Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/184

 

2026            02             09                                                                             2026/ДШМ/184            

 

Д.Г-д холбогдох

үгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.Г-, 

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2778 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2503 00903 1070 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т- овгийн Д-ын Г-, .........., /РД:Д-/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Шүүгдэгч Д.Г- нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 1000 оюутны байрны баруун замд 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 5 минутын үед “Тоёота приус” загварын Д- ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/. тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцохдоо “Тоёота приус” загварын Д- УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэмт хэрэг холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Г-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 06 сарын хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, иргэний нэхэмжлэгч Г.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г- давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, саад учруулаагүй, хохирол төлбөр төлсөн, оршин суух хаягийн зөрчилгүй зэрэг байдлыг минь харгалзан хорих ялыг минь зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Д.Г- нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 1000 оюутны байрны баруун замд 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 5 минутын үед Тоёота приус загварын Д- ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/. тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцохдоо Тоёота приус загварын Д- УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн “...тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодоод 1000 оюутны байрны баруун талын зогсоолд зогсох гээд явж байтал миний машины баруун талаас саарал өнгийн машин ирээд мөргөсөн. Би буугаад харахад машины жолооч согтуу байсан учраас цагдаа дуудсан. ...” /хх 35-36/ гэсэн мэдүүлэг,

гэмт хэргийн тапаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6-7/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 9/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-11/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас /хх 12/, Тээврийн цагдаагийн албаны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1326 дугаар магадалгаа /хх 71/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:

Шүүгдэгч Д.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Д.Г- “...хорих ялыг өөрчилж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг хортой үр дагавартай.

Хэдийгээр шүүгдэгч Д.Г- нь гэм буруу дээр маргаагүй байх боловч тэрээр урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд тухайн зүйл заалтад заасан хорих ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулсан 6 сарын хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Г- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2778 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ