Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0398/з |
Дугаар | 199 |
Огноо | 2020-05-27 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 199
Ц.Ц-ын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0001303 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 18642311523439 тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м кв газрыг нэхэмжлэгч Ц.Ц-ад шинээр эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрыг эзэмших эрх олгохыг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0879 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, Б.Э нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0879 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0001303 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 18642311523439 тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Цад шинээр эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрыг эзэмших эрх олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэгч Ц.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0001303 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 18642311523439 тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 879 дүгээр дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүхүүд Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчөөд байна.
4. Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зуйлийн 21.2.3 дахь заалт нь “шинээр” газар эзэмшүүлж, ашиглуулахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу шийдвэрлэх зохицуулалт юм. Гэтэл нэхэмжлэгчийн газрын хувьд шинээр бус ЧД-ийн 2003 оны 164 дугаартай захирамжаар эзэмшиж байгаа буюу эзэмших эрхээ сунгуулах өргөдөл гаргахад инженерийн шугам сүлжээнд давхцалтай гэх агуулга дурдагдаж, уг давхцал нь 2014 оноос бий болсон болох нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдсэн, улмаар нийслэлийн Засаг даргын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал болсон үйл явдал юм. Тус маргаан бүхий газрыг шинээр эзэмших гээд байгаа асуудал биш юм.
5. Тус хуулийн нарийвчилсан зохицуулалтыг үзвэл Газрын тухай хуулийн 33 дугаар зуйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу мөн хуулийн 29.1. 29.2, 29.3 дахь хэсгүүдэд заасан газрын хувьд л “газар зохион байгуулаптын төлөвлөгөөг үндэслэх” асуудал яригдана. Тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтаар “33.1.1-д зааснаас бусад зориулалтаар буюу “гэр бүлийн хэрэгцээний гэр орон сууц, хашаа, гэр бүлийн хамтын хэрэгцээний жимс, хүнсний ногоо тариалах давуу эрхээс эзэмшүүлэх тариалангийн газар” зэргээс бусад тохиолдолд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бус дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэж газрыг эзэмшүүлэх асуудлыг зохицуулсан юм. Гэхдээ эдгээр нь бүгд шинээр газар эзэмшүулэх, ашиглуулах тохиолдолд юм.
6. Хэдийгээр нэхэмжлэгч “шинээр” гэдэг үг хэрэглэн газар олгохыг НЗД-д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ч энэ нь эзэмшиж байгаа газрынхаа хугацааг сунгахыг даалгах агуулгатай болно. Одоогоос 6 жилийн өмнө 2014 онд буюу тус газар нь инженерийн шугам сүлжээний давхцалтай болсныг нэхэмжлэгч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.
7. Инженерийн шугам сүлжээний давхцал бий болсон үед дүүргийн болон нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчид хуульд заасны дагуу мэдэгдсэн бол тухайн үед нь газрынхаа эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргаар баталгаажуулах арга хэмжээ авах байсан юм. Гэтэл газрынхаа эзэмших эрхийг сунгуулахаар өргөдөл гаргах үед захиргааны байгууллагаас мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад инженерийн шугам сүлжээнд давхцалтай нь тодорхой болж, улмаар анхан болон давж заалдах шатны шүүх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна.
8. Дээрх нөхцөл байдалд нэхэмжлэгч Ц.Ц-ыг буруутгах үндэслэл байхгүй. Учир нь хариуцагч байгууллагууд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмаа зөрчсөн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа юм.
9. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ “газар нь инженерийн шугам сүлжээнд давхцсаныг 2019 оны 3 сард мэдсэн атлаа 2019 оны 9 сар хүртэл хүсэлт гаргаагүй” гэх агуулгаар нэхэмжлэгчийг буруутгажээ. ЧД-ийн ЗДТГ-ын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/417 тоот хариу нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал тул шийдвэрлэх боломжгүй л гэсэн болохоос инженерийн шугам сүлжээний давхцалтай эсэх нь сүүлд 2020 оны 8 сард шүүхэд нотлох баримтаар ирсэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 02-04/3164 тоотын хавсралтаар давхцлын зургаас анх мэдсэн юм. Үүний дараа хуульд заасан хугацаандаа нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргахад 2019 оны 11 дүгээр сарын 01-нд шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн болно. Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь огтхон ч үндэслэлгүй байна.
10. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0879 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад холбогдуулж хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
12. Нэхэмжлэгч Ц.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-оос анх Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулж, “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0001303 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 18642311523439 тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага, нийслэлийн Засаг даргад холбогдуулж, “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0001303 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 18642311523439 тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Ц-д шинээр газар эзэмших эрх олгохгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрыг эзэмших эрх олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан эрхийнхээ дагуу уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулахаар хүсэлт гаргасныг нийслэлийн Засаг даргаас /үндэслэлгүйгээр/ татгалзсан ... нь хууль бус” гэжээ.
13. Шүүхүүд нэхэмжлэгчийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “... 48 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Ц-д шинээр газар эзэмших эрх олгохгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрыг эзэмших эрх олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... маргаан бүхий газрыг шинээр эзэмших гээд байгаа асуудал биш, ... хэдийгээр нэхэмжлэгч “шинээр” гэдэг үг хэрэглэн газар олгохыг НЗД-д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ч энэ нь эзэмшиж байгаа газрынхаа хугацааг сунгахыг даалгах агуулгатай /байхад/ шүүхүүд буруу дүгнэлт хийсэн” гэх агуулгатай гомдлыг хүлээж авах боломжгүй.
14. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийг шинээр олгохыг нийслэлийн Засаг даргаас шаардаж буй уг газар нь инженерийн шугам сүлжээ бүхий, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас газартай бүхэлдээ давхцалтай, түүнчлэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “иргэдэд эзэмшүүлж болох”-оор тусгагдаагүй газар болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй байна.
15. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “/нийслэлийн Засаг дарга нь/ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх”-ээр заасан, тухайн тохиолдолд, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “иргэдэд эзэмшүүлж болох”-оор тусгагдаагүй, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас газартай бүхэлдээ давхцалтай 48 м.кв газрыг иргэн Ц.Ц-д эзэмшүүлэх боломжгүй, энэ үндэслэлээр Ц.Ц-д шинээр газар эзэмших эрх олгохоос татгалзсан нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй “хууль бус” гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “... 48 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Ц-д шинээр газар эзэмших эрх олгохгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрыг эзэмших эрх олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
16. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... анхан болон давж заалдах шатны шүүх ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0879 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА