| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 2235001930010 |
| Дугаар | 2026/ДШМ/07 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 21.5.1., 28.3.1., 10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/07
М.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Мөнхзаяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:
Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга, Б.Лхагважав /цахимаар/, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, М.Мт холбогдох, 2235001930010 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Мөнхзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Т овогт М-ын М.
2. Хэргийн агуулга: Шүүгдэгч М.М нь Хилийн цэргийн х дугаар ангийн х дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа 2022 оны 7 дугаар сард Хилийн цэргийн х дугаар ангийн х дугаар салбарын малын сууринд хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай цэргийн дүрмийн бус харьцаагаар харьцан зодож, хүч хэрэглэсэн;
- мөн шүүгдэгч нь албан тушаалын байдлаа ашиглан эрхшээлдээ байгаа хүн болох хугацаат цэргийн алба хаагч, амь хохирогч Б.С-г 2022 оны 7 дугаар сард байнга зодож, айлган сүрдүүлж амиа хорлох нөхцөл байдалд хүргэсний улмаас амь хохирогч нь Хилийн цэргийн х дугаар ангийн х дугаар салбарын малын суурингийн үхрийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хайж яваад Увс аймгийн Х сумын 4 дүгээр багийн нутаг “Б” гэх газарт өөрийгөө боомилж нас барсан;
- эрүүгийн 2335001930010 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 05-аас 06-ны үед хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг мэдүүлгээ өөрчлөөд өг гэж ятгасан, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүсэлт бичүүлж авсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.
3. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батцоожоос шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, уг эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож;
- шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн, түүний эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтаар тогтоож, уг ялыг хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эдлүүлэхээр;
- шүүгдэгчид авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч;
- Иргэний хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас 7,100,845 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын 101,530,075 төгрөгийн, хохирогч П.Ч-ын 8,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж;
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн дүрс бичлэг бүхий 2 /хоёр/ ширхэг CD дискийг хэрэгт хавсарган үлдээж, цагаан өнгийн олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч М.М “...Анхан шатны шүүх намайг “үхэр чононд хазуулсан” гэх шалтгаанаар цэргийг дарамталж, амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэж дүгнэсэн. Гэтэл тэр үхэр чононд хазуулсан болохыг талийгаач цэрэг Б.С болон миний бие хэн хэн нь мэдэхгүй байсан. Өглөө бэлчээрт явсан үхрийг хурааж ирэхээр Б.С 15:00 цагийн орчимд явсан, тухайн цэргийн сэтгэл санаа хэвийн байсан. Үхэрт явах үед Н.З болон миний бие хамт байсан, ямар нэгэн дарамталсан зүйл байхгүй. Талийгаач цэрэг үхэрт явснаас хойш 40 орчим минутын “Хариг зар мэдээ” гэх фейсбүүк хаягаас чононд хазуулсан гэх үхрийн зургийг харсан боловч хэний үхэр болохыг таних боломжгүй байсан учир би өөрөө газар дээр нь очиж харсан. Тэгээд албаны үхэр гэдгийг нь мэдсэн. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай гомдол;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.М нь амь хохирогчийг удаа дараа зодож цохиж байсан, энэ нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогджээ гэж дүгнэсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан дээрх хохирогч нарын мэдүүлгийн баримтуудаар амь хохирогчийг удаа дараа зодож цохисон асуудал байдаггүй. Харин ч сайн ханддаг байсан талаар мэдүүлэгт дурдсан байгаа ба хохирогч Б.Б-ийн /2хх 211-212/, хохирогч П.Ч-ын /2 хх 198- 199/, гэрч Б.Ж-ын /4 хх 119-221/-т тус тус гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй байгааг анхаарч үзээгүй, уг мэдүүлгүүдэд тулгуурласан, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.
...2022 оны 7 дугаар сард М.М-ыг малын суурийн хэсэгт байхгүй байх хугацаанд 228-р салбарын сургалтын орлогч н.Б нь “мал алга болбол 3 нугалж төлүүлнэ” гэж загнаж, дарамталсан үйл баримт хохирогч нарын мэдүүлэг болоод түүний мэдүүлгээр хангалттай нотлогддог. Харин М.М-ын хувьд, амь хохирогч Б.С-г байнга дарамталж байсан, зодож байсан үйл баримт хэрэгт тогтоогддоггүй.
Мөн сэтгэл зүйн судалгааг цэргийн алба хаагч нараас байнга авдаг байсан ба 2022 оны 7 дугаар сард авсан социологийн судалгаа, сүүлд буюу хэрэг учрал болохын өмнөх өдрүүд болох 2022 оны 9 дүгээр сарын 26, 28-ны өдрүүдэд авсан сэтгэл зүйн судалгаа, халамжлан хүмүүжүүлэгч н.Б нарын мэдүүлэг зэргээр Б.С-ийн сэтгэл санааны байдал хэвийн байсан талаар хангалттай тогтоогдсон. М.М-ын ээлжийн амралттай байх 2022 оны 8 дугаар сарын эхэн үеэс 9 дүгээр сарын сүүл хүртэлх хугацаанд өөр алба хаагч ажил үүрэг гүйцэтгэж байсан ба амарч ирснээс хойш хугацаанд аливаа хэлбэрийн харилцаа М.М-ын зүгээс хийсэн зүйл байхгүй, ирснээс хойш цэргийн алба хаагч нартай зүй бус харьцсан, амь хохирогчийг зодсон, дарамталсан зүйл огт болоогүй нь тогтоогддог.
Тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 2022 оны 7 дугаар сард зодсон гэж дүгнэсэн хугацаанаас хойш 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл М.М нь амь хохирогч Б.С-тай цэргийн дүрмийн бус харьцаж, байнга зодож, айлган сүрдүүлж амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх үйл баримт хоорондын шалтгаант холбоо байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.
Амь хохирогч Б.С нь сайн цэрэг, шүүгдэгч М.М түүнд сайн ханддаг, тэрээр сайн байсан талаар гэрчүүд тодорхой мэдүүлсэн. Үхрийг 1 цэрэг л хариуцдаг буюу Б.С ганцаараа хариуцаж байсан нь тодорхой харагддаг. Үхэр алга болсон асуудлыг Б.С мэдэж явсан асуудал хөтөлбөргүй тогтоогдсон зүйл байхгүй. Урьд өдөр нь байсан үхрээ бүгдийн олоогүй, эрлийн багийнхан түүнийг Саруул гэх газрын хойноос хэрэг болсны маргааш өглөөний 6 цаг орчимд олсон нь тогтоогддог. Амь хохирогч Б.С-ийн хувьд өөрийн хариуцаж байсан үхрээ олоогүй, мал хоргодвол 3 нугалж төлдөг гэх 228-р салбарын сургалтын орлогч н.Бийн хэлсэн үгнээс айдаг байсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогддог ба тухайн үед хариуцаж байсан үхрүүдээ олоогүй дутсан гэх айдас, 3 нугалж төлүүлнэ гэх айдас зэрэг сэтгэхүйн хувьд өөрөө өөртөө бий болгосон дарамтаас гарч чадаагүйгээс шалтгаалан амиа хорлосон гэж үзэж байна.
Учир нь малын суурийн үхэр чононд хазуулсан гэх өдөр М.М-ын хувьд өөрийн үхэр байсныг мэдээгүй, очиж үзэж байж мэдсэн ба уг мэдүүлэг нь түүний эхнэрийн болоод гэрч Н.З нарын мэдүүлгээр давхар нотлогдсон. Амь хохирогч Б.С нь өөрийн үхэр чононд хазуулсан талаар мэдээгүй явсан, уг асуудалтай холбоотой дахин М.М болон амь хохирогч Б.С нар харилцан яриа үүсгэж амжаагүй, станцаар дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй талаар М.М-тай хамт байсан гэрч Н.З болоод тухайн өдөр эрэл хайгуулд оролцсон цэргийн ангийнхан, холбоочин зэрэг алба хаагч нарын мэдүүлгээр давхар нотлогддог.
- Мөн малын суурийн цэргүүдийн хувьд онцлог нь өөрсдийн хариуцаж буй малыг уламжлалт аргаар бэлчээрлүүлэн маллагааны ажил хийж гүйцэтгэх чиг үүрэгтэй. М.М-ын хувьд малын суурийн цэргүүдийг ахалж байгаагийн хувьд тухайн мал маллах ажил үүргээ хийж хэрэгжүүлэх талаар албан шаардлага тавьж буй зарим асуудлыг байнга айлган сүрдүүлдэг, зоддог байсан гэж дүгнэх нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Түүнчлэн М.М нь нэр бүхий малын сууринд ажиллаж байсан цэргүүдээс үнэн бодит байдлыг хэлээд өгөөч гэж хэлснээс биш худал мэдүүлэг өгсөн гаж ятгасан асуудал байхгүй, малын суурины цэргүүд болох хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарын мэдүүлгийг амь хохирогчийн эгч Н.Э тухайн оролцогч нарыг мэдүүлэг өгөхийн урд буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, ингэж ярьсан гэж илтэд тулган тайлбарлаж буюу чухал гэрч нарт нөлөөлж нэг цаг хугацаанд мөрдөгчөөр мэдүүлэг авхуулсан нөхцөл байдал тогтоогддог бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бичүүлж авсан гэх хүсэлтийг М.М-ын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, хүсэлт бичүүлсэн гэх асуудал нь Хилийн цэргийн байгууллага дотооддоо материалжуулан авч байсан баримт болох нь оролцогч нарын тайлбарласан мэдүүлгээр нотлогддог.
Иймд анхан шатны шүүхээс хэргийн хүрээнд хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу холбогдох өөрчлөлтийг оруулж, зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгатай гомдол тус тус гаргасан байна.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч М.М “...Би тухайн цэрэгтэй дүрмийн бус харьцаж цохиж, зодсон асуудал байхгүй, миний хамгийн сайн ханддаг дотнын цэрэг байсан. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тухайн цэргийг үхрээ хурааж ир гэж явуулахад үхэр нь чононд хазуулсныг мэдээгүй явсныг дэслэгч Д.З гэх хүн гэрчилж байгаа. Тухайн цэрэг Сар уулын урдуур нь явсан, харин чононд хазуулсан үхэр Сар уулынхаа баруун талд нь байсан” гэх агуулгатай тайлбар;
- шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга “...Өнөөдрийн шүүх хуралдаанд гурван агуулгын хүрээнд давж заалдсан гомдлын үндэслэлээ тайлбарлана.
... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгчийн анхан шатны шүүхээр шинжлэн судалж байгаа нотлох баримтуудыг дурдаж, шийтгэх тогтоолдоо хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийх ёстой гэж зохицуулсан. Тус дүгнэлтийг хийлгүй орхигдуулснаар шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж дүгнэж байна. Шийтгэх тогтоолын 26 дугаар талд М.М-ын албан тушаалын эрхшээлд байсны улмаас амь хохирогч Б.С өөрийн амийг хороосон гэх дүгнэлтийг хийхдээ “4 гэж дугаарлаад, шүүгдэгч М.М нь байлдагч Б.С-г өөрийнхөн хариуцаж байгаа...” гэж бичсэнээр харагдаж байгаа.
Малын суурийн хэсэгт хэд хэдэн алба хаагч алба хааж байсан. М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлээр буюу 2-3 цэрэг зодож, цохиж, дүрмийн бус харьцсан гэдэг агуулгаар шийтгэх тогтоолд үндэслэсэн. Үүнд, бусад цэргүүдтэй дүрмийн бус харьцаж буй агуулгыг бүгдийг нь Б.С-г зодсон болгоод биччихсэн. Улсын яллагч ч мөн бичиж байгаа дүгнэлтийнхээ агуулгыг ч ойлгоогүй гаргасан. Нэг удаа хурга үхсэн гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохисон, антены цагаан хуванцар утсаар нуруу, бөгс хэсэг рүү нь шавхуурдсан, хурга засаж байхдаа гараараа нэг удаа цохисон, өшиглөсөн, номхон зогсоож байгаад хамар хэсэгт нь цохисон гээд бүгдийг нь хамруулаад өөр өөр субъектэд халдсан үйлдлийг ганцхан Б.С-г зодсон болгоод биччихсэн. Үүнээс шийтгэх тогтоол нь яллах дүгнэлтэд дүгнэлт хийлгүйгээр шууд хуулбарлаж тавьсан нь гэж ойлгогдож байна.
...Малын суурийн хэсэгт тухайн цэргийн алба хаагч нар өөрсдийн хүсэлтээрээ ирсэн. Тэдгээрийг тухайн үед ахлагч М.М хариуцаж байсан. Цэргүүд нь 6 дугаар сарын сүүлээр анх томилогдож ирсэн байдаг. Энэ үед ахлагч М.М тухайн цэргүүдтэй дүрмийн бус харьцсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлд заасан үйлдлүүдийг хийсэн гэдэгт бидний зүгээс маргахгүй байгаа. Харин бүх үйлдлийг зөвхөн Б.С-ийн эсрэг хийсэн гэж үзэх үндэслэл огт байхгүй, түүнийг ганц удаа алгадсан үйлдэл байгаа гэдгийг эрхэм шүүгч нар анхаарч үзээрэй.
Дүрмийн бус харьсан асуудал нь хонь хургатай холбоотой болон адуундаа яваад ирэхэд нь унтаж байсан шалтгаануудаас болж 7 хоногийн дотор л болсон үйлдлүүд. Тухайн үед 2 дугаар заставд алба хаагч офицер Д.Б гэх хүн ирж ажиллахдаа, мал хоргодох асуудал гараад байх юм бол та гурваар, 3 нугалуулж төлүүлнэ шүү гэж хэлсэн байдаг. Гэтэл тухайн үгийг М.М хэлсэн мэтээр шийтгэх тогтоолд буруу дүгнэлт хийсэн гэдгийг залруулж хэлмээр байна.
...9 дүгээр сарын 28-ны өдөр амь хохирогч үхэрт явахдаа тухайн үхэр нь чононд хазуулсан нөхцөл байдлыг мэдээгүй явсан талаар М.М анхнаасаа мэдүүлж байсан. Үүнийг нь Д.З анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо тодорхой дурдсан. Тухайн өдөр нүүх бэлтгэл ажил явагдаж байсан учир үхэр, малаа хураагаад ир гээд явуулсан. Үхэрт явсан амь хохирогч Б.С Сар уулын урдуур нь явсан байсан, харин чононд хазуулсан үхэр нь тухайн уулын баруун талд байсан. Бидний анхан шатны шүүхэд гаргаж өгсөн листний зургаас тодорхой харагдаж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар амь хохирогч нь чононд хазуулсан үхрийг харсан байх боломж байхгүй. Анхан шатны шүүх үүнийг харсан гэж дүгнээд байгаа. Гэтэл явж байсан маршрутын хувьд 2 өөр чиглэлээр явж байсан. Мөн Д.З гэрчийн мэдүүлэг болон радио холбоочин С /М.Э/ гэх гэрчийн мэдүүлэг байгаа. М.М-ын хувьд амь хохирогч Б.С-тай хамгийн сүүлд холбоо барихад Сар уулынхаа урдуур өгсөөд явж байна гээд дахин холбогдоогүй гэдэг. Үүнтэй холбоотойгоор С холбоочин ямар нэгэн байдлаар амь хохирогч руу чиглэсэн, дарамталсан үг өгүүлбэр хэлээгүй гэдгийг тайлбарлаж мэдүүлэг өгсөн байдаг. Тиймээс амь хохирогчийн хувьд хэргийн хүрээнд үхэр чононд хазуулсан тухай мэдээгүй гэдэг нь М.М-ын мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байгааг хэлмээр байна.
Гомдолд дурдагдсан, илтгэх хуудсанд бичигдсэнээр үхэр болон амь хохирогчийг 28-ны өдөр цэргийн нэмэлт бүрэлдэхүүн гаргаад хайсан боловч алийг нь ч ололгүйгээр, бороо орсон тул шөнийн 11 цагийн үед эрлийн ажиллагааг зогсоосон. Маргааш өглөө 5 цагт дахин эрэл хайгуулын ажлыг эхлүүлээд, 6 цагт үхэр чононд хазуулсан хэсгээс мөн 20 гаруй үхрийн хамт олсон. Амь хохирогчийн хувьд М.М-ын мэдүүлснээр Сар уулын урдуур явж байсан чиглэлд амь хохирсон байдалтай байсныг олж илрүүлсэн. Үүнээс үзэхэд амь хохирогч нэг үхэр чононд хазуулснаас бус нийт үхрээ олоогүйгээс шалтгаалан Д.Б-ийн хэлсэн үгнээс эмзэглэж, амиа хорлосон байх боломжтой нөхцөл байдал нотлох баримтын хүрээнд илүү бодитойгоор бий болж байна.
Урьд өдөр нь амь хохирогч гэр бүлтэйгээ утсаар ярьсан болон М.М-тай хувийн харилцаа холбоо сайн байсан нь бусад гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. С-г 6 сард цэрэгт татагдаж ирсэн цагаас нь хойш айлган сүрдүүлж, дарамталсан асуудал байхгүй, зан харилцааны хувьд ч тийм хүн биш гэдгийг нь бусад цэргийн алба хаагч нарын хувьд гэрчийн мэдүүлгээр маш тодорхой дурдсан байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлээр ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний хувьд мөн эсрэг байр суурьтай байгаа. Хохирогч нараар бичиг хийлгүүлж аваад хил хамгаалах байгууллагад М.М явуулсан асуудал болохоос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд М.М-ын зүгээс түүнийг нотлох баримтын хэмжээнд гаргаж өгсөн, ятгаж, мөрдөн байцаалтын шатанд тийм мэдүүлэг өг гэсэн асуудал байхгүй.
Эсрэгээрээ, амь хохирогчийн төрсөн эгч Б.Э цэргүүдтэй уулзсаны маргааш нь мөрдөгч тухайн цэргүүдийг дуудаад амь хохирогчийн эгчид ярьсан зүйлсээ одоо ярь гэж мэдүүлэг авсан байдаг, асуулт нь ч тэгж эхэлдэг. Улмаар тухайн цэргүүд мэдүүлгээ өөрчилж өгсөн агуулга байгаа болохоос М.М ятгаснаас болж цэргүүд мэдүүлгээ өөрчилж өгөөгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн холбогдох хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх байр суурьтайгаар давж заалдах гомдлыг гаргасан.
Тус хэрэг маань хяналтын шатны шүүхээр ороход миний бие өөрийн биеэр шүүх хуралд нь оролцсон. Үүнд, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг алиных нь ч зөв гэж үзээгүй. Зөвхөн давж заалдах шатны шүүх цагаатгах үндэслэл болгохдоо хэд хэдэн нотлох баримтуудыг дурдсанаас бусад нотлох баримтуудыг дурдаагүй байгаа учир үүнийг илүү тодруулж бичсэнээр дараа нь прокурор эсэргүүцэл гаргасан тохиолдолд дахин хэлэлцэнэ гэх агуулгаар буцаасан. Түүнээс прокурорын эсэргүүцлийг бүрэн хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоогүй учир шүүх бүрэлдэхүүн үүнд анхаарч, өмнөх шийдвэрийг харах нөхцөл байдал байгаа гэх байр суурийг илэрхийлж байна” гэх агуулгатай санал, тайлбар;
- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав “...М.М болон амь хохирогч нарын хооронд амь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн үйлдэлд шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр М.М-ыг амь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн талаар авсан нотлох баримт байхгүй.
...Ахлагч М.М амь хохирогчийг байнга ар гэртэйн яриулж, холбоотой байлгаж, илгээмжийн өгч байсан. Тухайн өдөр ар гэрээс нь илгээмж ирээд, амь хохирогч эгчтэйгээ гар утсаар холбогдож, илгээмжээ авсан, цэргийн албандаа сайн байгаа талаар ярьсан байдаг. Орой нь иргэн Б.Ц-н утсаар амь хохирогч аавтайгаа ярихдаа “би цэргийн албан үүргээ сайн хааж байна, цэргийн албаа улирч хаамаар байна” гэхэд аав нь “миний хүү эхлээд хугацаат цэргийн албаа сайн хаачих, улирах асуудлыг дараа нь ярилцъя” гэж хэлсэн байдаг. Тухайн өдөр үнэхээр дарамттай байсан бол энгийн иргэний утсаар шөнийн цагаар ярьж байхдаа дарамттай байгаа гэдгээ хэлэх бололцоо байсан ч дурдаагүй байдаг. Үүнээс амь хохирогчийг сэтгэл санааны дарамтад ороогүй байсан гэх асуудал нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт байнгын хүчирхийлүүлж, дарамтлуулж, зодуулж байсан нөхцөл байдлыг шаарддаг. Амь хохирогчийн хувьд эдгээр нөхцөл тогтоогддоггүй. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр малаа алдсан гэх шалтгаанаар 7 дугаар сард тухайн суурины цэргүүдийг шавхуурдсан асуудал байдаг ч, тухайн нөхцөлд амь хохирогчийн биед нь халдаж, амиа хорлоход хүргэсэн асуудал тогтоогддоггүй. Иймд М.М болон амь хохирогч нарын хувьд амиа хорлоход хүргэсэн шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж миний хувьд үзэж байна.
...Хэрэгт цуглуулсан нотлох баримтаар М.М амь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн гэх байдал тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх байр суурьтай байна” гэх агуулгатай санал;
- Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О “...Өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Амь хохирогчийн ар гэрт нийт 7,145,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай тайлбар;
- Прокурор “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн үндсэн шинж байнга хүчирхийлсэн, доромжилсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас хүн амиа хорлох гарцаагүй нөхцөл байдалд хүргэж, түүнийг сонгож амиа хорлосон нөхцөл байдаг. Тухайн гэм буруутай этгээдийн үйлдэл хохирогчийн амиа хорлож байгаа нөхцөл байдалтай шалтгаант холбоотой байх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байгаа.
Эрхшээлдээ байгаа хүн гэдэгт албан тушаал болон эдийн засаг, эрүүл мэндийн нөхцөл байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг ойлгоно. Цэргийн дүрэм болон Цэргийн албаны тухай хуулиар захирах, захирагдах үүргийг биелүүлэх буюу хугацаат цэргийн алба хаагчийн хувьд М.М буюу захирагчийн эрхшээлд үүрэг гүйцэтгэж байсан нь хавтаст хэрэгт авагдаж байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн байнга гэх шинж нь 2 буюу түүнээс дээш давтамжийн шинжээр хангагдаж байгаа. Энэ хэрэгт авсан нотлох баримтуудаар, ялангуяа цэргийн албан хаагчтай хамт цэргийн алба хааж байсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр 3, 4 удаа тодорхой цаг хугацаа болсон үйл явдалтай нь мэдүүлдэг. Тийм учраас энэ нөхцөл байдал хангагдаж байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг дүгнэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгдэгч М.М-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, оролцогч нарт нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэх агуулгатай дүгнэлт тус тус гаргажээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн эрүүгийн 2235001930010 дугаартай хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.М-т холбогдох эрүүгийн хэргийг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, шүүгдэгч М.М нь цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, мөн хэргийн хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдалд нийцжээ.
2.1. Хохирогч Б.Б-ийн “...Би Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2022 оны 1 дүгээр ээлж буюу 5 дугаар сарын 01-ний өдөр цэрэгт татагдаж Увс аймгийн Хилийн х дугаар ангид хуваарилагдаж ирээд 45 хоногийн карантинд хамрагдаад 2022 оны 6 дугаар сарын 15-ны үеэр хилийн цэргийн х-р салбарт очоод 11 хоног сургалтад суусан. 2022 оны 6 дугаар сарын 25-нд шилүүстэй байнгын хилийн манаанд харуулд гараад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс байлдагч Б.Б-тэй солигдож малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэхээр болсон.
Намайг очиход П.Ч, Л.Б, талийгаач Б.С нар байсан. Бид дөрөв малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэсэн юм. Би 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс байлдагч Б.Ж-тай ээлж солилцож малын суурингийн хэсгээс буусан. Би малын суурийн хэсэгт 2 сар гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэсэн.
2022 оны 7 дугаар сард малын суурийн ахлагч М.М нь бид нарыг унтаж байхад орж ирээд Л.Б-ыг “чи цэргүүдийг цагт нь сэрээсэнгүй” гээд уурлаад гараараа нэг удаа нүүрний хэсэгт цохисон, түүний дараагаар намайг нойрмог байхад нэг удаа цохисон, мөн 7 дугаар сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, бороо орох гэж байсан өдөр ахлагч М.М ямаа, хонио услаад ир гэж үүрэг өгөөд П.Ч, бид хоёр хонь ямаагаа туугаад услахаар явж байхад бороо орсон ба нэг ямаа осгоод үхэж байсан. М.М ахлагч П.Ч, бид хоёрыг “малаа сайн хариулж чадсангүй, мал үхүүллээ” гээд уурлаад миний баруун талын шанааны хэсэгт гараа атгаад 1 удаа цохисон, өвдөөгүй, П.Ч-ыг мөн шанаа руу нь гараа атгаад 1 цохисон.
Л.Б болон малын суурийн ахлагч М.М нар адуунд явж ирэхэд малын суурийн цэргийн гэрт П.Ч, талийгаач Б.С бид гурав унтаж байхад, М.М орж ирээд “та нар ингээд хэвтэж байдаг юм уу?” гээд П.Ч, талийгаач Б.С бид гурвын нүүр рүү нэг нэг удаа цохисон. Миний хувьд цохилт нь зөөлөн мэдрэгдсэн. Тэгээд ахлагч М.М үлдэгдэл адуундаа явах гээд морины уяан дээр байсан, бид мөн малаа бэлчээх гээд морины уяан дээр байхад М.М уурлаад загнахаар П.Ч нь “малын сууриас буумаар байна” гэхэд М.М ахлагч “буулгахгүй” гээд уурлаад гэрийнхээ хажууд байсан DDISH-ний антены цагаан өнгийн хуванцар утсаар П.Ч-ыг 3-4 удаа цохисон. Намайг нэг удаа бөгсөн хэсэгт цохисон, өвдөөгүй, талийгаач Б.С-г мөн цохисон. Хэрхэн яаж цохисон талаар анзаарч хараагүй. Л.Б-ыг цохиогүй, хамт үлдэгдэл адуугаа авч ирэхээр явж байсан юм. Мөн түүний дараа хурга засаж байхад малын суурийн цэргийн гэрт би, П.Ч, амь хохирогч Б.С бид нар байхад ахлагч М.М ямар шалтгааны улмаас уурласан болохыг мэдэхгүй байна, бид нарыг цохисон. Намайг тэр үед нүүрний хэсэгт шанаа руу гараараа нэг удаа зөөлөн цохисон. Тухайн үед өвдөөгүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас);
- хохирогч П.Ч-ын “...2022 оны 6 дугаар сарын сүүлээр малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэхээр байлдагч Л.Б, Б.Б, талийгаач Б.С нарын хамтаар очсон. Ингээд бид дөрөв малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэсэн юм.
2022 оны 7 дугаар сарын эхээр “Н” гэх нэртэй газар руу малын суурийн хэсэг нүүсэн. Тэнд очоод удалгүй бид нарыг унтаж байхад малын суурийн ахлагч М.М цэргийн гэрт орж ирээд “өглөө цэргүүдийг тогтоосон хугацаанд 6 цагт босгоогүй байна” гээд Л.Б-ын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд үргэлжлүүлээд талийгаач, мөн Б.Б, бид гурвыг тус бүр нэг нэг удаа цохисон.
Дараа нь 2022 оны 07 дугаар сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна бороо орох гэж байсан өдөр ахлагч М.М ямаа, хонио услаад ир гэж үүрэг өгөөд Б.Б-ийн хамтаар бид хоёр хонь ямаагаа туугаад услахаар явж байхад бороо орсон ба малын суурийн ахлагч М.М ирээд осгоод үхэж буй ямааг харчхаад “ингэж мал хариулдаг юм уу, бороо орохоор буцаад малаа туугаад ирэхээ мэддэггүй юм уу?” гээд намайг нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохисон, дахиад эрүүний хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед Б.Б хонь, ямааны дэргэд байж байгаад ирэхэд нь нүүрний хэсэгт нь нэг удаа цохисон. Би М.М ахлагч намайг цохисон талаар Б.Б-д хэлсэн юм.
2022 оны 7 дугаар сард өдрийг нь мэдэхгүй байна, Л.Б, малын суурийн ахлагч М.М нар адуу хайгаад ирсэн ба Б.С, Б.Б бид гурвыг унтаж байхад “адуу хайгаад ирж байхад ингээд унтаж байдаг юм уу?” гээд нүүрний хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд хонио гаргаж бэлчээхээр болоод талийгаач Б.С хонь, ямаагаа бэлчээхэд хотонд хурга үхчихсэн байсан. Гэтэл ахлагч М.М “ингэж мал хардаг юм уу” гээд талийгаач Б.С-ийн нүүр рүү нь гараараа цохиод, түүний дараа нь миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд үлдэгдэл адуундаа явахаар малын суурийн ахлагч М.М, байлдагч Л.Б нар морины уяан дээр байхад бид малдаа явах гээд очиход М.М ахлагч Б.С-г загнаад гараараа цохисон, дараа нь антены цагаан өнгийн хуванцар утсаар миний нуруу, бөгс хэсэг руу 3-4 удаа ороолгосон. Б.Б-гийн бөгсний хэсэгт мөн нэг удаа ороолгож шавхуурдаж цохисон. Тэгэхээр нь ахлагч М.М-т хандаж “би малын сууринаас застав руу буумаар байна” гэхэд “чамайг бууна гэж хэлэхээр буулгачихна гэж бодоо юу” гээд намайг нөгөө антены цагаан хуванцар утсаар шавхуурдаж өшиглөж цохисон. Мөн түүний дараа хурга засаж байхад малын суурийн цэргийн гэрт би, Б.Б, амь хохирогч Б.С бид нар байхад ахлагч М.М гурил, аарц хольсон зүйлийг асгалаа гээд талийгаач Б.С бид хоёрыг нүүрэн тус газар цохиж өшиглөсөн. “Энийг та нар асгачихдаг юм уу” гээд уг гурил, аарцтай зүйлийг асгалаа гээд уурлаад цохиж өшиглөсөн, хэдэн удаа цохиж өшиглөсөн болохыг одоо санахгүй байна. Сүүлдээ С бид хоёрыг номхон зогсоож байгаад хамар руу нэг, нэг удаа гараараа цохисон ба бид хоёрын хамраас цус гарсан. Б.Б гэрт байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас);
- хохирогч Л.Б-ын “...Бид малын суурийн хэсэгт хуваарилагдаж очоод удалгүй “Н” гэх газарт цэргийн гэр болон малын суурийн ахлагч М.М-ын гэрээр малаа аваад нүүж очиж байрласан. Тухайн газарт очоод удалгүй 1, 2 хоносны дараа өглөө 07 цаг болох гэж байхад ахлагч М.М цэргийн гэрт орж ирсэн. Тэнд П.Ч, Б.Б, Б.С нар унтаж байсан. Гэтэл ахлагч М.М орж ирээд намайг “цэргүүдээ яагаад цагт нь сэрээхгүй байгаа юм бэ?” гээд миний нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохисон. Түүний дараагаар Б.Б, П.Ч, Б.С нарыг мөн нүүрний хэсэгт гараараа нэг нэг удаа цохичхоод гараад явчихсан.
Түүний дараагаар 7 дугаар сард нэг азарга адуугаа олохгүй байсан тул ахлагч М.М бид хоёр мориор 1 хоногоор адуугаа хайж яваад хээрээр хоноод өглөө нь 06 цаг өнгөрөөд 7 цаг болж байхад очиход малын суурингийн цэргүүд унтаж байсан. Ахлагч М.М надад морио өгчхөөд цэргийн гэр рүү орсон, би морио уячхаад араас нь цэргийн гэр рүү ороход ахлагч гэрээс гараад ууртай өөрийн гэр рүүгээ явсан. Би яваад ороход П.Ч, Б.Б, Б.С нар ахлагч М.М нүүрний хэсэгт нэг нэг цохилоо гэж хэлсэн. Би гэрээс гараад хонийг бэлчээрт нь гаргахад хонины хотонд 1 тооны хурга үхчихсэн байсан. М.М дарга үхсэн хурганы зургийг авч застав руу явуулчхаад гэр рүүгээ орсон. Тэрний дараагаар Б.Б, П.Ч, талийгаач Б.С нар мал руугаа явах гээд морины уяаны газарт ирсэн ба М.М дарга гэрээс гарч ирээд үхсэн хурганы хажууд байсан ddish-ний цагаан өнгийн хуванцар залгуураар Б.Б, П.Ч нарыг ороолгосон. П.Ч ахлагч М.М-т хандаад “би малын сууринаас буумаар байна” гэж хэлж байсан. Би Б.С-г гараараа цохисон, эсхүл цагаан өнгийн хуванцар зурагтын утсаар ороолгосон эсэхийг хараагүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) зэргийг хооронд нь болон гэрчээр өгсөн мэдүүлэгтэй нь харьцуулж болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл:
Хилийн цэргийн х дугаар ангийн х дугаар салбарын малын суурийн ахлагчаар томилогдон ажиллаж байсан шүүгдэгч М.М нь 2022 оны 7 дугаар сард, Увс аймгийн Х сумын нутаг дэвсгэр “Н” гэх газарт:
- тус малын сууринд алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч Л.Б-ыг бусад цэргүүдээ сэрээсэнгүй гэх шалтгаанаар, мөн хугацаат цэргийн алба хаагч П.Ч, Б.Б, Б.С нарыг цагтаа сэрсэнгүй гэх шалтгаанаар тус бүрийнх нь нүүр хэсэгт нэг удаа цохисон;
- хугацаат цэргийн алба хаагч П.Ч, Б.Б тус бүрийг “мал муу хариулж 1 тооны ямаа үхүүллээ” гэх шалтгаанаар цохисон;
- “Адуунд яваад ирэхэд унтаж байсан” гэх шалтгаанаар П.Ч, Б.Б, Б.С нарыг зодсон, мөн тус өдөр “хурга үхүүлсэн” гэх шалтгаанаар Б.С, Б.Б, П.Ч нарын нүүр хэсэгт гараараа цохисон, П.Ч-ыг “би малын сууринаас буумаар байна гэж хэллээ” гэх шалтгаанаар түүнийг антены цагаан өнгийн хуванцар утсаар нуруу, бөгс хэсэг руу шавхуурдаж, дэргэд нь байсан Б.С, Б.Б, П.Ч нарыг өшиглөж зодсон;
- мөн тус малын сууринд хурга засаж байхад гурил, арцны холимгийг асгасан гэх шалтгаанаар Б.Б-ийн нүүрэн тус газарт цохиж, Б.С, П.Ч нарыг өшиглөсөн үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал шүүгдэгч М.М-ын 2022 оны 07 дугаар сард хохирогч Б.Б, П.Ч, Л.Б, амь хохирогч Б.С-г тус тус зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон” гэх дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэргийн шинжийг хангажээ.
2.2. Хохирогч Б.Б-гийн “...малын суурийн ахлагч М.М нь бид нартай нийт 2 удаа ирж уулзсан. Эхэлж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хилийн цэргийн х дугаар анги дээр байхад бэлтгэл заставын булангийн өрөөнд бидэнтэй нэг нэгээр нь дуудаж уулзсан. Тухайн үед ахлагч М.М нь намайг дуудаж уулзахдаа надад “би тэр цэргийг тэгтлээ их дарамталж зодож байсан биш дээ, би ял авч магадгүй юм шиг байна, мэдүүлгээ өөрчлөөд өгчих, би шоронд явах гэж байна, та нарыг зодож цохиогүй гээд хэлээд мэдүүлэг өгчих” гэж хэлээд гуйсан. Мөн тэр өдөр надаас “цагдаа та нараас мэдүүлэг авахдаа янз бүрээр зодож цохиж, дарамт шахалт үзүүлсэн үү, чи мэдүүлгээ юу гэж өгсөн юм бэ?” гэж асуусан. Тэгэхэд нь би болсон явдлын талаар өгсөн мэдүүлгээ ахлагч М.М-т хэлж өгсөн. Тэгээд ахлагч М.М яваад өгсөн.
Хоёр дахь удаагаа 2023 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр байх /өдрийг нь сайн санахгүй байна/ ахлагч М.М нь дахин бидэн дээр ирж уулзаад надад хандаж “чамд тэр мөрдөгч янз бүрийн дарамт үзүүлж байсан уу?” гэж асуусан. Тэр үед нь би М.М ахлагчид “Л ахмад намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авах үед би хохирогчоор тогтоосон тогтоол дээр гарын үсэг зурахгүй байж болох уу? гэж асуухад Л ахмад надад болохгүй, чамайг хохирогчоор тогтоож байгаа хохирогчоор тогтоосон тогтоол, уншиж танилцаад гарын үсэг зур” гэж хэлсэн талаар хэлсэн. Тэр талаар надаар цаасан дээр бичиг бичүүлж аваад явсан юм. Ахлагч М.М нь “ял авах гээд байна, чи намайг зодож цохиогүй талаараа надад бичээд өгөөч” гээд намайг гуйгаад надаар бичиг бичүүлж авсан юм” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас, 5 дахь хавтаст хэргийн 17 дугаар хуудас);
- хохирогч П.Ч-ын “...Ахлагч М.М тухайн хэрэг болсноос хойш Б.Ж, Л.Б, Б.Б бид нартай 2 удаа уулзсан. Тухайн үед эхлээд 2023 оны 01 дүгээр сарын 05, 06-ны үеэр байх Хилийн цэргийн х дугаар ангийн амрах өрөөнд орж ирээд бид нарыг аж ахуйн өрөөнд оруулж уулзсан. Тухайн үед М.М нь надад хандаж “чи цагдаад юу гэж ярьсан бэ?, тэрийгээ хэлчих. Би 9 жилийн ял авахаар болж байх шиг байна, чи мэдүүлгээ зөөлрүүлээд өгчих. Тэр үед би та нарыг зодож байхдаа галзуурчихсан явж байжээ, уучлаарай” гэж хэлсэн. Дараа нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр ахлагч М.М дахин ирж уулзаад “мэдүүлгээ цаасан дээр бичээд өгчих, цагдаад юу гэж ярьсныгаа бичээд өгчих. Цагдаа та нараас мэдүүлэг авахдаа дарамталж авсан уу, үгүй юү?. Тийм юм байвал бичээд өгчхөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би өгсөн мэдүүлгээ товч бичиж өгсөн юм. Тухайн үед намайг зодож цохиогүй” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас);
- хохирогч Л.Б-ын “...Ахлагч М.М нь эхлээд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны үеэр бид нарыг х дугаар ангийн цэргийн амрах байранд байхад орж ирээд бидэнтэй нэг нэгээр нь уулзсан. Тухайн үед М.М ахлагч надтай уулзаад “би яллагдагчаар татагдсан, 9 жилийн ял авах юм шиг байна” гэж хэлсэн, дараа нь 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин ирж уулзаж надад хандаж “Чи мэдүүлгээ буцаамаар байна. Чи зодуулаагүй гээд хэлчих. Чи өмнөх мэдүүлэг өгөхдөө юун дээр гарын үсэг зурсан гэдгээ мэдэхгүй байна гэж хэлчих. Өмгөөлөгч бас би сууж байгаад мэдүүлэг авна. Нүүрэлдүүлж мэдүүлэг авна. Тэгэхээр чи зодуулаагүй, цохиулаагүй гээд мэдүүлэг өгчих. Тэгвэл миний ял багасаж магадгүй” гэж хэлж намайг ятгасан. Тухайн үед ахлагч М.М намайг ятгаж надаар цаасан дээр “цохиулаагүй, бага ангийн боловсролтой болохоор юун дээр гарын үсэг зурсан гэдгээ мэдэхгүй байна” гэсэн утгатай зүйл бичүүлж аваад явсан. Уг бичүүлж авсан зүйлийг ахлагч М.М намайг ятгаад байсан учраас би цаасан дээр худал бичиж өгсөн. Миний урьд хохирогчоор өгсөн мэдүүлэг бол үнэн зөв мэдүүлэг, харин цаасан дээр бичсэн зүйлийг ахлагч М.М надад нөлөөлж, худлаа зүйл бичүүлж авсан юм. Тухайн бичгийг ахлагч М.М надтай уулзаж намайг ятгаж байгаад надаар худал бичиг бичүүлж аваад явсан юм” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас);
- гэрч Б.Ж-ын “...Ахлагч М.М нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хилийн цэргийн х дугаар ангид байхад бид нартай ирж уулзсан. Тухайн үед М.М надад “би хэргээс болоод 2 зүйл ангиар яллагдаж байгаа. Би мэдүүлэгтэй чинь танилцсан. 8, 9 жилийн ял авах юм шиг байна. Нүүрэлдүүлж мэдүүлэг авах юм шиг байна, мэдүүлгээ өөрчлөөд өгчих” гэж хэлж ятгасан. Дараа нь 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин ирж уулзаад “малын суурин дээр ямархуу байдалтай байсан талаар бичээд өгчих” гэж хэлээд надаар бичиг бичүүлж авсан. Тухайн үед М.М ахлагч намайг ятгаад гуйгаад байсан учраас би тухайн бичигт “талийгаач Б.С-г өөр зүйлээс болж амиа хорлосон байх. Мөн ахлагч М.М-ыг бидэнтэй эелдэг харилцдаг байсан” гэж бичиж өгсөн. Тухайн өдөр ахлагч М.М намайг дарамталж, айлган сүрдүүлж бичүүлээгүй, намайг тэр өдөр ятгаад байхаар нь би түүнийг өрөвдөөд тийм бичиг бичиж өгсөн. Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч М.М нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекийн тогтоол (3 дахь хавтаст хэргийн 95-104 дүгээр хуудас)-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллагдагчаар татагдсаны дараа:
- тус хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогчоор тогтоогдсон Б-н Б (2 дахь хавтаст хэргийн 27 дугаар хуудас), П-ын Ч (2 дахь хавтаст хэргийн 35 дугаар хуудас), Л-ын Б (2 дахь хавтаст хэргийн 43 хуудас) болон гэрч Б.Ж нарыг хугацаат цэргийн алба хааж байсан Хилийн цэргийн х дугаар ангийн байранд нь дуудан уулзаж, өөрийг нь гэмт хэрэгт яллах үндэслэл болгож буй гол нотлох баримтууд болох гэрч, хохирогч нарын мэдүүлгийн нотлох чадварыг бууруулах, эргэлзээ үүсгэх зорилгоор тэдгээрийг урьд өгсөн мэдүүлгээ өөрчилж худал мэдүүлэг өгөхийг удаа дараа ятгасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн...” гэж тухайн гэмт хэргийн зэрэгцээ шинжүүдийг хуульчилсан.
Шүүгдэгч М.М хохирогч Б.Б, Л.Б, П.Ч, гэрч Б.Ж нарын мэдүүлгийн нотлох чадварыг бууруулах, уг нотлох баримтуудыг эргэлзээ бүхий болгох зорилгоор тэдгээрийн өмнө өгсөн мэдүүлгүүдийг өөрчлүүлэх, өөрт ашигтай байдлаар худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор удаа дараа очиж уулзаж, хэрхэн мэдүүлэг өгөх талаар зааж, зөвлөсөн, заримаас нь мэдүүлгийг өөрт ашигтай байдлаар бичүүлж авах зэргээр хийсэн идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэх шинжийг хангажээ. Иймд шүүгдэгчийг энэ зүйл хэсгээр гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
2.3. Анхан шатны шүүх шүүгдэгч М.М-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн 1, мөн тус хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж дүгнэв.
3. Анхан шатны шүүх нь прокурорын “шүүгдэгч М.М-ыг албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас хохирогч Б.С-г амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэх агуулгатай, нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдоогүй яллах дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтад үндэслээгүй байна.
3.1. Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар: 2022 оны 7 дугаар сард шүүгдэгч М.М нь амь хохирогч Б.С-г цагтаа сэрсэнгүй; хурга үхүүлсэн; гурил, арцны холимогийг асгасан гэх зэрэг шалтгаануудаар удаа дараа зодсон;
- Хилийн цэргийн х дугаар ангийн салбарын хангалт, инженерийн орлогчоор ажиллаж байсан Д.Б нь 2022 оны 7 дугаар сард мал хорогдсон асуудлаас болж хохирогч П.Ч, Б.Б, амь хохирогч Б.С нарт хариуцлагатай байхыг анхааруулж, дахин мал хорогдуулбал гурав нугалуулж төлүүлэх талаар сануулсан;
- 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр амь хохирогч, хугацаат цэргийн алба хаагч Б.С нь хилийн цэргийн х дугаар ангийн х дугаар ангийн малын суурийн үхрийг бэлчээрээс тууж ирэхээр яваад буцаж ирээгүй;
- 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Х сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Б газраас амь хохирогч, хилийн цэргийн х дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Б.С-г модноос дүүжлэгдэж нас барсан байдалтай олсон гэх үйл баримт тогтоогдож байна.
3.2. Хилийн цэргийн х дугаар ангийн 2 дугаар заставын сэтгэлзүйн хангалтын орлогч С.А-ын “...би Б.С-тай 3 удаа уулзаж байсан. Малын суурийг шалгаад очихдоо цэргүүдтэй ганцаарчлан уулзаж сэтгэл санааг нь судалдаг байсан. Б.С-тай ганцаарчлан уулзахад сэтгэл санаа нь хэвийн байдаг байсан, санал хүсэлтийг сонсоход малын суурин дээрээ цаашид ажиллах сонирхолтой гэж хэлдэг байсан. ...би талийгаачтай 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр уулзсан. Тэр үед сэтгэл санааны байдал тогтвортой хэвийн, анхаарал татсан зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас);
- амь хохирогч Б.С-ийн эцэг Б.Б-ын “...2022 оны 9 дүгээр сарын 11-ний үед цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна, хүү Б.С надтай гар утсаар яриад “би сайн байгаа, халагдаж очиход минь 3 шинэ тохом оёж тавиарай” гэж хэлсэн. Түүний дараагаар 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай охин Б.Ш-тай гар утсаар яриад “надад илгээмж ирсэн байна, та нар явуулсан юм уу, хэн явуулсан болохыг мэдэх гээд” гэж хэлэхэд нь манай охин Б.Ш “бид нар илгээмж явуулсан” гэж хэлэхэд “за за би тэрийг тодруулах гэсэн юм” гэж ярьсан байсан. Мөн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн үед манай хүү Б.С надтай утсаар ярьж “би сайн байна, сайн явж байна, таны бие сайн уу” гэхэд нь би “сайн байна” гэж утсаар ярьсан. ...Сүүлд ярихдаа сэтгэл санааны байдал хэвийн байдалтай байсан. Ямар нэг байдлаар сэтгэл санаа гутарсан зүйл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас);
- Хилийн цэргийн х дугаар ангийн х дугаар салбарт эрүүл мэндийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч ажилтай гэрч Б.Б-ын “...би хавар татагдсан цэргүүдээс байлдагч Б.С, Б нарын халамжлан хүмүүжүүлэгчээр хуваарилагдсан. ...2022 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө Улаангом сум руу явж байхдаа малын суурин дээр очиж Б.С-тай уулзсан. Тухайн өдөр Б.С сэтгэл санааны хувьд хэвийн байсан. Надад тэр өдөр ямар нэгэн зүйл хэлээгүй, бусдад зодуулсан гэх ул мөр байгаагүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас) зэргээр амь хохирогч Б.С нь нас барахаас өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө сэтгэл зүйн хувьд хэвийн байсан, бусдын дарамт, хүчирхийллийн улмаас айдас түгшүүрт автсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.М-ын 2022 оны 7 дугаар сард дээр дурдсан шалтгаанаар амь хохирогчийг удаа дараа зодсон үйлдэл нь хохирогчийг байнгын айдас түгшүүрт автуулсан, амьдрах хүсэл зориггүй болгосон гэж дүгнэх үндэслэл бүрдээгүй байна.
Нөгөөтэйгөөр мөрдөгч, прокурорын хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар 2022 оны 7 дугаар сард шүүгдэгч нь амь хохирогчийг удаа дараа зодсоноос хойш дахин зодсон, айлган сүрдүүлсэн, доромжилж, харгис хэрцгий харьцсан гэх үйл баримт хэрэгт тогтоогдохгүй байна.
3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол” гэж тухайн гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн обьектив шинж нь байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн идэвхтэй үйлдлээр, давтамжтай шинжтэй хийсэн байхыг шаардах бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх ёстой.
Аливаа юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог бөгөөд уг ойлголт нь гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох болон Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд ч ач холбогдолтой юм.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол юм. Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд харин тухайн хор уршиг нь буруутгагдаж буй этгээдийн шууд, эсхүл шууд бус санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээс үл хамааралтайгаар учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгдэнэ.
Энэхүү хэргийн хувьд прокурор болон анхан шатны шүүх: шүүгдэгч М.М-ын амь хохирогч Б.С-г 2022 оны 7 дугаар сард удаа дараа зодсон гэмт үйлдлийн улмаас хоёр сарын дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр амь хохирогч Б.С-г амиа хорлож нас барсан үр дагаварт хүргэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт байна.
Тус гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын үндсэн шинж болох гэмт этгээдийн байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн гэх хохирогч руу чиглэсэн бие махбодын болон сэтгэлзүйн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч нь гэмт этгээдийн байнгын хүчирхийллийг зогсоох, түүнээс зайлсхийх арга нь амиа егүүтгэх гэх оюун дүгнэлтэд хүрч, амиа хорлох үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Хэргийн баримтаар, амь хохирогч Б.С 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хилийн цэргийн х дугаар ангийн х дугаар салбарын малын суурийн үхрийг бэлчээрт хайж яваад тус аймгийн Х сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт өөрийгөө боомилж амиа хорлосон үйл баримт тогтоогдсон. Харин 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, түүнээс өмнөх өдрүүдэд буюу 2022 оны 7 дугаар сарын үйлдлээс өөрөөр шүүгдэгч Б.М-ыг амь хохирогч Б.С-г байнга доромжилсон, айлган сүрдүүлсэн, зодож хүчирхийлсэн, үүнээс улбаатайгаар хохирогч амиа хорлосон гэх үйл баримтыг мөрдөгч, прокурор тогтоож чадаагүй байна.
Прокурор шүүгдэгч М.М-ыг “албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж чадаагүй, түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хийсвэрлэлд тулгуурлан дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайлбал шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон үндэслэлээ “...байлдагч Б.С-г 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үхэр чононд хазуулсан гэж айлган сүрдүүлж үхэрт явуулсан” гэж дүгнэсэн. Гэтэл энэхүү дүгнэлт нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаар нотлогдохгүй байна. Гэрч Д.З, Ч.Ч, Б.Ж нарын мэдүүлгээр тухайн өдөр шүүгдэгч М.М нь амь хохирогч Б.С-г үхэрт явуулахдаа дарамталсан, айлган сүрдүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, мөн тухайн үед чононд хазуулсан үхэр нь цэргийн ангийн үхэр мөн эсэх нь тодорхойгүй байсан нь тогтоогдож байна. Харин гэрч Б.Ж дахин мэдүүлэг өгөхдөө “...Чононд үхэр хазуулсан гэдгийг малын суурийн ахлагч М мэдчихээд Б.С-г үхэрт явуулсан” гэж өмнөх мэдүүлгээсээ зөрөөтэй мэдүүлсэн, мөн “...мөн ахлагч М тэр өдөр С-г үхэрт явуулахдаа энэ талаараа хэлсэн байх” гэх таамагласан шинжтэй мэдүүлсэн байх тул уг мэдүүлгийг нотолгооны түвшинд үнэлэх үндэслэлгүй болно.
Мөн анхан шатны шүүх “...улмаар хариуцаж байсан үхэр нь чононд хазуулсан нөхцөл байдлыг хараад ахлагч М.М-т дахин зодуулахаас айсандаа боомилж өөрийнхөө амийг егүүтгэсэн” гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй байна. Тухайлбал амь хохирогч Б.С нь тухайн өдөр үхэр хайх явцдаа чононд хазуулсан гэх үхрийг харсан, уг газарт очсон гэх үйл баримт хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаар тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.М-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 274 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж;
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон, мөн тус зүйл, хэсгээр ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож;
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.М-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 274 /хоёр зуун далан дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Б.МӨНХЗАЯА