| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 184/2022/00232/И |
| Дугаар | 210/МА2022/00956 |
| Огноо | 2022-05-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2022/00956
| 2022 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2022/00956 |
С.Ц-, Х.О- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/00880 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.Ц-, Х.О- нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч НШШГГ-т холбогдох,
2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/5 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.О-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 2а байрны 41 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах тухай тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00055 дугаар захирамжаар Х.О-, С.Ц- нараас 80,000,000 төгрөг гаргуулж АК ББСБ ХХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Дээрх шүүгчийн захирамжид болон шүүхийн гүйцэтгэх хуудаст нэхэмжлэгч Х.О-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 2А байрны 41 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулах талаар огт тусгаагүй. Гэтэл хариуцагч байгууллага шүүхийн гүйцэтгэх хуудаст заагдаагүй ажиллагаа явуулж Х.О-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 2 А байрны 41 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Мөнх оргил трейд ХХК-аар 113,824,700 төгрөгөөр үнэлгээ тогтоолгон, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 176, 177 дугаар зүйлийг баримтална, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт хоёр дахь албадан дуудлага худалдааг эхний албадан дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж тус тус заажээ. Гэтэл НШШГГ- нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлж, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Мөн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээ гарснаас хойш 1 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хил гаалийн асуудал үүсч барилгын материалын үнэ өсч өмнө худалдаалагдаж байсан үнэ ханшийн гуравны нэгээс багагүй хэмжээнд өөрчлөлт гарч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зохицуулсан. Нэхэмжлэгч нарын зүгээс хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр дахин үнэлгээ тогтоолгохыг хүсч ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч тэд гомдлыг урьдчилсан журмаар шийдвэрлэхдээ ...Шүүх шийдвэрлэсэн тул дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчдийн зүгээс өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээнд гомдол гаргаж шүүхэд хандсан бөгөөд энэ удаагийн үндэслэл нь тус хуулийн 55.5 болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т заасан буюу өмнөх үндэслэлээс өөр нөхцөл байдал үүссэн тул хуульд заасны дагуу урьдчилсан журмаар гомдол гаргасан болно. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/00824 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 987 дугаар магадлал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалтыг хэрэгжүүлэхэд болон асуудлыг хуульд заасны дагуу урьдчилсан журмаар шийдвэрлэхэд саад болохгүй. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоох хуульд заасан үндэслэл бий болсныг төлбөр төлөгч нараас баримтаар нотлон, хүсэлт гаргасаар байхад хариуцагч дахин үнэлгээ тогтоолгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан, хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацаа хэтрүүлж зохион байгуулах зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан нь шийдвэр гүйцэтгэгч нарыг төлбөр авагч АК ББСБ ХХК-тай ашиг сонирхол нэгтэй, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч талд шилжүүлэх зорилготой хууль бус үйл ажиллагаа юм. Ийнхүү хариуцагч нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьж явуулсан үйл ажиллагаа болсон. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/5 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.О-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 2 А байрны 41 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ20178/00055 дугаар шийдвэрээр Х.О-, С.Ц- нараас 80,278,975 төгрөгийг гаргуулж АК ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.О-, С.Ц- нарын өмчлөлд болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад Х.О-ын өмчлөлд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 2А байрны 41 тоот орон сууц бүртгэлтэй бөгөөд төлбөр авагч АК ББСБ ХХК-д үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь тогтоогдсон. Иймд Х.О-ын өмчлөлийн АК ББСБ ХХК-д барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003834 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 2а байрны 41 тоотод байрлах орон сууцыг 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 17250818/02 тоот тогтоолоор битүүмжилж 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17250818/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал өгөхийг төлбөр төлөгч С.Ц-ын хаягаар 2020 оны 4-149/33547 тоот мэдэгдлээр хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, төлбөр төлөгч Х.О-ын зүгээс үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч АК ББСБ ХХК-ийн зүгээс 2020 оны 001 дугаартай албан бичгээр шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/456 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор МТ ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатарыг томилж эрх үүргийг тайлбарлан өгч үнэлгээг тогтоолгоход 113,824,700 төгрөгөөр тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч Х.О-т 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 4-149/35138 дугаартай мэдэгдэх хуудсаар, төлбөр төлөгч С.Ц-ад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар тус тус мэдэгдэж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус газраас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Х.О-ын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/00824 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 987 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Иймд төлбөр төлөгч Х.О-ын өмчлөлийн орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус газраас зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 119,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн хугацааг олгосон боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул НШШГГ-т холбогдох тус газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/5 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны Х.О-, С.Ц- нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, төлбөрт хураагдсан хөрөнгөд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах тухай С.Ц-, Х.О- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заалтыг буруу хэрэглэж анх тогтоосон үнийн биш албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон үнийн гуравны нэгээс тооцож зөрүүг гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүднээс нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар үнэлүүлсэн.
Тус үнэлгээгээр Х.О-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 2А байрны 41 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлд зарагдаж байгаа одоогийн үнэлгээг 2022 оны 3 дугаар сарын байдлаар 158,208,000 төгрөг гэж тогтоосон, хариуцагч тал үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаагүй. Иймд хариуцагч талын 2 жилийн өмнө тогтоолгосон үнэлгээ болох 113,824,700 төгрөгийн 3/1-ээс багагүй хэмжээнд өөрчлөлт орсон болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, үнэлгээчний тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнэ байхыг хуульд тодотгож өгсөн байхад хариуцагч талын 2 жилийн өмнө тогтоолгосон зах зээлийн биш хуучин үнэлгээгээр худалдан борлуулсныг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Бидний хөрөнгийг 113,824,700 төгрөгийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулж 119,500,000 төгрөгөөр зарсан нь үнэ ханшийн хувьд өссөн мэт харагдаж байгаа боловч одоогийн зах зээлд зарагдаж байгаа эрх бүхий байгууллагаар сүүлд тогтоолгосон 158,208,000 төгрөгт хүрэхгүй, даруй 38,708,000 төгрөгийн зөрүүтэй байгаа нь өмчлөгч нарын эрх ашигт илт хохиролтой байна.
Хариуцагч хоёр дахь албадан дуудлага худалдааг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 987 дугаар магадлал хүчин төгөлдөр болмогц шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан гэж үзэж хоёр дахь албадан дуудлага худалдааг даруй зохион байгуулах нь хуульд нийцнэ. Учир нь: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан хугацаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасантай уялдсан буюу зах зээлд зарагдаж байгаа үнэ өөрчлөгдөх, ханшийн зөрүү үүсэхээс сэргийлсэн иргэний эрх зүйн хамгаалалтын зарчимд нийцсэн зохицуулалт гэж үзэж байгаа бөгөөд анхны болоод хоёр дахь албадан дуудлага худалдааны хоорондын зай холдох тусам үнэ ханшийн зөрүү үүсч өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Улмаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээ гарснаас хойш бараг 2 жил орчим болж байхад тус үнэлгээгээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан нь бидний эрх ашгийг хөндсөн ажиллагаа болсон.
Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын зарчимд нийцүүлж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 987 дугаар магадлал хүчин төгөлдөр болсноор хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах хугацааг тоолох ёстой атал төлбөр төлөгч Х.О-ыг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч маргаснаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан хугацааг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Хэрэв энэ хугацаандаа 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан бол 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулснаас даруй 6 сарын өмнө учир ханшийн өөрчлөлт бага байх магадлалтай байсан. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өмчлөгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нарийвчилсан хууль болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаар хэргийг үргэлжлүүлэхээр заасан. Хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэж байна. Хугацаа алдсан нь төлбөр төлөгчид давуу эрх олгогддог. Төлбөр төлөгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны аль ч үе шатанд худалдан борлуулах эрхтэй. Хөрөнгийг худалдан борлуулах эрх төлбөр төлөгчид байсан. Хөрөнгө үнэлэгдсэн үнээс 20-30 сая төгрөгийн илүү үнээр дуудлага худалдаанд худалдан борлогдсон. Хөрөнгийг хэт бага үнээр дуудлага худалдаанд оруулсан гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тухайн хөрөнгийн доод үнийг тогтоож өгч байгаа болохоос ямар нэгэн байдлаар тухайн хөрөнгийн дээд үнийг заагаагүй. Нийтэд мэдээлсэн хөрөнгө хэдэн төгрөгт хүрэх нь чанар байдлаас шалтгаалж харилцан адилгүй байдаг. Нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй байна.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
1. Нэхэмжлэгч С.Ц-, Х.О- нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан
1.а. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/5 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож,
1.б. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 2а байрны 41 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 33-34/
2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
2.а. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/00055 дугаар шүүгчийн захирамжаар АК ББСБ ХХК нь Х.О-, С.Ц- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91,483,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг зохигчид 80,000,000 төгрөгт эвлэрч 2017 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /хх38-40/
2.б. Төлбөр төлөгч Х.О-, С.Ц- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон, шинжээч барьцааны зүйлийг 113,824,700 төгрөгөөр үнэлсэн баримт авагдсан. /хх44/
2.в. Х.О- нь үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/00824 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 987 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогджээ. /хх52-56, 57-63/
3. Зохигч хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/5 дугаар тогтоолыг хүчингүй болгох болон орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхээр, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заасан.
Төлбөр төлөгч Х.О-, С.Ц- нар нь НШШГГ-т дахин үнэлгээ хийлгэх, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/64 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. /хх6,69/ Дээрх хугацаанд Х.О-, С.Ц- нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр гомдлыг хангахаас татгалзсан.
Хууль журмын дагуу үнэлэгдсэн хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь анхны үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлд хамаарахгүй юм.
Түүнчлэн, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/5 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-149/24237, 4-149/24233 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд зохион байгуулах талаар мэдэгджээ. /хх66-67/ Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
Хөрөнгийг хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасанд нийцэх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/00880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ш.ОЮУНХАНД