Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2026/ДШМ/02

 

     П.Э  холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

         Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

                 прокурор Д.Ган-Эрдэнэ,

                 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,

                Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Бат-Очирын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, - оны - дугаар  сарын -нд Д аймгийн Г-У суманд төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Г аймгийн С сумын - дугаар баг, - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан  гэх Н овогт П Э.

               Шүүгдэгч П.Э нь 2025 оны 10 дугаар 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк” ХК-ийн Говьсүмбэр салбар дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр С.Д зодож, хохирогчийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар цус хуралт гэмтлүүд учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

              Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч П.Э холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овогт П Э “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Э энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 28 /хорин найман/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ сар, 28 /хорин найман/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э 2 /хоёр/ сар, 28 /хорин найман/ хоногийн хугацаанд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан шүүхийн шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хаан банк” бичлэг гэсэн бичвэртэй 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

                  Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

            ...Шийтгэх тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

                Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... өөрийн оршин суух газраас явахыг хориглох... гэж заасан ба оршин суух газар гэх ойлголтыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгоно” гэж хуульчилсан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллагын хувьд хэрэг хянан шийдвэрлэх дээд хяналтыг хэрэгжүүлдэг онцгой бүрэн эрхтэй бөгөөд хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэр, үйл ажиллагааг хянаж хуулийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх жишгийг тогтоох, шаардлагатай тохиолдолд шүүхийн хэрэглэх хуулийг албан ёсоор тайлбарлаж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж чиг үүргийг хэрэгжүүлдэг. Улсын дээд шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилго, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэл, журамд нийцүүлэн хязгаарлалт тогтоох нутаг дэвсгэрийн цар хүрээ, хязгаарыг оновчтой тодорхойлж, шүүгдэгчийг оршин суух сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож байхаар хууль хэрэглээний жишиг тогтоосон. /УДШ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний №166, 2024 оны 10 дугаар сарын 09-ний №119 тогтоол/. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч П.Э зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний хувийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хэт өргөн цар хүрээг буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймгийг хамруулан шүүгдэгчийн зорчих бүсийг тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.Э оршин суух Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, хязгаарлалтын бүсийг тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгод нийцэхээр байна.

             Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “...Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох...” гэж өөрчлөлт оруулахаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

              Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:                                Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ган-Эрдэнэ би дээд шатны прокурорын эсэргүүцэлтэй давж заалдах шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Эсэргүүцлийн гол агуулга нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд оршдог. Зорчих эрхийг хязгаарлах ял нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр Монгол улсын нутаг дэвсгэрээр чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлах байдлаар хэрэгждэг ял. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эсхүл тодорхой газар очихыг хориглох, эсхүл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тогтоох байдлаар шүүхээс хэрэгжүүлдэг. Шүүгдэгч П.Э хувьд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдалтай холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох гэж заасан буюу оршин суух газар гэдгийг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагддаг, бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлдог. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар "нэгж" гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгохоор хуульчилсан байдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн хязгаарлалт тогтоох бүсийг тогтоох нь зүйтэй гэсэн хууль хэрэглээний жишгийг Улсын дээд шүүхээс тогтоосон. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн оршин суугаа сум, дүүрэг, нутаг дэвсгэрээс нь гарахыг хориглох байдлаар хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэсэн Улсын дээд шүүхийн жишиг тогтсон. П.Э шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ түүний хязгаарлалтын бүсийг Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр буюу засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн орон нутгийн хувьд аймаг гэдэг хамгийн том нэгж, энэ нэгжээр тодорхойлсон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтын Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох гэснийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр буюу шүүгдэгчийн оршин суугаа газраас явахыг хориглох байдлаар өөрчлөлт оруулахаар прокурор эсэргүүцэл бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх, дээд шатны прокурорын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

              1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Э холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

                 2. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.

              3. Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч П.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Э энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийн ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

               4.  Шүүгдэгч П.Э нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк” ХК-ийн Говьсүмбэр салбар дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч С.Д зодож, хохирогчийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь:

               Хохирогч С.Д “...мөнгө ураад хаячихлаа гээд ...миний зүүн нүдний доод хэсэгт гараар 1 удаа цохисон” гэсэн /хх-ийн 22-24/ мэдүүлэг, гэрч О.Х “...тэр хоёр хоорондоо бэлэн 20,000 төгрөгийн дэвсгэртийг булаацалдаад хэрэлдээд байсан. ...гарах хаалган дээр тухайн ах нь тэр эгчийн нүүр орчимд гараараа 2 удаа цохисон...” гэсэн /хх-ийн 26/ мэдүүлэг, СД-ны бичлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/ зэргээр тогтоогдож байна.

             5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокуророос “...шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр ...хэт өргөн цар хүрээтэй буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймгийг хамруулан зорчих бүсийг тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй. ...Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож ...өөрчлөлт оруулах” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэв.

               6. Анхан шатны шүүх, шүүгдэгч П.Э зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа тухайн ялын талаар хуульд тусгайлан заасан ойлголт, хүлээлгэх үндэслэл, журам, зарчмыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж чадаагүй буюу уг ялын хүрээ, хязгаарыг оновчгүй тодорхойлсон байна гэж үзлээ.

               Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад байлгаж, оршин суух газраасаа явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн нэг төрөл юм.

            Тухайлбал, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн этгээдийн байнга болон түр оршин суух хаягийг зөв тодорхойлсноор зөвхөн шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөл бүрдэнэ.

           Анхан шатны шүүх, шүүгдэгч П.Э зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Говьсүмбэр аймгийн бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд зорчихыг хязгаарлах чиглэл тогтоосон нь уг ялын зорилго, агуулгыг алдагдуулсан байна.

                  Хэрэгт авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолд тэмдэглэсэн биеийн байцаалтаас үзэхэд шүүгдэгч П.Э нь Сүмбэр сумын төвд тогтсон хаягтай, ажил хөдөлмөр эрхэлдэггүй болох нь тогтоогдож байх тул зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээр тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй.

              Иймд, прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

               4 дүгээр заалтын “... Говьсүмбэр аймгийн...” гэсний дараа “Сүмбэр сумын...”  гэж нэмж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг  хангасугай.

               2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.ОДНЯМАА

                                     ШҮҮГЧ                                                           Н.БОЛОРМАА

                                     ШҮҮГЧ                                                           Б.НАРАНЧИМЭГ