| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2506 03139 2433 |
| Дугаар | 2026/ДШМ/185 |
| Огноо | 2026-02-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/185
2026 02 09 2026/ДШМ/185
З.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч “Б-” ХХК-ийн өмгөөлөгч К.Манлай,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2772 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн З.Б-т холбогдох 2506 03139 2433 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн З-ын Б-, ...... ял шийтгэлгүй, /РД:З-/;
Шүүгдэгч З.Б- нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “З-”-д үйл ажиллагаа явуулж буй “Б-” ХХК-ийн борлуулагч, эд хариуцагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан бараа, материалыг завшиж, бусдад 15,952,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З.Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар З.Б-т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг З.Б-т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд ялтан З.Б-т хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүылийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-аас 14,952,000 төгрөг гаргуулж хохирогч “Б-” ХХК-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар" хэсэгт “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж тодруулжээ. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч байр сууриа тодорхой илэрхийлээгүй, шүүгдэгч З.Б- мөн гэм буруу дээрээ маргасан байр байдалтай оролцсон бөгөөд энэ талаар өмгөөлөгч миний зүгээс байр сууриа тодруулах талаар 2 удаа санал гаргасан боловч тодруулаагүй үргэлжилсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байхад хохирогчидтой төлбөр барагдуулах талаар огт уулзаагүй, шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөх 5 хоногийн хугацаатай завсарлага авсан боловч мөн л хохирогчтой холбогдоогүй. Шүүх хуралдаан үргэлжлэхээс нэг өдрийн өмнө би өөрөө залгаж юу болоод байгаа талаар лавласан боловч хохирол төлөх талаар тодорхой тайлбар хийхгүй байсаар шүүх хуралдаан эхлэхийн өмнө 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд нийт хохирлын 6 хувийн хохирол төлсөн байдлыг хохирол төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй байна. Шүүгдэгч З.Б-ын хувьд оршин суугаа тодорхой хаяггүй байх тул тэнсэн харгалзах ялыг эдлүүлэх боломж байхгүй бөгөөд тохироогүй буюу биелэгдэх боломжгүй эрүүгийн хариуцлага оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар З.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Тодруулбал;
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; Шүүгдэгч З.Б- нь анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргасан байр суурьтай оролцсон бөгөөд хохирол төлбөр барагдуулах талаар арга хэмжээ аваагүй, хохирол төлөх 5 хоногийн хугацаатай завсарлага авсан боловч хохирлыг барагдуулаагүй бөгөөд хохирол төлбөрийн хувьд бүхэлд хүлээн зөвшөөрөөгүй, маргаж байсан үйл баримт авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. ...” гэж хуульчилжээ.
Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нөхцөлт эрүүгийн хариуцлагын нэг төрөл бөгөөд уг зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хор уршгийг арилгах, эсхүл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх зэргээр илэрдэг.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “...хохирол төлбөрөөс тодорхой хэмжээг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан. ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Тухайлбал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар огт дүгнэлгүй орхигдуулж, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. ...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн хохирогч “Б-” ХХК-ийн өмгөөлөгч К.Манлайгийн гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч З.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2772 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч З.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ