| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2022/00974/И |
| Дугаар | 210/МА2022/00953 |
| Огноо | 2022-05-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2022/00953
| 2022 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2022/00953 |
Д.Х-, Б.Э- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/01438 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Х-, Б.Э- нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч НШШГГ-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 101/ШШ2021/09834 дүгээр захирамжаар Д.Х-, Б.Э- нараас 83,894,778 төгрөгийг гаргуулж Монголын ногоон санхүүгийн корпораци ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд Д.Х-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051347 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж 149А тоот хаягт байрлах 153 м.кв талбайтай хувийн сууц, гарааш мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 99,876,000 төгрөгөөр, Ү-2201051349 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж 149 тоот хаягт байрлах 462 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 64 м.кв талбайтай /гэрчилгээгүй/ үл хөдлөх эд хөрөнгө, хувийн өндөр хүчдэлийн шугам тогны КТП, гүнийн худаг, хаягдал ус хадгалах нөөцийн бетонон хийц бүхий бүрэн цутгамал сав /танк/ эдгээрийг 531,054,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байгаа тул гомдол гаргаж байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах зарим хөдлөх эд зүйлийг үнэлгээнд оруулаагүй. Иймд бидний хөрөнгийг хэт доогуур үнэлж бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа уг үнэлгээг гаргасан ВВ ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний 2 ширхэг тайлан буюу үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/09834 дугаар захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/09834 дүгээр захирамжаар Д.Х-, Б.Э- нараас 83,894,778 төгрөгийг гаргуулж Монголын ногоон санхүүгийн корпораци ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21260592 дугаартай тогтоолоор үүсгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Х-, Б.Э- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-2201051349 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж 149 тоот хаягт байрлах 462 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар түүний бүрдэл болон дагалдах хэсэг, 2018 онд баригдсан 64 м.кв талбайтай /гэрчилгээгүй/ үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2201051347 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж 149А тоот хаягт байрлах 153 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21260592/03, 21260592/04 дугаартай тогтоолоор тус тус битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21260592/03, 21260592/04-161 дугаартай хураах тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч хуулийн этгээд хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/17 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор ВВ ХХК-ийн шинжээч О.Б-ийг томилоход Ү-2201051347 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө 99,876,000 төгрөгөөр, Ү-2201051349 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 531,054,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4-161/1479, 4-161/1480 дугаар албан бичгээр барьцаа хөрөнгүүдийн үнэлгээний тайланг, мэдэгдлийн хамт гардуулан өгч, тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дахь хэсэгт заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох Виннер Вэй ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Х-, Б.Э- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн Виннер Вэй ХХК-ийн хөрөнгийг үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх,
Зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд барьцаалсан үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байгааг хүлээн авч давж заалдах шатны шүүх шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч Д.Х-, Б.Э- нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
/хх1, 81/
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03673 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Х-, Б.Э- нараас зээлийн гэрээний үүрэгт 83,250,376 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монголын ногоон санхүүгийн корпораци ББСБ ХХК-д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 370 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх84-88, 91-94/
4.а. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан бөгөөд уг ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Х-ын эзэмших эрх бүхий, №000584036 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 18626308093096, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,
Д.Х-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051349 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байршилтай, 462 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,
Д.Х-ын эзэмших эрх бүхий, №000584035 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 18626308079082, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 а тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,
Д.Х-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051347 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 а тоот хаягт байршилтай, 153 м.кв талбайтай, хувийн сууц гараашийн зориулалттай, барьцаа хөрөнгүүдийг үнэлүүлсэн ажиллагааг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Х-, Б.Э- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргажээ.
5. Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн /хх95/, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн /хх96/, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эд хөрөнгийг хураасан ажиллагаа /хх99/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй гэж үзнэ.
5.а. Улмаар битүүмжлэн, хураагдсан эд хөрөнгүүдийг худалдан борлуулах үнийн саналыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөгч нараас нийт 990,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаарх саналаа ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх104-105/
Иймд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор ВВ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ. /хх106/
6. Шинжээч ВВ ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 а тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар болон уг хаягт байрлах 153 м.кв талбайтай, хувийн сууц гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 99,876,000 төгрөг, харин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар, уг хаягт байршилтай, 462 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх хөрөнгүүдийг 531,054,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч төлбөр төлөгч нар маргажээ. /хх-ийн 11-34, 108-109/
Түүнчлэн, хариуцагч байгууллага нь шинжээчийн үнэлгээний талаарх 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4-161/1479, 4-161/1480 тоот мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт төлбөр төлөгч нарт гардуулсан талаар тэмдэглэл үйлдсэн байна. /хх110-111/
7. Анхан шатны шүүх үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Х-, Б.Э- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмын дагуу үнэлжээ.
Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/01438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Ш.ОЮУНХАНД