэхдээ, “О-” ХХК нь барилгын ажлыг хэрэгжүүлэхдээ “Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0001008 /267/ 2017 дугаартай барилгын зөвшөөрөл, Барилга хот байгуулалтын яам барилгын хөгжлийн төв 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 288/2017 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт, “О-” ХХК-ийн барилга угсралтын ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд зөвшөөрлийн дагуу байна, С блокийн барилга баригдсан 3.144 м.кв талбайг цуцалсан баримт байхгүй гэж дүгнэн Б-ы гэмт үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс анх иргэн О.О-д төрийн тусгай хамгаалалттай дархан цаазат газарт газар ашиглах гэрчилгээ олгохдоо “Аялал жуулчлал, нүүдлийн отог байгуулах зориулалтаар ашиглах эрх олгосон байдаг юм. Гэтэл иргэн О- нь төрийн тусгай хамгаалалтай газрын хууль зөрчиж тус газар дээр “О-” ХХК-тай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж тус газрын ашиглах зориулалтыг зөрчиж нийтийн орон сууц барьсан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд мөн тус барилгыг барихад барилга барих тусгай зөвшөөрөл, техникийн нөхцлүүд, дуусаагүй барилгын гэрчилгээ олгосон эрх мэдэл албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдэл албан тушаалын байдлын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгож хууль бус шийдвэр гаргасан байна гэж үздэг. Учир нь, дээрх зөвшөөрлүүдийг өгөхөд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хамгийн түрүүнд шалгах зүйл бол барилга барих гэж байгаа газар нь хэний эзэмшлийн газар, уг газар нь хаана байдаг, тус газрыг ямар зориулалтаар ашиглах эрх байгаа эсэхийг харж зөвшөөрөл олгох ёстой байдаг, гэтэл уг газрыг нийтийн орон сууц барьж ашиглах боломжгүйг мэдсээр байж олгож байгаа хууль бус үйлдэл нь зөвхөн авлига, хахууль авсан тохиолдолд ийм шийдвэр гаргах боломжтой юм. Мөн анх 2013 онд “О-” ХХК нь иргэн О.О-тэй хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа мэдээж О-гийн тусгай хамгаалалттай газар ашиглах эрх олгосон гэрчилгээ нь ямар зориулалтаар хэдэн жилийн хугацаагаар олгосон, мөн ашиглах зориулалтыг хараад танилцаж байж гэрээ байгуулсан байдаг. Үүнийг шүүхийн хэлэлцүүлэгт Б- мэдүүлэг өгөхдөө “мэдээж газрын зөвшөөрөлтэй танилцаж байж гэрээ хийнэ” гэж мэдүүлдэг. Тус компани нь тусгай хамгаалалтай дархан цаазтай газар нийтийн орон сууц барьж болохгүй гэдгийг мэдсээр байж шунахай сэдэлт агуулж, хууль зөрчиж, орон сууцны барилга барьсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчийн зүгээс Б-, С-, Х- нар нь С блокийн 60 айлын орон сууцны барилга хэдэн оноос эхэлсэн 2022 оны 06 дугаар сар хүртэл яагаад ашиглалтад өгөхгүй байгаа талаар уг барилгын газартай холбоотой маргаан нь иргэний шүүх болон захиргааны шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдээгүй. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас яагаад цахилгаан өгөхгүй байгаа талаарх бодит мэдээллийг нууж иргэн Ш-ыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлцсэн юм. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байгаа ч энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Б- нь С-, Х- нартай урьдчилан тохиролцон энэ гэмт хэргийг үйлдсэн байж болох нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн үйл явцаас харагддаг юм. Харин анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдалтай тохироогүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй хязгаарласан, шүүгдэгчийн гэмт үйлдлийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, тогтоол гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож прокурорт буцааж өгнө үү. Жич: “О-” ХХК-д хууль зөрчиж зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг АТГ-т шалгагдаж байгаа болно.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний аав өндөр настай, хэвтрийн дэглэм сахидаг өвчтэй хүн байдаг. Аав маань 2022 оны 06 дугаар сарын эхээр яаралтай нэг өрөө бэлэн байр худалдаж авах шаардлага гарч үнэгүй зар мэдээ сайт руу орж байр хайсан. Тэгээд “...наадмын өмнө ашиглалтад орох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан Дүнжингаравын гудамж “Ж-” хотхоны С блок 12 давхар орон сууцны 12 давхарт нэг өрөө байрыг зарна...” гэсэн зарын дагуу утсаар нь холбогдож асуухад “...удахгүй 7 дугаар сард ашиглалтад орно баригдаад дууссан бэлэн байр байгаа та үзэж болно...” гэж хэлсний дагуу зуучлалын компанийн ажилтантай анх очиж үзсэн. Тухайн байр гадна талаас харахад баригдсан байр байсан бөгөөд дотор нь ороход засал чимэглэл нь гүйцээгүй, дээшээ гарч үзэх гэхэд лифт байхгүй учраас үзэж чадалгүй буцсан. Үүний дараа тус зуучлалын компанийн захирал Х- гэх хүнтэй холбогдож утсаар асуухад “зүгээрээ одоо бараг дуусаж байгаа цахилгаан байхгүй учраас лифтний асуудал шийдэгдэхгүй байгаа юм, ямар ч байсан 7 сардаа ашиглалтад өгнө” гэсэн хариуг өгсөн. Манай зүгээс итгэхгүй байсан тул барилгыг барьж байгаа “О-” ХХК-ийн оффис дээр очиж “О-” ХХК-ийн захирал Ж.Б-, С- нартай уулзсан. Тухайн үед барилгын компанийн захирлуудын хэн ч тухайн байрыг 2018 онд баригдаж эхэлсэн одоог хүртэл ажиглалтад ороогүй байгаа болохыг хэлээгүй. “О-” ХХК-ийн захирал Ж.Б- нь манай аавд хэлэхдээ “манайх барьж байгаа 60 айлын орон сууцыг наадмын өмнө 100 жилээр ашиглалтад өгөх гээд байгаа цаашлаад 7 сардаа багтаад ашиглалтад орно асуудал байхгүй манайх туршлагатай компани” гэж хэлсэн байдаг. Манай аав Ж.Б-ы тухайн үед итгэж гэрээ хийсэн гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд байрандаа орж чадаагүй хохирсон байна. Манай зүгээс энэ хэрэгт Ж.Б-аас гадна С-, Х- нар хамтран оролцсон гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд С-, Х- нарыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хэргийн оролцогчдоос гаргахад Х- нь оролцох боломжгүй нөхцөл байдалтай байгаа гэж хэлээд оролцоогүй харин С- нь цахимаар шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдааны явцад С-эс асуулт асуухад тэрээр хариулахгүй нэлээн удаж байгаад хэсэг хугацааны дараа хариулж байсан. Түүний энэ үйлдэл нь надад сэжиг бүхий санагдсан. С- шүүх хуралдаанд дуустал хэлэлцүүлгийг сонсоогүй “техникийн сааталд гарсан” гэж хэлээд дундаас нь гараад явсан. Шүүх хуралдаан гэрчээр тогтоогдсон С- гэх эмэгтэйгээс болж завсарлах гэхэд нь би үргэлжлүүлэх саналыг гаргасан. Гэвч шүүхээс миний хүсэлтийг хүлээж авахгүй маргааш өдөр нь шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хэргийн үйл баримт болсон асуудалтай холбоотой С-, Х- хоёрыг зайлшгүй шалгах шаардлагатай гэхэд мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх 2 этгээдийг шалгаагүй нь хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй болохыг харуулж байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Р.Мэндсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны буюу үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Гэрээтэй холбоотой буюу иргэний эрх зүйн харилцаа холбоотой маргааныг Эрүүгийн эрх зүйн маргаан болгож гэмт хэрэг гэж үзэж яллаж байгаад нөхцөл байдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож хэргийн бодит байдлыг хөдөлбөргүйгээр тогтоох үүрэгтэй субъект атал хэргийн үйл баримтаас зөрүүтэй худал зүйл ярьж байгаад хуульчийн зүгээс харамсаж байна. Прокуророос газрын эрх нь хүчингүй болсон газар дээр барилга барьж бусдыг залилсан байна гэж дүгнэдэг. Тухайн газар нь иргэн О- гэх хүний нэр дээр байдаг, ашиглах эрх нь О-д байдаг. Хэрэв газрын асуудал хөндөгдвөл О- гэх этгээдийг шалгах шаардлагатай. Тухайн газар эзэмшиж байгаа этгээдийг шалгаагүй атлаа зохих журмын дагуу эрсдэлээ хүлээж барилга барьсан Ж.Б-ыг шалгуулж байгаа нь ойлгомжгүй байна. Барилга баригдаагүй, ашиглалт ороогүй асуудал огт байхгүй тухайн барилга нь ашиглалт орсон, зарим оршин суугчид амьдарч байгаа. Байртай холбоотой үүссэн нэг л асуудал бий. Тэр нь улсын комисс хүлээж аваагүй асуудал юм. Улсын комисс барилга барьсан компани болон газар эзэмшигчийн хооронд үүссэн иргэний эрх зүйн маргаанаас болж барилгыг хүлээж авахгүй асуудал үүсээд байгаа юм. Хавтаст хэрэгт гэрч С- нь 2-3 удаа мэдүүлэг өгч бодит байдлыг мэдүүлсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад Г.Ш-ыг залилах бодол байгаагүй түүний орох ёстой байр ашиглалтад орсон байгаа. Өнөөдөр ороход бэлэн байдалтай байна. С-, Х- нартай ямар нэгэн хамаарал бүхий харилцаа байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжидийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ж.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. 

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох ба аль нэг шинж хангагдахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнийг цагаатгах учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Прокуророос Ж.Б-ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /Ж-/ Дүнжингаравын гудамж, Ж- тоот хаягт “Ж-” хотхоны С блок 12 давхар 60 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын холбогдох техникийн нөхцөл гараагүй байх хугацаанд эхлүүлж, улмаар дээрх барилгын ажлыг улсын комисс хүлээн аваагүй, мөн тухайн барилгын байршил бүхий газар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын холбогдох тушаалаар хүчингүй болж, 2022 оны 07 дугаар сард ашиглалтад орох бодит боломжгүй болохыг сайтар мэдсээр байж, дээрх бодит байдлыг нуух замаар, “орон сууцыг 2022 оны 07 дугаар сард ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгнө” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Г.Ш-ыг төөрөгдөлд оруулж, улмаар иргэн Г.Ш-тай 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, дээрх гэрээгээр халхавчлан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Г.Ш- нь “Хаан банк”-ны Ш- тоот данс руу 85.400.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилж хохирогч Г.Ш-д 85.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Г.Ш-ын мэдүүлэг, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”, гэрч Б.Х-, О.С- нарын мэдүүлэг, Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах тухай 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17/01 дугаартай гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний 09/58 дугаартай албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09/1323 дугаартай “О-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б-д хүргүүлсэн албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай албан бичиг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/1277 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтыг яллах үндэслэл болгожээ.

Хохирогч Г.Ш-ын гомдол /хх 9/, хохирогч Г.Ш-ын “...С- гэх эмэгтэй надад хэлэхдээ... миний энэ захиалсан барилгын байршил нь надад болохгүй байгаа болохоор байр захиалсан гэрээгээ бусдад шилжүүлэн байраа зарах гэж үл хөдлөх зуучлалд хандсан гэж хэлсэн... 1 м.кв 2.665.000 төгрөгөөр буюу нийт 85.400.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, “О-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б- гэх хүний өрөөнд С-э, Х- бид нар орсон. Би Ж.Б-аас тус барилга хэзээ ашиглалтад 100 хувь орох талаар асуухад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад орно, бүүр цаашиллаа гэхэд 100 жилийн ойгоос өмнө ашиглалтад орно. Одоо барилгын цахилгаан залгагдаагүй байгаа гэж хэлсэн. Тэгээд Б- намайг байр худалдан авч байгаа мөнгөө С-ийн дансанд хийгээрээ гэж хэлэхээр нь би 85.400.000 төгрөгийг С-ийн хаан банкны Ш- дугаартай данс руу өөрийн хаан банкны 5630025273 дугаартай данснаас шилжүүлсэн...” /хх 18-22/,

гэрч Ц.Б-ы “...Ж- хотхон нь 100 хувь баригдаад дууссан, өнөөдөр ч орон сууц захиалагчдаа байрандаа оруулахад бэлэн болсон... газрын эзэн О- гэгчтэй, газрын маргаантай, Хан-Уул дүүргийн иргэний шүүх дээр маргаан үүссэн...” /хх 30-32/,

гэрч О.С-ийн “...2021 оны 10 сард анх байр авахаар зар дээрээс байр хайж байгаад Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж Ж- хотхонд 1 өрөө 32.04 м.кв байр зарна гэсэн байхаар нь уг зарын дагуу утсаар нь холбогдоход “Р-” ХХК-ийн ажилтан зуучилж байр зарж байгаа гэж байсан. “Р-” үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрын ажилтан уг байрыг зарж байгаа үндсэн захиалагч нь болох Б- гэдэг хүн байгаа гэсэн... байрыг очиж үзэхэд... гаднаасаа бүрэн баригдсан, халаалтаа авчихсан, дотор засал нь бүрэн хийгдээгүй байдалтай байсан... 2022 оны 03 сар хавьцаа орно гэж байсан болохоор дулаанаа авчихсан байгаа барилга юм чинь хурдан орох юм байна гэж бодоод авахаар тохиролцсон... 2022 оны 04 дүгээр сард уг байр ашиглалтад орохгүй байхаар нь тухайн байрны захиалагч нар нийлээд байрны асуудлаар “О-” ХХК-д олон удаа хандсан боловч гүйцэтгэх захирал Ж.Б- нь газрын маргаантай асуудал гараад улсын комисс хүлээж авахгүй, барилга бараг 100 хувь баригдсан байгаа гэдэг л хариу өгдөг байсан. Мөнгөний хэрэг гарсан тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, Ж- хотхонд 1 өрөө 32,04 м.кв байрыг зарахаар шийдээд эхлээд 2022 оны 05 сарын сүүлээр зарын сайтуудад зар тавьсан боловч зарж чадаагүй. Тэгээд урд өмнө нь холбогдож байсан “Асап пропертик” ХХК-ийн ажилтан Б.Х-ы утас руу нь холбогдоод... зарах хэрэгтэй байна, 1 м.кв 2.656.250 төгрөгт бодоод нийт 85.000.000 төгрөгөөр зарахаар зуучлаад өгөөч гэж хандсан... 20 орчим хоногийн дараа Б.Х- байрыг чинь хүн худалдан авахаар болчихлоо худалдаж авах хүнээ аваад очих гэсэн юмаа хаана очих уу гэхээр нь анх захиалгын гэрээ хийсэн “О-” дээр уулзъя гэж хэлсэн... Ж.Б-тай утсаар холбогдоод захиалсан байраа зарах гэж байгаа юм гэрээгээ шилжүүлэх гэсэн юм маргааш ажил дээрээ байх уу гэж асуухад байна гэж хариулсан... Тэр үед Ж.Б- нь ямар ч асуудалгүй 2022 оны 07 дугаар сарын сүүлээр орно, барилгын ажил 95 хувьтай байгаа, одоо газрын асуудлаа шийдэх л асуудал байна гэж байсан... ингээд миний захиалгын гэрээг “О-” ХХК-ийн захирал Ж.Б- цуцлаад Г.Ш- гэдэг хүнтэй захиалгын гэрээг шинээр байгуулсан. ...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр захиалгын гэрээ хийхэд Ж.Б- нь Г.Ш- гэдэг хүнд тухайн байрыг газрын маргаанаас болоод орохгүй байгаа гэдгийг нь хэлж байсан, Г.Ш- гэдэг хүн намайг Ж.Б-ы өрөөнд ороход бүх зүйлийг мэдчихсэн байж байсан...” /хх 45-46/,

гэрч Б.Х-ы “...Би Г.Ш- гэх хүнийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж- хотхоны орон сууцнаас орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн худалдан авсан хүн гэдгээр нь мэднэ. Харин О.С- нь Г.Ш-ын худалдан авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ж- хотхоны С блокийн 12 давхрын 1203 тоот орон сууц захиалгын гэрээг манай компаниар зуучлуулан худалдан борлуулах хүсэлт тавьж, тус хүсэлтийг нь манай үл хөдлөх хөрөнгө зуучлалын О- ХХК нь хүлээн авч, түүний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ж- хотхоны С блокны 12 давхрын 1203 тоот орон сууц захиалгын гэрээг Г.Ш- гэх хүнд зуучилан худалдан борлуулж өгсөн. Харин Ж.Б- гэх хүнийг бол таньж мэдэхгүй байна...” /хх 41-43/,

гэрч Э.Б-гийн “...тухайн байрны зарыг тавьсны дараа хөгшин эмээ, өвөө хоёр миний гар утас руу залгаад зарын дагуу ярьж байна байрыг нь үзье гэж хэлэхээр нь завтай бол маргааш ирээд үзэж болно гэж хэлсний дагуу маргааш нь ирэхээр нь дагуулж яваад байрыг нь гаднаас нь харуулсан. Байр луу нь орж үзүүлэх гэсэн чинь хаалга нь гаднаас нь цоожтой үзүүлэх боломжгүй байсан... хэд хоногийн дараа холбогдоод байрыг нь авахаар боллоо гэж хэлээд хүрч ирэхээр нь тухайн байрыг барьсан “О-” ХХК-ийн байрны гадаа уулзахаар тохиролцоод уулзсан. Тэр үед манай захирал Б.Х-... байрны гэрээ шилжүүлж байгаа О.С- гэх эмэгтэй ирээд уулзаад байх шиг байсан...” /2 хх 233/,

цагаатгагдсан этгээд Ж.Б-ы “...Би Г-ын Ш- гэх хүнтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулах үедээ тус байрыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад орно гэж хэлсэн, захиалгын гэрээндээ ч тусгасан байгаа тус барилгын газрын эзэн О.О- гэх хүн манай “О-” ХХК-тай маргаан үүсгэж тус барилга шинээр эрчим хүчний эх үүсвэр авах шаардлагатай болж эдгээр маргаанууд иргэний болон захиргааны хэргийн шүүх дээр явагдаж байгаа...” /хх 25-27/ гэх мэдүүлгүүд,

Байгаль орчны сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар газар ашиглах гэрчилгээ олгох тухай тушаал /хх 218/,

Барилга, хот байгуулалтын яамны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /2 хх 69-70/,

барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /2 хх 58-59/,

архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, хавсралт /2 хх 60-62/,

Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт /2 хх 63-67/,

техникийн нөхцөл /2 хх 111-116/,

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ /2 хх 117/,

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 хх 151-152/,

“О-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хх 153-154/,

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /2 хх 247-250/,

“О-” ХХК-ийг төлөөлөн Ж.Б- болон иргэн Г.Ш- нарын хооронд “Орон сууц захиалгын гэрээ” /хх 58-60/,

хөрөнгө оруулалт, хамтран ажиллах тухай 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17/01 дугаартай гэрээ /хх 207-Ж-/,

иргэн О.О- болон “О-” ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ /2 хх 176-178/,

Г.Ш-ын О.С-д 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр түүний Хаан банкны 5630025273 тоот данс руу 85.400.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх 60/,

“О-” ХХК болон О.С- нарын 2021 оны 10 дугаар сарын 16- ны өдрийн №21/35 дугаартай Орон сууц захиалгын гэрээний хуулбар хувь /хх 88-92/,

“О-” ХХК болон О.А- нарын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №18/35 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний хуулбар хувь /хх 93-99/ гэх зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудыг үзэхэд, Ж.Б-ы үйлдэлд бодит байдлыг нуух замаар, зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Г.Ш-ыг төөрөгдөлд оруулж, түүний эд хөрөнгийг залилан авах санаа зорилго үгүйсгэгдэж байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон ба шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн газрыг ашиглах зөвшөөрлүүд олгогдсон байхаас гадна тухайн газарт барилга барих боломжгүй нөхцөл байдалд барилга баригдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, “О-” ХХК болон О.А- нар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр №18/35 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ” байгуулж, энэхүү гэрээгээр “А-” ХХК-ийн ажил гүйцэтгэсний хөлсөнд авсан 67.284.000 төгрөг бүхий /Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжгаравын гудамж А- хотхоны С блок 12 давхар 1203 тоот 32,04 м.кв хэмжээтэй 1 өрөө/ орон сууцыг “А-” ХХК-ийн хүсэлтээр орон сууцны захиалгын гэрээг шилжүүлж, улмаар О.А- нь тус байрыг О.С-д зарж, “О-” ХХК-ийг төлөөлөн Ж.Б- болон О.С- нар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №21/35 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, уг гэрээнд дээрх орон сууцыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “А-” ХХК-ийн ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан орон сууцыг тус компанийн хүсэлтээр орон сууцны захиалгын гэрээ хийсэн О.А-ийн хүргэн болох Г.Г-ын Хаан банкны Г- дугаар дансанд бүрэн төлж барагдуулсан талаар тусгасан байдаг ба “О-” ХХК-ийг төлөөлөн Ж.Б- болон иргэн Г.Ш- нар нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Г.Ш- нь О.С-эс худалдан авсан дээрх байрны үнэ болох 85.400.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр түүний Хаан банкны Г- тоот данс руу шилжүүлсэн байх бөгөөд үүнээс дүгнэвэл “О-” ХХК-ийг төлөөлөн Ж.Б- болон иргэн Г.Ш- нарын хооронд уг захиалгын орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу гэрээний биелэлтэд үүссэн эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх боломжгүй ба анхан шатны шүүхээс энэ талаар логик дараалалтай, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “О-” ХХК, “Г-” ХХК болон иргэн Л.Г-, Л.А-, О.О- нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан үүсэж, хянагдаж байгаа талаарх мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл” /88-99/ зэрэг баримт авагдсан байх бөгөөд дээр дурдсан “О-” ХХК нь тус байрыг ашиглалтад оруулж Г.Ш-д хүлээлгэн өгөх боломжгүй буюу Ж.Б-аас шалтгаалах бус өөр бусад хүчин зүйлээс шалтгаалсан байх нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байхаас гадна хохирогч Г.Ш-д хэргийн материалыг танилцуулсан болох нь 3 дугаар хавтаст хэргийн 202 дахь талд авагдсан байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий прокурор Б.Ууганбаярын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжидийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/2188 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Ууганбаярын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаар эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжидийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

           

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                             Д.ГАНДОЛГОР

                                              ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

                                              ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ