| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/04185/И |
| Дугаар | 191/ШШ2025/04749 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/04749
2025 05 27 191/ШШ2025/04749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ....... дүгээр давхарт байрлах, ... капитал ХХК /РД:....../-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ... капитал ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .... партнерс ХХН, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: .... партнерс ХХН нь манай T......тоот 113.75 мкв оффисын талбайг түрээслэгч бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Г-23/12 дугаартай Оффисын талбайн түрээсийн гэрээ байгуулан харилцан тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээний түрээсийн төлбөр нэмэгдэж байгаа тухай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацаа сунгах бичгийг хүргүүлж тус нөхөрлөлийн ажилтан н.Лхагва-Эрдэнэ гэх хүн гарын үсэг зурж хүлээн авсан.
2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл .... партнерс ХХН нь түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд төлөхөө 99900797 дугаар, вайбер цахим чатаар илэрхийлж байсан бидний зүгээс гэрээг дуусгавар болгож талбайг чөлөөлж талбайд байгаа хөрөнгөө авахыг шаардсан боловч түрээсийн төлбөрийг төлж цаашид гэрээг үргэлжлүүлнэ гэсэн тайлбар хийж талбайг чөлөөлж өгөөгүй бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш бидэнтэй холбогдохоо больсон.
Иймд .... партнерс ХХН-өөс төлбөр барагдуулах талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/Ш32025/07008 дугаартай захирамж гарсан бөгөөд тус захирамжийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан.
Одоо тухайн байгууллагын оршин суух хаяг, гүйцэтгэх удирдлага нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул тус компанийн хаяг болон гүйцэтгэх удирдлагыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3, 5/
2.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/09506 дугаар захирамж /хх-6/
2.3 Оффисын талбайн түрээсийн гэрээ /хх-7-14/
3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/20189 дугаар захирамжаар .... партнерс ХХН, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ... капитал ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .... партнерс ХХН, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ... капитал ХХК, .... партнерс ХХН-ийн хооронд байгуулагдсан Оффисын талбайн түрээсийн гэрээ нэртэй гэрээ хэрэгт авагдсан ба .... партнерс ХХН нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ... капитал ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
... капитал ХХК нь .... партнерс ХХН, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .... партнерс ХХН, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь ...... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/09506 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд ... капитал ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч ... капитал ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... капитал ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... капитал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч......./-т мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ