Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/130

 

2026           01            29                                                                               2026/ДШМ/130

А.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор С.Энхзул,

хохирогч Ц.Д-, түүний өмгөөлөгч Ц.Оргил,

шүүгдэгч А.Д- /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Балжинням, Б.Нинжбадгар,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2629 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.Д-д холбогдох эрүүгийн 2309031140567 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т- овгийн А-гийн Д-, ......, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар А-/;

А.Д- нь хохирогч Ц.Д-т “ашигтай бизнес эхлүүлж байгаа, энэ авсан мөнгийг 3 дахин өсгөж өгнө” гэж итгүүлэн, 2022 оны 07 дугаар сарын 30-ны байгуулсан 003 дугаартай “А-” ХХК-ийн хувьцаагаар оруулах хөрөнгө оруулалтын гэрээгээр үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдийн хувьцааг шилжүүлэн өгч хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Д-ийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХААН” банкны салбарт байхдаа шилжүүлсэн 100.000.000 төгрөгийг “А-” ХХК-ийн эзэмшлийн А- дансаар шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-гээс 100.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Д-т олгуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Д-д давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь нотлох баримт дутуу гэрчийн мэдүүлгээр хэт нэг талыг баримталсан алдаатай шийдвэр гэж үзэж байгаа тул миний бичсэн үндэслэл болон тайлбаруудыг харгалзан үзэж хэргийн үнэн зөвийг нягтлан шийдвэрлэнэ үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. Би Ц.Д-т мөнгийг 3 нугалж өгнө гэж хэлээгүй, хөрөнгө оруулж хамтран ажиллах үндсэн дээр уулзаж хэрэгжүүлэх төслийн танилцуулга, бизнесийн төлөвлөгөө, санхүүгийн тайлан болон дансны хуулга зэрэг компанитай холбоотой бичиг баримтуудыг танилцуулж хөрөнгө оруулах санал тавьсаны үндсэн дээр Ц.Д- нь судалж үзээд хувьцаа эзэмшигч болох шийдвэрийг гаргасан. Хувьцаа эзэмшигч болохоос өмнө мөнгө шилжүүлэх гэж байгаа тул гэрчээр мэдүүлэг өгсөн хувьцаа эзэмшигч П.Б-ын зөвлөсний дагуу “Хөрөнгө оруулалт хамтран ажиллах” хавтаст хэрэгт байгаа гэрээг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирал би компани төлөөлж хөрөнгө оруулагч ба хувьцаа эзэмшигч Ц.Д-тэй 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг 1 жилийн хугацаатай 30 хувийн өгөөжтэй гэж гэрээг байгуулсан. Дээрх гэрээг 4 дүгээр сарын 30-ны өдөр цахим шуудан руу явуулсан нотлох баримт байгаа нь хохирогч Ц.Д-ийн өгсөн мэдүүлгээс зөрж байгаа юм. Үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдгийг гэрчийн мэдүүлгээр тогтоож байгаа нь өрөөсгөл ойлголт гэж санагдаж байгаа бөгөөд гэрчийн мэдүүлгүүд нь зөрүүтэй байгаа нь хэргийн үнэнийг тогтоох болон шийтгүүлэх үндэслэл болохгүй гэж бодож байна. Жишээ нь, Ц.Д-ийн мэдүүлэг дэх “Энэ шийдвэр, дүрэм зэрэг дээрх зурагдсан гарын үсгүүд хоёулаа миний гарын үсэг биш байна. Би тэр өдөр А.Д-тэй уулзаагүй” гэсэн нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ц.Д-тэй байгуулсан “Хувьцаагаар хөрөнгө оруулалт хийх” гэрээний дүрэм, шийдвэр хоёрыг зурж баталсан өдөр нь давхцаж байгаа, гарын үсэг биш гэдэг нь “Хувьцаагаар хөрөнгө оруулалт хийх” гэрээг нотариат дээр батлуулж хувьцаа эзэмшигч болоход дүрэм, шийдвэр зэргийг шалгадгаар нотлогддог тул дээрх хохирогчийн мэдүүлэг нь зөрүүтэй байгаа юм. Мөн П.Б-, Ц.А-, М.Т- нарын хувьцаа эзэмшигч болсон талаар мэдэхгүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаагүй гэх утга бүхий мэдүүлгүүд зөрүүтэй бөгөөд хувь хүн компанийн хувьцаа эзэмшигч болох болон хувьцаа эзэмшигч байхаа болих гэрээнүүд бүгд нотариатаар дамждаг тул заавал хувьцаа эзэмшигч нь өөрөө биечлэн байж хурууны хээгээ уншуулж баталгаажуулдаг мөн нотариат хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тогтоол, хурлын тэмдэглэл зэргийг давхар шаарддаг тул гэрчийн мэдүүлгийг зөрүүтэй байгааг харуулж байна. Нийслэлийн татварын газрын албан бичиг нь үйл ажиллагаа явуулж байгаагүй гэсэн утга агуулгагүй бөгөөд миний нотлох баримт болгож өгсөн санхүүгийн тайлангууд, дансны хуулганууд зэргээр үйл ажиллагаа явуулдаг үгүйг нь тогтоох боломжтой байхад тэрийг хэрэгт дурдаагүй.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэж тэмдэглэгдсэн “2023 онд манайхаас үйл ажиллагаа явуулж байсан талаар нэг ч тайлан гаргаагүй” өгүүлбэрийг хэлээгүй, мөн “07 дугаар сарын 30-ны өдөр мөнгө авах гээд гэрээ байгуулсан гэж байна. Б- гэдэг хүн хөрөнгө оруулна, ямар ч гэсэн хувьцаа авчихъя гэж байсан. Дараа нь хохирогч манайд ирээд барьцаа байхгүй байна. Барьцаа гаргаж өг гэж хэлсэн. Өөрийнхөө компанийн үйл ажиллагааг харж байгаа болохоор та хувьцаа эзэмшигч болоод хамт үүрэг хүлээлцэж болно гэж хэлсэн” ингэж бас хэлээгүй, өөр утгаар хэлсэн. Хавтаст хэрэг дахь баримт дунд эхний гомдлоор гэмт хэргийн шинжгүй байсан гэх мэдээлэл нь хэргийн мэдээлэл, нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй байна.

Иймд өмгөөлөгч болон миний зүгээс гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, нотлох баримт дутуу ба сайн нягталж шалгаагүй зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт шалгалт хийж өгнө үү.” гэжээ.

Мөн шүүгдэгч А.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Ц.Д-тэй анх гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулалтыг “3 дахин нугалж өгнө” гэж хэлээгүй бөгөөд энэ нь бид хоёрын хооронд телеграммаар харилцсан зурвасаар нотлогдох боломжтой. Манай зүгээс үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Ц.Д-т хөрөнгө оруулалтаа татаж авъя гэсэн саналыг гаргасны дараа манайхаас гадны хөрөнгө оруулагч орж ирэх болсонтой холбоотойгоор койноор хөрөнгө оруулалтыг нь гаргах боломжтой гэж харилцан тохиролцсон. Үүний дараа Ц.Д- над руу телеграммаар койн хүлээн авмагцаа “энэ хүлээж авсан койн чинь дутуу байна” гэж бичихэд нь би “үгүй, бүрэн гүйцэд байгаа, та өөрөө тооцоод үз” гэсэн утгатай хариуг өгсөн бөгөөд уг харилцсан зурвас телеграмм группт хадгалагдсан байгаа. Үүнийг харахад “гурав нугалж өгнө” гэж хэлээгүй нь нотлогдох боломжтой. Мөн гэрч нарын өгсөн мэдүүлэг, холбогдох баримт бичгүүд хэрэгт авагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нотариатчийг дуудаж мэдүүлэг авна гэсэн байсан боловч мэдүүлэг аваагүй. А- нь нүүрэлдүүлэн мэдүүлэг авах явцад бид хоёрын мессенжерээр харилцсан зурвасуудыг танилцуулсан. Уг зурвасуудад тухайн этгээд манай компанийн хувьцаа эзэмшигч болсон, хувьцаа эзэмшигчдээс ноогдол ашиг тараах талаар асуусан агуулга бүхий харилцаа байдаг. Тухайлбал, “ноогдол ашиг хэзээ тараах вэ” гэсэн асуултад “чи хөрөнгө оруулалтаа хийчихвэл компанийн үйл ажиллагаа жигдрэхэд дэмтэй, үйл ажиллагаа жигдэрсний дараа ноогдол ашиг тараах боломж бүрдэнэ” гэсэн утгатай харилцан зурвас бий. Мөн Б-ын хувьд өөрийгөө компанийн хувьцаа эзэмшигч болоогүй гэж мэдүүлдэг боловч бид хоёрын хооронд Ватс-Аппаар “нэг хувьцаанд орох хөрөнгө оруулалтаа хэзээ хийх вэ” гэхэд “хийе, одоогоор мөнгөний боломж тааруу байна” гэсэн агуулгатай харилцсан зурвасууд хадгалагдсан бөгөөд эдгээр нь нотлох баримтаар ашиглагдах боломжтой. Үйл ажиллагаа явуулж байсан эсэх, ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулж байсан талаарх нөхцөл байдлыг тогтоох бүрэн боломжтой. Үүнтэй холбогдуулан нотариатчийг дуудаж мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн Ц.Д- нь хөрөнгө оруулагчаар оролцсон гэдгийг нотлох боломжтой гэрчүүд бий. Манайхтай өмнө хамтран ажиллаж байсан “Мянганы сорилтын сан”-д ажиллаж байсан хүмүүс үүнийг нотолж чадна. Учир нь тухайн байгууллагын оффис манай оффисоос ойролцоогоор 200 метрийн зайд байрладаг байсан бөгөөд тэдгээр хүмүүс манай оффисоор байнга орж гардаг байсан. Ц.Д- нь хөрөнгө оруулалт хийснийхээ дараа манай оффис дээр Батсүх, Нарангарав, Билгүүн, Цэнгэл зэрэг хүмүүсийг дагуулан ирж, “А.Д-гийн байгуулсан компани, би хөрөнгө оруулалт хийсэн, одоо хэлтсийн дарга нь” гэх мэтээр танилцуулж байсан. Эдгээр гэрчүүдийг оролцуулбал дээрх нөхцөл байдлыг нотлох боломжтой гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч Т.Балжинням давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруутайд тооцсон тухай дүгнэхдээ “шүүгдэгч А.Д- нь хохирогч Ц.Д-т ашигтай бизнес эхлүүлж байгаа, энэ авсан мөнгийг 3 дахин өсгөнө гэж итгүүлэн, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 003 дугаартай “А-” ХХК-ийн хувьцаагаар оруулах хөрөнгө оруулалтын гэрээгээр үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдийн хувьцааг шилжүүлэн өгөн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Д-ийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбарт байхдаа шилжүүлсэн 100.000.000 төгрөгийг “А-” ХХК-ийн эзэмшлийн А- дансаар шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт тогтоогдож байна.” гэж ойлгомжгүй, логик дараалалгүй, бодит байдалд биелэх боломжгүй дүгнэлтийг хийж, хүнийг гэмт буруутайд тооцжээ. А.Д- нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулах замаар хохирогчийг ятгаж итгүүлсэн юм бол Ц.Д- нь түүнээс 2 сарын өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр юунд зориулж, ямар зорилгоор 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн байж таарах вэ... гэдэг нь ойлгомжгүй байна.

Мөн дүгнэлтэд “...энэ авсан мөнгийг 3 дахин өсгөж өгнө гэж итгүүлэн...” гэж огт яригдаагүй, болоогүй, нотлох баримтаар авагдаагүй зүйлийг тусгасан байгаа нь шүүх хөндлөнгийн байр сууринаас биш хохирогчийн мэдүүлгийг хэт дөвийлгөн, хэргийн бусад нотлох баримт, үйл явдлынхаа дараалалтай хэрхэн нийцэж байгааг харьцуулахгүйгээр яллах талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь шүүгдэгчийн зүгээс 3 дахин өсгөж өгнө гэж хэлээгүй гэдэг талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлдэг. Хэдийгээр шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээх үүрэггүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ч түүний энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн 1 дугаартай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”-ээр давхар тогтоогддог. Тус гэрээний 1.3 дахь хэсэгт /А тал нь Б талдаа гэрээний 000004 хувь/-ийн нэмэгдэлтэй эргүүлэн олгох гэж заасан. Тус гэрээг ийм гэрээ байгуулагдсан, миний гарын үсэг мөн байна гэж хохирогч Ц.Д- өөрөө баталдаг. Энэ гэрээний дагуу маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хөрөнгө оруулалтыг шилжүүлсэн байхад үүнийг шүүх хэрхэн нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн мэдүүлэг нь болж өнгөрсөн үйл явдлууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай яг цав таарч байхад түүнийг үнэлэхгүйгээр хохирогч болон гэрч нарын зөрүүтэй, ойлгомжгүй мэдүүлгүүд зэргийг үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй байна. Учир нь нотариатаар батлагдсан тодорхой гэрээнүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлд “А-” ХХК-ийг болон түүний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүртгэсэн албан ёсны баримтууд байхад гэрч, хохирогч нарын зүгээс “миний гарын үсэг биш, ийм компанийн удирдах зөвлөлд би ороогүй” гэх мэтээр эргэлзээтэй, хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн байдлаар төөрөгдүүлсэн мэдүүлэг өгч байхад тэдгээр нотлох баримтуудын эх сурвалж, нотариат болон улсын бүртгэлийн байгууллага юуг үндэслэн баталж, бүртгээд байсныг шалгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...анхан шатны шүүх хавтаст хэрэгт байхгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй мэдүүлгүүдийг үндэслэн гэм буруутайд тооцсон гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт “3 нугалж төлнө” гэх мэтээр итгүүлсэн гэж дурдсан боловч ийм агуулгатай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин хэрэгт авагдсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээнд “30 хүртэлх хувийн ашиг өгөх боломжтой” гэж заасан бөгөөд хохирогч уг гэрээнд өөрөө гарын үсэг зурж байгуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь хохирогч болон гэрч нарын хоорондоо зөрөөтэй мэдүүлгүүдийг үндэслэн гэм буруутайд тооцсон нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй. Мөн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Учир нь гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, нотариатаар баталгаажсан гэрээ болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гарын үсэг нь миний гарын үсэг биш гэж тайлбарлаж байгаа нөхцөл байдал байсан. Гэтэл нотариатын байгууллага нь төрийн нэрийн өмнөөс, хуульд заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээ баталгаажуулж, эрх зүйн үр дагаврыг хариуцдаг байхад “ямар баримт ирүүлнэ, түүнийг нь бүртгэдэг” гэх тайлбараар уг асуудлыг шаардлагагүй гэж үзэн урьдчилсан хэлэлцүүлэг хийхээс татгалзсан. Улмаар шүүх гэм буруугийн шүүх хуралдаан явуулсан тул цагаатгах байр сууринаас маргасан. А.Д-гийн хэргийг дахин шалгуулах шаардлагатай гэж үзэж байгаа нь дараах үндэслэлтэй. Үүнд гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, нотариатын байгууллага тухайн гэрээг албан ёсны эх сурвалжид үндэслэн баталсан эсэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгэгдэх боломжгүй этгээдийг бүртгэсэн эсэх, мөн А.Д-гийн гэм буруугийн асуудлыг компанийн үйл ажиллагаатай холбон хөрөнгө оруулалтын мөнгийг хаана, хэрхэн зарцуулсан талаар шалгах шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан, урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, дээрх ажиллагааг гүйцэтгүүлэх шаардлагатай байна гэв.

Шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч Б.Нинжбадгар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхэд бие даан гомдол гаргаагүй. Шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй. Нэгдүгээрт, гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоож чадаагүй байхад гэм буруутайд тооцсон. Шийтгэх тогтоолд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөг шилжүүлж авсан гэж дурдсан боловч хуурсан үйлдлийг 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, шилжүүлэг хийгдсэнээс хойш хийсэн гэж тогтоосон байна. Энэ нь гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ төгссөн нь тодорхойгүй байгааг харуулж байна. Хоёрдугаарт, хавтаст хэрэгт Ц.Д-, А.Д- нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ авагдсан байхад анхан шатны шүүх уг гэрээг хэрхэн үнэлсэн, эсхүл ямар үндэслэлээр няцаасан талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Гуравдугаарт, 100.000.000 төгрөг шилжүүлсэн гэж үзэж байгаа данс нь “Богд” банк дахь “А-” ХХК-ийн данс боловч тус дансны хуулга хавтаст хэрэгт огт авагдаагүй. Уг мөнгийг хувьдаа зарцуулсан эсэх эсхүл компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг тодруулах боломжтой ач холбогдол бүхий баримт хэрэгт цуглуулагдаагүй. Дөрөвдүгээрт, үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдийн нэрийг ашиглан хувьцаа шилжүүлж хуурсан гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан татварын байгууллага, улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтуудаар 2022-2023 онд дүрмийн өөрчлөлт бүртгүүлсэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргасан, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурсан баримт байдаг. Эдгээр баримтын ач холбогдлыг үнэлээгүй. Тавдугаарт, тухайн үед 7-8 ажилтан ажиллаж байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эдгээрийг огт дурдаагүй, дүгнэлт хийгээгүй. Зургадугаарт, хохирогч Ц.Д- нь “би хувьцаа эзэмшигч байгаагүй, мөнгө зээлүүлсэн” гэж мэдүүлдэг. Гэтэл хавтаст хэргийн 50-56 дугаар талд авагдсан телеграммаар харилцсан зурваст Ц.Д- нь өөрийгөө “Angel Investor Board, Director Board”-ын даргын хувиар харилцаж байна гэсэн агуулгатай мессежнүүд байдаг. Эдгээрээс харахад тэрээр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигчийн байдлаар оролцож байсан нөхцөл байдал тогтоогдож болохоор байна. Энэ талаар ажиллагаа бүрэн хийгдээгүй. Долдугаарт, хохирол, хор уршгийг бодитой тогтоож чадаагүй. Хохирогч анх болон дараагийн мэдүүлгүүддээ 103.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлдэг байхад мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 100.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Үлдсэн 3.000.000 төгрөгийг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгдээгүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд прокурор “3.000.000 төгрөгийн нотлох баримт авагдаагүй тул иргэний журмаар нэхэмжлэх боломжтой” гэж тайлбарласан нь тухайн хохирол гэмт хэргийн улмаас учирсан эсэх талаар тодорхой бус байдал үүсгэж байна. Наймдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх эрүүгийн хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх ёстой, шаардлагатай бол 30 хоног хүртэл сунгах боломжтой. Гэтэл А.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан атлаа 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь хуулиар тогтоосон хугацааг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдийн дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах байр суурийг дэмжиж байна” гэв.  

Хохирогч Ц.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...өмнө нь байгуулсан гэрээ байсан гэж яригдаж байгаа боловч тийм гэрээ огт байгуулаагүй. Энэ талаар миний гаргасан өргөдөлд тодорхой бичигдсэн байгаа. Ямар нэгэн барьцаа хөрөнгө, барьцаа байхгүй байсан учраас би тухайн хүний хойноос удаан хугацаанд, хэдэн сарын турш хөөцөлдсөний эцэст 7 дугаар сарын 30-ны өдөр Рамада зочид буудалд нотариатчийг байлцуулан хоёр гэрээ байгуулсан. Үүнд, нийслэлийн худалдан авах гэрээ болон “А-” ХХК-ийн хувьцаагаар хөрөнгө оруулах хөрөнгө оруулалтын гэрээ багтана. Харин тэдний ярьж байгаа компанийн дүрэмд тухайн өдөр зурсан гэх гарын үсэгтэй би танилцсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан компанийн дүрэм дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш юм” гэв.

Хохирогч Ц.Д-ийн өмгөөлөгч Ц.Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...энэ хэрэгт холбоотой гэмт хэргийн шинжийг агуулсан хэд хэдэн нөхцөл байдлыг тодруулж тайлбарлая. Нэгдүгээрт, хувьцаа эзэмшигчээр оруулсан гэж яригдаж байгаа компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцийг бүрдүүлэхдээ А-ийг оролцуулахгүйгээр хурал хийж, түүний гарын үсгийг хуурамчаар зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар А- өөрөө мэдүүлсэн байдаг. Хоёрдугаарт, шүүгдэгч өөрийн мэдүүлэгт “Герман улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ, хэрэв таны мөнгийг өгч чадахгүй бол 150.000.000 төгрөгийг тэндээс олж өгнө” гэж тайлбарласан боловч үүнийг нотлох ямар нэгэн баримт байхгүй. Хэрэв үнэн байсан бол уг баримтыг өөрөө гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Гуравдугаарт, “мөнгийг өгч чадахгүй бол компанийнхаа хөрөнгийг зараад өгнө” гэж тайлбарладаг боловч уг компани ямар хөрөнгөтэй вэ гэдэг нь тодорхой бус, компанийн хөрөнгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Үүнийг мөн адил нотлох боломжтой байсан. Дөрөвдүгээрт, АнхБ-, А-, Б- зэрэг хөрөнгө оруулагчид нийт 250.000.000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарладаг ч энэ нь бодит байдалд нийцэхгүй, үүнийг нотлох баримт байхгүй бөгөөд энэ талаар шүүгдэгч өөрөө мэдүүлэгтээ дурдсан. Тавдугаарт, уг компанийг 2.000.000.000.000-3.000.000.000.000 төгрөгийн үнэлгээтэй компани гэж тайлбарладаг. Гэвч хэрэгт авагдсан гэрээ, баримтуудаас харахад компанийн дүрмийн сан, үндсэн хөрөнгө, хувьцаанд бүртгэгдсэн байдлаар ийм үнэлгээнд хүрэх ямар ч боломжгүй байна. Үүнийг нотлох баримт байхгүй. Зургадугаарт, 100.000.000 төгрөгийг компанийн үйл ажиллагаа, платформыг сайжруулахад зарцуулсан гэж тайлбарладаг боловч үүнийг нотлох санхүүгийн баримт, гүйлгээ, зарцуулалтын нотолгоо хэрэгт авагдаагүй. Үүнийг мөн адил гаргаж өгөх боломжтой байсан. Долдугаарт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банк дахь А- дугаартай ам.долларын дансны хуулгаар 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл онлайн покер тоглож, нийт 61.000 ам.долларын орлого, зарлага хийсэн нь тогтоогдож байна. Харин хэрэгт авагдсан баримтаар “А-” ХХК болон А.Д-гийн бусад данснуудаас бодитой орлого тогтоогдоогүй. Иймд 100.000.000 төгрөг онлайн тоглоомд зарцуулагдсан байх магадлал харагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа бараг хоёр жилийн хугацаанд явагдсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч гомдолд дурдсанчлан өөртөө байсан нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэг удаа тайлбар өгсөн боловч одоо шаардлагатай гэж яригдаж байгаа нэмэлт нотлох баримтуудыг цуглуулах бодит шаардлага байхгүй гэж үзэж байна. Учир нь тус компани хууль бус бүрэлдэхүүнтэй, хуурамч гарын үсгээр бүртгэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Ийм нөхцөлд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн ч хэргийн бодит байдалд өөрчлөлт орох боломжгүй. Анхнаасаа хуурамч бичиг баримтаар зохиомол нөхцөл байдал зориудаар бий болгосон нь тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн, үнэн зөв гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.

Прокурор С.Энхзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгчийн зүгээс нотариатч болон “Мянганы сорилтын сан”-д ажиллаж байсан зарим этгээдээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр этгээдүүдээс мэдүүлэг авах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь хохирогч, шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээр мөнгө шилжүүлэгдсэн цаг хугацаанд А.Д- тухайн хуулийн этгээдэд ажиллаж байсан эсэх, гарсан эсэх нөхцөл байдал аль хэдийн тогтоогдсон. Иймд “Мянганы сорилтын сан”-тай холбоотой гэрч нараас мэдүүлэг авах нь хохирогч Ц.Д-ийг залилсан эсэх асуудлыг нотлоход ач холбогдолгүй. Нотариатчаас мэдүүлэг авах тухайд, хохирогч өөрөө тайлбарлахдаа нотариатчийг байлцуулсан шалтгаан нь өөрийн эд хөрөнгийг буцаан авах, хамгаалах зорилготой байсан бөгөөд нотариатч нь гэрээг зөвхөн гэрчлэн баталгаажуулсан гэж мэдүүлсэн. Нотариатч нь Нотариатын тухай хуульд зааснаар хөндлөнгийн гэрчийн байр сууринаас оролцдог бөгөөд үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх, гэрээ хэлцлийн агуулгад зөвлөгөө өгөх эрх бүхий этгээд биш тул энэ үндэслэлээр шүүгдэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Ц.Оргилын дурдсанчлан уг хэрэгт урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж нь гомдол гаргах эрхгүй, шууд хүчин Т- үйлчилдэг, өнөөдрийг хүртэл хүчинтэй байна. Иймд хэргийг прокурорт буцаах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль зүйн боломжгүй. Өмгөөлөгч Т.Балжиннямын бичгээр гаргасан гомдлын тухайд, “шүүх хэрэгт байхгүй нотлох баримтад үндэслэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч 1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар хуудсанд хохирогч Ц.Д-ийн анх өгсөн мэдүүлэгт “3 дахин нугалж өгнө” гэсэн агуулга тодорхой тусгагдсан байдаг. Иймээс шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хохирогчийн мэдүүлгийг үнэлж дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөнгө шилжүүлсэн үйл баримт нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, харин гэрээг 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Үүнээс үзэхэд гэрээ байгуулагдсан шалтгаан нь хохирогч өөрийн шилжүүлсэн мөнгөө буцаан авах, эд хөрөнгөө хамгаалах зорилгоор өөрийн санаачилгаар хийсэн үйлдэл бөгөөд бодит хөрөнгө оруулалтын гэрээ биш юм. Иймд уг гэрээг халхавч болгон ашигласан залилангийн үйлдэл гэж дүгнэсэн. Гэмт хэрэг гарсан цаг хугацааны тухайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь шүүгдэгч хохирогчийн мөнгийг хүлээн авч, захиран зарцуулах бодит боломж бүрдсэн үед төгссөнд тооцогдоно. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “А-” компанийн А- дугаартай данс руу 100.000.000 төгрөг шилжүүлсэн нь хохирогчийн дансны хуулгаар тогтоогдсон. Мөн уг мөнгө шүүгдэгчийн компанийн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу шилжсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд гэмт хэрэг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төгссөн гэж үзэх үндэслэлтэй. Богд банкны дансны хуулгыг тусад нь авах нь ач холбогдолгүй бөгөөд мөнгө шилжсэн, захиран зарцуулах боломж бүрдсэн байдал хангалттай тогтоогдсон. 3.000.000 төгрөгийн асуудал нь 100.000.000 төгрөгийн асуудлаас өмнө шүүгдэгч болон хохирогч нарын хоорондын зээлийн маргаантай холбоотой бөгөөд иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал юм. Иймд прокуророос гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 100.000.000 төгрөг гэж дүгнэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2629 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, 1.3 дахь заалтад дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, 1.4 дэх заалтад дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байсан тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж хуулийн шаардлагыг тодорхойлжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг ийнхүү тогтоосон нь “гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, хугацаа..., гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ”-г шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”-аар шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос шүүгдэгч А.Д-г хохирогч Ц.Д-т 2022 оны 07 дугаар сарын 30-ны байгуулсан компанийн хувьцаагаар оруулах хөрөнгө оруулалтын гэрээгээр үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдийн хувьцааг шилжүүлэн өгч, түүнээс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн ба мөнгөн шилжүүлэг хийгдсэнээс хойш хуурч хувьцаа шилжүүлсэн мэтээр бичсэн нь ойлгомжгүй байх бөгөөд анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, цаг хугацааны талаар нарийвчилсан дүгнэлт хийлгүй яллах дүгнэлтийг хуулбарлах байдлаар бичиж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Татварын газраас ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/218 дугаартай албан бичгээр А- регистрийн дугаартай “А-” ХХК нь цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын төрлөөр 2022 онд 5.166.050 төгрөг, 2023 онд 9.541.223 төгрөг төгрөг, нийт 14.707.273 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй /1хх 82/ гэсэн баримт авагдсан байна.

Тодруулбал; “А-” ХХК 2022, 2023 онд үйл ажиллагаа явуулсан байхад яллах дүгнэлтэд “...үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээд...” гэсэн нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байна.

Мөн “А-” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын шийдвэр /тогтоол/, компанийн дүрэм болон өөрчлөлт оруулсан баримтад хуурамч гарын үсэг зурагдсан талаар хохирогч Ц.Д- хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд прокурор хуурамч гэдгийг тайлбарлаж, мэдүүлсэн хэдий ч үүнийг зөвхөн мэдүүлэг, тайлбараар хуурамч гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд “А-” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын шийдвэр /тогтоол/, компанийн дүрэм болон өөрчлөлт оруулсан баримтад зурагдсан гарын үсгийг шинжилгээний байгууллагаар хуурамч эсэхийг тогтоолгож, хэрэв хуурамч бичиг баримтыг ашиглаж, бусдыг залилсан гэж дүгнэлт хийх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэрэв тухайн бичиг баримт нь хуурамч гэдгийг мэдсээр байж нотариат баталсан асуудал үүсвэл нотариатын үйлдэлд мөн адил хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлага бий болох бөгөөд улмаар энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг шалган тодруулах нь зүйтэй.

Түүнчлэн, шүүгдэгч А.Д-гийн хувьд хохирогч Ц.Д-ээс 100.000.000 төгрөгийг Богд банк дахь “А-” ХХК-ийн дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон.

Залилах гэмт хэргийн хувьд, гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг онцлогтой тул анхан шатны шүүх хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудаар А.Д- нь Ц.Д-ээс 100.000.000 төгрөгийг хэрхэн, ямар аргаар авсан, Ц.Д- нь тухайн мөнгийг ямар итгэл үнэмшлээр өгсөн, А.Д- нь мөнгийг хувьдаа зарцуулсан эсэх, эсхүл компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхэд хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иймд дээрх ажиллагааг хийсний эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч А.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2629 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                               Л.ОДОНЧИМЭГ

 

 

.