2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2026/03753

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******** тоот хаягт оршин суух, Т******* овогт Г******* А*******/регистрийн дугаар: АИ*******/-ийн хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А*******, гэрч С.Э*******, Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би А******* аймгийн харьяа Т******* нефт базад 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаад, жил гаран ажилласны дараа Тариат суманд 1989 оны 5 дугаар сараас 1994 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд ажиллаж байгаад, Ц******* суманд колонкийн эрхлэгчээр очоод 1995 оны 5-р сарын 04-ны өдөр чөлөөлөгдсөн. Тэгээд бичиг баримт байхгүй, нийгмийн даатгалын дэвтэр байхгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдээд алга болсон ямар ч нотлох баримтгүй болчхоод тэтгэвэртээ гарч чадахгүй байна.

Г.А******* намайг 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 сар хүртэл А******* аймгийн Төвшрүүлэх сумын шатахуун түгээх станцад түгээгч, 1989 оны 5 дугаар сараас 1994 оны 4 дүгээр сар хүртэл А******* аймгийн Тариат сумын шатахуун түгээх станцад түгээгч, 1994 оны 4 дүгээр сараас 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд А******* аймгийн Ц******* сумын шатахуун түгээх станцад эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Г.А*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

4. Хүсэлт гаргагч Г.А******* 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 сар хүртэл А******* аймгийн Төвшрүүлэх сумын шатахуун түгээх станцад түгээгч, 1989 оны 5 дугаар сараас 1994 оны 4 дүгээр сар хүртэл А******* аймгийн Тариат сумын шатахуун түгээх станцад түгээгч, 1994 оны 4 дүгээр сараас 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд А******* аймгийн Ц******* сумын шатахуун түгээх станцад эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан БНМАУ-ын Тээврийн яамны харъяа А******* дахь Нефть баазын даргын 1989.03.30№48 тушаал, тушаалын хавсралт, 1990.03.05№19 тушаал, тушаалын хавсралт, Нефть импорт, хангамжийн нэгтгэлийн харъяа А******* аймаг дахь Нефть баазын даргын 1992.01.31№09 тушаал, тушаалын хавсралт, 1994.11.15№92 тушаал, НИК-ТОС (ББХК)-ийн харъяа А******* аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1995.06.16№54 тушаалууд болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу асуугдсан гэрч С.Э*******, Б.С******* нарын мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026.02.24№6/1701 тоот лавлагаа, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт128, ХААТАР-1/А/ бүртгэлд бүртгэгдсэн Г.А*******ийн карт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, Т******* овогт Г******* А*******/регистрийн дугаар: АИ*******/-ийг 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 сар хүртэл А******* аймгийн Төвшрүүлэх сум дахь шатахуун түгээх станцад түгээгч, 1989 оны 5 дугаар сараас 1994 оны 4 дүгээр сар хүртэл А******* аймгийн Тариат сум дахь шатахуун түгээх станцад түгээгч, 1994 оны 4 дүгээр сараас 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд А******* аймгийн Ц******* сум дахь шатахуун түгээх станцад эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Г.А*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА