Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00964

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00964

 

Ш.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.ОюунТ даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00500 дугаар шийдвэртэй

Ш.Дийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А, Х.Т нарт холбогдох

7,055,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ш.Д нь Б.А болон түүний ах Б.Анхбаяр нартай хамтарч Япон сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээ явуулахаар харилцан тохиролцож, үйл ажиллагаа явуулж байсан. Энэхүү хамтын бизнестээ зориулан Б.Анхбаяр болон Б.А нар нь Япон улсаас 4 ширхэг Делика автомашин оруулж ирэхээр манай ах Ш.Хүрэлбаатарт 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөг шилжүүлсний дагуу манай ах Ш.Хүрэлбаатар нь Япон улсаас 4 ширхэг Делика автомашиныг задлан оруулж ирсэн. Гэтэл энэхүү автомашиныг оруулж ирэх ажиллагаа удааширч 2019 оны 05 дугаар сард сэлбэг орж ирэх хүртэл Б.Анхбаяр, Б.А нар нь ах Ш.Хүрэлбаатараас ээж Н.Цогзолмаагийн дансанд 14,990,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн Ш.Д надаас Б.А нь өөрийн дансаар дамжуулан 4,200,000 төгрөг, эхнэр Х.Ттай хамтран эзэмшдэг дансаар дамжуулан 2,855,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан. Гэвч хариуцагч Б.А нь оруулж ирсэн сэлбэгийг анхны тооцоолж байсан үнээр худалдаж чадаагүй, зарим сэлбэгүүд нь доголдолтой байснаас ашиг олж чадахгүй юм байна гэж үзээд хамтран ажиллахаас татгалзаж, сэлбэг захисан мөнгөө буцааж авахаар шаардаж, бидний хамтын ажиллагаанд оролцоогүй, зөвхөн бидний хүслээр сэлбэг авчирч өгсөн манай ах Ш.Хүрэлбаатараас сэлбэг захисан мөнгөө гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хүлээн авч Б.Аийн ээж Н.Цогзолмаад шилжүүлсэн 4,990,000 төгрөгийг хасаж үлдсэн 10,010,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа. Харин шүүх Б.А болон түүний эхнэр Х.Тийн дансанд шилжүүлсэн мөнгийг хэргийн оролцогч бус этгээд шилжүүлсэн тул энэхүү төлбөрийг хариуцагч Ш.Хүрэлбаатарын төлөх ёстой өр төлбөрөөс хасах боломжгүй гэж үзсэн. Нэгэнт Б.А болон түүний ах Б.Анхбаяр бид нарын хооронд аман хэлбэрээр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй тул Ш.Д хариуцагч Б.Ат зээл болон ломбардад тавьсан зүйлээ авахад нь зориулан хаан банкны 5028751799 тоот дансанд нь шилжүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 700,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2,550,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 450,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөгийг хариуцагч Б.Ааас нэхэмжилж байна. Мөн хариуцагч Б.А нь эхнэр Х.Тийн Хаан банкны 5011269248 тоот дансаар дамжуулан 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2,855,000 төгрөгийг шилжүүлэн авсан тул эхнэр болох Х.Таас нь 2,855,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Б.Ааас 4,200,000 төгрөгийг, хариуцагч Х.Таас 2,855,000 төгрөг нийт 7,055,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Ш.Д өөрийн төрсөн ах Ш.Хүрэлбаатар, хариуцагч Б.А өөрийн төрсөн ах Б.Анхбаяр нар 2018 оны 09 дүгээр сард хамтарч Япон сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар амаар харилцан тохиролцсон. Энэхүү бизнесээ эхлүүлэхийн тулд Б.А нь өөрийн эх Н.Цогзолмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, бага тойруу гудамж, 5 байр, 9а болон 9б тоот хоёр орон сууцыг Капитрон банкны барьцаанд тавьж 70,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлийг Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэх зорилгоор 25,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ш.Дийн ах Ш.Хүрэлбаатарын дансанд шилжүүлж 5,000,000 төгрөгийг Ш.Дийн хаан банкны дансанд шилжүүлсэн байдаг. Ш.Д хариуцагч Б.А нар орон сууц барьцаанд тавьж бизнесийн мөнгөө гаргаж авч байгаа тул банкны зээл, зээлийн хүүг хамтран төлөхөөр харилцан тохиролцож Б.А өөрийн төрсөн эх Н.Цогзолмаагийн орон сууцыг барьцаалж зээл авсан. Ш.Д нь Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэхгүй 25,000,000 төгрөгийг буцаан өгөхгүй банкинаас авсан зээл, хүүг төлөлцөж байгаад сүүлдээ сураггүй алга болсон. Б.А нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргийг шийдвэрлэсэн болно. Ш.Дийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ш.Д банкинаас зээл, зээлийн хүүг төлсөн төлбөр юм. Энэ нь Ш.Д нэхэмжлэлдээ Ш.Д миний бие хариуцагч Б.Ат зээл болон ломбарданд тавьсан зүйлээ авахад нь зориулан шилжүүлсэн 4,200,000 төгрөгийг Б.Ааас нэхэмжилж байна гэсэн. Мөн хариуцагч Х.Таас 2,855,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Д хариуцагч Б.А нар хариуцагчийн эх Н.Цогзолмааг хоёр орон сууцыг Капитрон банкны барьцаанд тавьж түүний зээл, зээлийн хүүг хамтран төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу Ш.Д хариуцагч Б.А, Х.Т нарт банкны зээл зээлийн хүүг тохиролцсоны дагуу төлж байсан. Энэ нь Ш.Д хариуцагч нарын дансанд мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утгыг зээлийн хүү, эргэн төлөлт гэж шилжүүлж байснаар нотлогдоно. Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ааас 4,200,000 төгрөг, хариуцагч Х.Таас 2,855,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 127,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2022/00417 дугаар захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн давж заалдах гомдлын агуулга: ...Нэхэмжлэгч Ш.Д хариуцагч Б.Ат 4,200,000 төгрөг Х.Тт 2,855,000 төгрөгийг шилжүүлэхдээ хүү, эргэн төлөлт, ломбард гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байдаг. Хариуцагч Б.Аийн данс руу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 19.33 минутад хүү гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн 500,000 төгрөгийг хариуцагч мөн өдрөө 19.40 минутад банкны хүү, зээл гэх гүйлгээний утгаар банк руу шилжүүлсэн, 2019 оны 03 дугаар сарын 02-ний өдөр эргэн төлөлт гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн 2,550,000 төгрөгийг хариуцагч 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр банк руу гэх гүйлгээний утгаар 1,550,000 төгрөгийг банк руу шилжүүлсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ломбард гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн 450,000 төгрөгийг Ш.Д нь Б.Аийн 00-78УБТ улсын дугаартай автомашиныг Тайгын булаг кредит ББСБ-д барьцаанд тавьж зээл авахуулсан зээлийн хүүнд шилжүүлсэн мөнгийг шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэхь хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж хариуцагч нарыг үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан хөрөнгөө буцаан төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэн нэхэмжлэлийг хангаж шийдсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Учир нь нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.А, Х.Т нарт мөнгө шилжүүлэхдээ хүү, эргэн төлөлт, ломбард гэх гүйлгээний утгаар нэхэмжилж байгаа мөнгөнүүдийг шилжүүлж байсан. Энэхүү мөнгөнүүдийг ямар зориулалтаар шилжүүлж байсантай холбогдох нотлох баримт болох орон сууцыг барьцаанд тавьж зээл авч байсан тухай, түүний дансны хуулгууд, ломбардад автомашин барьцаанд тавьж зээл авсан тухай гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч тал тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагч Б.А өөрийн төрсөн ах болох Б.Анхбаяр, нэхэмжлэгч Ш.Д нартай хамтран ажиллаж байхдаа 25,000,000 төгрөгөөр DELICA маркийн 4 ширхэг авто машиныг япон улсаас задлан оруулж ирэн худалдаалахаар тохиролцсон боловч уг авто машины сэлбэг орж хугацаа удааширсан мөн тухайн сэлбэгийг анх тооцоолж байсан үнээр худалдаж чадаагүй, зарим сэлбэг эвдрэлтэй ашиг олж чадаагүй байна гэх үндэслэлээр хамтран ажиллахаас татгалзаж улмаар сэлбэг захисан 25,000,000 төгрөгийг буцаан авахаар шаардсан. Ингэхдээ бидний хамтын ажиллагаанд оролцоогүй, хүсэлтээр сэлбэг авчирч өгсөн Ш.Дийн ах Ш.Хүрэлбаатараас 25,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс шүүх хариуцагч Б.Аийн ээж Цогзолмаад шилжүүлсэн 14,990,000 төгрөгийг хангаж, үлдсэн 10,010,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч, Б.А, түүний эхнэр Тийн дансанд шилжүүлсэн 7,055,000 төгрөгийг хэргийн оролцогч бус этгээд шилжүүлсэн гэж үзээд Хүрэлбаатараас нэхэмжилсэн 25,000,000 төгрөгөөс хасаж тооцоогүй тул 7,055,000 төгрөгийг хариуцагч Б.А, түүний эхнэр Т нараас нэхэмжилсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

2. Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.А, Х.Т нарт холбогдуулан 7,055,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.А нь өөрийн дансаараа дамжуулж 4,200,000 төгрөг, эхнэр Х.Ттай хамтран эзэмшдэг дансаар 2,855,000 төгрөг шилжүүлэн авсан гэж, хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Б.Аийн эх Н.Цогзолмаагийн орон сууцыг барьцаалж авсан зээлийн 25,000,000 төгрөгийн хүүг Ш.Д хамтран төлөхөөр тохиролцон шилжүүлсэн мөнгө юм гэж тус тус тайлбарласан байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ш.Д шүүхэд өөрийн Хаан банкны 5003306643 тоот данснаас Б.Аийн 5028751799 тоот данс руу нийт 4,200,000 төгрөг, мөн хариуцагч Х.Тийн 5011269248 тоот данс руу 2,855,000 төгрөг шилжүүлсэн. Зохигчид дээрх мөнгийг шилжүүлсэн үнийн дүнгийн талаар маргаагүй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Б.А нар нь Б.Анхбаяр, Ш.Хүрэлбаатар нарын хамт Япон улсаас Делика маркийн автомашины сэлбэг оруулж ирж, худалдан борлуулахаар хамтран ажилласан боловч тодорхой шалтгааны улмаас гэрээ хэрэгжээгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. /хх.4-8/

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...нэхэмжлэгч Ш.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б.Аийн автомашиныг барьцаанд тавьж, эргэн төлөлт хийж байсан гэж тайлбарлаж, Тайгын булаг кредит ББСБ ХХК болон Б.А нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 02900272 тоот Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г нотлох баримтаар өгсөн байна. /хх.60-63/

7. Тайгын булаг кредит ББСБ ХХК, Ш.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Аийн автомашиныг барьцаанд тавьсан нь хариуцагч Б.А нэхэмжлэгч Ш.Доос шилжүүлэн авсан мөнгийг эргүүлэн төлсөн гэсэн үйл баримтыг нотлохгүй юм.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Б.А нэхэмжлэгч Ш.Дийн түүнд шилжүүлсэн мөнгийг буцаан төлсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

9. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03926 дугаар шийдвэрээр Б.Аийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Хүрэлбаатарт холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Ш.Хүрэлбаатараас 10,010,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 315 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Уг шийдвэрээр ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч Б.А болон түүний эхнэр н.Тийн дансаар нийт 6,705,000 төгрөг төлснийг хасаж тооцоогүй гэсэн гомдлыг хангахгүй орхиж, Ш.Доос Б.Аийн эхнэр н.Тт шилжүүлсэн нь хэргийн оролцогч бус этгээд шилжүүлсэн тул энэхүү төлбөрийг хариуцагч Ш.Хүрэлбаатар төлөх ёстой өр төлбөрөөс хасах боломжгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.

10. Анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Иймд хариуцагч Б.А, Х.Т нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалттай нийцсэн гэж үзэв.

11. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО