Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0475

 

2018 оны 08 сарын 29 өдөр

   Дугаар 221/МА2018/0475

            Улаанбаатар хот

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0414 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын тус дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн саналыг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар Б.Б-г томилуулахаар өргөн мэдүүлсэн саналыг шийдвэрлэхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж захиргааны акт гаргахыг даалгах шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг шийдвэрлэх эрх хэмжээ зөвхөн харьяалах дүүргийн Засаг даргад хадгалагдах тусгайлсан зохицуулалт байх тул маргааны үйл баримтын талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагагүй мөн Нийслэлийн Засаг дарга гомдпыг шийдвэрлэх шаардлагагүй гэж дүгнэн шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасныг зөрчиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.Б нь “...Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын санал хураалтад Б.Б намайг нэр дэвшүүлсэн, санал хураалтыг илээр явуулахад нийт оролцсон 117 иргэний 100 хувийн саналаар сонгогдсон ...иргэдийн Нийтийн Хурлаас эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн дагуу Хорооны Засаг даргыг томилуулах саналыг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн ...Дүүргийн Засаг даргаас өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч хариу өгөхгүй, хуулиар олгогдсон бүрэн эрхээ ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл хэрэгжүүлж байна ...” гэх үндэслэлээр “Хан-Уул дүүргийн Засаг даргын хуульд үл нийцсэн буюу хууль зүйн үндэслэлгүйгээр гаргаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн ...хорооны Хурлаас нэр дэвшүүлж, ...хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...,хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ...нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, ...олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...хорооны Засаг даргыг ...,дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох ...”, 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг томилох эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрх харъяа дүүргийн Засаг даргад хадгалагдахаар хуулиар тусгайлан зохицуулсан байх тул “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага хангагдаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан” гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн “Хорооны Засаг даргыг томилуулахаар санал болгох тухай” 06 дугаар тогтоол, тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Хорооны Засаг даргыг томилуулах тухай” 01 дүгээр албан бичиг, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тус дүүргийн 5 дугаар хорооны иргэд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан, хорооны Засаг даргаар Б.Б-г хуралд оролцогчдын 100 хувийн саналаар сонгосон, улмаар хорооны Засаг даргыг томилуулах талаар дүүргийн Засаг даргад хандсан байх боловч хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь нэр дэвшүүлсэн этгээдийг томилох, эсхүл томилохоос татгалзах талаарх шийдвэрийн аль нэгийг гаргаагүй болох нь тогтоогдсон байна.

Дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу хорооны нийтийн хурал хорооны Засаг даргад томилуулахаар санал хураалт явуулж оролцсон иргэд олонхийн санал авсан нэр дэвшигчийг Засаг даргаар томилуулахаар ирүүлсэн саналыг хүлээн авч мөн хуулийн 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох ...”, 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал ...” гэж заасны дагуу нэр дэвшүүлсэн этгээдийг хорооны Засаг даргаар томилох эсхүл татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах үүрэгтэй байна.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаан хууль зөрчсөн талаар болон мөн нэхэмжлэгч Б.Б-г хорооны Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол хууль бус талаар эрх бүхий байгууллагаас тогтоож шийдвэрлээгүй байхад хариуцагч Хан-Уул дүүргийн хорооны Засаг даргыг томилох эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр хүчин төгөлдөр байх боловч хэрэгжих эсхүл дахин энэ талаар шийдвэр гаргах боломжийг хаагдуулснаараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж заасан удирдлагын зарчим, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй хууль бус, тус хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид сонгуулийн үр дүнд томилогдон ажиллах эсэх талаар хүлээлт үүсгэсэн, сонгох сонгогдох эрхээ эдлэх эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Иймд анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргын тус дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн саналыг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар Б.Б-г томилуулахаар өргөн мэдүүлсэн саналыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг түүнд шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0414 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ