Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 873

 

 

 

 

     2018         06          13                                    2018/ШЦТ/873

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч С.Солонго,

нарийн бичгийн дарга  Н.Гэрэлтуяа,

өсвөр насны шүүгдэгч Э.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэдалай, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,

өсвөр насны шүүгдэгч У.Л, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг, тэдгээрийн өмгөөлөгч А.Ганбат,

өсвөр насны шүүгдэгч Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Батсайхан, тэдгээрийн өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Л, Б.С нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706000000233 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь Б.С, У.Л нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Шинэ монгол" сургуулийн урд хохирогч О.Хүслэнгийн Самсунг эс-5 маркийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдсэн,

Өсвөр насны шүүгдэгч У.Л нь Э.Т, Б.С нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Шинэ монгол" сургуулийн урд хохирогч О.Хүслэнгийн Самсунг эс-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн,

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь У.Л, Э.Т нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Шинэ монгол" сургуулийн урд хохирогч О.Хүслэнгийн Самсунг эс-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.                    

                                                                                         /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч Э.Т нь У.Л, Б.С нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг, өсвөр насны шүүгдэгч У.Л, Б.С нар нь Э.Ттэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч О.Хүслэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...3 банди утсаар яриулчих гэж гуйсан тэгэхээр нь би нэгж байхгүй гэхэд ээжийн бие тааруухан байна ганц яриулчих гээд гуйгаад байсан. ...би чадахгүй гэхэд утас барьсан гарнаас барьж мушгиад байсан. Тэгээд би гар өвдөөд утсаа тавьсан. Тэгтэл утас аваад зугтаасан. ...Миний биед учирсан гэмтлийг Тэмүүлэн гэх хүүхэд миний гар утсыг булааж аваад зугтаахдаа мушгиж гэмтээсэн. Хажууд нь өндөр нь буюу Л нь байсан. С нь ойролцоогоор 5 орчим метрийн зайтай зогсож байсан. Эдгээр залуус хэрэг болох үед эхлээд над дээр Т, Л нар ирээд гар утсаа өгч бай ярьчихаад өгье гэхээр нь би өгөхгүй гэтэл уг 2 хүүхэд цаашаа очоод Стайгаа нийлж шивнэлдээд ярилцаж байгаад эргэж Т, Л нар ирээд Т миний гар утсыг булааж аваад зугтаасан..." мэдүүлэг /хх-ийн 24, 26 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч О.Энэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...нэг ах ирээд гар утсаараа яриулчих гэж эгчээс гуйсан. Энэ үед эгч үгүй гэж хэлээд намайг нэгж аваад ир гээд дэлгүүр лүү оруулж би дэлгүүрээс 1000 төгрөгийн нэгж аваад эгч Хүслэнд авч ирж өгөхөд эгч нэгжээ гар утсандаа хийчихээд сул бариад зогсож байхад эгчээс эхлээд гар утсыг нь гуйсан хүүхэд манай эгчийн гар утсаа барьсан гарыг нь мушгиад утсыг нь булааж аваад зугтаагаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Т.Анужингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 "...Хүслэн нэгжээ гар утсандаа хийчихээд зогсож байхад Хүслэнгийн гар утсаар ярьчихаад өгье гээд гуйгаад байсан хүүхэд Хүслэнгийн гар утсыг булаацалдаж байгаад гар утсыг аваад цааш зугтаагаад явахад Хүслэн уг хүүхдийн араас нь хөөж Энэрэл бид 2 цаана зогсож байсан 2 хүүхдийн араас нь хөөсөн. ...Уг хүүхдийн 2 найз нь цаана нь хүлээгээд зогсож байгаад Хүслэнгийн гар утсыг булаагаад зугтаахад салаад зугтаасан. ...Хүслэн надад хэлэхэд цагдаагийн газарлуу явж байхад гар нь өвдөөд байсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 13734 дугаартай:

О.Хүслэнгийн биед зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 486 дугаартай:

2017 оны 11 сарын 06-ны өдрийн №13734 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 161 дугаар хуудас/

 

-насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл  /хх-ийн 7-9/

- эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-14/,

- насанд хүрээгүй хохирогч болон өсвөр насны шүүгдэгч нарын насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 18-21/,

- цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 22/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би яллагдагчаар татаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг гардаг өдөр писи тоглоомын газарт Л, Т нартай уулзсан. Уг газраас гараад тэд нар Шинэ Монгол сургууль орж хүүхэдтэй уулзлаа. Чи араас хүрээд ир гээд тэр 2 гараад явсан. Би писи тоглоомын газарт хүүхэдтэй уулзчихаад араас нь гараад Шинэ Монгол сургуулийн зүг явж байгаад Лтой уулзахад Т цаана утсаар яриад зогсч байсан. Ингээд Л бид 2 юм яриад зогсч байхад Т зугатаарай гээд гүйсэн. Тэгэхээр нь Л бид 2 замаар зугатааж Т байрнуудын голоор орж зугатаасан. Би Лоос юу болсон юм бэ яагаад зугатаад байгаа юм бэ гэж хэлээд зогсч байхад үл таних ах ирээд бид хоёрыг бариад авсан. Энэ үед утсаа алдсан гэх охин ирээд Лийг утсаа авъя гэж хэлээд цохиод байсан. Тэгэхээр нь би Лоос Т та 2 хаана уулзана гэж ярьсан юм бэ гэхэд Л Зевс писи тоглоомын газарт уулзахаар тохирсон гэхээр нь би уг охинд утсыг чинь авч явсан хүүхдийг олоод өгье гэсэн. Ингээд бид Зевс писи тоглоомын газарт очиход Т байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

 

Өсвөр насны шүүгдэгч У.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. С, Т бид нар хохирогч О.Хүслэнгийн хохиролыг бүрэн баргадуулсан. 2017 оны 11 сарын 01-ний өдөр Т уг охины гар утсыг гуйж авсан. Тэгээд намайг дуудаад Ганаагийн дугаарыг асуухаар нь би Ганаагийн дугаарыг хэлэхэд Т залгаад би Слуу буцаад явсан. Энэ үед Т уг охины гар утсыг аваад зугатахаар нь С бид 2 айсандаа араас нь зугатаагаад яасан юм бол гэж бодоод зогсч байхад гар утсаа булаалгуулсан охин С бид 2 дээр ирээд миний гар утсыг тэр бандиасаа олж ир гэж хэлэхээр нь олоод ирье гэж хэлээд С нэг ахтай хамт хайгаад явж байхад цагдаа ирээд биднийг авч явсан гэх мэдүүлэг /хх-н 46-47/

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Хүслэнгээс гар утсыг нь гуйхад Хүслэн өөрөө надад гар утсаа өгсөн. Энэ үед цаанаас Хүслэнтэй уулзахаар нэг охин ирсэн. Тэгэхэд Хүслэн найзынхаа хамт надаас жаахан цааш холдсон. Гэтэл Л намайг дуудахаар нь би Лийн хажууд очиход Л гар утсыг аваад одоо гялс гүй гүй гэж хэлэхээр нь би цаашаа Хүслэнгийн гар утсыг аваад гүйхэд Л С нар цаашаа зугатаасан. Намайг зугатаагаад гүйж байхад Хүслэн араас хөөе гээд чарласан тэгэхээр нь би 2 найзыгаа баригдсан байна гэж бодоод очсон чинь цагдаагийн автомашин ирчихсэн байхаар нь би яваад өгсөн юм. Миний хувьд Хүслэнгийн биед хүрээгүй учир би гэмтэл учруулаагүй. Дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх хүний гар утас булааж, дээрэмдэх санааг Л гаргасан. Лийн гар утсыг С аваад 75.000 төгрөгөөр ломбарданд тавьсан байсан юм. Хэрэг гардаг өдөр Л 2-лаа хамт яваад Стай уулзъя гэхээр нь би орой болчихсон байна гэхэд гялс уулзчихаад явъя гээд Стай очоод уулзахад С мөнгийг чинь яг маргааш өгье чи яг маргааш авчих гэхээр нь Лд хандаж орой болчихсон байна би харьлаа гээд гадаа гарахад араас С, Л нар гарч ирсэн. Л хүний гар утас булаагаад би авчихъя тэгээд нэг өдөр аргалъя гэхээр нь би харилаа гэтэл бид 2 гүйнэ гэж юу байхав дээ чи нэг удаа туслачихаач гэхээр нь би үгүй гэхэд Л, С нар туслачихаач гээд 2-лаа гуйгаад байсан. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Гэтэл Л тэгвэл тийшлэе гээд Шинэ Монгол сургуулийн урд талруу очиход Хүслэн эмэгтэй жаахан хүүхдийн хамт явж байхад Л чи наад охиныхоо утсыг нь асуугаатах гэхээр нь би Хүслэн дээр очоод утсаараа ганц яриулчих гэхэд Хүслэн гар утсаа надад өгсөн энэ үед Хүслэнгийн найз ирээд дээр асуудал болсон. Л бид хоёрыг Хүслэнтэй ойр байхад С бид хоёроос 10-20 орчим метр зайтай байсан. Л Сыг чи цаашаа байж бай гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хорооны тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэрэгийн хуулбар  /хх-ийн 63-86/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны гэрч, өсвөр насны сэжигтэн, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Э.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, өсвөр насны шүүгдэгч У.Л, Б.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Т, У.Л, Б.С нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Л, Б.С нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь :

 

1. Өсвөр насны шүүгдэгч Э.Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Өсвөр насны шүүгдэгч У.Л, Б.С нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дургаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Тд хоёр жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дургаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Л, Б.С нарт зургаан сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Тд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

Өсвөр насны шүүгдэгч У.Л, Б.С нарт оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг гурван сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т, У.Л, Б.С нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т, У.Л, Б.С нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэргийн учир өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Т, У.Л, Б.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ