| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2502006890448 |
| Дугаар | 2026/ДШМ/131 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/131
Г.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор Б.Ариунтөр,
шүүгдэгч Г.Т- /цахимаар/, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2666 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Т-т холбогдох эрүүгийн 2502006890448 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Г-ын Т- ........, (регистрийн дугаар Г-),
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/163 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “Өршөөн хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн;
Г.Т- нь 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн В1 давхарт байрлах эрүүлжүүлэх, саатуулах байранд дуудлага, мэдээллийн дагуу хүргэгдэх үедээ өөрийн биедээ 2 хэсэг цаасны хамт нийт 1.9965 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ 1.9965 грамм цэвэр жинтэй, олсны ургамал буюу “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1,9965 грамм цэвэр жинтэй бор өнгийн ургамал мэт зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу 39.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан хавтаст хэрэгт авагдсан прокурорын яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоол, мөрдөгчийн саналыг хүчингүй болгуулах тухай тогтоол нь дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, 1.3, 1.4 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, нөлөөлж болох зөрүүтэй байгааг харгалзахгүйгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.
Хэдийгээр шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн хувьд нийгэмд аюултай үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ шүүгдэгч Г.Т- 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн В1 давхарт байрлах эрүүлжүүлэх, саатуулах байранд өөрийн биедээ 2 хэсэг цаасны хамт нийт 1,9965 грамм цэвэр жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хөдөлбөргүй тогтоохыг шаардсан хэд хэдэн хуулийн шаардлага байгаа бөгөөд мөрдөгчийн хавтаст хэрэгт бэхжүүлсэн үйл баримтаас харахад шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хангалттай баримт биш байгаа нь харагддаг.
1. прокурор Б.Тогтохын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар мөрдөн шалгах ажиллагааг хүчингүй болгох тогтоол гаргасан. 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн үйл баримтууд нь /1хх 23/ талд авагдсан мөрдөгчийн саналыг хүчингүй болгох тогтоолоор үзлэг хийсэн тэмдэглэлүүдийг хүчингүйд тооцсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1-22.5 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн ажиллагаанд хамаарч байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасныг баримтлан яллагдагчийн шээснээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн шинжилгээ хийгээгүй.
3. Шүүгдэгч анхнаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах эрхээ хамгаалуулсан байдлаар мэдүүлэг өгөөгүй байхад бичиж гарын үсэг зуруулсан, хх-38, 42 дугаар талд авагдсан мэдүүлэг зөрүүтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтыг зөрчин зөвхөн түүний мэдүүлгээр ялласан.
4. Бодисыг олж авсан талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар эх сурвалжийг тогтоогоогүй буюу хх-37-38, хх-41-42 талд авагдсан мэдүүлгийн зөрүүнд дурдагдсан асуудлыг тодруулаагүй, эх сурвалжийг мухарлаж тогтоогоогүй.
5. 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0325/6571 тоот Шинжээчийн дүгнэлтээр делта-9 тетрагидроканнабинол илэрч байна гэх боловч ямар хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоох боломжгүй байна гэснийг анхаараагүй. Энэ тус эд мөрийн баримтаар хураагдсан зүйл нь сэтгэцэд нөлөөлөх бодис мөн эсэхэд хүртэл эргэлзээтэй.
Уг хавтаст хэрэгтэй танилцахад хэргийн бодит байдалтай нийцэх нотлох баримтуудаас харахад шүүхийн тогтоолд дурдсан үйл баримтыг үгүйсгэх өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн эсэх нь яллагдагчийн сэжигтнээр өгсөн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ үүсэж байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж цогцоор нь дүгнэхэд учир дутагдалтай. Энэ төрлийн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг бүхэлдээ зөрчигдөж байна гэж үзэхээс гадна шүүхээс дээрх саналыг хэрэглэх боломжгүй, эсхүл боломжтой эсэхийн талаарх ямар нэгэн тайлбар хийгээгүй дүгнээгүй байх тул хуульд заасан үндэслэлээр шүүгдэгчийн эрх ашгийн төлөө хандаж байгааг хүлээн авна уу.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 11.28-ны өдрийн 2025/ШЦТ/2666 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г Т-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.
Мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тодруулахад, манай үйлчлүүлэгч өөрөө гомдол гаргаагүй. Харин өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр хууль зүйн үүднээс, хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзсэн нөхцөл байдал, шийтгэх тогтоолд тусгагдсан баримт, нотлох баримтуудтай холбоотой тайлбар, гомдол гаргасан. Тухайн хэрэгт анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон. Тэрээр тухайн үед Улаанбаатар хотод оршин сууж, түр оршин суух хаягийн тодорхойлолтоо, мөн шинээр гаргуулсан хорооны тодорхойлолтоо шүүхэд гаргаж амжаагүйгээс өөрийгөө өмгөөлөх, хөнгөрүүлэх нөхцөл байдлаа бүрэн дурдаж чадаагүй, хурал аль хэдийн орсон байсан гэж тайлбарласан. Үүний улмаас өмгөөлүүлэх эрх нь бодитоор хангагдаагүй гэж үзэж, өмгөөлөгч шүүхийн шатнаас оролцож эхэлсэн болно. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 1.3 дахь хэсэг, 1.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Тухайлбал, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, сэдэл, зорилгыг шийтгэх тогтоолд тусгахдаа шүүхийн дурдсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай зөрчилдөж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үйл баримтуудыг эцэслэн тогтоогоогүй, эх сурвалжийг тодорхойлоогүй байна. Эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн цагдаа Чинхүслэн нь дараагийн мөрдөгчид хоёр эд зүйлийг хүлээлгэн өгсөн талаар ярьж байгаа боловч энэ нь хэрэгт тодорхойгоор тогтоогдоогүй байна. Т-ын 38, 41 дүгээр талд авагдсан мэдүүлгүүд хоорондоо зөрөөтэй бөгөөд анх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, эрүүлжүүлэгдсэн нөхцөл байдалтай холбоотойгоор “энэ минийх мөн эсэхийг хэлж мэдэхгүй байсан” гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Түүнчлэн тухайн эд зүйл нь үнэхээр Т-ынх мөн эсэх, мөн шээсний шинжилгээгээр илрээгүй нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлтээр тухайн бодисын хэмжээ, төрөл тодорхой бус, хүрэлцэхгүй гэж дүгнэсэн байхад эдгээр нөхцөл байдлыг шийтгэх тогтоолд хангалттай тусгаагүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолд “энэ нотлох баримтаар тогтоогдсон” гэж дурдсан баримтууд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хэрэгт мөрдөгчийн санал авагдсан боловч уг саналыг хүчингүй болгосон прокурорын тогтоол байдаг. Энэ нь зөрчлийн шинжтэй хэрэгт эрүүгийн хэрэгт хамаарах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан үндэслэлээр хүчингүйд тооцогдсон. Хэрэг 9 дүгээр сарын 5-нд илрээгүй гэж үзсэн боловч 9 дүгээр сарын 19-ний өдрийн прокурорын тогтоолоор өмнөх тогтоолыг хүчингүй болгосон. Гэсэн хэдий ч анх илэрсэн нөхцөл байдал, мөрдөгч, оролцогчдын мэдүүлгүүдийн зөрүүг бүрэн шалгалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг бүхэлдээ зөрчигдөж байна гэж үзэхээс гадна шүүхээс дээрх саналыг хэрэглэх боломжгүй, эсхүл боломжтой эсэхийн талаарх ямар нэгэн тайлбар хийгээгүй дүгнээгүй. Түүнчлэн тухайн бодис нь холбогдох конвенц, жагсаалтын аль хэсэгт хамаарах эсэхийг тогтоосон гэж үзсэн боловч үүнийг няцаасан нотлох баримт, тайлбарыг шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Иймд Т-ын үйлдэл, холбогдол бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал хэвээр байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдол гаргаж байна. Мөн хэрэв шүүхийн тогтоол хэвээр үлдэх тохиолдолд манай үйлчлүүлэгчийн Улаанбаатар хотод оршин суух хаягийн тодорхойлолтыг үндэслэн зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээг өөрчлөн, зорчих эрх олгож өгнө үү гэсэн хүсэлтийг давхар гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч Г.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.
Прокурор Б.Ариунтөр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ эсрэг байр суурь баримтлахыг хориглосон. Өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хувь хүн, хуульчийнхаа хувьд бус, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хэлмээр байна. Өмгөөлөгчийн гомдолд дурдсанчлан мөрдөгчийн үйл ажиллагааг хүчингүй болгосон асуудлын тухайд, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Тогтох нь мөрдөгчийн саналыг хүчингүй болгосон нь үнэн. Гэвч уг нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулаагүйтэй холбоотой биш юм. Уг ажиллагаа нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд хийгдсэн зөрчлийн шинжтэй ажиллагаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хар тамхи илрүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч нь эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг маргааныг шалгах явцад хуульд заасан журмын дагуу цуглуулсан баримтыг нотлох баримтаар тооцох боломжтой. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд эрүүлжүүлэх байранд хүлээн авахдаа тухайн этгээдийн биед авч явсан эд зүйлийг нэг бүрчлэн тэмдэглэж хадгалах, 8.7-д мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч түр хураан авч шалгах эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр хуульчилсан. Уг зохицуулалтын дагуу тухайн сэтгэцэд нөлөөлөх бодисыг хураан авсан бөгөөд хар тамхитай холбоотой дуудлага, мэдээллийн дагуу явуулсан ажиллагаа биш юм. Энэ нь хоёр өөр, тусдаа ойлголт. Үүний дагуу Хар тамхитай тэмцэх газрын цагдаагийн мөрдөгч эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол үйлдэж, хавтаст хэргийн 25-26 дугаар талд авагдсан байна. Прокурор нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд уг баримтыг үгүйсгээгүй, харин эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, камерын бичлэгийн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтнуудын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд үндэслэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн гаргасан “өмгөөлүүлэх эрх хангагдаагүй” гэх гомдлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч зайлшгүй оролцуулах тохиолдолд шүүгдэгч Г.Т- хамаарахгүй. Шүүхийн шатанд өмгөөлүүлэх эрхийг нь тайлбарлаж, хангах боломж бүрдсэн байна. Эх сурвалж тогтоогоогүй гэх асуудлын тухайд, шүүгдэгч Г.Т- өөрөө “сүүлд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэж тайлбарласан бөгөөд яллах дүгнэлтэд уг мэдүүлгийг дурдсан. Яллагдагч, шүүгдэгч нь гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд эх сурвалжийг заавал тогтоолгох шаардлага тавих нь хууль зүйн хувьд боломжгүй. Шүүгдэгч Т- нь өмнө нь 2021 онд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхээр сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашигласан гэмт хэрэгт холбогдож, өршөөлд хамрагдсан баримт хэрэгт авагдсан. Монгол Улсын нэгдэн орсон 1988 оны НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах эмийн хууль бус эргэлттэй тэмцэх тухай конвенцын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бодит нөхцөл байдлаас санаа, зорилгыг тогтоох боломжтой. Хэрэгт авагдсан камерын бичлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр 1.1-1.099 грамм сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэг жилийн хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Т-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Г.Т-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Т- нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн В1 давхарт байрлах эрүүлжүүлэх, саатуулах байранд дуудлага, мэдээллийн дагуу хүргэгдэх үедээ өөрийн биедээ 2 хэсэг цаасны хамт нийт 1,9965 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ 1.9965 граммын цэвэр жинтэй, олсны ургамал буюу “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч О.Ч-ийн “...2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шөнө 00 цаг 20 минутад Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхоны гадаа намайг хүн зодох гээд байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгаад иргэн Г.Т-ыг холбогдогчоор тогтоож Зайсан-120-д эрүүлжүүлж биед нь үзлэг хийхэд “Еsse” гэх бичиглэлтэй, ногоон өнгийн хайрцаг дотор цаасанд ороосон, дотроо ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйл 2 ширхэг байсан. Тухайн иргэний эд зүйлийг түр хураан авах тэмдэглэл хийж Зайсан-120-д хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн...” /хх 29-30/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/6571 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн цаасанд боосон ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” /хх 46-48/,
Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчдийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 989 дугаартай “...Г.Т- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна...” /хх 52-53/ гэсэн дүгнэлтүүд,
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицерын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “...Г- овогтой Т-ын биед үзлэг хийхэд “Еsse” гэх ногоон хайрцаг дотор цагаан өнгийн цаасанд ороосон өвс мэт зүйл гарч ирснийг тэмдэглэлд тусгаж...” /хх 8/ гэх илтгэх хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 19-22/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Т-ын хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Н.Нарантуяагаас “...өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын эх сурвалжийг тодруулаагүй, шинжээчийн дүгнэлтээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ямар хэмжээгээр агуулагдаж байгааг тодруулж чадаагүй зэрэг үндэслэлийг дурдаж гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж чадаагүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй”, 1.2 дахь заалтад “өсвөр насны”, 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй” 1.4 дэх заалтад “бүх насаар хорих ял оногдуулж болох”, 1.5 дахь заалтад “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч”, 1.6 дахь заалтад “өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан” бол эрүүгийн хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгч оролцуулахаар хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж заасан тул түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг алдагдуулж, сэтгэцийн тогтворгүй байдал, улмаар сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аюултай нөлөөлөл бүхий бодис юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц, нийгмийн хор аюул ихтэй тул энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлж, энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон.
Хэдийгээр шүүгдэгч Г.Т-ын шээснээс сэтгэц нөлөөт бодис илрээгүй ч хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Т-ын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ 1.9965 граммын цэвэр жинтэй, олсны ургамал буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгохдоо хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах, эсхүл өөрчлөн хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Н.Нарантуяагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2666 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т- нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ