Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 894

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэнд-Очир,

улсын яллагч Б.Ганбулган,

хохирогч Б.Ц

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б ад холбогдох эрүүгийн 1806027600767 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Б  /РД:/.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 13-2016 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Ц байнга агсам согтуу тавьж, харгис хэрцгий харьцан, догшин авирлан, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай нөхөр ажил хийж зүв зүгээр байдаг. Сүүлийн хэдэн жил архи ууж агсан тавьдаг болсон. Манай нөхөр гаргасан үйлдлээ сайн ойлгодоггүй. Би олон жил ханилсан учир шоронд явуулах бодолгүй байна. Би зээгээ хараад гэртээ байж бай гэж нөхрөөсөө гуйдаг. Одоо манай нөхөр алдаа дутагдлаа ойлгож байгаа. Юу ч гэж хэлэхээ мэдэхгүй байна. Цаашид амар тайван цуг амьдармаар байна. Бага хугацаагаар ял оногдуулж өгнө үү гэв.   

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн судалгааны мэдээлэл "...хэзээнээс эхэлсэн: 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлсэн, хүчирхийлэл үйлдэх үедээ: согтуугаар, хүчирхийллийн хэлбэр сэтгэл санааны, хохирогч: эхнэр, төрсөн охин, давтамж: 14 хоног тутам, авсан арга хэмжээ: торгосон, баривчилсан, архины албадан эмчилгээнд явуулах, эрүүлжүүлсэн /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 345 дугаартай "Захиргааны шийтгэл оногдуулах тухай" шийтгэврүүд /хх-ийн 15-18 хуудас/,

Захиргааны зөрчилд холбогдож байсан материалууд /хх-ийн 19-29 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Цэрэнпагамын бөглөсөн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8, 50 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2018 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед нөхөр Баярбат согтуу орж ирээд агсам тавьж, намайг зодох гээд дайраад байхаар нь 102-т дуудлага өгсөн. Нөхөр өмнө байнга агсам тавьж зөндөө олон удаа баривчилгаанд явсан. Сүүлийн баривчилгаанаас гарч ирээд чамаас болж баривчилгаанд явлаа. Ална, дуусгана гэж хэлдэг. Нөхөр хэрүүл хийхээр ямар нэгэн хүнтэй хоосон хий хардаад байдаг. Намайг зодох гэхээр нь том охин хамгаалж аавыгаа барьж, салгадаг. Ер нь зодох гээд байнга заналхийлж, дарамталдаг..., Одоогоос 18-19 жилийн өмнөөс эхлэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Архи ууж эхэлснээсээ хойш гэртээ согтуу орж ирээд, хий хардаад,надад байнга агсам тавьдаг болсон. Согтуу орж ирчхээд ална, хядна гэж хэлээд байнга дарамталдаг. Хүүхэд бага байхад бид хэдийг гэрээсээ хөөгөөд гаргачихдаг байсан. Одоо хоёр охин томорсноос хойш хөөж гаргахаа больсон..., Өдөр болгон архи, согтууруулах ундааг хэрэглэж, согтуу орж ирээд агсам тавьдаг. 2018 онд зөндөө олон удаа эрүүлжүүлэгдсэн. Сард 2 удаа эрүүлжүүлэгддэг. 1 жил 3-4 удаа баривчилгаанд явдаг. Архины эмчилгээнд явуулмаар байна. Намайг ганцаараа байх юм бол зодох гээд дайрдаг. Охин байгаа учир зоддоггүй. Архины хордлогод байнга ордог. 2018 оны 05 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед нөхөр Ж.Б согтуу орж ирээд агсам тавьж, над руу дайрч чамайг ална гээд дайрсан. Тухайн үед том охин Ану-Үжин ирсэн байсан. Тэгэхээр нь 102-т дуудлага өгсөн. Дуудлагаар очсон цагдаа руу агсраад байсан. Цагдаад дуудлага өгч, намайг мэдүүлэг өглөө гэснээс болж согтуу агсам тавьж, чи манайхаас одоо зайл гэж хэлээд дайраад байсан. Цагдаагийн хажууд намайг янхан, гичий минь гэж хэлээд дайрсан. Согтуу орж ирээд ална, хядна гэж хэлээд байнга дарамталдаг. Том охин болсон явдлыг сайн мэдэж байгаа..., Тухайн орой би зурагт үзээд сууж байтал нөхөр согтуу орж ирээд пизда минь ална шүү гэхэд том охин цаанаас гарч ирээд та боль гээд би гарч цагдаад дуудлага өгсөн. Хуулийн дагуу шийдүүлмээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-11дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Анираагийн өгсөн: "...2018 оны 03 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед аав согтуу орж ирээд ээжид агсам тавиад зодох гээд дайраад байхаар нь би аавыг барьсан чинь ээж гараад 102-т дуудлага өгсөн. Манай аав намайг мэдээ орсон үеэс эхлэн архи ууж, ээжийг байнга зодож, цохидог байсан. Одоо эгч бид хоёр насанд хүрснээс хойш зодохоо больсон. Гэхдээ байнга архи ууж заналхийлж, дарамталдаг. Ээжийг хүнтэй харддаг. Шалгаж байгаа цагдаагийн байцаагч нартай хүртэл хардаад байдаг. Намайг аав зодож, цохиж байгаагүй. Архи ууж орж ирэхээр нь би хааяа барьцалдаж авдаг. Би ч аавыг цохиж, зодож байгаагүй. Хүн байж суухын аргагүй агсам тавьдаг. Манай ээж аавыг зодож, цохиж байгаагүй. Аав согтуу орж ирээд агсам тавьж, хэрүүл гаргадаг. Та нарыг ална гээд байнга заналхийлдэг.." гэх мэдүүлэг /хх-н 12 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Ану-Үжингийн өгсөн: "...Нөхөр хээрийн гаралтад гарсан учир 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ээж, дүү, хүүхдийн хамт гэрт байж байтал орой 21 цагийн үед аав согтуу орж ирээд ээжид агсам тавьж, ажлын газрын хүнтэй уулзсан чамайг ярьж байна лээ гээд утгагүй юм ярьсан чинь ээж өөдөөс чи юугаа яриад байгаа юм бэ тэр хүн чинь мөрөөрөө амьдарч байгаа гэхэд чи ажил дээрээ байнга хонож, өнжиж явдаг гээд дайрахаар би дундуур орж болиулаад ээжийг гараад цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирэхэд аав дуудлагаар ирсэн цагдаад хандаж, та нар яахаараа дандаа намайг авч явдаг юм бэ хулгай хийсэн, хүн алсан хүмүүсээ барьж чаддаггүй байж, янханыг өмөөрч авч явлаа гэж хэлээд байсан. Манай аав согтуу орж ирэхээрээ чи надтай унтдаггүй, хэвтдэггүй. Энэ хорооны цагдаа Бөхбаттай явалддаг. Энэ хороонд надаас өөр явуулах хүн байдаггүй юм уу гээд янз бүрийн зүйл хэлээд агсам тавьдаг. Мөн ээжийг дуудлагаар ирсэн цагдаатай харддаг. Аав согтуу орж ирээд агсам тавьж, янз бүрийн хүнтэй хардаад, хамаагүй хүний нэр хэлээд янхан гээд орилоод заналхийлээд байдаг. Эрүүл байхдаа агсам тавих нь гайгүй. Харин үглээд байдаг. Гэрт амраад байж байхад ээж утсаар ярьж аав чинь согтуу ирээд агсам тавиад ална гээд байна гэж хэлдэг. Би очиж болиулдаг. Хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсэж байна. Ээж, дүү хоёрыг алаад шоронд явна гээд занаад байдаг. Байцаагч Бөхбатыг ээжтэй нийлж баривчилгаанд явууллаа. Та хоёр явалддаг гээд занаад байдаг.." гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Бөхбатын өгсөн: "...Жүгдэр овогтой Баярбат нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлгийн 13-201 б тоотод оршин суудаг. Би 2015 онд хэсгийн байцаагчийн ажлыг аваад 17 дугаар хороон дээр томилогдон ирснээс хойш Баярбатыг мэддэг болсон. Баярбат нь манай хорооны архаг архичин байгаа юм. Би архины эмчилгээнд 2 удаа явуулж байсан. Баривчилгаанд маш олон удаа явуулж байсан. Эрүүлжүүлэхэд байнга ордог хүн байгаа юм. Баярбат нь өдөр болгон гэрийнхээ ойр хавиар яваад архи уучихдаг цагдаагийн байгууллагад маш олон удаагийн давтамжтай дуудлага өгүүлж байсан хүн байгаа. Ж.Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед зан авир муутай, хүнтэй маргалдаж, эсэргүүцэл үзүүлэх гээд байдаг. Эрүүл үед хүнтэй дуугардаггүй. Хоёр охин нь аав согтуу агсам тавиад байна гээд байнга дуудлага өгдөг..." гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Ж.Б ын: “...Эрх, үүрэгтэйгээ бүрэн танилцлаа. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл архи уусан, хэрүүл маргаан гаргасан асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Түүнээс харгис хэрцгий харьцаж, догшин авирласан зүйл байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 10 цагт гэрээсээ гараад найз Арслантай уулзаад 0.75 литрийн 1 шил архи гэрт нь уугаад өдөр 12 цаг өнгөрөөгөөд гэртээ ороход эхнэр ажилдаа яваад ирсэн байсан. Архи ууж орж ирлээ гээд бид хоёр маргалдаж байгаад хэвтсэн чинь удалгүй 2 цагдаа ирж бариад эрүүлжүүлсэн. Намайг эрүүл байхад ажил төрөлгүй байна гээд янз бүрээр хэлж, ажил хий, гэртээ үхсэнээ хийдэг юм бэ гэх асуудлаас болж хэрүүл маргаан үүсдэг. Архи уугаад ирэхээр гэрт оруулахгүй гэр цоожлоод явдаг. Мөн гэрийн цоож сольдог. Чамайг тэжээх шаардлага ч байхгүй. Хамт амьдармааргүй байна гэж байнга гэрээс хөөж, эгчийндээ очиж амьдар гэж хэл амаар доромжилдог. Зурагт үзүүлэхгүй удирдлага булааж аваад их дээрэнгүй зантай. Энэ бухимдсан уурандаа гарч яваад архи уудаг. Тэгээд архи ууснаас болж хэрүүл үүсдэг. Саяхан ажилд орсон байхад Бөхбат байцаагчид гомдол гаргаад арга хэмжээ авч өг гэж хэлээд баривчилгаанд явуулсан. Эхнэр ээлжийн ажлаасаа буугаад өдөр болгон хуралтай, цуглаантай, ажилтай гээд гэртээ байдаггүй. Тэр байдлыг хэлэхээр хүнтэй хардлаа гэж боддог юм шиг байна лээ. Өдий насалчихаад эхнэрээ хардаад яах билээ. Миний олж ирсэн юмыг идэж уулаа гээд л загнадаг. Өөрөө ажилтай, би ажилгүй болохоор ажил хий гээд загнадаг. Архи уусан зарим өдрүүдэд гэртээ оролгүй гэрийнхээ дээвэр дээр хүртэл хонодог. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ орж маргалдсан зүйл бий. Эхнэр согтуу орохоор маргаж цагдаад дуудлага өгдөг. Түүнээс дарамталж заналхийлсэн зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуудас/;

иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 56 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 13-2016 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Ц байнга агсам согтуу тавьж, харгис хэрцгий харьцан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ж.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.  

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийт 42 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч Ж.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна гэж үзэв.