| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2026/00128/И |
| Дугаар | 150/шш2026/00106 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 150/шш2026/00106
| 2026 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 150/ШШ2026/00106 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: * аймгийн * сумын * дугаар багт оршин суух Охин *ыг нас барсныг бүртгэж нас барсны гэрчилгээ олгохыг улсын бүртгэлд даалгах тухай иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 4 хүүхэд төрүүлж, нэг хүүхэд маань 2 нас 10 сартайдаа өвчний улмаас эмнэлэгт нас барсан. Алдарт эхийн одон авах гэтэл 4 хүүхэд төрүүлсэн байх шаардлага хангаж байгаа боловч охин * нас барсан. Охин * 1989 оны 05 дугаар сарын 28-ний өдөр төрсөн, 1992 оны 02 сарын 25-нд нас барсан. *ы төрсний бүртгэлийн лавлагаа архиваас гарсан. Нас барсан тухай лавлагаа гараагүй. Бид нас барсны гэрчилгээ аваагүй. Эмнэлгээс нас барсан тухай бичиг баримт олдоогүй. Хүсэлтэд талийгаач охин *ы өнгөрөхөөсөө өмнө аавтайгаа авхуулсан гэрэл зураг, *ы төрсний бүртгэлийн лавлагаа, *ы нэр дээрх улсаас өгсөн Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, Улаан паспорт, Гэрлэлтийн лавлагаа, 3 хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг хавсаргав. Иймд *ыг нас барсныг бүртгэж, нас барсан гэрчилгээ олгохыг Иргэний бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү, манай охин бөгсөн дээр нь юм гараад, одоо бодоход хавдар л байсан юм шиг байгаа юм. Уйлаад зовиуртай байсан учраас би охиноо нөхөртөө өгөөд явуулсан. Эх нялхаст хагалгаанд ороод бурхан болсон. Би өөрөө төрөөд дөнгөж 7 хонож байсан, нялх биетэй байсан учраас хамт явж чадаагүй юм....” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь шүүхэд охин *ыг нас барсныг бүртгэж нас барсны гэрчилгээ олгохыг улсын бүртгэлд даалгах тухай хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй. Гэхдээ шүүх *ыг нас барсныг тогтоосны үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллага нас барсны бүртгэлд бүртгэх боломжтой болно гэж дүгнэсний үндсэн дээр *ыг нас барсныг тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч * нь 1989 оны 05 дугаар сарын 28-ны өдөр охин Ганболдын Болорчулууныг төрүүлсэн бөгөөд * нь өвчний улмаас 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эмнэлэгт нас барсан болох нь
1. Болорчулууны CVL2543310001000121 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 9 хуудас/
2. “Хайрт охиноо үүрд дурсана” гэх зургийн цомогт авагдсан *ы гэр бүлийн хамт даруулсан гэрэл зураг /хх-ийн 6-8-р хуудас/,
3. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 24/192 дугаартай “ Сайхан сумын нас барсны бүртгэлийн 1992-1997 оны дэвтэрт шүүж үзэхэд Ганболд овогтой Болорчулууны нас барсны бүртгэл бүртгэгдээгүй тул лавлагаа олгох боломжгүй болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 10-р хуудас/,
4. Ганболд овогтой Болорчулууны 055787 дугаартай Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг /хх-ийн 11-р хуудас/
5. Хүсэлт гаргагч *ийн 1981 онд олгосон иргэний улаан паспорт, үүний “энэ паспортод бичигдэх хүмүүс” гэх хэсгийн 1-т Ганболд Болорчулуун ТГ:89052809 гэсэн бичиглэл /хх-ийн 4-р хуудас/
6. Хүсэлт гаргагч *ийн “Бид охиноо нас барсан талаарх гэрчилгээ аваагүй, тухайн үед нялх биетэй байсан болохоор хөөцөлдөж яваагүй байх, охин маань өвчний улмаас эмнэлэгт нас барсан юм” гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
* нь 1989 оны 05 дугаар сарын 28-ны өдөр охин Ганболдын Болорчулууныг /РД:ТГ89052809/ төрүүлж улсын бүртгэлд 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн боловч нас барсан гэх бүртгэл Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй байна.
Хүсэлт гаргагч нь охин *ыг 2 ой 10 сартай байхдаа 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан гэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Ганболдын Болорчулууныг 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсныг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар 1989 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Ганболдын Болорчулууныг 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН