Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00909

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00909

 

Ё.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00575 дугаар шийдвэртэй

Ё.Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Хд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 80 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ё.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.Х нь надтай 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 107 тоот зээлийн гэрээг байгуулж, 35,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Дээрх зээлийг авахдаа надад хямд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах хэрэг гараад байна, түүнийг аваад нэрээ шилжүүлээд шууд банкинд тавьж, зээл аваад буцаан төлнө гэж авсан. Хариуцагч зээлийн гэрээний хугацааг сунгах санал гаргасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаагаар 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг сунгасан. Гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрийг төлнө гэсэн боловч зээл хөөцөлдөж байна, газраа зарж байна, энэ сардаа бүтнэ гэх мэтээр хэлж сүүлдээ утсаа авахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Б.Хаас үндсэн зээлийн төлбөр 35,000,000 төгрөг, 8 сарын зээлийн нийт хүү 28,000,000 төгрөг, зээлийн эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги 17,500,000 төгрөг, нийт 80,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ё.Мгаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 35,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн бөгөөд тухайн сарынхаа хүүг төлсөн. Үүнээс хойш зээлээ төлөх боломжгүй болж Ё.Мөнзаяад зээлээ төлж чадахгүй нь газар авах уу, би газраа таны нэр лүү шилжүүлээд өгье, аль эсвэл газраа зараад мөнгийг нь өгье гэсэн саналыг тавьсан боловч зөвшөөрөөгүй. Харин 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 9 дүгээр сард Б.Хыг лагер дээрээ байхад Ё.М нь очиж, зээлийн гэрээний сунгалт дээр хүчээр гарын үсэг зуруулсан. Тиймээс үндсэн зээл 35,000,000 төгрөгийг 1 сарын хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Хаас 80,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Мд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 560,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Мд олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаагийн давж заалдах гомдлын агуулга: ... Хариуцагч нь тус зээлийн гэрээ сунгасан асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй маргадаг бөгөөд шүүхээс зээлийн гэрээний сунгалтыг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр талууд гарын үсэг зурсан гэх боловч уг гэрээг хэдийд хийв гэрээний хугацааг сунгах хүсэлт хаана байна гэх мэт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хариуцагч нь шүүхэд энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ биш нэг талын хүсэл зоригоор буюу дарамт шахалтаар гарын үсэг зурсан тухайгаа шүүхэд гаргасан тайлбарт дурьдсан. Тус зээлийн гэрээний сунгалт гэх гэрээ нь хариуцагчийн хэлснээр 9 сард хийсэн байх магадлалтай бөгөөд энэ нь гэрээний дугаар нь №.2021\09 гэсэн байгаа нь 09 сард нөхөн хийсэн байх магадлалтай. Мөн төлбөр төлөлт хийсэн байдал гэх хүснэгт нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй гэсэн бичилт байдаг. Тиймээс тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус гэрээ хийгдээгүй бөгөөд шүүхийн дүгнэж байгаа шиг талуудын хүсэл зоригоор биш харин зөвхөн нэхэмжлэгч талын хүсэл зоригоор буюу нөхөн гэрээ бичиж 9 сард гарын үсэг зуруулсан гэх хариуцагчийн тайлбараар нотлогдож байгаа билээ.Мөн хариуцагч үндсэн зээл 35,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд маргадаггүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 -д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Ё.Мгийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Хариуцагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна. Хариуцагч талыг ямар нэгэн байдлаар гарын үсэг зуруулахаар хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Зээлийн гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөрөө төл гэхэд, төлбөрөө төлнө гэрээгээ сунгая гэх асуудлыг ярьдаг байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.8 дахь хэсэгт заасныг баримтлан анзын хэмжээг багасгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзэв.

3. Нэхэмжлэгч Ё.М нь хариуцагч Б.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 80,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 38,500,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Х зээлийн гэрээ байгуулж, уг зээлийг сунгасан тул үндсэн зээл 35,000,000 төгрөг, 8 сарын зээлийн хүү 28,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, нийт 80,500,000 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 9 дүгээр сард Б.Хыг лагер дээрээ байхад Ё.М нь очиж, зээлийн гэрээний сунгалт дээр хүчээр гарын үсэг зуруулсан. Тиймээс үндсэн зээл 35,000,000 төгрөгийг 1 сарын хүүгийн хамт төлөхөд татгалзахгүй гэж тус тус тайлбарлаж байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ё.М хариуцагч Б.Х нар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 35,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар, нэг сарын 10%-ийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцжээ. /хх.6/

6. Мөн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 21/09 дугаар Зээлийн гэрээний сунгалт гэсэн бичгийн хэлцэл хийж, зээлийн хугацааг 7 сарын хугацаатай сунгасан үйл баримт тогтоогдсон байна. /хх.3-5/

7. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч Ё.М нь зээлдэгч Б.Хд зээлийн мөнгөн хөрөнгө болох 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зохигчид энэ асуудлаар маргаагүй. /хх.15/

9. Хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

10. Гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацааг зээлдэгч хэтрүүлсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги нэмж тооцно гэж тохиролцжээ. /хх.6/

11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан бөгөөд хүүгийн хэмжээ илт их болон нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 17,500,000 төгрөгийн алдангийн хэмжээг 5,000,000 төгрөг болгон багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

12. Иймд хариуцагч үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүүд 28,000,000 төгрөг, мөн гэрээний 3.7-д заасныг баримтлан алданги 5,000,000 төгрөг нийт 68,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус гэрээ хийгдээгүй бөгөөд шүүхийн дүгнэж байгаа шиг талуудын хүсэл зоригоор биш харин зөвхөн нэхэмжлэгч талын хүсэл зоригоор буюу нөхөн гэрээ бичиж 9 сард гарын үсэг зуруулсан тул хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

13. Дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00575 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Хаас 68,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

2 дахь заалтын ...хариуцагчаас 560,450... гэснийг ...хариуцагчаас 497,950... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 560,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО