| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0826/Э |
| Дугаар | 869 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Г.Эрдэнэ,
Шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун /0987/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жт холбогдох эрүүгийн 201725010539 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь давтан үйлдлээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн Оюутын 2 дугаар хорооллын 12-45 тоотоос хохирогч Б.Урангоогийн гэрээс түүний "Дэлл" брэндийн зөөврийн компьютерийг нь хичээл хийхэд түр хэрэглүүлээч гэж бусдаар дамжуулуулан авч, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Оюутны өргөө хотхонд хохирогч Д.Тэргэлийн "Асус" брэндийн зөөврийн компьютерийг түр өгч байгаач, мөнгө хэрэгтэй байна, ломбарданд барьцаанд тавиад хэд хоногоос буцаагаад аваад өгье гэж авч, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, 750.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Д.Ж нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Урангоогийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Ж нь 2016 оны 01 дүгээр сарын 20 доор миний Дэлл Ай-5 маркийн улаан хүрэн өнгөтэй нөүтбүүкийг түр өгөөч, бие даалтаа хийгээд өгье гэж хэлээд надаас 2 хоног гуйсан. Би тэр үед хичээл амарсан байсан тул Эрдэнэтэд байсан юм. Тэгээд Эрдэнэтэд байдаг гэрээс Жийн найз Батбилэг гэдэг залуу надаас ирж авсан юм. Би Улаанбаатарт ойролцоогоор 20 орчим хоногийн дараа ирсэн. Гэхдээ би энэ хооронд зөөврийн компьютероо байнга нэхэж байсан. Намайг зөөврийн компьютероо нэхэхээр бие даалтаа хийж дуусаагүй байна, хийж дуусгаад маргааш явуулъя гэж хэд хоног аргацаасан. Тэгж байгаад 5-6 хоногийн дараагаас нь хичээлээ хийж байгаад дээр нь унтаад нугасаар нь хугалчихсан, засварт өгчихсөн гээд 7 хоносон. Дараагийн 7хоногт нь засварын хүн нь хөдөө явчихсан байна гэж хэлээд бас нэг хэсэг хугацаа өнгөрөөсөн. Би Улаанбаатар хотод ирээд дотуур байрандаа орж ирэхэд Ж байрнаасаа гарчихсан байсан. Тэгээд л холбогдож чадахгүй болсон. Би дараа нь ломбарданд тавьсан гэдгийг нь мэдээд өөрт нь хэлэхэд мөнгө хэрэг болсон юм аа гэж хэлсэн. Ингээд залилуулсан гэж цагдаагийн байгууллагад хандах болсонгэх мэдүүлэг /хх-ийн 22, 78-79/,
Хохирогч Д.Тэргэлийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2016 оны 01 дүгээр сарын 25-нд манай найз Ж над руу утсаар яриад найз нь хүний пүүз аваад зааланд тоглож байгаад алга хийчихлээ, мөнгө хэрэгтэй байна. Найздаа түр зөөврийн компьютероо өгч бай. Би ломбарданд тавьж өгчихөөд хэд хоногоос буцаагаад аваад өгье гээд миний Ай-5 үйлдэлтэй цагаан өнгийн Асус брэндийн нөүтбүүкийг авсан юм. Тэгээд 3-4 cap мөнгө олдохгүй байна, хүлээж бай гээд яваад байснаа сүүлийн 4-5 cap бүр сураг чимээгүй алга болчихсон юм. Би Жөөс өөрийн компьютерийн хохирлыг барагдуулаад авчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 25, 77/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн БЗ2-18-675 дугаартай: Дель брендийн ай-5 загварын зөөврийн компьютер 2018 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар 750.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 90/
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн БЗ2-18-674 дугаартай: Асус брендийн ай-5 загварын зөөврийн компьютер 2018 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар 750.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 94/
-хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 10-11/
Шүүгдэгч Д.Жийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Манай Эрдэнэт хотын танил Урангоо гэдэг эмэгтэй байдаг юм. Урангоо бид нар бие биенээ дунд сургуульд байхаасаа мэддэг юм. Тэргэл гэдэг бас дунд сургуулийн найз маань байдаг юм. 2016 онд Оюутны өргөө хотхоны оюутны байранд Тэргэл, Урангоо бид нар амьдарч байсан. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр надад мөнгө хэрэг болсон. Тэр үед Урангоо Эрдэнэт явчихсан байсан. Би Урангоотой утсаар яриад зөөврийн компьютероо надруу явуулчихаач, мөнгө хэрэг болоод байна, чамайг Улаанбаатар хотод ирэх үед аваад өгье гэж хэлээд найз Батбилэгээр авахуулаад, Батбилэг Улаанбаатар хотруу надруу явуулсан. Би Урангоогийн Делл маркийн ай-5 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг аваад ломбарданд тавиад мөнгийг бага багаар, өөртөө зарцуулж үрээд дуусгасан. Урангоо ирээд зөөврийн компьтероо авъя гэхэд нь надад мөнгөний боломж байгаагүй учраас авч өгч чадаагүй. Тэгээд би хавар нь оюутны байрнаас гараад Урангоотой уулзаагүй. Би тухайн үед сургуулиас гарч байсан учраас ээж, аавдаа ч хэлж чадаагүй даамжирсаар байгаад ийм зүйл болчихсон. Намайг Урангоогийн зөөврийн компьютерийг барьцаанд тавьсан гэдгийг Тэргэл мэдэж байсан. Урангоог Эрдэнэтээс ирэхээс өмнө буюу 01 дүгээр сарын 25-ны өдөр найз Тэргэлээс зөөврийн компьютероо өгөөч, Урангоогийн зөөврийн компьютерийг авч өгөх хэрэгтэй байна гээд Тэргэлийн Асус маркийн ай-3 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг нь аваад ломбарданд тавиад Урангоогийн зөөврийн компьютерийн үнээс 200.000 төгрөг хасуулсан. Гэхдээ авч чадаагүй. Ингээд Урангоо, Тэргэл нарын зөөврийн компьютерууд нь ломбарданд хугацаа нь дуусаад хаягдсан. Энэ хугацаанд Урангоогийн зөөврийн компьютерийн 500.000 төгрөгийг барагдуулсан. Урангоогийн ахад 250.000 төгрөг, Урангоод 250.000 төгрөг өгсөн. Тэргэлийн зөөврийн компьтерийг өрийг төлж барагдуулсан. Би оюутан байхдаа юу
болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Д.Жийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах /хх-ийн 73-74/, хохирол төлсөн баримт /хх-ийн 84-85/, хохирогч Б.Урангоотой бэлэн мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 105/, хохирогч Д.Тэргэлийн хохиролоо барагдуулж авсан талаарх хүсэлт /хх-ийн 106/ хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Ж нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн Оюутын 2 дугаар хорооллын 12-45 тоот хохирогч Б.Урангоогийн гэрээс түүний "Дэлл" брэндийн зөөврийн компьютерийг нь хичээл хийхэд түр хэрэглүүлээч гэж бусдаар дамжуулуулан авч, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Оюутны өргөө хотхонд хохирогч Д.Тэргэлийн "Асус" брэндийн зөөврийн компьютерийг түр өгч байгаач, мөнгө хэрэгтэй байна, ломбарданд барьцаанд тавиад хэд хоногоос буцаагаад аваад өгье гэж авч, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, 750.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Прокуророос хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөний ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндэрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.
2015 онд шинэчлэн найруулж батлан 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Эрүүгийн хуульд гэмт хэргийг давтан үйлдсэн тохиолдолд шийдвэрлэх харилцаа байхгүй болсон, гэмт хэргийг давтан үйлдэх гэх ойлголт зохицуулалтгүй байна.
Шүүгдэгч Д.Жийг гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх үндэслэл одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар байхгүй болсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.
Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Д.Ж нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүх шүүгдэгч Д.Жт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоож хийлгэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Жийг холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Жийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жт гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Жт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Жт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ