| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2506000000018 |
| Дугаар | 2026/ДШМ/176 |
| Огноо | 2026-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Дөлгөөн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2026/ДШМ/176
2026 02 05 2026/ДШМ/176
Ц.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Дөлгөөн,
шүүгдэгч Ц.Э-,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2583 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2506000000018 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г- овгийн Ц-ийн Э-, ........, /РД:Ц-/,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, түүнийг хянан харгалзаж, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 09 сар 22 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хяналтын хугацаа 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон;
Шүүгдэгч Ц.Э- нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц-” зочид буудлын 2 давхрын 211 тоот өрөөнд нэвтэрч, тус өрөөнд амарч байсан М.Г-ийн iPhone 14 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ц.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч Г- овгийн Ц-ийн Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жил, 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 24 (хорин дөрөв) хоногийг түүний ял эдлэх хоногт нь оруулан тооцож, биечлэн эдлэх ялыг 02 (хоёр) жил, 05 (тав) сар, 06 (зургаа) хоногийн хугацаагаар тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад байцаагчдаа ар гэрийнхээ байдлыг танилцуулж байсан боловч шүүх хуралдаанд ярих боломж олдоогүй нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. ...Би мал маллаж, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань хүүхдүүдээ сургуульд зөөдөг учир ажил хийх боломжгүй. Манайх малчны зээлтэй учир зээлээ төлөхөөс авахуулаад ар гэрт асуудал үүсэж байна. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байгаа тул ялыг маань хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Дөлгөөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Э- нь урьд 4 удаа ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй хэдий ч хувийн байдлын хувьд удаа дараа ял шийтгүүлсэн нөхцөл байдал байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээтэй тохирч байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Э-ыг 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц-” зочид буудлын 2 давхрын 211 тоот өрөөнд нэвтэрч, тус өрөөнд амарч байсан М.Г-ийн iPhone 14 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны, үндэслэлтэй явуулах нөхцөл, боломжийг хангах нь процессын хэлбэр ба баталгаа гэсэн ойлголттой уялдаа холбоотой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан процессын хэлбэрийн дагуу явагдана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед заавал дагаж мөрдөн, захирагдаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон арга ажиллагааны хэрэгжих нөхцөл, явц, үр дүн, үндэслэл, журмыг процессын хэлбэр гэж ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алддаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр процесс ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг бүрэн буюу зохих ёсоор процессын хэлбэрийг хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.
Анхан шатны шүүх Ц.Э-т холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Д.Сувд-Эрдэнийг томилсон шийдвэрийг тухайн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа албажуулжээ /хх 147/.
Гэтэл шүүх хуралдаан даргалагчийг албажуулах бүрэн эрхийг шүүгч Д.Мөнхтуяад шилжүүлсэн талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй байхад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалан явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ноцтой зөрчилд хамаарна.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч нь шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрхтэй”, 17.3 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.9 дэх хэсэгт “...хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох;” нь шүүгчийн нийтлэг бүрэн эрхэд хараарах хэдий ч Ерөнхий шүүгчийг орлох эрхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч дээрх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гарган шийдвэрлэх учиртай.
Дээрх хуульд зааснаар, ...хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар баталгаажуулдаг, тухайн шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үүрэгтэй. Хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүнийг “хууль бус” гэж үзэх бөгөөд “шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.
Хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд энэ мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ц.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2583 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН