| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/39047/И |
| Дугаар | 197/ШЗ2026/24390 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШЗ2026/24390
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* дүгээр байр, ******* байрлах, “*******” СӨХ /РД: *******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, *******, ******* дүгээр байр, *******, тоотод байрлах, “” -д холбогдох,
Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 12,742,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лхагвахаш, хариуцагчийн төлөөлөгч Н.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “Бяцхан дэлхий” цэцэрлэгийн СӨХ-г хариуцаж авсан. Тухайн байрыг анх хариуцагчийн төлөөлөгчийн ээж 1411 м.кв газрын зөвшөөрөл авч, 9 давхар нийтийн орон сууц барьсан. Гэхдээ 1 давхар нь 120 м.кв буюу 2 давхар нийт 240 м.кв талбайг нь охиндоо хувийн цэцэрлэг болгож өгсөн. Өнгөрсөн хугацаанд хариуцагчийн төлөөлөгч СӨХ-ны төлбөр өгдөггүй байсан. Гэрээ хийе, СӨХ-ны төлбөр өгөх ёстой гэхэд энэ хувийнх учраас би СӨХ-ны төлбөр өгөхгүй гэсэн. Нийтийн орон сууц байхад хувийн газар гэхээр нь газрыг нь хөөцөлдөж 240 м.кв газрыг нийтийн өмч болгосон. 1411 м.кв талбай авсан хэрнээ зогсоол байхгүй. 240 м.кв талбайг хувьдаа зарсан байсан. Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийг цэцэрлэгийн түрээслэгч гэхээр нь би өөрөө олон хүүхэдтэй учраас нэхэмжлэлийн шаардлагаасаа 10,000,000 орчим төгрөгөөс нь татгалзаад 1,200,000 төгрөг болтол бууруулсан. Дараа нь хариуцагчийн төлөөлөгчтэй ярьж дундын өмчлөлийн гэрээ хийе гэхэд намайг муухайгаар хэлж, дээрэлхэж, дарамталсан. Тиймд би гомдоод дахин нэхэмжлэл гаргасан. Би хариуцагчийн төлөөлөгчийн хэлсэнчлэн өвчтэй хүн биш насаараа цэцэрлэгийн багш хийсэн. СӨХ-ны төлбөрөөр амь зуудаггүй. Сар бүр 900,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Ах дүү хамаатан саднаараа СӨХ-ны төлбөрөө өгдөггүй. Өмнө болоод байсан, яагаад өгдөг болчихсон юм гэдэг. Өмнө нь шүүхэд хандахдаа 200 м.кв талбайг 3500 төгрөгөөр тооцож сарын төлбөр нь 700,000 төгрөг буюу 18 сарын төлбөр шаардаж нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хариуцагчийн төлөөлөгч түрээслэгч гэхээр нь нэхэмжилсэн мөнгөн дүнгээсээ хасч СӨХ-ны төлбөрийг сарын 80,000 төгрөгөөр бодож шийдвэр гарсан. Сууц өмчлөгчдийн холбооноос гаргасан оршин суугч бөгөөд нийтийн аж ахуйн нэгжийн м.кв-аас авах тарифаар 1 м.кв-ыг 3,000 төгрөгөөр тооцож шаардсан. Өмнө нь шүүхэд хандсан хугацаагаараа дахин шаардаж байгаа. Хариуцагчийн төлөөлөгчид элдвээр хэлүүлснийхээ дараа дахин оршин суугчдын хурал хийсэн. Нийтийн орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж м.кв нь сарын 5,000-8,000 төгрөг төлөх сууц өмчлөгчдийн холбооноос гаргасан захирамж байгаа. Тэгээд оршин суугчдын саналыг авахад ихэнхи нь 3,000 төгрөг гэсэн байсан тул м.кв-ыг 3,000 төгрөгөөр тооцож дахин нэхэмжилсэн. Одоо 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрийг шаардаж байгаа. Сарын төлбөрийг м.кв нь 3,000 төгрөг буюу сарын төлбөр нь 600,000 төгрөг. Түүнээс өмнөх шүүхийн шийдвэрээр гарсан 1,280,000, өмнө нь төлсөн 1,000,000 төгрөг, нийт 2,280,000 төгрөгийг нэхэмжилсэн дүнгээсээ хасч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын дүнгээ бууруулж 9,120,000 төгрөгийг шаардаж байна. Өмнөх шүүх хурлын үеэр хариуцагчийн төлөөлөгч надад бөгөөд шүүгчид түрээслэгч гэж худал хэлсэн. Түрээслэгч гэж бодоод сарын 80,000 төгрөг дээр эвлэрсэн. Түрээслэгч биш учраас дахин нэхэмжлэл гаргасан.” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад өмнөх СӨХ-ны даргаас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2024 оны СӨХ-ны төлбөр 560,000 төгрөг, данс гэсэн зурвас ирж байсан. Тэгэхээр манай цэцэрлэгийн 2024 оны СӨХ-ны төлбөр 560,000 төгрөг дээр 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлөх дүн нь 720,000 төгрөг. Яагаад гэхээр цэцэрлэг 6-9 дүгээр сар хүртэл хаалгаа барьдаг. Өмнөх шүүх хуралдаан дээр 2024 оноос 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлөх дүн 1,280,000 төгрөг дээр эвлэрээд мөнгөө 3 хувааж төлсөн. Миний татгалзаж буй шалтгаан бол манай цэцэрлэг тусдаа орох гарах хаалгатай, гадна талбайгаа өөрсдөө тохижуулсан. СӨХ-ноос ямар ч үйлчилгээ авдаггүй. Одоо гаргаж буй энэ хугацаагаар өмнө нь шүүх хурал болж эвлэрээд, бүх мөнгөө төлж дууссан. 2026 оны 01 дүгээр сараас хойших төлбөрийг хоорондоо тохиролцож ойлголцоод яв гэсэн. Цэцэрлэг тодорхой хэмжээнд төлнө үү гэхээс та сар бүр энэ цэцэрлэгийг цэвэрлэдэг юм уу, засвар үйлчилгээ хийдэг юм уу, ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байж хүнээс үндэслэлгүйгээр 700,000 төгрөг нэхэх нь зохисгүй. Би сар бүр 80,000 төгрөгөөр төлөөд явахаас өөр сонголтгүй. Мөн татвар дээр сар бүр 120,000 төгрөг төлөх ёстой байтал манайхыг цэцэрлэг учраас татварын байцаагч нь хөнгөлж сарын 40,000 төгрөг төлөхөд болно гэсэн. Татвар, СӨХ гээд сар бүр 120,000 төгрөг төлөх нь жижиг цэцэрлэгт бол их мөнгө. Ямар ч үйлчилгээ аваагүй байж хэн нэгэнд мөнгө төлөх нь харамсалтэй байна. Тухайн байрны улсын бүртгэлийн гэрчилгээ миний нэр дээр байдаггүй. Би тус байранд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн эрхлэгч. Үл хөдлөх хөрөнгийг нь түрээсэлдэг” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16114 дугаар захирамжаар нэхэмжлэгч “*******” СӨХ-ны гаргасан хариуцагч т холбогдуулан гаргасан 2023-2025 оны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 11,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 66/
Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оноос 2025 оны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал болох 11,200,000 төгрөгийн 9,920,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 1,280,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд 426,667 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцон эвлэрснийг шүүхээс баталж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “...Өмнөх шүүх хурлын үеэр хариуцагчийн төлөөлөгч надад бөгөөд шүүгчид түрээслэгч гэж худал хэлсэн. Түрээслэгч гэж бодоод сарын 80,000 төгрөг дээр эвлэрсэн. Түрээслэгч биш учраас дахин нэхэмжлэл гаргасан.” гэж, “... өмнөх шүүхийн шийдвэртэй нэхэмжилж буй Хугацааны хувьд давхардаж байгаа.” гэж тус тус мэдүүлсэн ба шүүхэд дахин нэхэмжлэл гаргах үндэслэл нь Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16114 дугаар захирамжаар баталсан эвлэрлийн гэрээг байгуулах үед хариуцагчийг түрээслэгч гэж ойлгосон. Гэтэл хариуцагч түрээслэгч бус өмчлөгч байсан гэж тайлбарласан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй “” -д холбогдох, дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 12,742,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа бус, харин энэ маргааныг тухайн тохиолдолд шүүх шийдвэрлэх үндэсгүй байгааг илэрхийлж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй “” -д холбогдох, дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 12,742,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” СӨХ-ны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,063 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “*******” СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР