Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 150/шш2026/00095

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 150/ШШ2026/00095

Сэлэнгэ аймаг

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                        

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

            Нэхэмжлэгч  * аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух * овогт * /РД:*/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч * аймгийн * сумын * бүсэд байрлах “*” ХХК (РД:*)-д холбогдох,

 

"* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/963 тоот тушаалыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь 2025 оны 11 дүгээр сарын сүүл цалин хоцроосон гэх шалтгаанаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Миний бие 2025 оны 01 сарын 27,28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод * газарт томилолтоор ажилласан. 2025 оны 11 дүгээр 28-ны өдөр цалин тавих байсан ч *ээс орж ирэх ёстой мөнгө орж ирэхгүй байж байгаад орой 17 цагаас хойш тавьсан. Ажилчдаас ирсэн гомдол санал байхгүй, үйлдвэрт учруулсан хор хохирол байхгүй, тул цалингийн 20%-ийг хасуулсанд гомдолтой байна.  2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс хойш "*" ХХК-нд тооцоологч эдийн засагч, материалын нягтлан бодогч, авлага, борлуулалтын нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, Санхүү бүртгэл тайлагналын хэлтсийн даргаар ажиллаж, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүү удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тасралтгүй 09 жил 06 сар тус компанид ажиллаж байна.

Тус компанийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн танхимын зөвлөгөөнөөр Санхүү удирдлагын газрын дарга нь 11 дүгээр сарын мөнгөн урсгал доголдолгүй байна гэж танилцуулсан боловч байгууллагын зарим ажилчдын цалинг тогтоосон хугацаанд олгоогүй зөрчил гаргасан талаар дурдаж арга хэмжээ тооцно гэж Гүйцэтгэх захирал мэдэгдсэн. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч *т 2025 оны 11 дүгээр сарын 17- ний өдөр 2025 оны 11-12 сарын мөнгөн урсгалын төлөвлөгөөгөө танилцуулсан. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч * нь тухайн төлөвлөгөөтэй танилцуулж, гарын үсэг зурсан. Мөнгөн урсгалын хомсдолд орох талаар Гүйцэтгэх захирал мэдэж байсан. Миний бие ажлын байрны тодорхойлолт болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9 дэх заалтын дагуу удирдлагыг үнэн зөв мэдээллээр цаг хугацаанд нь хангаж, компанийн өр, авлагыг бууруулах ажлыг зохион байгуулан ажилласан.

Мөн Гүйцэтгэх захирлын зөвшөөрлийн дагуу 2025 оны 11 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод томилолтоор ажилласан. Тус өдрийн 17:02 минутад * ТӨҮГ-аас 517,740,837.5 төгрөг Хаан банкны дансанд шилжүүлсэн байсан 16:00 цагаас хойш 5,000,000 төгрөгөөс дээш гүйлгээг банк хооронд шилжүүлэхэд Монгол банкаар дамжиж дараагийн ажлын өдрийн 11:00 цагт шилждэг учир Хаан банкны 5048372897 тоот данснаас интернэт банкаар дамжуулан банк хооронд гүйлгээ хийж болгохгүйн улмаас 5,000,000 төгрөгөөр гүйлгээнүүдийг шивж, шилжүүлж ажилчдын цалинг олгосон, тухайн өдөр 999,715,669.79 төгрөгийн гүйлгээг интернэт банкаар хийсэн бөгөөд манай компанийн интернэт банкны лимит 1 тэрбум төгрөг байдаг учир тус өдөр интернэт банкаар дахин гүйлгээ хийх боломжгүй болсон. Хаан банкны * тоот дансанд 2025 оны 11 сарын 28-ны өдөр 237,375,839.85 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2025 оны 12 сарын 01- ний өдөр зарим ажилчдын үлдэгдэл цалинг олгосон бөгөөд үлдэгдэл цалингийн дүн 236,700,855.27 төгрөг болсон. Энэ нь мөнгөн урсгалыг төлөвлөгөөгүй ажилласан гэдэг үндэслэлгүй гэж үзэж байна. Тус тэмдэглэлийг үндэслэн *-т хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах хүсэлт гаргасан боловч 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах боломжгүй" тухай 02/295 албан тоот хариу ирүүлсэн. Ажилчдын цалин олгох өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч * миний бие "*" ХХК-ийн Гүйцэтгэх захирал *ын үүрэг даалгавар болон зөвшөөрлийн үндсэн дээр Улаанбаатар хотод 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр холбогдох газрын даргатай уулзалт хийсэн. Уг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/963 тоот тушаалд нэхэмжлэгч * намайг мөнгөн урсгал төлөвлөөгүй нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлийг дурдаж сахилгын шийтгэл оногдуулсан нь илт үндэслэл муутай хууль бус тушаал гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч * миний бие ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэн ажилласан, мөн тухайн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр албан томилолтоор компанийн удирдлагын зүгээс ажиллуулсан мөртөө үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар хасаж сахилгын шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байгаа тул "*" ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/963 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч * Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэл 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/963 тоот тушаалыг хүчингүй болгох тухай байсан ч  өнөөдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гүйцэтгэх захирал мөнгөн урсгалын тайланг танилцуулахын хувьд танилцуулсан. Төлөвлөгөөгөө батлуулаад гарын үсэг зуруулсан байсан. Энэ хүн Санхүү удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан учраас учирч болох эрсдэлээ урьдчилан мэдэж, төлөвлөх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Компанийн тухай хуулийн 83.1-д зааснаар тухайн компанийн гүйцэтгэх удирдлага үүнийг хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Мөн хуульд зааснаар * -ийн буюу толгой компанийн чиг үүргийг хэрэгжүүлдэг эрх бүхий албан тушаалтан болохоос гүйцэтгэх удирдлага биш. Энэ тушаал гарах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч хэлэхдээ цалин тавих хугацаанд албан томилолттой байсан. Мөн Тухайн үед интернэт банкны гүйлгээний лимит 1,000,000,000 төгрөгөөс хэтэрсэн тул дараагийн 1 дэх  өдрийн өглөө ажилчдын цалинг тавьсан байдаг. Цалинг тавиагүй байсан нь дан ганц *ын буруу байсан юм уу? гэдгийг эргэлзээгүй тогтоож байж сахилгын шийтгэл оногдуулах ёстой байсан. *д сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүйд тооцуулах саналтай байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч * хариуцагч “*” ХХК-д холбогдуулан "* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/963 тоот  тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээс дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй  байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй, өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэл бүхий гэж дүгнэв.

 

Нэг. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээс дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

1.Нэхэмжлэгч * нь 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн * ХХК-д тооцоологч эдийн засагч, материалын нягтлан бодогч, авлага, борлуулалтын нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, санхүү бүртгэл тайлангийн хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүү удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 01-04 хуудас/

 

2.Нэхэмжлэгч * нь “*” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/963 дугаартай тушаалаар “гүйцэтгэх удирдлагад цалин олгох мөнгөний хэмжээ хэвийн гэж танилцуулсан боловч зарим ажилтнуудын цалинг тогтоосон хугацаанд олгоогүй, мөнгөн урсгалыг төлөвлөөгүй нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллагаагүй” гэх үндэслэлээр үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна. /хх-ийн 06-р хуудас/

3.Уг тушаалыг *д гарсан өдөр нь буюу 2025 оны 12 сарын 05-ны өдрийн 11 цаг 45 минутад гардуулан өгсөн байна.

4.Нэхэмжлэгч * нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааны дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж шийдвэрлүүлсэн болох нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай * ХХК-ийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 25-29 хуудас/

5.Маргаан таслах комисс ажилтны гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд “талууд харилцан тохиролцоогүй” гэх үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа амжилтгүй болж дуугавар болсон байна. /хх-ийн 25-29 хуудас/

6.Үүний дараа Сайхан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02/295 дугаартай албан бичгээр “сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах боломжгүй тул *ын гомдлыг шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө” үү гэх албан бичгийг ирүүлсэн байна. /хх-ийн 5-р хуудас/

7.Нэхэмжлэгч нь энэхүү албан бичгийг хүлээн авч шүүхэд  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн  154 дүгээр зүйлийн 154.6, 154.8-д заасан хуулийн хугацаанд зохих байгууллагад хандсан гэж үзэх үндэслэлтэй байна.

8.Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Хоёр. Шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлт

           

            1.* ХХК-ын Гүйцэтгэх захирлын даргын үүрэг гүйцэтгэгч нь ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа 1-рт гүйцэтгэх удирдлагад цалин олгох мөнгөний хэмжээ хэвийн гэж танилцуулсан боловч зарим ажилтнуудын цалинг тогтоосон хугацаанд олгоогүй, 2-рт мөнгөн урсгалыг төлөвлөөгүй... гэх хоёр үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан байна.

 

            2.Нэхэмжлэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08:00 минутаас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17:00 минут хүртэл Улаанбаатар хот * ХХК дээр албан томилолттой байсан, энэ хугацаандаа 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17:02 минутад гэрээний дагуу * ТӨҮГ-аас 517,740,837.50 төгрөг шилжиж орж ирснийг 17 цаг 16 минутаас эхлэн 5,000,000 төгрөгөөр 999,715,669,79 төгрөгийг тухайн өдрийн лимитэд тааруулан  цалингийн гүйлгээг шивж оруулан, цалин тавьсан, тухайн өдрийн лимит хэтэрсэн буюу 1 тэр бум төгрөг хүрсэн учраас гүйлгээ хийх боломжгүйн улмаас дараагийн долоо хоногийн ажлын эхний өдөр буюу 2025 оны 12 сарын 01-ний өдөр үлдсэн цалингийн гүйлгээг хийсэн, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид 2025 оны 11, 12 сарын мөнгөн урсгалын төлөвлөгөөг танилцуулж гарын үсэг зуруулсан, байгууллагын өглөг, авлагын талаарх судалгааг хийсэн зэрэг үйл баримт тогтоогдож байх ба энэ байдал нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь баримтууд болон тайлбараар нотлогдож байна. Үүнд:

 

  1. * ХХК-ийн 2025 оны 11-12 сарын мөнгөн урсгалын төлөвлөгөөг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч *т танилцуулж гарын үсэг зуруулсан баримт /хх-ийн 15 хуудас/
  2. Өглөгийн жагсаалт /16- хуудас/
  3. Байгууллагын авлагын товчоо, тайлан /хх-ийн 17 хуудас/
  4. 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17:02 минутад гэрээний дагуу * ТӨҮГ-аас 517,740,837.50 төгрөг шилжиж орж ирсэний дагуу 17 цаг 16 минутаас эхлэн 5,000,000 төгрөгөөр 999,715,669,79 төгрөгийн  цалингийн гүйлгээг шивж оруулан шилжүүлсэн * ХХК-ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12-13 хуудас/
  5. Гүйлгээ хийсний дараа * ХХК-ын Хаан банкны дансанд 237,373,839 төгрөг үлдсэнийг дараагийн ажлын эхний өдөр болох 2025 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 236,700,855,27 төгрөгийн цалингийн гүйлгээ хийсэн талаарх Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14-р хуудас/
  6. 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08:00 минутаас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17:00 минут хүртэл Улаанбаатар хот Эрдэнэс Монгол ХХК дээр албан томилолттой байсан талаарх Албан томилолтын хуудас №ВТ/2025/11/656 /хх-ийн 30-р хуудас/
  7. Нэхэмжлэгч * нь “Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч *т 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2025 оны 11-12 сарын мөнгөн урсгалын төлөвлөгөөгөө танилцуулсан, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч * тухайн төлөвлөгөөтэй танилцаж гарын үсэг зурсан, мөнгөн урсгалын хомсдолд орох талаар гүйцэтгэх захирал мэдэж байсан, 2025 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд гүйцэтгэх захирлын зөвшөөрлийн дагуу томилолтоор Улаанбаатар хотод ажилласан, 2025 оны 11 сарын 27-ны өдөр 17:02 минутад * ТӨҮГ-аас 517,740,837.5 төгрөг Хаан банкны дансанд шилжүүлсэн байсан. Энэ өдөр 5 дах өдөр байсан. 16:00 цагаас хойш 5,000,000 төгрөгөөс дээш гүйлгээг банк хооронд шилжүүлэхэд Монгол банкаар дамжиж дараагийн ажлын өдрийн 11:00 цагт шилждэг учир Хаан банкны * тоот данснаас интернэт банкаар дамжуулан банк хооронд гүйлгээ хийж болгохгүйн улмаас 5,000,000 төгрөгөөр гүйлгээнүүдийг шивж, шилжүүлж ажилчдын цалинг олгосон, тухайн өдөр 999,715,669.79 төгрөгийн гүйлгээг интернэт банкаар хийсэн бөгөөд манай компанийн интернэт банкны лимит 1 тэрбум төгрөг байдаг учир тус өдөр интернэт банкаар дахин гүйлгээ хийх боломжгүй болсон. Хаан банкны * тоот дансанд 2025 оны 11 сарын 28-ны өдрийн байдлаар 237,375,839.85 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2025 оны 12 сарын 01- ний өдөр буюу дараа долоо хоногийн ажлын эхний өдөр зарим ажилчдын үлдэгдэл цалинг олгосон бөгөөд үлдэгдэл цалингийн дүн 236,700,855.27 төгрөг болсон. Энэ нь мөнгөн урсгалыг төлөвлөгөөгүй ажилласан гэдэг үндэслэлгүй, мөн ажилчдын цалинг хугацаандаа тавиагүй хоцроосон гэж үзэх үндэслэлгүй байна, эдгээр байдлуудыг нотолсон нотлох баримтууд бүгд хэрэгт байгаа... гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гүйцэтгэх удирдлагад цалин олгох мөнгөний хэмжээ хэвийн гэж танилцуулсан боловч зарим ажилтнуудын цалинг тогтоосон хугацаанд олгоогүй, мөнгөн урсгалыг төлөвлөөгүй гэх байдал тогтоогдохгүй байна.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * “Гүйцэтгэх захирал мөнгөн урсгалын тайланг танилцуулахын хувьд танилцуулсан. Төлөвлөгөөгөө батлуулаад гарын үсэг зуруулсан байсан. Энэ хүн Санхүү удирдагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан учраас учирч болох эрсдэлээ урьдчилан мэдэж, төлөвлөх ёстой байсан, Мөнгөн урсгалын доголдол үүсгэж, ажилтнуудын цалин хөлсийг хугацаанд нь олгох боломжгүй нөхцөл үүсгэсэн. Үүссэн нөхцөл байдлыг санхүүгийн албаны дарга урьдаас харан тооцоолсон байх ёстой. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.3, ажлын байрны тодорхойлолтын 3.8, 4.1, 4.4 зэрэг заалтуудыг зөрчиж байна гэж дүгнэж байна.  Б/963 дугаартай тушаалыг яагаад гаргасан бэ? гэвэл ажилтны өгсөн хариу тайлбарыг хөдөлмөрийн дотоод журамтай уялдуулаад цалингийн 20%-ийг хасах шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй... гэж хуулинд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно,

6. Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:

-өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;

-нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;

-үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

-албан тушаал бууруулах;

-ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах... шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байна.

7. Ажил олгогч буюу * ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нь ажилтан сахилгын шийтгэл оногдуулах хэмжээний зөрчил гарсан эсэх, гаргасан зөрчил нь нотлогдсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр ажилтанд шийтгэл оногдуулж 2 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

8. Шийтгэл оногдуулах захирлын тушаалд заасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдсан нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх байдал тогтоогдоогүй болно.

9. Иймд * ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 12 сарын 05-ны өдрийн б/963 дугаартай тушаал нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаан дах “хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах” гэх суурь эрхийг  хөндсөн гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлгүй тул сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д заасан үндэслэлгүй тул "* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/963 тоот  тушаалыг хүчингүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

                            

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ДЭЛГЭРСАЙХАН