Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/153

 

2026          02            03                                                                                    2026/ДШМ/153

                                                                 

Ц.М-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Э.Оюундарь,

хохирогч Н.У-ийн өмгөөлөгч М.Цэрэндаваа,

шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр, Д.Буянзаяа,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2691 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр, Д.Буянзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.М-ад холбогдох эрүүгийн 2309016950256 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Ц-ийн М-, ....., ял шийтгэлгүй, /регистрийн дугаар Ц-/;

Ц.М- нь “Б-” ХХК-иас ажлын хөлсөндөө авсан 16.000 тонн буюу 5 вагон цуваа нүүрс байна, зармаар байна, 1 тонныг нь 410 юаниар худалдан борлуулна” гэж хохирогч “М-” ХХК-ийн захирал Н.У-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 45.000.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 455.000.000 төгрөг, нийт 500.000.000 төгрөгийг “М-” ХХК-ийн М- тоот данс руу шилжүүлэн авч залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.М-аас нийт 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийг гаргуулж “М-” ХХК-д олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.М- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2016 онд “М-” ХХК-ийг үүсгэж байгуулж 2022 онд өөрийн хариуцлагагүй, буруутай үйлдлийн улмаас бусдын өмнө хүлээсэн гэрээний үүргийг биелүүлэлгүй Н.У-ийн итгэлийг алдаж эдийн засгийн хохирол учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Би бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өөрт холбогдох хэргийн гэм бурууд ямар нэгэн маргаан байхгүй. Цаашид өөрийн ажил, амьдралдаа хянуур хариуцлагатай хандаж дахин ямар нэгэн алдаа зөрчилгүй амьдарна. Ажил хөдөлмөр эрхэлж ар гэр, үр хүүхдүүдээ асран тэтгэж, халамжлан хайрлаж ирсэн. Миний бие 2003 онд чихрийн шижингийн 2 дугаар зэргийн өвчлөлтэй гэж оношлогдон өнөөдрийг хүртэл тогтмол эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байдаг. Мөн 2018 онд нурууны 4, 5 үений суултын эмгэгийн улмаас мэс ажилбарт орж байнгын дэглэмд байх эмчийн заалттай. Хорих ял эдэлж буй өнөөгийн нөхцөлд миний эрүүл мэнд болон ар гэрийн байдал маш хүнд байгаа юм. Иймд миний бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болон эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Г.Анхбаяр, Д.Буянзаяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ц.М- нь анхан шатны шүүх хуралд гэм буруугаа хүлээсэн ба хохирол төлбөрийг харилцан зөвшилцсөний үндсэн дээр хохирогч М.У-ийн өмчлөлд М- ММА, М- ММА улсын дугаартай хоёр ширхэг өргөгч тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Уг машин механизмыг шилжүүлэх үйл явц болон хохирол төлөх завсарлага авсан хугацаанд үнэлгээг хийх цаг хугацаа давчуу байсан тул нотариатаар хийгдсэн хохирогч М.У-т шилжүүлсэн хэлцэлд үндэслэж төлбөр төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хуралдааны явцад Ц.М- нь уг хоёр өргөх машин механизмын үнэлгээ хийлгээд үлдэх төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Анхан шатны шүүх дүгнэлтдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн хугацаанд шүүгдэгч Ц.М-аас хохирогч Н.У-т М- ММА, М- ММА тус тус улсын дугаартай “Howo” загварын 2 ширхэг тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцон шилжүүлсэн боловч хохирогч Н.У- нь тээврийн хэрэгслийг хохиролд тооцож хүлээн авахгүй талаар хүсэл зоригоо илэрхийлснийг түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргасан байна. Хэдийгээр дээрх тээврийн хэрэгслийн өмчлөх эрх уг тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар Надмидын У-ийн нэр дээр шилжсэн байх боловч хохирогч нь өөрийн өмгөөлөгчөөр дамжуулж хүлээн авахгүй талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, дээрх тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоогоогүй тул шүүх мөн хохиролд тооцон шүүгдэгч Ц.М-ын төлбөл зохих төлбөрөөс хасаж тооцох зэргээр шийдвэрлэх боломжгүй, мөн мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх нь зүйтэй юм...” гэж тусгасан. Анхан шатны шүүх хоёр тал зөвшилцөж, хохиролд тооцон авсан хүсэл зоригийг огтоос үнэлж үзээгүй. “М-” ХХК болон “М-” ХХК-ийн хороонд байгуулсан “Нүүрс худалдах, худалдан авах” хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр талууд тохиролцож “М-” ХХК-аас урьдчилгаа 500.000.000 төгрөг шилжүүлсэн, “М-” ХХК нь үлдэгдэл төлбөр шилжүүлснээр нүүрсийг нийлүүлж дуусгах гэрээний хэрэгжилтийн явцад бий болсон асуудал болохыг гомдолдоо дурдаж байна. Нүүрс худалдан борлуулдаг, хөрс хуулалтын ажил гүйцэтгэдэг болохыг хавтас хэрэгт баримтаар оруулсан болно. “М-” ХХК-ийн бизнесийн алдагдал, өр төлбөр зэрэг нь Ц.М-ын хувийн байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Н.У-т дараах эд хөрөнгө, мөнгийг шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулж дуусгасан болно.

1. Цагаан механик М- ММА улсын дугаартай, өөрөө өргөгч машин техник, “Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК үнэлгээ хийсэн.

2. Цагаан механик М- ММА улсын дугаартай, өөрөө өргөгч машин техник, “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК үнэлгээ хийсэн.

3. Үлдэгдэл төлбөрт САТ329D экскаватор М- ММА улсын дугаартай, М- тоот арлын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлж тооцоо дууссан болно.

4. Ц.М- нь Алдараар дамжуулан 35.000.000 төгрөгийг Н.У-т төлж барагдуулсан.

Иймд Ц.М- анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал болон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмшиж ухаарсан, ахмад настай ээж болон 4 хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэж байгаа зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэж анхан шатны шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгох ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Д.Буянзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “М-” ХХК болон “М-” ХХК нарын хороонд байгуулсан “Нүүрс худалдах, худалдан авах” хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр талууд тохиролцож “М-” ХХК-иас урьдчилгаа 500.000.000 төгрөг шилжүүлсэн, “М-” ХХК нь үлдэгдэл төлбөр шилжүүлснээр нүүрсийг нийлүүлж дуусгах гэрээний хэрэгжилтийн явцад бий болсон асуудал болохыг гомдолдоо дурдсан. Нүүрс худалдан борлуулдаг, хөрс хуулалтын ажил гүйцэтгэдэг болох нь хавтас хэрэгт баримтаар тогтоогдсон. “М-” ХХК-ийн бизнесийн алдагдал, өр төлбөр зэрэг нь шүүгдэгч Ц.М-ын хувийн байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй болно. Учир нь, шүүгдэгчийн үйлдэл нь нэг удаагийн шинжтэй бөгөөд гэрээнд заасан 500.000.000 төгрөгийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч М.У-т бүрэн төлж барагдуулсан. Иймд анхан шатны шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгох ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Г.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруугаа ухамсарладаг. Шүүгдэгч Ц.М- нь бага насны 4 хүүхэдтэй. Эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан торгох ялыг оногдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч Н.У-ийн өмгөөлөгч М.Цэрэндаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь хохирогчид 465.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийг, 35.000.000 төгрөгийг Б.А-аар дамжуулан төлөхөөр харилцан тохиролцож хохирлыг бүрэн гүйцэт барагдуулж авсан. Ял шийтгэлийн тухайд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Гомдол саналгүй байгаа.” гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гаргаж өгсөн баримтуудаас харахад хохирол төлбөрийг барагдуулсан байна. Хохирогч мөн гомдол саналгүйгээ илэрхийлсэн байна. Иймд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Ц.М-ад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Ц.М- нь хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.У-ийн “...Ц.М- “А-” ХХК-ийн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажлын хийж гүйцэтгэдэг, “А-” ХХК-иас ажлын хөлсөндөө авсан 16.000 тонн буюу 5 вагон цуваа нүүрс байна, зармаар байна, 1 тонныг нь 410 юаниар худалдан борлуулна гэж хэлсэн...”, “...хэрвээ нүүрсний чанарыг шалгая гэвэл эхний ээлжид 1 цуваа буюу 3200 тонн нүүрс явуулъя гэж хэлсэн бөгөөд та харин эхний ээлжид 1.000.000 юань өгчих, үлдэгдэл нь 1.000.000 гаруй юань болж байна, Замын-Үүдээр оруулаад худалдан борлуулсны дараагаар надад өгөөрэй гэж хэлсэн...”, “...М- нь гэрээ хийх гэхэд “А-” ХХК-ийн хөрс хуулалтын бичиг баримтуудыг надад үзүүлж байсан...”, “...тэгээд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дотор эхний цувааг ачуулна гэж хэлэхэд нь би 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 45.000.000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 455.000.000 төгрөгийг “М-” ХХК-ийн ХААН банк дахь М- дугаартай дансанд шилжүүлэн өгсөн...”, “...тохиролцсон ёсоор 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дотор нүүрс ачуулна гэсэн боловч ачуулаагүй...”, “...М-тай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 23/01 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан...”, “Ц.М- “А-” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг надад үзүүлсэн учраас л би итгэсэн юм, би “А-” ХХК-ийн ажилтан Да Тун гэх БНХАУ-ын иргэнтэй холбогдож асуухад “М-” ХХК-д манай байгууллага нь ямар нэгэн өглөг байхгүй, харин Ц.М- нь олон хүмүүст ингэж хэлээд явж байгаа сураг байсан, тэгээд ч манайх удахгүй Ц.М-ын “М-” ХХК-ийг ажиллуулахгүй гэж хэлж байсан...”, “...анхнаасаа надтай гэрээ хийхдээ 16.000 тонн нүүрс өгье гэж хэлээд 1 тонныг нь 600 юаниар тооцон гэрээ байгуулсан. Тэгэхдээ эхний удаад та 3200 тонн буюу нэг цуваа нүүрсээ та авчих. Уг нэг цуваа нүүрс маань 1.000.000.000 төгрөг болно. Одоо надад урьдчилгаа 500.000.000 төгрөгөө өгчих. Үлдэгдэл 500.000.000 төгрөгийг нь БНХАУ-д борлуулагдсаны дараагаар өгчих гэж хэлэхэд нь би итгэл төрөөд 500.000.000 төгрөгөө шилжүүлэн өгсөн юм. Тухайн үедээ Ц.М- нь зах зээлийн үнээс хямд, зээлээр өгч байсан учраас надад итгэл төрсөн юм. Гэтэл худлаа байсан...”, “...би Хятад хүнээр А- гэдэг хятад руу нь асуулгахад Ц.М- нь зүгээр манайд техник л түрээслүүлдэг хүн шүү дээ. Хөрс хуулалтын ажлыг хийдэг байсан, одоо хийхгүй байгаа, харин ч манайд өртэй гэж хэлсэн...” /1хх 18-21, 179-180, 2 хх 179-183/,

гэрч Б.А-ын “...Ц.М- нь нүүрсийг “А-” ХХК-ийн нүүрс юм гэж хэлсэн бөгөөд уг нүүрсийг “М-” ХХК нь бартераар авсан нүүрс юм гэж хэлж байсан...” би Ц.М-ад 5000-аас дээш калоритой нүүрс хэрэгтэй байна гэж хэлэхэд Ц.М- надад нүүрс байгаа гэж хэлээд уулзахад Ц.М- нь 8 дугаар талбайд очоод бид нарт хандаж хэлэхдээ бол “А-” ХХК-ийн овоолго, уг овоолгоос би нэг цуваа нүүрс буюу 3500 орчим тонн нүүрс авна” гэж хэлж байсан...”, “...нүүрсийг М-ын авах л нүүрс юм байна гэж бодсон”, “...Ц.М- руу Н.У- нь гэрээний загвараа файл хэлбэрээр явуулсан бөгөөд Ц.М- нь гарын үсгээ зураад буцаагаад явуулж байсан. Н.У- нь Ц.М- руу гарын үсгээ зурж, тамга дарсан гэрээгээ явуулаад буцаагаад Ц.М- нь гарын үсэг зурж, тамга дарсан гэрээг Н.У- рүү явуулснаар гэрээ байгуулагдаж байсан...” /1хх 23-24, 144-145, 2хх 161-162/,

гэрч Б.Н-ын “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орчим У- эгч бид хоёр дахиад Чойр руу явсан бөгөөд тэндээ очоод цаашаа Олон овоот руу очоод талбай дээр байгаа нүүрсээ хараад М-тай уулзаж гэрээгээ хийгээд салцгаасан. Тэгэхдээ 7 хоногийн дотор нүүрс ачигдахаар тохиролцсон. У- эгч 2023 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдөр мөнгөө М-ад шилжүүлж өгсөн гэсэн”, “...цагдаагийн байгууллагад хандсаны дараагаар М- нь У- эгч рүү холбогдож та цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдлөө буцаагаад авчихаа, дүү нь ийм тийм ажил эрхэлж байна” гэх зэргээр худал ярьсан байсан...” /1хх 26-27/,

гэрч Э.Э-гийн “... “М-” ХХК нь ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээнд заасан хугацаа болох 3 сарын хугацаанд ажлаа бүрэн гүйцэд дуусгаагүй, гэрээний хугацааг дуусгавар болох талаар аль аль талаас хүсэлт гаргаагүй учраас гэрээ сунгасан гэж үзээд ажил үргэлжлээд 2021-2022 ондоо ажил явагдаж байсан. Уг гэрээний заалтад төлбөрийг хийсэн ажлаар дүгнэн сар сардаа дүгнэхээр тусгасан байсан. Дээрх гэрээг байгуулсан хугацаанд “М-” ХХК-д ихэвчлэн манай компани дансаар ажлын хөлсийг төлдөг байсан бөгөөд нэг удаа байсан уу, эсхүл хоёр удаа нүүрсээр ажлын хөлсийг нь тооцож бартер маягаар төлж байсан. Манай байгууллага “М-” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж нүүрсийг хүлээлгэж өгч байсан. Гэхдээ их хэмжээний нүүрс өгч байгаагүй гэдгээ санаж байгаа, ойролцоогоор нэг цуваа нүүрс байсан санаж байна.”, ...Манай байгууллагаас нүүрс өгөхдөө уурхай дээрээс, эсхүл ачилт хийдэг талбай хоёрын аль нэгээс л өгсөн байгаа. Өөр газар бол манай нүүрс байх боломжгүй. ...Ер нь манай нүүрс байнга л 8 дугаар талбай дээр байдаг байсан. 2023 оны 1 дүгээр сарын орчим бол нүүрс байсан. Тэр үед БНХАУ руу ачилт хийгдэж байсан” /1хх 95-97/,

гэрч Э.С-ын “...Ц.М- гэх хүн над руу байн байн залгаад “хэрвээ мөнгөө шилжүүлчихвэл би шууд ачилтаа эхлүүлэх гээд байна” гээд яаруулаад байсан. ...Тэгээд гэрээн дээр гарын үсгээ зураад тамгаа дарж баталгаажуулсан. ...Би компьютер дээрээсээ интернэт банкаараа Ц.М-ын компани болох “М-” ХХК-ийн дансанд 455.000.000 төгрөгөөр нэг удаа, 45.000.000 төгрөгөөр нэг удаа нийт 2 удаагийн шилжүүлгээр 500.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” /2хх 65-66/,

гэрч Н.Б-ын “...С-о 2023 оны 2 сарын эхээр Ц.М- гэрээгээ хийе гээд яаруулаад Б-оггүй гэж хэлсэн. ...Тэгээд сая гэрээнд гарын үсэг зурчихлаа, одоо мөнгийг нь шилжүүлэхээс гээд цүнхээ аваад буусан...” /2хх 68-69/ гэсэн мэдүүлгүүд,

“М-” ХХК-ийн “А-” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /1хх 99-118/,

“М-” ХХК, түүнийг төлөөлж Ц.М-, “М-” ХХК, түүнийг төлөөлж Н.У- нар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой, гэрээний дугаар 23/01, 16.000 тонн 5200 ккал нүүрс, 1 тонн нүүрсийг 600 юаниар тооцож худалдахаар, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дотор эхний 3200 тонн нүүрсийг нийлүүлэхээр, 3200 тонн нүүрсний үнэ болох 500.000.000 төгрөгийн урьдчилгааг “М-” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тус тус гэрээний үндсэн нөхцөлүүдийг тохиролцож байгуулсан гэрээний хуулбар /2хх 164-166/,

“М-” ХХК, “М-” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/01 дугаар “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээ /2хх 61-63/,

мөнгөн шилжүүлгийн баримт /2хх 167-168/, шүүгдэгч Ц.М-ын Хаан банк дахь төгрөгийн Б- тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 44/, “М-” ХХК-ийн Хаан банк дахь төгрөгийн М- дугаартай дансны хуулга (1хх 74, 83/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 130-131/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 70-142/,

“А-” ХХК-ийн “М-” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн тухай баримт /1хх 120/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 4/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол буюу хохирогч Н.У-т 500.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Ц.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Шүүгдэгч Ц.М- нь “А-” ХХК-иас ажлын хөлсөндөө авсан 16.000 тонн буюу 5 вагон цуваа нүүрс байна, зармаар байна, 1 тонныг нь 410 юаниар худалдан борлуулна” гэж хохирогч Н.У-ийг хуурч, нийт 500.000.000 төгрөгийг дансаар авсан нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.М-ад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалздаг.

Хэрэгт авагдсан баримтыг судлахад, хохирогч Н.У-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 500.000.000 төгрөгт “...2023 оны хавар Б.А-ын дансаар дамжуулан 35.000.000 /гучин таван сая/ төгрөг, 2018 оны Howo маркийн Б- MMA дугаарын сомасмол машин, 2018 оны Howo маркийн Б- MMA дугаарын сомасмол машин, 2009 оны CAT 329DL маркийн М- MMA дугаарын экскаваторыг тус тус тооцон Ц.М-аас хүлээн авч, хохирол төлбөрийг бүрэн хүлээн авсан, цаашид нэхэмжлэх болон гомдол саналгүй бөгөөд Ц.М-ын ялыг хөнгөрүүлж өгнө үү...” /3хх 135-136/ гэсэн баримтыг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх хэм хэмжээний агуулгад нийцүүлэн шүүгдэгч Ц.М-ын “...надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр, Д.Буянзаяа нарын хамтран гаргасан “...хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулахаар заасан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн хохирогч Н.У-ийн гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх тодорхойлолт зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг торгох ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэж, ялын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ц.М-ад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.М-ын эрхэлж буй ажил, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 67 /жаран долоо/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.005.000 /нэг сая таван мянга/ төгрөгийг торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2161 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.М-ыг нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2691 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорих сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.М-ын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.005.000 /нэг сая таван мянга/ төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний торгох ялыг хэмжээг 18.995.000 /арван найман сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ад оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М-ад мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Ц.М- нь 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийг хохирогч “М-” ХХК-д төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.М-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

6. Шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа, Г.Анхбаяр нарын “...хорих ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

7. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

            ШҮҮГЧ                                         Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ