Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

                                   Ц.Б-Э, Г.А нарт  холбогдох

                         эрүүгийн хэргийн тухай

 

 

         Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

                 прокурор Б.Ануужин,

                 шүүгдэгч Ц.Б-Э, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,

                 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нарыг оролцуулан,

                  Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ануужингийн эсэргүүцэл болон шүүгдэгч Ц.Б-Э өмгөөлөгч Д.Дарханбаатарын гаргасан гомдолд үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                Монгол Улсын иргэн, - оны - дугаар сарын -нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, каранист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл -, эхнэр, хүүхдүүдийн хамт Г аймгийн С сумын - дугаар баг, - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх С овогт Ц Б-Э,

               Монгол Улсын иргэн, 19 оны - дугаар сарын -нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Б дүүргийн - хороо, - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Г А.

            Шүүгдэгч С овогт Ц Б-Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2025 оны 08 дугаар 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” гэх цайны газрын гадна зогсоолд хохирогч Г.А үл ялиг зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар түүний баруун гуя орчим хэсэгт хутгаар 1 удаа хутгалж, биед нь баруун гуяны тараагуур, хураагуур судас гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

              Шүүгдэгч Б овогт Г А нь 2025 оны 08 дугаар 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” гэх цайны газрын гадна зогсоолд хохирогч Ц.Б-Э “Би чамд архи авч өгөх ёстой юу” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, толгой орчим хэсэгт гараараа цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч Ц.Б-Э холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, шүүгдэгч Г.А холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

                Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Ц Б-Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, үйлдсэн”, шүүгдэгч Б овогт Г А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Б-Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-Э оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, иргэний нэхэмжлэгч болох Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь шүүгдэгч Ц.Б-Э эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 8,114,948 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.А нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 62,500 /жаран хоёр мянга таван зуун/ төгрөг, хохирогч Ц.Б-Э 500,000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч Ц.Б-Э нь хохирогч Г.А 6,900,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б-Э, Г.А нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 170х33 мм хэмжээтэй бор шар өнгийн хуйтай хуйн дотор 155 мм урттай, ажлын хэсгийн урт 77 мм, ажлын хэсгийн өргөн 20 мм, бариул хэсгийн урт 78 мм хэмжээтэй, 3 ширхэг бэхэлгээтэй, шар өнгийн металл оруулгатай бор өнгийн бариултай хутга 1 ширхэгийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, DVD-1 гэх бичиглэлтэй сиди 1 ширхэг, “ТХҮ-1” гэж хаягласан цагаан өнгийн самбайнд шингээж авсан цус мэт  улаан хүрэн өнгийн зүйл 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Г.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Б-Э өмгөөлөгч Д.Дарханбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

             ... Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд Ц.Б-Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Г.А төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг. Миний үйлчлүүлэгч Ц.Б-Э нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч Г.А учруулсан хохирлыг нөхөн төлсөн, одоо хохирогч Г.А төлөх төлбөргүй, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал, Ц.Б-Э хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял болгож хөнгөрүүлж өгнө үү.  ...Одоогоор Ц.Б-Э нь Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст яг хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байгаа ба иргэний нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргасан тохиолдолд Ц.Б-Э нь тухайн эмчилгээ үйлчилгээнд гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно гэв.

               Шүүгдэгч Ц.Б-Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

             Миний ар гэрийн байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Би 5-19 насны 3 хүүхэдтэй. Манай эхнэр ганцаараа ажил хийдэг. 40, 50 сая төгрөгийн өртэй. Манай эхнэр 1,700,000 төгрөгийн цалин авдаг. Хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

         Прокурор Б.Ануужин давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

              Шийтгэх тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцахад, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангасан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцжээ. Харин шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэг болон тогтоох хэсгийн 10 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 170х33 мм хэмжээтэй бор шар өнгийн хуйтай, хуйн дотор 155 мм урттай, ажлын хэсгийн урт 77 мм, ажлын хэсгийн өргөн 20 мм, бариул хэсгийн урт 78 мм хэмжээтэй, 3 ширхэг бэхэлгээтэй, шар өнгийн металл оруулгатай бор өнгийн бариултай хутга 1 ширхэгийг устгуулахаар холбогдох газарт даалгаж, DVD-1 гэсэн бичиглэлтэй сиди 1 ширхэг, “ТХҮ-1” гэж хаягласан цагаан өнгийн самбайнд шингээн авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.

             Учир нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Майнбаяр нь шүүгдэгч Ц.Б-Э гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг буюу хутга 1 ширхэг, DVD-1 гэсэн бичиглэлтэй сиди 1 ширхэг, “ТХҮ-1” гэж хаягласан цагаан өнгийн самбайнд шингээн авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл 1 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон.  Хэрэгт хураагдсан аливаа эд мөрийн баримтыг хэрхэх эсэхийг шүүх шийдвэрлэхдээ зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан журмын дагуу прокурорын саналыг үндэслэн шийдвэрлэхээр тус хуульд тусгайлан зохицуулсан байтал шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос зайлшгүй албадан гаргуулах “Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ” авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ба эд мөрийн баримтыг устгахад уг хуулийн зохицуулалт хамааралгүй байна. Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 7 дахь заалтаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг жич нэхэмжлэх  эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн атлаа тогтоох хэсэгт удирдлага болгосон заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийг баримтлаагүй байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Давж заалдах шатны шүүх, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд үндэслэн хэргийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

         1. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.  

               2. Шүүгдэгч  нь Ц.Б-Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” цайны газрын гадна зогсоолд хохирогч Г.А үл ялиг зүйлээр шалтаглан маргалдаж, түүний баруун гуя орчим хэсэгт хутгаар 1 удаа хутгалж, биед нь баруун гуяны тараагуур, хураагуур судас гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

              шүүгдэгч Г.А нь 2025 оны 08 дугаар 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” цайны газрын гадна зогсоолд хохирогч Ц.Б-Э “Би чамд архи авч өгөх ёстой юу” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр, толгой орчим хэсэгт гараараа цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

               хохирогч Ц.Б-Э “...эргээд хартал Г.А Т цайны газраас гарч ирж байсан бөгөөд наргиа болгоод “надад ганц шил архи аваад өгчих гэж хэлсэн чинь би чамд архи авч өгөх албатай юм уу? пязда минь ...уурлаад миний зүүн талын шанаа орчим гараараа 1 цохисон. Түүнийг цохиход нь би арагшаа савж унахдаа толгойн дагз хэсгээрээ газар мөргөж ойчоод манарчихсан байсан чинь Г.А миний толгой, цээж хэсэг рүү нилээд хэдэн удаа гараараа цохисон. ...уур хүрээд халааснаасаа хутга гаргаж ирээд ...хутгаараа нэг удаа чичилсэн. ....баруун талын гуянаас нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39-40/,

                 хохирогч Г.А “...Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гарч ирээд “нэг шил архи аваад өгчих хөгшөөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би чамд архи авч өгөх гэж таксинд явж байгаа юм уу?  ...авч өгөх албатай юм уу” гэж хэлээд бид нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Б уурлаад “чамайг хутга шааж ална шүү пязда минь” гэж хэлээд над руу дайрах үедээ цамцныхаа халаасыг ухахаар нь би түүний нүүр орчимд гараараа цохисон чинь Б газар унасан. Тэгэхээр нь би түүний дээрээс нь дараад байж байтал З.О ирээд намайг салгасан. Тэр үед Б өмсөж явсан цамцныхаа халааснаас хутга гаргаж ирээд шууд З.Он хөлний хажуугаар миний баруун талын хөлний цавь хэсэг рүү нэг удаа хатгасан. ...маш их цус гарч байсан болохоор ухаан алдсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31-34/,

            гэрч З.О “...Г.А нь Б дээр гарчихсан түүний толгой, цээж орчим нь гараараа 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгаад “...та нар больцгоо” гэж хэлтэл Г.А хатгачихлаа гэж хэлэхээр нь хартал баруун талын гуяны дотор хэсгээс нь маш их цус гарч байсан. ...Харин Б гартаа хутга барьчихсан зогсож байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-54/,

                гэрч Б.Б “...Г.А “намайг шаачихлаа шүү дээ” гэж орилсон. Тэр үед мөн З.О “хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. ...Г.А баруун талын гуянаас цус гарч байсан. ...өөрийнх нь машинд суулгаад би жолоодоод эмнэлэг рүү явж байхад “ахаа би ухаан алдлаа” гэж хэлээд ухаан алдсан. Би тэр чигээрээ давхиад эмнэлэгт хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57/,

                гэрч А.Н “...Г.А Б дээрээс 2-3 удаа цохиж байсан бөгөөд Б газарт уначихсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60/,

                Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-17/, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээч эмчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЕГО725/10574 дугаар дүгнэлт /1хх-ийн 69-73/, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 174 дугаар дүгнэлт /1хх-ийн 78-80/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж бэхжүүлсэн цус болон Г.А өмсөж явсан өмд, хутга зэрэгт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 85-87, 93-97, 101-103, 109-104, 117-119/  зэргээр тогтоогдож байна.

               3. Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ц.Б-Э “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.А “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.     

                4. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан “аль аль нь гэм буруутай” гэсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байх тул харгалзан үзлээ.

                5. Шүүгдэгч Ц.Б-Э өмгөөлөгч Д.Дарханбаатараас “...мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  ...хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хорих ялыг 3 жил 4 сар болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

                6. Прокуророос “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2. 4 дэх хэсгийг баримталж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...удирдлага болгосон заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийг баримтлаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулгаар эсэргүүцэл гаргасан.

               7. Давж заалдах шатны шүүх, өмгөөлөгчийн гомдлыг бүхэлд нь, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

                7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэнд, ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж тодорхойлсон.

                 Хэрэгт авагдсан баримтууд /1хх-ийн 48-51/-аас үзэхэд хохирогч Г.А нь 3 удаа мэс засал хийлгэхдээ эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт 8,114,948 төгрөгийн хуулбар баримт авагдсан, мөн мөрдөгчийн зүгээс сүүлийн хагалгааны зардлыг нэхэмжлэх эрхтэй талаар Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст мэдэгдэж, улмаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Н.О оролцуулахаар албан бичиг ирүүлсэн боловч ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна.   

                   Иргэний нэхэмжлэгчийн гаргасан шууд бус хохирлын нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй, мөнгөн дүн тодорхойгүй байх тул шүүгдэгч Ц.Б-Э нь хохирогч Г.А нэхэмжилсэн эмчилгээний зардал болох шууд хохирол 6,900,000 төгрөгийг бүрэн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-Э оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жил 5 сар болгон багасган эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.      

             7.2.а. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд “Албадлагын арга хэмжээний төрөл”-ийг тодорхойлсон. Улмаар мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд албадлагын арга хэмжээний нэг төрөл болох “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэх журмыг тусгажээ.

               Шүүгдэгч Ц.Б-Э хураан авсан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хутга, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн СД, цус шингээсэн самбай зэрэг нь дээрх хуульд заасан хөрөнгө, орлогод хамаарахгүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт уг хуулийн заалтыг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

              7.2.б. Анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар бүрэн дүгнэсэн байна. Хууль хэрэглээний хувьд уг заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт баримтлахгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох зохицуулалт тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт мөн хуулийн 36.8 дугаар зүйлийг бүхэлд нь удирдлага болгосон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

                   Иймд, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.     

          8. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад тусгасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 8,114,948 төгрөг нь хохирогч Г.А 2 удаагийн заслын төлбөр болохыг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ц тайлбарласан байх бөгөөд 3 дахь мэс заслын зардлын нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул мөнгөн дүнг тодорхойлсон хэсгийг хасч өөрчлөлт орууллаа.

               9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-Э шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

                  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

                3 дахь заалтын  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С овогт Ц Б-Э 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

                 5 дахь заалтын “...5 /таван/...” гэснийг “...3 /гурван/ жил, 5 /таван/ сар...” гэж,

                 7 дахь заалтаас “...8,114,948 /найман сая нэг зуун арван дөрвөн мянга есөн зуун дөчин найман мянган/ төгрөгийг ...” гэснийг хасч,

                10 дахь заалтаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, ...”  гэснийг хасч тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг бүхэлд нь, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

               2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Б-Э  цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

                     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ОДНЯМАА

                                                                    ШҮҮГЧ                                                     Н.БОЛОРМАА

                                                                    ШҮҮГЧ                                                     Б.НАРАНЧИМЭГ