| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2406063961804 |
| Дугаар | 2026/ДШМ/121 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/121
2026 01 28 2026/ДШМ/121
Э.А-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор Л.Наранхүү,
хохирогч Д.Э-,
шүүгдэгч Э.А- /цахимаар/, түүний өмгөөлөгч Р.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2347 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Р.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.А-т холбогдох эрүүгийн 2406063961804 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Э-ийн А-, ........., ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар Э-/;
Э.А- нь хохирогч Д.Э-ад 70 м.кв 1 давхар хувийн сууцыг 77.000.000 төгрөгөөр барьж өгнө гэж тохиролцож, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 62.347.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны дансаар шилжүүлэн авч залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,
мөн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э-” хотхоны хаө- тоотод хохирогч Х.С-ийн эзэмшлийн “Samsung S 24 Ultra” загварын гар утсаар яриулчих гэж гуйж, хууран мэхэлж, эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Э.А-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 62.347.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-ад, 1.358.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Б-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураан авсан дансны хуулга бүхий 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Р.Батбаяр давж заалдах гомдолдоо “...Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар, шүүгдэгч Э.А- нь шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцуулахыг хүссэн. Тухайн шүүх хурлаар шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцээд хохирол төлбөртэй холбоотой 5 хоногийн хугацаа авсан байсан. Эрүүгийн хариуцлагын хурал болохоос өмнө нөхцөл байдлыг ойлгон шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцохоор шийдвэрлэж 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу эрүүгийн хариуцлагын хурлаас 1 хоногийн өмнө өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан. Өмгөөлөгч шүүх хуралд оролцохдоо гэм буруугийн хурал болсныг мэдсэн бөгөөд эрүүгийн хариуцлагын хурал болохоос өмнө хэргийн материалтай танилцах, өмгөөлөлд бэлдэх хугацаа өгөхийг шүүхээс хүссэн. Шүүх өмгөөлөгчтэй оролцохыг зөвшөөрч, хэргийн материалтай танилцах, өмгөөлөлд бэлдэх хугацаа олгоогүй хурлыг хийсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй.” гэж заасан. Шүүгдэгч нь шүүхийн аль ч шатанд өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангагдах эрхтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ”, 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно.” гэж тус тус заасан. Энэхүү шүүх хуралдаан завсарлаж эрүүгийн хариуцлагын хуралд өмгөөлөгч шинээр оролцохыг хориглосон болон өмгөөлөлд бэлдэх хугацаа өгөхгүй байх, хэргийн материалтай танилцуулахгүй байх хууль, дүрэм журам байхгүй. Шүүгдэгч хэдийд ч өмгөөлөгч авах эрхтэй, мөн урьд нь өмгөөлөгч авч байгаагүй, өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж байгаагүй бол түүнийг өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж, өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах, өмгөөлөлд бэлдэх хугацаа олгох нь Үндсэн хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх, мөн хууль дээдлэх зарчимтай нийцэх юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйл “Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зүйл”-ийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.”, 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана.”, 7.6 дугаар зүйл “Өмгөөлөгчтэй харилцах” зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэж тус тус заасан байна. Учир нь, өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангасан ч хэргийн материалыг танилцуулахгүй шүүх хуралд оруулах нь өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалан оролцох боломж бололцоо байхгүй юм. Эрүүгийн хариуцлагын хурал бол гэм буруугийн хурлаас илүү чухал ач холбогдолтой буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа шүүгдэгчийн хувьд хамгийн шийдвэрлэх мөч гэж ойлгож болох юм. Гэтэл шүүх оногдуулах ял шийтгэлийг урьдчилан тогтоосон юм шиг эрүүгийн хариуцлагын хурлыг хийхдээ өмгөөлөгчид нь хэргийн материалыг танилцуулахгүй оруулсан нь шүүгдэгчийн эрх болон өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Хоёрдугаарт, шүүгдэгч Э.А- энэхүү хэрэгт холбогдож мөрдөн байцаалтын үеэс хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй, харин хохирол төлбөрийг барагдуулах талаар хичээнгүй ажилласан байдаг. Э.А-ын үйлдсэн хэргээс хамгийн их хохирол амсаж байгаа хүн бол хохирогч Д.Э- юм. Э.А- нь засал чимэглэлийн компанид ажилтнаар орж, хийж байсан ажлаа дуусгаад тодорхой хэмжээний ажлын хөлс авч хохирол төлбөрийг барагдуулахаар ажиллаж байсан. Мөн хохирогчтой энэ талаар ярилцаж эхний ээлжинд 30.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Даанч шүүх хурал болж хоригдох болсноор хохирол төлбөрийг төлөх боломжгүй болсон. Э.А- нь 4 хүүхэдтэй, бага хүүхэд нь 2 настай, хадам эх, эхнэр, хүүхдүүдтэйгээ амьдардаг. Өөрөө л ажил хөдөлмөр хийж хохирлыг барагдуулахаас өөр тусламж дэмжлэг байхгүй. Шүүгдэгч өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, өөрийн буруугаас учруулсан хохирлоо төлөхийг хүсэж байгаа. Та бүхнийг түүний хувийн шинж байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Хэрэв Э.А- торгох ялыг зохих хугацаанд төлөхгүй бол түүнийг хорьж шийтгэх хууль нээлттэй байгаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Р.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай буюу торгох ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Шүүгдэгч хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул түүнд хорихоос өөр төрлийн ялыг оногдуулах боломжтой гэж харж байна. Учир нь хохирогч анхан шатны шүүх хуралдаанд “Шүүгдэгчид хуульд заасан зохих эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү” гэх байр суурийг илэрхийлсэн бол давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгчийн зүгээс түүнтэй уулзаж ярилцахад “Хохирлоо төлүүлмээр байгаа тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх саналтай байна” гэж хэлсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Э.А-т оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Э.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргаж байгаа тайлбарыг дэмжиж байна. Миний бие өөрийн хариуцлагагүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах болохоо амлаж байх тул надад оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчээс хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байх тул шүүх энэ талаар арга хэмжээ авч өгнө үү. Өөрөөр хэлбэл, Э.А-ыг ажил хийх боломжтой байдлаар ял оногдуулж болох хуулийн зохицуулалт байгаа бол ажлыг нь хийлгүүлж хурдан хохирлоо барагдуулмаар байна.” гэв.
Прокурор Л.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааныг хохирол төлбөр төлөх зорилгоор ажлын 5 хүртэл хоногоор завсарлуулсан. Гэвч энэ хугацаанд хохирол төлбөрийг төлөөгүй нь түүнийг хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлөх боломжгүй болохыг харуулж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэг нь тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Р.Батбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна тус хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т Монгол Улсын иргэнд хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байхаар баталгаажуулсан ба энэхүү зарчим Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ буюу Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “b”-д “...Өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх, сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцах…”, “d”-д “…Хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах, өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх; өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь мэдэгдсэн байх…”-аар тусгагдсан.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах дээрх хэм хэмжээтэй уялдуулан шүүгдэгч нь шүүхийн аль ч шатанд өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангагдах эрхтэй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.”, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулж болно” гээд 1.3-т “энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу санал, хүсэлт гаргасан” гэж, 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно.” гэж тус тус заажээ.
Хэргээс үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/6302 дугаар захирамжаар шүүгдэгч Э.А-ыг гэм буруутайд тооцож, үндэслэлийг тайлбарлаад шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр оролцогчдоос санал асуухад шүүгдэгч Э.А-аас “5 хоногийн завсарлага авч хохирол барагдуулах саналтай байна” хэмээн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулжээ /1хх 218-224/.
Эрүүгийн хариуцлагын шүүх хурал товлогдсон хугацаанд шүүгдэгч Э.А- нь өмгөөлөгч Р.Батбаяртай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж /1хх 230-231/, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батбаяраас “Шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материал танилцах боломжоор хангуулах” талаар хүсэлтийг гаргасан байх ба шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж /1хх 235-236/, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг сонсон шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулах шийдвэр гаргасан тохиолдолд уг шүүх хуралдааныг явуулахад энэ хуулийн Гучин дөрөвдүгээр бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөл нэгэн адил хамаарна.”, 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна.” гэж тус тус зааснаар анхан шатны шүүх хуралдаан нэгэнт эхэлж гэм буруугийн шүүх хуралдаан явагдаж дууссаны дараа шүүгдэгч хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан, энэ хугацаанд өмгөөлөгч авч байгаа бол шүүх тухайн өмгөөлөгчийг хуралд оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой.
Гэтэл өмгөөлөгчийг оролцуулах асуудлыг биш, харин өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
Хэрэв өмгөөлөгч нэмж оролцож байгаа, эсхүл солигдож байгаа бол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дахь хэсгийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн материал танилцуулах асуудлыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийг нэгэнт шүүх хуралдаанд оролцуулж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч, шүүгдэгчийн эрхийг заавал хангаж, анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулах учиртай.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.6 дугаар зүйлд шүүх хуралдаанд оролцогчид түүний эрх, үүргийг тайлбарлах талаар хуульчилж тус зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүх хуралдаан даргалагч нь оролцогчид энэ хуульд заасан тэдний эрх, үүргийг тайлбарлаж, шүүгдэгч, хохирогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсан эсэхийг тодруулах талаар тодорхой заасан.
Хэргийн 1 дүгээр хавтасны 218-224 дэх талд авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/6302 дугаар захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан даргалагч шүүгчээс шүүгдэгч нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, эсхүл өөрийгөө өмгөөлөх талаар асууж тодруулсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд зааснаар өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдах ёстой болохыг дурдаж байна.
Иймд дээрх алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Р.Батбаярын “...шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2347 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ