| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2026/00015/И |
| Дугаар | 150/шш2026/00082 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 150/шш2026/00082
| 2026 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 150/ШШ2026/00082 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Туулын хишиг ОНӨААТҮГ-ыг төлөөлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар баг Бор толгой 11 гудамж 03 тоотод оршин суух хаягтай, Хар бүргэд овгийн Попогийн Соль /РД:МК64012601/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Соёлын төвд холбогдох
дулааны төлбөрт 14,538,233.03 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч "*" ӨНӨААТҮГ нь Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын дулаан хангамжийн үйлчилгээг 2009 оноос одоог хүртэл тасралтгүй ханган ажиллаж ирсэн. Сэлэнгэ аймгийн Эрчим хүч зохицуулах зөвлөлийн 2016 оны 07-р сарын 08-ний өдрийн 26 тоот тогтоолоор 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн халаалтын үнийн тариф 1176.02 төгрөг болж нэмэгдсэн боловч дээрх байгууллагуудын төсөвт шинэчлэгдсэн үнэ тусгагдаагүй шалтгаанаар хэрэглэсэн дулааны бодит өртөг болон төсөвт суусан төлбөрийн зөрүү тогтмол хуримтлагдаж, улмаар хариуцагч байгууллагууд нэхэмжлэгч байгууллагад төлбөрөө барагдуулалгүй өнөөг хүртэл 4,538,233.03 төгрөгийн өр үүсгээд байна. Нэхэмжлэгч “*” ОНӨААТҮГ нь хэд хэдэн удаа хариуцагч Сэлэнгэ аймгийн * болон Санхүү, төрийн сангийн хэлтэс, Боловсрол соёл урлагийн газруудад албан хүсэлт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл өр төлбөр барагдуулж ажиллаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрсэн болно. Дээр дурдсан үндэслэлтэйгээр хариуцагч байгууллагуудаар 4,538,233.03 төгрөгийн 50 хувь болох тул 2,269,116.53 төгрөгийг төлүүлэх саналтай байна...” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч * нь шүүх хуралдаанд: “...Манай зүгээс 2016 оны өр төлбөрийг 10 жилийн дараа нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 50 хувь багасгасан хэдий ч төлөх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд яагаад энэ төлбөрөө нэхэмжлэхгүй байсан юм бэ. “*” ОНӨААТҮГазар нь халаалтын талаар хангалтгүй байдаг. Төвийн шугамд холбогдсон гэсэн хэдий ч ажилчид, иргэд гадуур хувцастайгаа үйлчлүүлдэг. Манай байгууллагын зардал улсын төсвөөс санхүүжилт танагдаж орж ирсэн...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ОНӨААТҮГ нь хариуцагч Сэлэнгэ аймгийн *д холбогдуулан дулааны төлбөрт 4,538,233.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Соль шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Сэлэнгэ аймгийн Эрчим хүч зохицуулах зөвлөлийн 2016 оны 07 сарын 08-ний өдрийн 26 тоот тогтоолоор халаалтын зардал 1176,02 төгрөг болж нэмэгдсэн. Энэ байгууллага нь шинэчлэгдсэн үнэ төсөвт тусгагдаагүй гэх үндэслэлээр төлбөрийн зөрүү тогтмол хуримтлагдсан тул 4,538,233.03 төгрөгийг *өөс гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон,
Хариуцагч Сэлэнгэ аймгийн *ийн даргын үүрэг гүйцэтгэгч * нь “Манай зүгээс 2016 оны өр төлбөрийг 10 жилийн дараа нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 50 хувь багасгасан хэдий ч төлөх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд яагаад энэ төлбөрөө нэхэмжлэхгүй байсан юм бэ. Тэгээд ч * ОНӨААТҮГ нь халаалтын хувьд хангалтгүй байдаг, иргэд болоод ажилчид хувцастайгаа үйлчлүүлдэг. Манай байгууллагын зардал улсын төсвөөс санхүүжилт танагдаж орж ирсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч байгууллага буюу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “*” ОНӨААТҮГ нь дулааны төлбөрийн зөрүүг *өөс нэхэмжилж байгаа ба “*” ОНӨААТҮГ нь энэ үйл ажиллагааг явуулах эрхтэй эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай.
Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Хуулийн этгээд дараахь үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ, 12.1.2-д дулаан үйлдвэрлэх, 12.4-т Энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл олгоно… тус тус хуульчилсан байна.
“*” ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд “хөдөө аж ахуй машин төхөөрөмжийн түрээс, газар тариалан эрхлэх” гэж үйл ажиллагааны чиглэлийг заасан байна.
*” ОНӨААТҮГ нь дулаан үйлдвэрлэх, дулаанаар хангах эрхтэй эсэхийг нотолсон нотлох баримт болох тусгай зөвшөөрлийн хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй тул тусгай зөвшөөрөлгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй…. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг дулааны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэдгээ нотлоогүй байх тул *******өөс нэхэмжилсэн нэхэмжлэл үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй эсэх, дулаан үйлдвэрлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй, тусгай зөвшөөрлийн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй нь “*” ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн *д холбогдох 4,538,233 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, шүүх хуралдааны шатад нэхэмжлэлийн шаардлагыг 50% бууруулж нэхэмжилсэн 2,269,116.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*” ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Сэлэнгэ аймгийн *д холбогдох 4,538,233 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, шүүх хуралдааны шатад нэхэмжлэлийн шаардлагыг 50% бууруулж 2,269,116.53 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН