Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00950

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00950

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/01226 дугаар шийдвэртэй

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Т, Б.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 26,133,162 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонтөгс, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Урангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бчимэг, О.Отгонтөгс нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: О.Т, Б.Б нар нь 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Гтай ЗГ1405007075 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗБ 1405007075 тоот Ипотекийн гэрээ-ээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ЭТӨЧ 40 дүгээр байрны 28 тоот 122,5 м.кв, 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь гэрээний хавсралт 1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 597 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 20,261,732.51 төгрөг, зээлийн хүү 5,604,314.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267,115.63 төгрөг, нийт 26,133,162.94 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Бы шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: О.Т бид хоёр анх 2011 оны 9 дүгээр сард Г ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Анх бизнесийн зээл авч, уул уурхайн зураг төслийн компанид бизнесийн зээл судлуулж байгаад үйл ажиллагаа доголдсоноос хойш өнөөдрийг хүртэл миний нэр дээр зээл хуримтлагдсан. Банк биднийг 2019 оноос хойш зээлээ төлөөгүй гэж хэлж байна. 2019 онд шүүхэд өглөө гэхэд нь зээл төлөх боломжгүй талаараа зээлийн эдийн засагчдаа хэлсэн. Сүүлийн 2020 оны 06 дугаар сарын төлөлтийг тооцоололдоо оруулаагүй байгаа учраас сүүлийн 2 дахь төлөлтийг хасуулаад Г ХХК-иас эцсийн дүнгээ гаргуулмаар байна. Бид шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөлт хийсэн байгаа. Банкны зээлийн хуулгууд дээрээс өөрөө тооцоолол хийхэд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлсөн тооцоолол нь 19,163,000 төгрөг гарч байгаа гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нараас 20,261,732.51 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт нэхэмжилсэн байна. Хариуцагч Н.Б болон О.Т нар нь 19,163,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч 1,098,609.45 төгрөгийн зөрүү мөнгийг төлсөн гэдгээ тайлбарласан. Зээлийн дансны хуулгын ард талд нь байгаа тооцооллыг харж байгаад Н.Б өөрөө тооцооллоо гаргасан байгаа. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш 597 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөр хуваарийн дагуу төлөгдөөгүй бол Г ХХК ипотекийн зээлийн гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан. Г ХХК-ийн зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үүргээ биелүүлээгүй учраас Н.Б, О.Т нар нь 597 хоног хойшлуулах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд ипотекийн зээлийн гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, төлбөрөө барагдуулж болох байсан. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Иймд нэмэгдүүлсэн хүү, хүү авах эрхгүй. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл Г ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тооцооллоо гаргахдаа 597 хоногийн хугацаа хэтэрсэн байна гэж үзсэн. Г ХХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 болон ипотекийн зээлийн гэрээний 5.1-т зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс болж энэ талаар үүрэг гүйцэтгэгч мэдэлгүй явсаар байгаад хугацаа алдсан байх тул Г ХХК нэмэгдүүлсэн хүү, хүүг шаардах эрхгүй байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч О.Т, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 26,133,162.94 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч О.Т, Б.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Ү-2204023923 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 40 дүгээр байр, 28 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,815.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Т, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 358,815.81 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бы давж заалдах гомдлын агуулга: ... Шүүхийн шийдвэрт дүгнэснээр Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэснийг энэ тохиолдолд хэрэглэхгүй гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээний зээлдэгч тал үүргээ биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй талаараа удаа дараа мэдэгдсэн, ковид цар тахал гарч бизнесийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой төлөлт хийх чадваргүй болсон талаар нэхэмжлэгч мэдэх боломжтой, нийтэд илэрхий үйл баримт байхад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ өсгөх зорилгоор гэрээний 5.1-д заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлснийг шүүх огт тоосонгүй. Энэ нь гэрээний үүргээ шударгаар биелүүлж байгаа хэрэг биш юм. Хэдийгээр үүрэг гүйцэтгэгч тал үүргээ шударгаар биелүүлээгүй ч түүнийг нь ашиглаж хариуцсан төлбөрийн хэмжээг нэхэмжлэгч талаас болж нэмэгдсэнийг шүүх огт дүгнээгүйд гомдолтой байна. Гны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09/000151 дугаартай албан бичгээр үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа тогтоосон боловч зээлдэгч үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал тогтоогддог. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т тус тус зааснаас үзвэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь шударга бус байна. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 38,732,625.73 төгрөгийг төлсөн, үлдэх 21,267,374.27 төгрөгөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны буюу 2021 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл бодогдсон хүү 3,317,710.3 төгрөг, үүний нэмэгдүүлсэн хүү 267,115.63 төгрөг, нийт 3,584,825.93 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хасч шийдвэрлэж өгнө үү. Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд гэрээний дагуу зээл олгохдоо шимтгэлд нийт зээлийн дүнгээс 0,5 хувиар бодож 300,000 төгрөгийг хууль бусаар суутгаж авсныг зээл олгогч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохыг шүүх харгалзан үзсэнгүй. Гэрээгээр тохирсон нийт зээлийг зээл авагчид бүрэн шилжүүлээгүй тул нийт төлөх төлбөрөөс энэ дүнг хасч өгнө үү. Дээрх үндэслэлүүдээр зээлийн гэрээний үүрэгт 26,133,162.94 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэснээс нийт 3,884,825,93 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул холбогдох хэсгийг хасч шийдвэрлэж өгнө үү. Нөгөөтэйгүүр зээлдэгч нар нь тус тусдаа 2 этгээд байхад хэнээс нь хэдэн төгрөг гаргах талаар тодорхой шийдээгүйг анхаарч үзнэ өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонтөгсийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Тухайн үед цар тахлын нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн зүгээс зөрчлийн дүн болох 11,423,457 төгрөгийг төлнө үү гэсэн албан бичиг хүргүүлж байсан. Дээрх мөнгийг хариуцагч төлж чадахгүй байхад дахиад зээлийн гэрээний хугацааг цуцлаад илүү их мөнгөн дүн нэмэгдүүлэхийг хүсээгүй. Хариуцагчид нэг талын боломж өгсөн, зөрчлийн дүнгээ арилгаад зээлээ хэвийн болгоод хугацаанд нь төлөөд явах эсвэл урт хугацаатай зээл учраас нэн даруй гэрээгээ цуцлаад нийт төлбөрөөр нь хариуцагчид өрийн дарамт үзүүлэхийг хүсээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч О.Т, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,133,162 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 19,163,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

4. Г ХХК болон Б.Б, О.Т нар нь 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ1405007075 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 60,000,000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээл олгосон байна. Зохигчид мөн өдөр ЗБ1405007075 тоот Ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 40 дүгээр байр, 28 тоот орон сууцыг барьцаалсан байна. /хх.8-15/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгч Б.Б, О.Т нар нь 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ1405007075 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, зээлээ хугацаанд нь төлөөгүй үйл баримт тогтоогджээ. /хх.16-24/

6. Г ХХК 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09/000151 тоот албан бичгээр зээлдэгч Б.Б, О.Т нарт ...гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэн нийт 11,423,457 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөх, дээрх хугацаанд зээл, хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж байсан байна. /хх.25/

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г ХХК-аас хариуцагч нарыг ....гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

8. Хариуцагч нар зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, давж заалдах гомдолдоо ...Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг үндэслэн тайлбарласан байна.

9. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан.

Үүргийн эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс болж үүргийн гүйцэтгэл хангагдахгүй удааширч эсхүл үүнээс болж үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болдог. Үүргийн гүйцэтгэлийн хугацааг удаашруулах гэсэн ойлголт нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс 206 дугаар зүйлд заасан хэлбэрээр гүйцэтгэсэн газар, хугацаанд хүлээн аваагүйн улмаас зохих ёсоор хийгдсэн үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд саад учруулах, эсхүл үүрэг гүйцэтгэгч хийх бололцоогүй, харин үүрэг гүйцэтгүүлэгчийн оролцоо /Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь заалт/ шаардлагатай байсан үйлдлийг хийгээгүйн улмаас хугацаа удааширах гэсэн хэлбэрээр тус тус илэрдэг. Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

10. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг юм.

11. Нэхэмжлэгч талаас гаргасан тооцооллыг хариуцагч үгүйсгэж маргаагүй бөгөөд анхан шатны шүүх 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ1405007075 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч Б.Б, О.Т нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,133,162 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.

12. Шүүх хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/01226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,108 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ц.ИЧИНХОРЛОО