Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2026/ДШМ/177

 

   

2026            02             05                                                                              2026/ДШМ/177

 

 Ж.Б-од холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

хохирогч Д.Г-ын өмгөөлөгч А.Зоригтбаатар,

шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Б.Сэмжидмаа,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2797 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2503007340974 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Ж-ийн Б-, ........, ял шийтгэлгүй, /Ж-/;

Шүүгдэгч Ж.Б- нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, “Ганнам” рестораны зүүн талд “Toyota Prius-20” маркийн Ж- УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, тус дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас цахилгаан скүтертэй мөргөлдөж, скүтерийн зорчигч Д.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч Б- овгийн Ж-ийн Б-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух  газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Ж.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-оос 13.494.250 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Г-д олгож, хохирогч Д.Г- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Д.Г-ын нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлын баримтыг дутуу тооцож, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлсэнд гомдолтой байна. Хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан баримтуудыг тооцож үзэхэд хохиролд 5.285.370 төгрөг байна. Үүнээс би анхан шатны шүүх хурлаас өмнө 5.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Түүнчлэн, хохирол төлбөрт нотлох баримтын шаардлага хангахгүй 4 баримт буюу 340.900 төгрөгийн баримтыг хохиролд нэмж тооцсон. Эрүүл мэндийн даатгалын сангаас 305.000 төгрөг нэхэмжилсэн боловч би Төрийн сан дахь 100900020080 дугаарын харилцах дансанд 326.000 төгрөгийг шилжүүлж 21.000 төгрөгийн илүү төлөлт хийсэн. Хохирогч Д.Г- нь БНХАУ-ын Хөх хотод очиж эмчлүүлсэн гэх 2.421.398 төгрөгийн баримтыг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тус хавдрын эмнэлэгт ямар үзлэг оношлогоо хийгдсэн нь тодорхой бус байхад гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. БНХАУ-ын Хөх хотын хавдрын эмнэлэгт 599 юаниар үзүүлсэн гэх баримтыг хохирогч гаргаж өгсөн. Гэтэл хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл нь ослын улмаас баруун өвдөг, тойгны хаван суналт, шүдний булгаралт, эмтрэл, зөөлөн эдийн няцралууд гэсэн гэмтлүүд байгаа. Би 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Toyota Prius маркийн Ж- УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөний улмаас осол гаргасан. Энэхүү тээврийн хэрэгслийн эзэмшигч И.Хэрлэнбаярыг иргэний хариуцагчаар тогтоосон. Гэтэл иргэний хариуцагчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй, И.Х- нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу хохирогч Д.Г-д хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлж мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792.000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.288.080 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зам тээврийн осол нь болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд би тэтгэврийн насны хүн, хохирол төлбөрийг төлж, цаашид ч төлөхөө илэрхийлсэн. Гэтэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч И.Х-ыг оролцуулан хамтад нь шийдвэрлээгүйд гомдолтой байна. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, ослын үед цагдаагийн байгууллага болон эмнэлгийн яаралтай тусламжийг дуудсан, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ их гэмшиж байгаагаа мэдүүлсэн. Гэтэл шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлж болох хэдий ч шүүгдэгч Ж.Б- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд ял шийтгэл тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь миний бие өндөр насны тэтгэвэрт гарсан, тэтгэврийн орлоготой, болгоомжгүйн улмаас үйлдэгддэг гэмт хэрэгт анх удаа холбогдсон, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлсэн, хохирол төлбөрийг төлсөн бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр жолооны эрхийг 3 жилээр хасч, 1 жилийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулсанд гомдолтой байна. Би өндөр настай, эрүүл мэндийн асуудлаас шалтгаалан хөдөө орон нутаг явж сувилалд хэвтэн эмчлүүлэх хэрэгцээ шаардлага гарах зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...бидний зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй. Гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага болон хохирол, хор уршиг, нөхөн төлбөр дээр буруу дүгнэлт хийсэн. Миний үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой мөнгөнөөс 21.000 төгрөгийг илүү төлсөн. Хэргийн 30, 36, 37 дугаар хуудсанд авагдсан хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь өнөөдрийн байдлаар хохирогчид эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 326.000 төгрөгийг төлж анхан шатны шүүхээс тогтоосон төлбөл зохих хохирол төлбөрийг бүрэн төлж, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Хохирогчийн Хөх хотод эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардалтай холбоотой баримтуудад ямар эмчилгээ, үйлчилгээ авсан нь тодорхойгүй. Гэтэл анхан шатны шүүх тухайн баримтуудыг үнэлж, миний үйлчлүүлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байгаа. Учир нь хохирогч Хөх хотод хавдрын эмнэлэгт үзүүлсэн байдаг. Ослын улмаас биед нь учирсан бэртэл, гэмтлийг хавдрын эмнэлэгт үзүүлж байгаа нь хоорондоо ямар холбоо хамааралтай болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад анхан шатны шүүхээс тухайн баримтуудыг ямар учиртай баримт болохыг нь асууж тодруулахгүйгээр нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ хэрэг дээр иргэний хариуцагчаар И.Х- гэх машины эзэмшигчийг тогтоосон. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийн хамгийн дээд хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд “...гэм буруутай этгээдийн гэм хэрэгтээ хандаж байгаа байдал, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн нөхцөл байдал...” зэргийг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор зохицуулсан байхад анхан шатны шүүхээс дээрх зохицуулалтыг баримтлахгүйгээр нөхөн төлбөрийн хэмжээг өндөр хувиар тогтоосон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүгдэгч, иргэний хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино…” гэж заасан байдаг. Тодруулбал, эрүүгийн хариуцлагын зорилгын нэг хэсэг нь хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал болон 82 настай ээжийгээ асарч, хамт амьдардаг, тэтгэврээс өөр орлогогүй иргэн гэдэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 12.99 дахин буюу 2 дугаар зэрэглэлд заасан хамгийн өндөр хувиар тогтоосон нь шүүгдэгчийн хувийн байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан, мөн цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон хэмжээнд төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулгатай танилцахад тэрээр хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа агуулгатай гомдлыг гаргасан байдаг. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцсон. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдолд тусгасан агуулгыг шүүхийн хэлэлцүүлэгт огт дурдаагүй. Өөрөөр хэлбэл, хохирол төлбөртэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрч оролцсон. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтын талаар тодорхой хэдэн үндэслэлээр гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Тодруулбал, тухайн баримт нь ослын улмаас гэмтсэн гэмтэлтэй нь холбоотой эмчилгээ хийлгүүлсэн баримт эсэх нь эргэлзээтэй, хавдрын эмнэлэгт үзүүлсэн, хавдартай холбоотой баримт байхыг үгүйсгэхгүй гэх мэт зүйлийг дурдаж байна. Манай үйлчлүүлэгч нь хууль, эрх зүйн мэдлэггүй, тэрээр эмнэлгээс гаргаж өгсөн төлбөр тооцооны баримтыг хэрэгт хавсаргуулсан, мөн хавдрын эмнэлэг хавдраас өөр олон төрлийн шинжилгээ, үйлчилгээ авдаг байхыг үгүйсгэхгүй, түүнээс хавдрын эмнэлэг гэхээрээ зөвхөн хавдрыг тодорхойлдог гэх явцуу утгаар ойлгох нь учир дутагдалтай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс дээрх баримттай холбоотой хүлээн зөвшөөрөхгүй байгаа анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлж, мэтгэлцэж, тодорхойгүй, эргэлзэж байгаа зүйлээ тодруулж шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой байсан. Мөн иргэний хариуцагчтай холбоотой, хохирлыг хувь тэнцүүлж гаргуулах агуулгатай зүйлийг огт илэрхийлээгүй, шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрийг төлж барагдуулна, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг, тайлбарыг гаргадаг. Шүүгдэгчийн анхан шатны шүүх хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн байдал болон давж заалдах гомдол нь зөрчилдөөнтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хариуцлагын асуудал дээр хохирогчийн талаас ямар нэгэн саналгүй. Манай зүгээс хохирогчид торгуулийн ял оногдуулбал хохирол болон ялаа биелүүлэх боломжтой байх гэж харж байна. Учир нь түүний тэтгэвэр тодорхой хэмжээгээр өндөр тогтоогдсон байдаг. ...” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ж.Б-од холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж.Б- нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, “Ганнам” рестораны зүүн талд “Toyota Prius-20” маркийн Ж- УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, тус дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас цахилгаан скүтертэй мөргөлдөж, скүтерийн урд зогсож явсан Д.Г-ын эрүүл мэндэд баруун өвдөгний гадна жийргэвч мөгөөрсний урд эврийн урагдал, тойгны дотор даруулган холбоосын хаван, суналт, хэсэгчилсэн урагдал, гадна хажуугийн холбоос, 4 толгойт булчингийн шөрмөсний хаван, суналт, уруулын дотор салстад шарх, цус, хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1, 2-р шүдний булгарал, 1, 3-р шүдний эмтрэл, хамар, эрүү, баруун бугалга, сарвуу, зүүн зулгаралтууд, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, цээж, хэвлийд цус хуралт, баруун гуя, өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Г-ын “...“Централ тауэр” лүү зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр скүүтертэй явж байсан. Гэнэт машин давхар зураас даваад эсрэг урсгалаас ороод ирсэн. “Хурдаа хасаарай” гэж хэлэх зуур мөргөсөн. Ослын улмаас өвдөг, цээж, эрүү, шүд гэмтсэн...” /хх 23/,

гэрч Ц.А-ын “...өөрийн эзэмшлийн “АТМА” маркийн скүүтерийг жолоодон найз охин Д.Г-ын хамт “Централ тауэр” лүү явсан. Хойноос урагшаа, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 10 км/ц хурдтай явж байтал урдуур мөнгөлөг өнгийн “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл гэнэт эргэж дарж орж ирсэн бөгөөд би зогсч чадалгүй тухайн автомашины баруун хойд хэсгийг мөргөсөн. Найз охин Д.Г- миний урд зогсоод явж байсан тул нүүр, өвдөг, хэвлий хэсэгтээ гэмтэл авсан...” /хх-ийн 52/,

яллагдагчаар Ж.Б-ын “...зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 20 км/ц хурдтай явж байгаад давхар зураас даваад баруун эргэтэл хойноос ирж байсан скүүтер унасан хүн машины баруун хойд талын буферийг мөргөчихсөн. Скүүтер унаж явсан эрэгтэй хүүхэдтэй хамт зорчиж явсан эмэгтэй хүүхдийг өргөж босгоод замын хажуу руу суулгасан. ...Тухайн скүүтертэй хүнийг би харсан ч амжих байх гэж бодоод эргэчихсэн...” /хх-ийн 106/ гэсэн мэдүүлгүүд,

“...Д.Г-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8301 дүгээр дүгнэлт /хх 59-62/,

“...Жолооч Ж.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт, тус дүрмийн хоёрдугаар хавсралтын 1.4 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй...” гэх Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1015 дугаар магадлагаа /хх 95-96/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:

шүүгдэгч Ж.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас цахилгаан скүтертэй мөргөлдөж, скүтерийн урд зогсож явсан Д.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Шүүгдэгч Ж.Б- нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин хохирлын зарим баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байхад гаргуулахаар шийдвэрлэсэн, ...иргэний нэхэмжлэгч, хариуцагч И.Х-т хохирол төлбөрийг тодорхой хувийг хариуцуулаагүй, ... сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх хэмжээг өндөр тогтоосон, ...хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

1. Анхан шатын шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогч Д.Г- нь баримтаар 6.085.470 төгрөг, шүүхийн шатанд 2.421.398 төгрөг нийт 8.506.860 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 5.000.000 төгрөгийг хасч үлдэгдэл 3.506.868 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож  шийдвэрлэхдээ  давхардсан болон нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтуудын талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжилсэн дүнгээр бөөнд нь гаргуулсан байна.

Давж заалдах шатны шүүх хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтуудыг хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангаж байгаа хэсгийг үнэлж, нотлох баримтын шаардлага хангаж байгаа /хх 26-27, 28, 29, 30, 31-35, 37-р талд авагдсан баримуудаас/ 5.296.270 төгрөгийг гаргуулахаас шүүгдэгчийн төлсөн 5.264.370 төгрөгийн хасч /давж заалдах шатны шүүхэд 264.370 төгрөг хохирогчид шилжүүлсэн баримт өгсөн/ 31900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн хохирогч Д.Г- нь шүүхийн шатанд ӨМӨЗО-ны Хөх хот дахь Хавдрын эмнэлэг буюу “Гуорун” эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн үзлэг хийлгэсний төлбөр 599 юань, агаарын тээврээр зорчсон тийзний зардал 2.120.700 төгрөг буюу нийт 2.421.398 төгрөгийг нэхэмжилсэн  ба хохирогч нь тухайн хавдрын эмнэлэгт ямар эмчилгээ, үйлчилгээ авсан нь тодорхойгүйгээс гадна 599 юанийг Монгол банкнаас зарласан хэдний өдрийн, хэдэн төгрөгийн ханшаар тооцсон нь тодорхойгүй, тэр талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Үүнээс гадна Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтооход хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийн хэр хэмжээ, хохирогчийн гэм буруутай байдал зэргийг харгалзахаас гадна шүүгдэгчийн гэм буруу, гэм буруугаа хүлээж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүхий л нөхцөл байдлуудыг харгалзан үзэх учиртай.

            Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлд нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байна гэж тогтоосон.

Анхан шатны шүүх хохирогчид учирсан гэмтэл, түүнээс үүссэн үр дагавар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.288.080 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа байдал, осол гарахад цахилгаан скүтерийн урд зогсож явсан хохирогч Д.Г-ын зохих буруутай үйл ажиллагаа байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.544.000 төгрөгөөр тогтоон шүүгдэгчээс гаргуулах нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасантай нийцнэ гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Ж.Б-оос нийт 31900+5.544.000=5.575.900 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

2. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийг өөрөө томилсон буюу шилжүүлэн өгсөн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгслийг өөрөө шилжүүлэн өгсөн өмчлөгч И.Х-ыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татсан хэдий ч шүүгдэгч нь хохирогчид учирсан эмчилгээний зардалд 5.264.370 төгрөгийг төлсөн байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн тодорхой хувийг иргэний хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй байна. Учир нь иргэний хариуцагч бол хохирогчид шууд хохирол учруулсан этгээд биш бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол учруулсан этгээд өөрийн үйлдлийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх ба иргэний хариуцагч нь хуульд заагдсан үүргээ зөрчсөн (хуульд шууд заасан үүрэг, эсхүл эцэг эх, асран хамгаалагч, онцгой үүрэг бүхий этгээд) хэмжээндээ хариуцлага хүлээдэг этгээд болно.  Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэй.

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээгээр хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчийн хэт болгоомжгүй байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассаныг 1 жил, 6 сар,  1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, уг ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Нөгөөтээгүүр, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхээс гадна шүүхийн шийдвэр нь аливаа эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох эрх зүйн үр дагаврыг агуулна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтуудад заасан үүргүүдийг хүлээлгэж, биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг сануулж шийдвэрлэсэн нь дээрх зарчимд нийцэхгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлгийн зохицуулалтууд нь ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд үндсэн ялын хамт хэрэглэх нь түүнийг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг бий болгохгүйгээс гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Түүнчлэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар шүүгдэгчээс 13.494.250 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа 11 дэх заалтад түүнийг бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэсэн алдаа гаргажээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ж.Б- нь хохирогч Д.Г-д 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 264.370 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2797 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

7 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэж,

8 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-оос 5.575.900 /таван сая таван зуун далан таван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Г-д олгосугай. ...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж,

тогтоох хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтуудыг, 11 дэх заалтын “...бусдад төлөх төлбөргүй...” гэснийг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ж.Б- нь хохирогч Д.Г-д 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 264.370 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                        Л.ГАЛБАДАР

 

ШҮҮГЧ                                                                   Л.ДАРЬСҮРЭН