| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2305036512061 |
| Дугаар | 2026/ДШМ/83 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/83
2026 01 20 2026/ДШМ/83
Ч.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Эрдэнэзаяа,
хохирогч Б.Ш,
хохирогч “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А, Ч.Т,
хохирогч Б.Р-н өмгөөлөгч Г.Баттогтох,
хохирогч Ж.Э, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг,
шүүгдэгч Ч.А /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр, Д.Бурмаа,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Э, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ч.А-д холбогдох эрүүгийн 2305036512061 дүгээр хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч.А,
Шүүгдэгч Ч.А нь үргэлжилсэн үйлдлээр:
2. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд ****** дүүргийн 11 дүгээр хороонд “захиалсан Приус-20 маркийн автомашинууд гааль дээр буух тул худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.С 9,500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
3. “Харьер машины захиалга авч, тухайн машин хил дээр ирсэн задраагүй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Г.Т төөрөгдөлд оруулан 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* дүүргийн 11 дүгээр хороо, “****” худалдааны төвийн Голомт банкнаас түүний 27,140,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
4. “Япон улсаас Харьер, Приус-41 загварын машинууд захиалсан байгаа, удахгүй орж ирнэ” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Ш төөрөгдөлд оруулж 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ******** дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээр түүний 32,375,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
5. “Япон улсаас Харьер маркийн машин захиалсан байгаа удахгүй орж ирнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч С.У төөрөгдөлд оруулж 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр түүнээс 14,000,000 төгрөгийг ***** дүүргийн ** дугаар хороо, “*****
” хотхоны орчимд шилжүүлэн авч залилсан,
6. ************** дүүргийн 32 дугаар хороо, Автомашины худалдааны төвд “Япон улсаас Тоёота Вангуард загварын автомашин оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Г.Д 27,302,200 төгрөг шилжүүлэн авч залилсан,
7. “...Япон улсаас Приус-41 загварын тээврийн хэрэгсэл хямд үнээр оруулж өгнө, тээврийн хэрэгслийн урьдчилгаа, тээврийн зардал, татварын хураамж төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч А.Б түүний Худалдаа хөгжлийн банк дахь 440000282 дугаартай дансаар 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 3,810,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 434000783 дугаартай дансаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 367,100 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,310,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 15,487,100 төгрөгийн хохирол учруулан залилсан,
8. “...хуучин машин авч байхаар Японоос орж ирж байгаа Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг татвараа төлөөд 25,000,000 төгрөгт ав...” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч С.Д 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ***** дүүргийн 5 дугаар хороо, “*****” кинотеатрын Хаан банкнаас өөрийн данс руу 19,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
9. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хооронд байрлах “Автомашин худалдааны төв”-д байхдаа хохирогч Т.М хоёр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай амаар тохиролцож зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг хуурч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 27,650,000 төгрөг болон 24,000,000 төгрөгийн үнэ бүхий “Приус-30” машиныг тус тус шилжүүлэн авч нийт 51,650,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,
10. 2022 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.Г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “...Япон улсаас “Прадо-150”, “Приус-30” загварын машин хямд үнээр оруулж ирж өгнө...” гэж итгүүлэн 89,126,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард “яаралтай мөнгөний хэрэг гарсан” гэж 28,000,000 төгрөгийг сарын хугацаатай зээлээч гэж, 2023 оны 01, 02 дугаар саруудад “Приус-30” маркийн автомашин захиалсан хүмүүс мөнгөө буцаахаар боллоо, та худалдаад авчих” гэж итгүүлэн 17,500,000 төгрөг түүнээс нийт 134,626,000 төгрөг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан,
11. 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Х.М “гаальтай Приус-20 автомашин хямд үнээр зарна” гэж хуурч, итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Х.М нь *********** дүүргийн 5 дугаар хороо, ***** тоотод байхдаа нийт 15,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5063239007 тоот, Худалдаа хөгжлийн банкны 440000282 тоот, 434000783 тоот дансуудаар шилжүүлснийг авч залилсан,
12. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Р.Э “...Япон улсаас Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл оруулж ирж өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас тэрээр 14,000,000 төгрөгийг **** аймагт байхдаа, 6,000,000 төгрөгийг ***** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлснийг авч, нийт 20,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
13. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 10-ны хооронд хохирогч Д.Б “шинэ тээврийн хэрэгсэл худалдана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас түүний 40,726,700 төгрөгийг Г аймаг, **** сумын 1 дүгээр баг **** 96-* тоот гэртээ байхдаа шилжүүлснийг авч залилсан,
14. 2022 оны 05 дугаар сарын 24-өөс 25-ны өдрийн хооронд хохирогч Д.Т “Тоёота Харьер” загварын машин Япон улсаас хямд захиж оруулж ирж өгнө гэж” хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Д.Т нь **** дүүргийн ** дугаар хороо, “****” кинотеатрын орчимд байхдаа 18,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан,
15. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.Б “Япон улсаас машин захиалж өгнө” гэж хуурч, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж *** дүүргийн 5 дугаар хороонд байхдаа 35,665,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан,
16. 2023 оны 01 дүгээр сард хохирогч Т.А өөрийгөө “машины ченж” гэж танилцан 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “зах зээлийн үнээс хямд Приус-41 маркийн машин худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Голомт банкны дансаар дамжуулан 34,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
17. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч О.Х руу 8908-9999 дугаарын утаснаас холбогдож “...25,000,000 төгрөгөөр Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн, үнээр нь зарна...” гэж хуурч, фейсбүүк цахим сүлжээгээр Приус-41 загварын тээврийн хэрэгслийн зураг явуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрт байхгүй тээврийн хэрэгслийг байгаа мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас О.Х нь **** дүүрэгт байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 4,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 1,710,000 төгрөг буюу нийт 16,710,000 төгрөгийг Хаан банкны 5063239007 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
18. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ***** дүүргийн *** дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Дизель хүрээ” автомашин худалдааны төвийн орчимд хохирогч М.Э “...гаальтай Тоёота Харьер байна, жижиг машин оролцуулаад мөнгө өгөөч...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Б.Р “бартерт оруулж зарж өгнө” гэж хуурч авсан “Тоёота Харьер” загварын тээврийн хэрэгслийг уг тээврийн бусдад зарж борлуулах, шилжүүлэх эрх бүхий итгэмжлэл хийлгэн авсан тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхөөр тохиролцож, уг тээврийн хэрэгслийн оронд бэлэн 30,500,000 төгрөг, 28,550,313 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Клугер” тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, нийт 59,050,313 төгрөгийн хохирол учруулан залилсан,
19. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр **** дүүргийн ** дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “****” ББСБ-д гаалийн бичигтэй 3 ширхэг автомашины сертификат болох бичиг баримтыг нь барьцаалсан, улмаар зээлийн гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөлийн эд хөрөнгө болох 22,239,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу нэр бүхий 19 хохирогч нарт нийт 660,237,613 төгрөгийн хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.А үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Ч.А үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг бусдыг хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.А 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ч.А оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ч.А цагдан хоригдсон 210 /хоёр зуун арав/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 204 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ тухай” зөвшөөрлийг, хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаартай “Эд хөрөнгө хураан авах тухай” зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан **-** УНҮ улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн автомашиныг хохирогч Б-н Р эзэмшилд шилжүүлж уг ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, хохирогч Г.Д, С.Д, Б.С, О.Х, Р.Э, С. У нарын хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нийт 423,513,693 /дөрвөн зуун хорин гурван сая таван зуун арван гурван мянга зургаан зуун ерэн гурав/ төгрөг гаргуулж,
хохирогч Г.Т 27,140,000 /хорин долоон сая нэг зуун дөчин мянга/ төгрөг,
хохирогч Б.Ш 26,375,000 /хорин зургаан сая гурван зуун далан таван мянга/ төгрөг,
хохирогч А.Б 15,457,100 /арван таван сая дөрвөн зуун тавин долоо мянга нэг зуу/ төгрөг,
хохирогч Х.М 14,500,000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг,
хохирогч Д.Г 131,526,000 /нэг зуун гучин нэгэн сая таван зуун зургаан мянга/ төгрөг,
хохирогч Т.М 12,829,000 /арван хоёр сая найман зуун хорин есөн мянга/ төгрөг,
хохирогч Д.Т 18,000,000 /арван найман сая/ төгрөг,
хохирогч Д.Б 38,726,700 /гучин найман сая долоон зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөг,
хохирогч Д.Б 34,456,600 /гучин дөрвөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуу/ төгрөг
хохирогч Т.А 33,500, 000 /гучин гурван сая таван зуун мянга/ төгрөг,
хохирогч Ж.А 59,050,313 /тавин есөн сая тавин мянга гурван зуун арван гурав/ төгрөг,
хохирогч Нет Капитал ББСБ-д 11,943,980 /арван нэгэн сая есөн зуун дөчин гурван мянга есөн зуун ная/ төгрөг тус тус олгож, шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчийн эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ч.А урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж, шударга бус шийдвэр гаргасанд иргэн миний бие туйлын гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 17 хуудсанд Ч.А, Б.Р, Ж.Э нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлтийг хийсэн ба хохирогч Ж.Энхбаатар, шүүгдэгч Ч.А нарын хооронд хийгдсэн хэлцэл нь шударга эзэмшигч Б.Р эрхийг зөрчиж хийсэн, шүүгдэгч Ч.А нь гэмт санаагаа хэрэгжүүлэхийн тулд хохирогч Б.Р тээврийн хэрэгслийг 82,000,000 төгрөгөөр зарж өгөхөөр түүнийг хуурч шилжүүлэн авч, улмаар хохирогч Ж.Э 60,000,000 орчим төгрөгт үнэлж зарсан нөхцөл байдлыг иргэний эрх зүйн харилцаа гэж зөвтгөх боломжгүй бөгөөд хохирогч Ж.Э нь өөрийн эзэмшлийн “Тояота Клугер” автомашин болон 30,500,000 төгрөгийг Ч.А шилжүүлэн өгснөөр мөн л гэмт хэргийн хохирогч болсон гэж дүгнэх хууль зүйн үндэстэй гэжээ. Шүүгдэгч Ч.А нь хохирогч Б.Р нарын хооронд үйлдэгдсэн бүртгэлийн 0722 дугаартай 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэл нь шүүгдэгч Ч.А гэмт санаагаа хэрэгжүүлэхийн тулд Б.Р хуурч байгуулсан түүний гэрт хэргийг төгсгөхийн тулд хэрэглэсэн арга хэрэгсэл гэж шүүх дүгнэлээ. Дээрх шүүхийн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэр болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтаар:
Шүүгдэгч Б.А-Од нь 2023 оны 08 дугаар 30-ны өдөр хохирогч Б.Р эзэмшилд байсан улсын дугаар аваагүй Тоёота Харриер маркийн автомашиныг нь “...би машиныг чинь зарж өгье манай ах барилгын компанитай машиныг чинь барилгын бартерт оруулаад өгье...” гэж хуурч аваад 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 07 минутад Нийслэлийн тойргийн нотариатч С.Т-р бүртгэлийн **** дугаартай “итгэмжлэл” хийлгүүлсэн байна. Б.А энэ үйлдэл нь эхнээсээ Б.Р эхнээсээ хуурч мэхлэх санаа зорилго агуулж, зохиомол байдлыг бий болгон хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж гэм буруугийн шууд санаатай шунахайн сэдэлттэй үйлдэл бөгөөд улмаар хийлгэж авсан итгэмжлэлийг үндэслэн тухайн өдөртөө уг автомашиныг Ж.Э худалдан борлуулж, Ж.Э нь зөрүү мөнгөндөө “Тоёота Клугэр” маркийн автомашиныг нэмж шилжүүлэн өгсөн байдаг. Ж.Э нь тухайн автомашиныг залилах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж мэдээгүй ба нотариатчийн баталсан итгэмжлэлийг үндэслэн хохирогч Р-н эзэмшилд байсан улсын дугааргүй, “Тоёота Харрьер” маркийн автомашиныг шилжүүлж авсан нь хохирогчийн мэдүүлгээр нотлогддог. Үүнд: Б.Р мэдүүлэхдээ... 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай байрны зүс таних А гэх эрэгтэй надад хандан”... би машиныг чинь зарж өгье, манай ах барилгын компанитай, би машиныг чинь бартерт оруулаад өгье...” гэж хэлсэн. Надаас чи машинаа хэдэн төгрөгөөр зарах юм бэ асуухаар нь би 82,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Улмаар Б.А 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ****** гэх нэртэй автомашин худалдаалдаг газар би өөрийн “Тоёота Харрьер” маркийн автомашинаа заруулахаар тавьсан байсан. Улмаар Б.А машиныг чинь зараад өгье гээд нотариат орж итгэмжлэл хийлгээд машиныг минь аваад явсан. Тэрнээс хойш 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас зар харж байтал миний машиныг 72,000,000 төгрөгөөр зарна гээд зар тавьчихсан байсан. Тэгээд тухайн өдрөө итгэмжлэл хийсэн газраа нотариат орж цуцлуулсан. Улмаар зарын дагуу очиж уулзтал би тэр үл таних хүнд хандан “...наад машин чинь миний машин байгаа юм аа...” гэж хэлэхэд “...би наймаагаа хийгээд дуусчихсан, би тэр хүнд 2005 оны “Тоёота Клугэр” маркийн машиныг 33,000,000 төгрөгөөр бодож, 30,500,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн...” гэж надад хэлсэн. Тухайн үед Ч.А руу холбогдож болсон асуудлын талаар хэлтэл “...би ойрын хугацаанд мөнгийг чинь өгнө, чи байхгүй бол машины эзэмшигчийн нэр өөр шилжихгүй...” гэж хэлсэн. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ****** дүүргийн Даа хүрээ автомашины зах дээр очоод машинаа авах гэтэл машинд маань улсын дугаар аваад хийчихсэн байсан...” гэх мэдүүлгээр хохирогч Б.Р нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Ч.А зарагдсан автомашиныхаа мөнгө орж ирэхийг хүлээсэн байгаа юм. Энэ нь итгэмжлэлийн дагуу автомашиныхаа зарагдсан мөнгийг хүлээсэн байна гэж ойлгогдохоор байна. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/-ШЦТ/1250 дугаар шийтгэх тогтоолд “Тоёота Харрьер” маркийн автомашиныг Ж.Э надад өгч шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан.... Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ноогдох хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө орлогыг хураан авч А холбогдох хэргээс хохирогч Ж.Э залилж 59,050,313 төгрөгийн гэсэн заалтад хамаарч байх тул шүүгдэгч Ч.А хохирол учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.Э иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр түүний өмчлөлд шилжсэн “Тоёота Харрьер” маркийн автомашиныг түүнд олгохоор шийдвэрлэлээ....гэсэн байдаг. Гэтэл тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2399 дугаар шийдвэрт мөн л Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан 84-03 УНҮ улсын дугаартай “Тоёота Харрьер” маркийн автомашиныг хохирогч Б Р эзэмшилд шилжүүлж....хэмээн шийдсэн байдаг. Үүнийг миний бие хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна. Хохирогч Б.Р болохоор бусдад өөрийн сайн дураар итгэмжлэл өгөөд автомашинаа худалдан борлуулах эрхийг хууль ёсоор өгсөн байдаг. Яах гэж итгэмжлэл өгсөн юм Бусдад худалдан борлуулах зорилгоор. Хохирогч Ж.Э нь бусдаас зах зээлийн үнээс арай доогуур үнээр бэлэн тооцоогоо хийгээд итгэмжлэлтэй автомашиныг худалдан авсан байдаг. Гэтэл ийм өөр өөр байр суурьтай хүмүүст хуулийг ижил төстэйгөөр хэрэглэж автомашиныг өгч байгааг нь иргэн хүнийхээ хувьд хуулийг буруу хэрэглэж байна хэмээн үзэж байна. Миний хувьд Ч.А наймаа хийхдээ итгэмжлэл хийлгэсэн автомашиныг худалдан авсан ба энэ тухайгаа мөрдөн байцаалтад болон шүүх хуралд хэлсэн байгаа. Хууль дүрмийн дагуу авсан автомашиныг Б.Р олгуулахаар заасныг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Иймд миний зүгээс шүүхийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, **-** УНҮ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг Ж.Э надад олгуулахаар зааж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ч.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оноос хойш 22-ын “Авто Худалдааны төв”-д япон улсаас автомашин импортоор оруулж ирж зарж борлуулдаг байсан. Тухайн үед 2021 онд Б.Н болон Д.Б хоёрыг өөртөө туслуулахаар ажиллуулж байсан. Б.Н, Д.Б 2 гаалиас машин авах болон миний итгэмжлэл дор япон улс руу валютын гүйлгээ хийх болон автомашин зарах ажлыг хийдэг байсан. Ингэж ажиллах явцад Б.Н нь зарсан авто машины тал мөнгө болон захиалсан автомашин ирүүлээгүй удсаны улмаас 200 гаруй сая төгрөгийг хувьдаа ашигласан болно. Ийм учир захиалагч иргэд автомашинаа авч чадаагүйн улмаас цагдаа хуулийн байгууллагад гомдол гарган намайг яллагдагчаар татаад байна. Б.Н нь хүмүүсээс авсан автомашин захиалга болон машины үндсэн үнэ өртгийг “Be Forward” гэх компаниас авах боловч хоригдож буйн улмаас авч чадахгүй байгаа. Гааль дээр хураагдсан машины тоо 7-8 болно. Харин Д.Б нь захиалагч Д.Г гэх хүнийг 2012 оны “тоёота приус 30” маркийн автомашиныг гааль дээр ирснийг Ч.А надад мэдэгдэлгүйгээр Д.Ганзоригоос өөр хүнд зарж борлуулж мөнгийг нь хувьдаа ашигласан. Ийм учир Д.Г нь Ч.А над руу гомдол мэдүүлсэн. Ч.А миний бие Д.Б-г 2024 оны 08 сард Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган өгсөн боловч одоог хүртэл надаас байцаалт ирж аваагүй болно. Б.Нг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан болно. Ийм учир Ч.А миний уг хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах хүсэлтэй байна. Ц.О болох миний ээж 2018 онд **** аймгийн **** суманд байрлах 8 нэрийн дэлгүүрээ зарж борлуулсан миний энэ бизнесийн анхны хөрөнгө оруулалтыг хийсэн болно... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Бүгдээс нь уучлалт гуйж байна. Би тухайн үед Н, Б гэх хоёр этгээдтэй хамтран ажилладаг байсан. Тэр тухайгаа анхан шатны шүүхээр дахин шалгуулах хүсэлтэй байна. Прокурорын зүгээс зарим зүйлсийг шалгаагүй. Би нөхцөл байдлын талаар хэлсэн боловч үл тоож яллах дүгнэлтээ танилцуулсан. Ийм асуудал болсон маш их харамсаж байна. Гэхдээ миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар хэргээ зүйлчлүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ мөнгөөр амьдрах зорилгогүй байсан. Миний хувьд машин зардаг байсан ба буцаагаад хүмүүст өгдөг байсан. Ирсэн машиныг нь хүмүүст нь өгсөн. Мөн мөнгө төгрөгийг нь өгч байгаа. Эдгээр хүмүүсийг хохиролгүй болгоно гэж бодож байна. Би өөрөө өргөдөл өгөөд давхар энэ асуудлыг шалгуулж байгаа. Би хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн. Хохирогч нараасаа уучлалт хүсэж байна. Маш их харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү гэж гуйж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Ч.А өмгөөлөгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.А нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. Ч.А нь Япон улсаас автомашин оруулж ирдэг, өөр бусад хүмүүсээс хуучин авто машин авч зардаг бизнес **** дүүргийн 1000 машин худалдааны захад авто машин борлуулах ажил хийж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Энэхүү бизнес дунд захиалсан авто машинаа авч байсан хүмүүс олон байдаг ба мөн авч чадаагүй зарим хүмүүсийн асуудлыг нийтээр нь залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж байгаа нь үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий хохирогч нарт хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Ч.А холбогдох хэргүүд дотор “****” ББСБ-тай холбоотой зээлийн гэрээтэй, гэрээгээр 10 сая төгрөг төлсөн, барьцаа хөрөнгөтэй, БГД-н Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 102/ШШ2024/03165 захирамжаар шийдвэрлэсэн иргэний хэрэг дээр давхар Эрүүгийн хэрэгт ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс авто машины гаалийн цэнхэр бичгийг авч зарсан гэж байгаа болов ч зээлийн барьцаанд өнөөдөр “mark 2” машин нь гаалийн талбайд байдаг. Мөн хохирогч Эрдэнэхүү нь захиалсан машинаа авсан /prius30/, байхад залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж дээр хэргүүдийг шийдсэнд гомдолтой байна. Б, Н нар нь Ч.А туслахаар ажиллаж байх хугацаандаа хохирогч Ганзоригийн захиалсан “приус 30” маркийн автомашиныг авч явсан, Ч.А данснаас дээрх 2 хүний данс руу 200,000,000 төргөг шилжүүлсэн дансны баримт зэргийг нэг мөр шалган тогтоогоогүй энэхүү хэргийг шийдвэрлэсэн нь энэ хэргийг тал бүрээс нь хянаж шалгаагүй, дутуу шалгасан гэдгийг харуулж байна. Б, Н нар Ч. А туслахаар ажиллаж байх хугацаандаа Япон улсруу автомашин захиалах болгонд дутуу мөнгө шилжүүлэх, автомашин зарах болгонд мөн дутуу мөнгө Ч.А шилжүүлэх зэргээр тэдэнд итгэдэг итгэлийг нь эвдэн хуурч зориуд зохиомол байдал үүсгэн дутуу мөнгөө шилжүүлдэг, удахгүй өгнө хүлээж бай гэх зэргээр хойшлуулж хэвийн байсан бизнесийг хүнд байдалд оруулан захиалсан, автомашинаа Монголд ирэхэд нь замын зардал, Гаалийн татвар хураамж төлөхөд нь хүнд болгосон, цаашлаад төлж чадаагүй байхад нь гааль автомашиныг хураан ач улам хүнд байдалд оруулж зарим захиалагчийн мөнгөөр түрүүлж ирсэн өөр бусад хүний автомашиныг авч хойд хормойгоороо, урд хормойгоо нөхөж байжээ. Ийм байдлыг тал бүрээс нь шалган тогтоохгүй зөвхөн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан амьдралын эх үүсвэр болгосон гэж ял ногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2399 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ч.А өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч миний бие өмгөөлөгч Б.М тайлбарыг дэмжиж оролцож байна. ****** ББСБ ХХК ****** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад иргэний хэрэг үүссэн байхад энэ хэрэг дээр яг энэ асуудлаар яллагдагчаар татсан байсан. ***** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хохирол төлбөрийг нь шийдээд харилцан тохирсон талаарх захирамж гарсан. Гэтэл эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх ***** ББСБ ХХК-ийг залилсан байна гэж үзээд хохирлын дахин гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл нэг асуудлаар хоёр шийдвэр гарсан байна. Тиймээс иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр эхэлж гарсан тул хүчинтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирол төлбөрийг гаргаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Б.Р, Ж.Э нарыг хохирогч гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Р залилан мэхэлсэн үйлдэл байгаа болохоос Ж.Э залилсан үйлдэл байхгүй гэж үзэж байгаа. Шүүгдэгч Ч.А тээврийн хэрэгсэл оруулж ирээд худалдан борлуулдаг этгээд мөн. Тиймээс хүмүүсээс авсан мөнгөө үүнтэй холбоотой зарцуулсан нь харагддаг. Гаалийн ерөнхий газрын удаа дараагийн лавлагаа мэдүүлгээр энэ хүн тээврийн хэрэгслүүдийг оруулж ирээд гаалийн бүрдүүлэлт хийсэн тухай баримт байгаа. Харин энэ удаа шүүгдэгч өөрийн тооцоогүйгээс болж алдаа гаргасан байна. Тиймээс хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогч Ж.Э өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б.Р, Ч.А итгэмжлэл өгсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт Ж.Э залилуулсан тухайд тодорхой тайлбар өгөөгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шийтгэх тогтоолын 17 дугаар талд энэ талаар тайлбарласан байдаг ба Б.Р, Ч.А, Ж.Э харилцааны талаах дүгнэсэн. Ж.Э итгэмжлэлийн дагуу авсан үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа гэсэн өгүүлбэр байсан болохоос Ж.Э залилуулсан талаарх хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу болсон гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Бидний зүгээс энэ асуудалтай холбоотой заавал дүгнэлт гарах ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Э олгуулж өгөхөөр зааж өгнө үү гэж хүсэж байна. Ч.А зүгээс Б.Р залилсан гэж мэдүүлэгтээ огт дурддаггүй. Би итгэмжлэлийг аваад Б.Р хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ж.Э итгэмжлэл өгөөд зарсан гэдгээ хэлдэг ба энэ талаар шүүгдэгч өөрөө тодорхойлж хэлсэн. Өөрөөр хэлбэл тал талаас нь энэ машиныг хууль зүйн дагуу шилжүүлсэн гэдгээ хэлдэг. Б.Р хувьд 08 дугаар сарын 30-ны өдөр итгэмжлэл өгсөн ба 09 дүгээр сарын 17-ны өдөр зар харсан байдаг. Энэ өдрөө Ч.А ярьдаг ба 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ч.А мөнгө өгнө гэж хэлсний дагуу хүлээсэн. Тиймээс энэ үйлдлээрээ захиран зарцуулах үйлдлээ Ч.А өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байгаа. Итгэмжлэлийн дагуу үйл баримт явагдсан байгаа учраас машиныг Ж.Э шилжүүлж өгөх нь зүйтэй. ...” гэв.
Хохирогч Ж.Э өмгөөлөгч Ч.Содончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Энхтунгалаг өмгөөлөгчийн шүүхэд хэлсэн саналтай адил саналтай байна. Мөн өөрийн үйлчлүүлэгч Ж.Э гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ж.Э хувьд энэ автомашиныг залилах гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдээгүй. Ж.Энхбаатар зөрүү мөнгөндөө “Тоёота Клүгэр” маркийн машинаа шилжүүлж өгсөн. Энэ нь мэдээгүй гэдгийг нотолж байна. Гэтэл энэ талаар анхан шатны шүүхээс огт дүгнээгүй байна. Б.Р машинаа буцаагаад авч байгаа шиг миний үйлчлүүлэгчийн зүгээс уг шилжүүлсэн машинаа авах эрх нь байгаа. Гэтэл энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Эзэмшилд байгаа машинаа шилжүүлж өгч байгаа үйлдэл нь машинаа сайжруулах санаа байсан ба итгэмжлэлийн дагуу хийсэн үйлдэл болох нь харагдаж байна. ...” гэв.
Хохирогч Б.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.А би өөрөө хохирогч болсон гэж сонин зүйл яриад байна. Миний зүгээс шүүгдэгч Ч.А хохирогч болсон гэж огт бодохгүй байна. Анхан шатны шүүх надад мөнгийг олгохоор шийдвэрлэсэн. Миний зүгээс мөнгөө хурдан авмаар байна. Хэргээ хөнгөрүүлэх гэж худлаа ярьж байгаа нь надад таалагдахгүй байна. Шүүгдэгч бол луйварчин, залилан мэхлэгч хүн. ...” гэв.
Хохирогч “**** ХХК”-ны хууль ёсны төлөөлөгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Ч.А холбогдуулж нэхэмжлэл гаргаад 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 19,000,000 төгрөг гаргуулах тухай эвлэрлийн захирамж гарсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн байгаа. Захирамж гарснаас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Нэхэмжлэл гаргах үед барьцаа хөрөнгүүдийг дамлаж худалдан борлуулсан учраас манай талаас фидуцийн гэрээнээсээ татгалзсан. Миний зүгээс “марк2” маркийн машин байгаа эсэхийг мэдэхгүй байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв
Хохирогч “***** ХХК”-ны хууль ёсны төлөөлөгч Ч.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй...” гэв.
Хохирогч Б.Р өмгөөлөгч Г.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд оролцсон. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг гаргахдаа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Ж.Э давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Ж.Э, Ч.А, Б.Р олгосон итгэмжлэлийн дагуу авсан гэдэг боловч Ч.А Б.Р олгосон итгэмжлэл нь залилангийн үйлдэлтэй холбоотой итгэж итгэмжлэл авсан байдаг. Үүнийгээ Б.Р татгалзаж нотариатаар хүчингүй болгуулсан байдаг. Ч.Алтан-Одоос Ж.Э олгосон итгэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн үед тээврийн хэрэгсэл зардаг байсан газрын нотариаттай үгсэн тохиролцож хууль бусаар итгэмжлэл хийлгэсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу тухайн нотариатын өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Ч.А, Ж.Э итгэмжлэл олгоогүй. Анхан шатны шүүхээс үүнтэй холбоотой зөв дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл Ж.Э шударга эзэмшигч, өмчлөгч биш. Хохирлын хувьд Ж.Э олгож шийдвэрлэсэн. Гэтэл бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг би авна гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Ч.А нь бусдаас авсан мөнгөөрөө урьд авсан зээлийг төлдөг ба энэ үйлдлээ удаа дараа хийсээр ирсэн. Энэ талаар мөн анхан шатны шүүх хууль зүйн талаас нь зөв дүгнэсэн. Хамтран ажиллаж байгаа хоёр этгээдтэй холбоотой асуудлын талаар ярьдаг хэдий ч мэдүүлгээр няцаагддаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон хохирогч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. 19 хохирогч мэдүүлэг өгөхдөө тээврийн хэрэгслийг захиалж төлбөр тооцоог авахад Ч.А авсан, түүний данс руу шилжүүлдэг байсан талаар мэдүүлдэг. Мөн 2019 оноос 2025 он хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаа тасралтгүй явагдсан. Тэр хугацаанд Ч.А зүгээс Ням-Очир болон Б нартай хамтран ажиллаж дээрх тээврийн хэрэгслийг залилсан талаарх мэдүүлэг өгдөггүй. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд Н, Ч.А ямар харилцаатай байсан талаар болон тээврийн хэрэгслийг зарж борлуулахад ямар үйлдлээр оролцсон талаарх мэдүүлгийг авсан. Н мэдүүлэгтээ дээрх тээврийн хэрэгслийг зарж борлуулахад туслах ажилтны үүргийг гүйцэтгэдэг байсан талаар хэлдэг. Гэрчийн мэдүүлгээр Н болон Б нар Ч.Ал хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгддэг. Хэргийн зүйчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Прокурорын зүгээс уг зүйлчлэл үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Учир нь хоёр ба түүнээс дээш удаагийн үйлдлээр 2019 оноос 2022 он хүртэлх хугацаанд энэ гэмт хэргийг тогтвортой үйлдэж хохирогч нарт нийт 660,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Тиймээс зүйлчлэл тохирсон байна гэж үзэх үндэслэл болсон. Тухайн тээврийн хэрэгслүүд “**** ББСБ” ХХК-ийн нэр дээр байсан байна гэдгийг иргэний шүүхийн шийдвэр нотолж байгаа хэлбэр болохоос биш залилах гэмт хэргийг үгүйсгэж байгаа хэлбэр биш гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхээс “***** ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр мөн үндэслэлтэй байна. Тиймээс дээрх хохиролтой холбоотой асуудлыг иргэний журмаар биш эрүүгийн журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлыг 2019 оноос 2023 он хүртэл гаргаад шалгагдаж байх хугацаанд 6 хүний хохирол төлөгдсөн байдаг. Гэвч энэ нь цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргахаас өмнө төлөгдөөгүй. Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаад прокурорын шатанд ажиллагаа явж байх хооронд тухайн хохирлууд төлөгдсөн. Тухайн хохирлууд төлөгдсөн нь залилах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг үгүйсгэхгүй гэж үзэж байгаа тул хохирол төлбөр төлөгдсөн 6 хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ч.А холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ч.А нь:
1.2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ****** дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн замын эсрэг талын “Best car” гэх газарт хохирогч Б.Р “...машиныг чинь зарж өгье, манай ах барилгын компанитай тул бартерт оруулаад өгье...” гэж хуурч мэхлэн, уг тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулах, шилжүүлэх тухай эрх бүхий “итгэмжлэл” хийлгүүлэн авч, түүний “Тоёота Харьер” загварын 67,767,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг мөн өдрөө ***** дүүргийн *** дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Дизель хүрээ” автомашин худалдааны төвийн орчимд хохирогч М.Э “...гаальтай “Тоёота Харьер” байна, жижиг машин оролцуулаад мөнгө өгөөч...” гэх байдлаар хууран мэхлэж түүнээс 30,500,000 төгрөг болон 28,550,313 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Клүгер” тээврийн хэрэгслийг нь авч, нийт 59,050,313 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Р “...2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манай байрны зүс таних А гэх эрэгтэй надад хандаж “...би машиныг чинь зарж өгье, манай ах барилгын компанитай, би машиныг чинь бартерт оруулаад өгье...” гэж хэлсэн. Надаас “...чи машинаа хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэж асуухаар нь би “...82,000,000 төгрөгөөр зарна...” гэж хэлсэн... ***** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “BEST CAR” гэх нэртэй автомашин худалдаалдаг газар би өөрийн автомашинаа заруулахаар тавьсан байсан. Улмаар А “...машиныг чинь зараад өгье...” гэж ирээд нотариат орж “итгэмжлэх” хийлгээд машиныг маань аваад явсан. Тэрнээс хойш 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “UNEGUI.MN” сайтаас зар харж байтал миний машиныг 72,000,000 төгрөгөөр зарна гээд зар тавьчихсан байсан. Тэгээд тухайн өдрөө итгэмжлэх хийсэн газраа нотариат орж цуцлуулсан. Улмаар зарын дагуу очиж уулзан тэр хүнтэй уулзаад “...наад машин чинь миний машин байгаа юм аа...” гэж хэлэхэд “...би наймаагаа хийгээд дуусчихсан, би тэр хүнд 2005 оны “Kluger” маркийн машиныг 33,000,000 төгрөгөөр бодож, 30,500,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн...” гэж хэлсэн. Тухайн үед А холбогдож болсон асуудлын талаар хэлтэл “...би ойрын хугацаанд мөнгийг чинь өгнө, чи байхгүй бол машины эзэмшигчийн нэр өөр шилжихгүй...” гэж хэлсэн. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ***** дүүргийн “Да Хүрээ” автомашины зах дээр очоод машинаа авах гэтэл машинд маань улсын дугаар аваад хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн 7-8/,
Хохирогч Ж.Э /гэрчээр өгсөн/ “... А над руу залгаад “...надад нэг гаальтай “Харьер” байна, та нэг жижиг машинд зөрүү өгөөд үлдсэнийг нь бэлнээр авчих...” гээд “Да Хүрээ” зах дээр уулзсан. Улмаар хоорондоо ярилцаж тохиролцоод 2022 онд Монголд орж ирсэн “Клугер” машин дээр 30,500,000 төгрөгийг ХААН банкны 5025836371 тоот данс руу гүйлгээний утга дээр “Клугер+30,500,000 он залуу харрьер авав” гэж бичсэн. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагийн үед үл таних дугаараас “...ах аа, ирж байна уу машинаа авах гэсэн юмаа...” гэж хэлэхэд нь би тэр хүнд хандаж “...ямар машин бэ...” гэж асуутал “...хар өнгийн “харрьер” автомашинаа авах гэсэн юм...” гэж хэлсэн... Тэр хүнтэй уулзаад А энэ наймааг хийсэн гэж хэлээд “итгэмжлэл” болон дансны хуулгыг үзүүлсэн....” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-27/,
Гэрч Е.Г “... би тухайн өдөр ***** дүүргийн 17 дугаар хороо, Б гэх нэртэй газар ажил дээрээ байж байтал өдрийн 12 цагийн орчимд зүс таних Э, А нар орж ирээд хоорондоо 2 машин солилцоно гээд гаалийн бичигтэй “Тоёота Харрьер” 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн автомашиныг А нь Р гэх хүнээс худалдах гэрээ байгуулах төлбөр тооцоо хийх итгэмжлэх хийлгэсэн байсан бөгөөд “Тоёота Клугер” маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн **** УЕВ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн автомашин нь Э өмчийн машиныг хоорондоо солилцоно гээд төлбөр тооцоогоо хийчихлээ гээд А нь Э машиныг өөр хүнд худалдан борлуулна гээд надаар “итгэмжлэх” хийлгэж авсан. Улмаар гаалийн бичигтэй “Тоёота Харрьер” автомашин нь оношилгоонд оруулаагүй, итгэмжлэхээс дахин итгэмжлэх хийх эрхгүй байсан бөгөөд тухайн үедээ гэрээ хийвэл машины үнэ буурна гээд гэрээгээ хойшлуулъя гээд тэр хоёр гарсан. Тэгтэл 30 минутын дараа А болон зүс таних Д гэх хүнтэй хамт орж ирээд А нь Д гэх хүнд “Тоёота Клугер” маркийн машинаа зарахаар болчихлоо гээд Э хийсэн итгэмжлэхээ цуцална гээд Э дуудаж, А хийсэн итгэмжлэхээ цуцлаад Э нь Д дахин итгэмжлэх хийж өгсөн. Энэ үед А нь төлбөрөө тооцоо дууссан. “...“Тоёота Харрьер” маркийн автомашиныхаа худалдах худалдан авах гэрээгээ хийхгүй юм уу...” гэж би хэлсэн бөгөөд Э надад хандан “...Одоо гэрээгээ хийвэл машины үнэ буучих учир, хэд хоногийн дараа гэрээгээ хийнэ...” гэж хэлсэн. Тэгээд А нь төлбөр тооцоогүй тул би гарын үсгээ танд үлдээчихье, машиныг худалдан авах гэрээгээ хийчих гээд үлдээгээд явсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээ хийе гээд Энхбаатар би өөрөө машинаа унахаар болчихлоо гээд “Тоёота Харрьер” маркийн автомашины шилжүүлж авсан худалдах худалдан авах гэрээгээ хийгээд явсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн 66-68/,
Гэрч Н.З /2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А түүн рүү шилжүүлсэн 30,500,000 төгрөгийн талаар/ “...2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2, 3 хоногийн өмнө Японоос миний өөрийн оруулж ирсэн “Тоёота-20 Камри” сувдан цагаан өнгийн автомашиныг зарж өгнө гээд аваад явсан байсан... 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр над руу 09 цаг өнгөрч байхад залгаад “...би машины чинь мөнгийг 12 цагийн үед шилжүүлнэ...” гэж хэлээд тухайн өдрийн 12 цаг өнгөрч байхад ХААН банкны *********** гэх данснаас миний өөрийн ***** гэх данс руу 30,500,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга дээр kluger+3,500,000 on zaluu harrier avav” гэсэн утгатай зүйлийг бичээд шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг/1хх-н 70-71/,
ХААН банк дахь Ж.Э ***** дугаарын данснаас ХААН банк дахь Н.З ****** дугаарын данс руу 30,500,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-ийн 17/,
2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0722 дугаар Б.Р Ч.А “Тоёота Харрьер” маркийн машины итгэмжлэл/1хх-ийн 31/,
“...Б.Р “Toyota harrier” маркийн тээврийн хэрэгсэл хилээр оруулсан...” гэх агуулгатай мэдээлэлтэй 2023 оны 08-р сарын 11-ний өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг/1хх-ийн 33/,
2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 147 дугаартай “Итгэмжлэл цуцлах тухай” хүсэлт/1хх-ийн 35/,
Д ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын ********** дугаартай “..“Toyota harrier” маркийн тээврийн хэрэгслийг 67,765,000 төгрөгөөр үнэлэв...” гэх мэдээлэлтэй хөрөнгийн үнэлгээний тайлан/1хх-ийн 84-88/,
“...“Toyota harrier” маркийн **** УНҮ улсын дугаартай AVU65*********** арлын дугаартай... тээврийн хэрэгслийн хураан авав...” гэх эд хөрөнгө хураан авах тухай прокурорын зөвшөөрөл болон хураан авах ажиллагааны тэмдэглэл/1-р хх-н 107-108/,
“Toyota harrier” маркийн **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 109-112/,
Хохирогч Ж.Э “... би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажил руугаа явж байтал манай танил дүү А над руу залгаад “...та ажил дээрээ ирж байгаа юу, дүүд нь нэг гаальтай “Харрьер” маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн машин байна, та жижиг машин оролцуулаад бэлэн мөнгө өгчхөөч, би гаалийн татварын мөнгө өгөх хэрэгтэй байна...” гэж хэлсэн. Тэгээд би ***** дүүрэг “Дизель хүрээ” автомашины зах дээр ажил дээрээ ирэхэд А намайг хүлээгээд байж байсан бөгөөд А машиныг үзээд хоорондоо тохиролцож бэлнээр буюу ХААН банкны ************ тоот данснаас энэ З гэх хүний данс руу 30,500,000 төгрөгийг хийчих гэхээр нь тэр хүний данс руу 30,500,000 төгрөг шилжүүлсэн. Өөрийн “Тоёота Клугер” маркийн машиныг А итгэмжлэл хийж өгч худалдах, худалдан авах эрхийг шилжүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажил руугаа явж байтал үл таних дугаараас “...та ахаа ирж байна уу, машинаа авах гэсэн юмаа...” гэж хэлэхэд нь би тэр хүнд хандаж “ямар машин бэ” гэж асуутал “...хар өнгийн “Хариьер” автомашинаа авах гэсэн юм...” гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр очтол үл таних 2 эрэгтэй хүн байсан бөгөөд 1 эрэгтэй нь надад хандан “...энэ миний машин байгаа юмаа, А гэх хүн миний машиныг зарж өгнө гэж итгэмжлэх хийлгээд 20 хоногийн хугацаатай авч явна гээд одоо болтол мөнгөө өгөөгүй байна, машинаа авъя...” гэхээр нь би А хийсэн төлбөр тооцоогоо хийсэн дансны хуулга болон бусад зүйлүүдийг үзүүлээд энэ асуудал надад хамаагүй, А өөртэй нь асуудлаа шийд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /6хх-ийн 77-79/,
“...toyota kluger маркийн автомашиныг 28,550,313 төгрөгөөр үнэлэв...” гэсэн мэдээлэлтэй “Д” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан/6-р хх-н 81-85/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Хохирогч Б.С “...захиалсан Приус-20 маркийн автомашинууд гааль дээр буух тул худалдана...” гэж хуурч мэхлэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд **** дүүргийн ** дүгээр хороонд байхдаа шилжүүлсэн 9,500,000 төгрөгийг авсан болох нь:
Хохирогч Б.С “... 2023 оны 07 дугаар сарын 03- ны өдөр **** дүүргийн 11 дүгээр хороонд байхдаа “Приус-20” маркийн машиныг А гэх хүнээс худалдан авахаар урьдчилгаа 9,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ***** тоот данснаас А ****** тоот данс руу 3,000,000 төгрөг, мөн өдөр 1,000,000 төгрөг, нэмж 500,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, нэмж 1,000,000 төгрөг, нэмж 500,000 төгрөг, мөн 500,000 төгрөг тус тус нийлбэр дүнгээр 9,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. А анх 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр надтай ТІ ложистик дээр таараад “Приус-20” машин сонирхож байгаа талаар хэлэхэд “...миний захиалсан Приус-20-ууд энэ 7 хоногт бууна...” гээд надаас 9,500,000 төгрөг авсан. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр А утсаар яриад “...машинууд ирсэн, контейнер өнөөдөр задарлаа...” гэж хэлсэн. Би “яваад очъё” гэхэд “...арай задарч амжаагүй байна, намайг утсаар залгаж мэдэгдтэл ирээд хэрэггүй...” гэхээр нь хүлээж байтал хэд хоног өнгөрсөн. Тэгээд контейнэрийнхээ дугаарыг өгчих гэхэд тодорхой юу ч хэлээгүй. “Материал Импекс” дээр буусан байна гэж хэлсэн. Би “Материал Импекс” дээр очоод “...яг аль чингэлэгт миний захиалсан машин байгаа вэ...” гэж асуухад огт хариулж чадахгүй, эсхүл гар утсаараа зорилго тодорхойгүй, ач холбогдолгүй зүйл ярих гэх мэтээр аргацаасан байдалтай байсан. Одоо болтол машин ч үгүй, мөнгө ч үгүй хохироод байна. Надад автомашин өгөөгүй. Угаасаа өөрт байхгүй автомашиныг байгаа мэтээр, гааль дээр буусан мэтээр төөрөгдөлд оруулаад надаас 9,500,000 төгрөг авсан байна лээ. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлснээс хойш машины талаар огт дурсахаа болиод жаахан мөнгө олдлоо гэж хэлээд 3,000,000 төгрөг өгөөд, 14 хоногийн дараа 2 сая төгрөг өгсөн. Одоо 4,500,000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг/1хх-ийн 123, 125/,
Гэрч Ж.А “... энэ оны 08 дугаар сарын 01-ний орчим цуг ажилладаг дүү С надаас “...та надтай цуг яваад өгөөч ээ, миний энэ залууд захиалсан машин “Материал Импекс” дээр бууж байгаа гэнэ. Та цуг яваад чингэлгийг нь үзээд өгөөч...” гэсний дагуу Сувдаа болон А гэдэг бондгор залуутай цуг очсон. Тэгээд С тоо дугаар бүхий мессежийг А илгээсэн байсан бөгөөд уг мессежинд байсан дугаартай чингэлгийг шалгахад 3 давхар тавцан, ямар ч лацгүй, хоосон чингэлэг байсан. Тэр үед А гэх залуу нь юу ч хэлэхгүй утсаар яриад цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг/1хх-ийн 128/,
Хохирогч Б.С Худалдаа хөгжлийн банк дахь данснаас Ч.А данс руу 3,000,000, 1,000,000, 500,000, 3,000,000, 1,000,000, 500,000, 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн дансны хуулга/1хх-ийн 144/ зэрэг нотлох баримтуудаар,
3. Хохирогч Г.Т “...машины захиалга авна, тухайн машин хил дээр ирсэн задраагүй байна...” гэж хуурч мэхлэн түүнээс 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ***** дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил” худалдааны төвийн Голомт банкнаас шилжүүлсэн 27,140,000 төгрөгийг авсан болох нь:
Хохирогч Г.Т “... 2023 оны 02 дугаар сард машин худалдаж авахаар хамаатны дүү болох Б дамжуулан машины ченж гэх А танилцахад өөрийн гар утсан дээрээсээ 2023 оны 3 дугаар сард Монголд буух “Лексус Ар Экс” /450/JYL15W-****** арлын дугаартай/ маркийн машины зургийг үзүүлсэн тул авахаар болж аман гэрээгээр тохиролцсон. Тухайн үедээ надаас урьдчилгаа хүссэн тул чи ямар баримт бичгийг үйлдэж өгөх вэ гэхэд нотариатаар баталгаа бичиж өгнө гэсэн. Тэгээд 02 дугаар сарын 14-ний өдөр утсаар ярилцаж уулзаад нотариат ирж гарын үсэг гэрчилсэн үйлдэл бүртгэлийн 0111 дугаартай автомашины урьдчилгаа төлбөр хүлээн авсан тухай гэх баримт бичгийг үйлдсэн. Үүнээс хойш маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр над руу залгаж “...27,140,000 төгрөгийг шилжүүлээд өгчих, гаалиас машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна...” гэсэн тул ***** дүүргийн Зайсанд байрлах Голомт банкны Оргил салбарт очиж өөрийн Голомт банкны ***** дугаарын данснаас ***** дугаарын ХААН банкны “******” эзэмшигчтэй компанийн дансанд 27,140,000 төгрөг шилжүүлж өгсөн. 2023 оны 3 дугаар сарын 10-наас хойш залгаж “...машин тэрэг буусан уу, хугацаа нь болчихлоо...” гэхэд “...арай буугаагүй байна...” гээд байсан. 2023 оны 03 дугаар сарын 20-нд залгахад “гааль дээр буучихлаа” гэж хэлсэн. Тэгээд “...гаалиас буухад гаалийн бүрдүүлэлтийн эзэн 12 сая төгрөг шаардлагатай...” гэсэн. Би “...10 сая төгрөг бүрдүүлээд яваад очъё...” гээд 2023 оны 03 дугаар сарын 24-нд очих гэтэл “...өнөөдөртөө задрахгүй юм шиг байна, 1 дэхэд задрах юм шиг байна...” гэсэн. Тэгээд гэртээ харьсан. Тэр өдрийн орой 12 сая төгрөгөө шилжүүлчихээ би хүнээс зээлээд өгсөн 1 дэх өдөр машин баттай задарна гэсэн. Тэгээд би уулзаад өгье гээд өгөөгүй. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл машин задарлаа гээд хүргэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 163/,
Гэрч Г.Б “...утсаар холбогдож танд зарах “Лексус Ар Экс” байгаа юу гэхэд Замын-Үүдээс гарч байгаа 2, 3 машин байгаа...” гэсэн. Тэгээд 2 нь “Лексус Ар Экс” хар, цагаан өнгөтэй, 3 дахь машин ямар машин талаар хэлээгүй. Ер нь гаалийн талбайд орж ирсэн ч задрахгүй нэлээн уддаг ч дээд тал нь 5 хоноод л задардаг...” гэх мэдүүлэг/1хх-ийн 168-169/,
Гэрч О.М н “... 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүкийн мессенжерт чатаар “...“Лексус Ар Экс” байна уу...” гэхээр нь би “...байгаа 55 саяар өгнө... гэсэн. Алтан-Од “...үнийг нь бууруулаач...” гэхээр нь би “...53 сая төгрөгт ав...” гэхэд “...за тэгье...” гээд машины зураг, мэдээлэл явуул гэж хэлсний дагуу би өөрийн Япон улсаас оруулж ирээд байсан “Лексус Ар Экс”, “JYL15W-2404033” арлын дугаартай машины зураг мэдээллийг чатаар А руу явуулсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн 173/,
Гэрч О.М гаргаж өгсөн “...А харилцан “Лексус Ар Экс” маркийн тээврийн хэрэгслийн зураг болон JYL15W-************ арлын дугаарын талаарх мэдээллийг илгээсэн...” чатны хуулбар/1хх-ийн 184-191/,
“...Ч.А нь Г.Т урьдчилгаа 20,000,000 төгрөгийн өөрийн дансаар хүлээн авсан үлдэгдэл төлбөрийг гэрээ байгуулсны дараа авахаар тохиролцов...” гэсэн агуулгатай мэдээлэлтэй 0111 дугаартай нотариатын гарын үсэг гэрчилсэн баримт,
“...Г.Т Голомт банк дахь ************* дугаарын данснаас ХААН банкны *********** дугаарын дансанд 27,140,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдээлэлтэй Голомт банкны төлбөрийн баримтын хуулбар /2-р хх-н 6-7/ зэрэг нотлох баримтуудаар,
4. Хохирогч Б.Ш “...Япон улсаас Харрьер, Приус-41 загварын машинууд захиалсан байгаа, удахгүй орж ирнэ...” гэж хуурч мэхлэн түүнээс 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ********* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн 32,375,000 төгрөгийг авсан болох нь:
Хохирогч Б.Ш “... 2023 оны 01 дүгээр сард фейсбүүкээр урьдчилгаа авч машин захиалж өгнө гэсэн зарыг харж утсаар холбогдоход “...“Приус-41”, “Тоёота Харрьер” гэх маркийн машинууд Япон улсаас захиалчихсан байгаа, удахгүй орж ирнэ...” гэж ярьсан. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр уулзахаар болж Хан-Уул дүүргийн Зайсангийн ойролцоо байх нотариатад өөрийн үеэл дүү болох Г.Ч явуулж “Тоёота Харрьер” маркийн автомашины тал мөнгө болох 19,000,000 төгрөгийг Д.Б гэх хүнд өгч гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицерын ойролцоо байх нотариатад А уулзаж “Приус-41” маркийн автомашины тал мөнгө болох 13,375,000 төгрөгийг шилжүүлэн өгч гэрээ хэлэлцээр хийсэн. А утсаар холбогдоход “...Цагаан сарын өмнө ирнэ...” гэж хэлж байсан. Гэтэл одоо болтол машинууд ирээгүй. Ярихаар “...удахгүй ирнэ, Замын-Үүдээр ирж байгаа, ирээд буучихсан байна, маргааш хүлээлгэж өгнө...” гэх мэтээр итгэл хүлээлгэж өдийг хүрсэн. Үүнээс хойш 3 сая төгрөг А хүлээн авсан. 04 дүгээр сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг А хүлээн авсан...” гэх мэдүүлэг/2хх-ийн 62/,
Гэрч Г.Ч “... 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ш ахын бие өвдөөд намайг “...нэг хүнтэй уулзаад гэрээ хийгээд мөнгийг нь шилжүүлээд ир...” гэж хэлээд явуулсан... Буяннэмэх гэх хүнтэй эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж 38 сая төгрөгийн үнэтэй “Тоёота Харрьер” маркийн машины тал үнэ болох 19 сая төгрөгийг өөрийн ХААН банкны данснаас Д.Б ХААН банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/2хх-ийн 64/,
Б.Ш, Ч.А нарын хооронд байгуулсан “...Япон улсаас орж ирж байгаа приус-41 маркийн тээврийн хэрэгслийг үнэ 26,750,000 төгрөг урьдчилгаа 50 хувийг 2023.01.25-ны өдөр шилжүүлнэ. Үлдэгдэл 50 хувийг тээврийн хэрэгслээ хүлээн аваад төлнө...” гэсэн агуулгатай мэдээлэлтэй 0396 дугаар нотариатын даалгаврын гэрээ/2хх-ийн 47-48/,
“...Ч.А ********* тоот ХААН банкны данс руу 13,375,000, 19,000,000 төгрөг шилжүүлсэн..” гэсэн мэдээлэлтэй ХААН банк дахь Б.Ш-н эзэмшлийн дансны хуулга /2хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудаар,
5. Хохирогч С.Уг “...Япон улсаас “Харрьер” маркийн машин захиалсан байгаа удахгүй орж ирнэ...” гэж хуурч мэхлэн ***** дүүргийн ** дугаар хороо, “*******” хотхоны орчимд байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн 14,000,000 төгрөгийг авсан болох нь:
Хохирогч С.У “... 2023 оны 01 дүгээр сард хуучин автомашинаа зарчхаад шинээр автомашин худалдаж авах гээд фейсбүүк дээр зар харж байгаад А гэх хүнийг Япон улсаас автомашин оруулж ирдэг ченж юм байна гэж ойлгоод түүнээс “Тоёота Харрьер” загварын машин худалдаж авахаар холбогдсон. Сонирхож байгаа автомашинаа асуухад “...35 сая төгрөгт ирж байгаа гэж хэлээд зураг үзүүлээд Япон улсад зарагдаж байгаагаас хар өнгөтэй машин байна, БНХАУ-ын Тианжины хил дээр наашаа ирж байгаа гэж хэлээд 35 сая төгрөгөөр худалдаж авах уу...” гэхээр нь худалдаж авахаар тохироод би түүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны данс руу урьдчилгаа 4,5 сая төгрөг, бэлнээр 9,5 сая төгрөг буюу нийт 14,000,000 төгрөгийг түүнд өгсөн. Тэрнээс хойш би өдөр бүр ярьж байсан бөгөөд “...машин чинь ирж байгаа, хил асуудалтай байна, Цагаан сар болчихлоо...” гэх мэтээр хойшлуулсаар байгаад 2 дугаар сард “...машин чинь буучихсан байгаа, бусад хүмүүс мөнгөө өгөхгүй байна...” гэх мэтээр шалтаглаж байсан. Тэгж явсаар байгаад 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр миний мөнгөнөөс 5 сая төгрөг буцааж над руу шилжүүлсэн. Надтай огт ярихгүй байхаар нь өөр хүнээр яриулахад “...мөнгийг нь өгнө, одоохондоо асуудалтай байгаа...” гэж хэлсэн байсан. Надад 2006 онд үйлдвэрлэгдсэн MHU38-0******* дугаартай автомашины зургийг үзүүлж байсан...” гэх мэдүүлэг/2хх-ийн 96/,
Гэрч Б.М “... би тухайн үед MHU38-****** арлын дугаартай, “Тоёота Харьер” маркийн автомашиныг Япон улсаас худалдаж авч унаж байсан. **-** УНЯ улсын дугаарыг би өөрийн утасны дугаартай адилхан болгох гээд 1142 болгож худалдаж авч байсан. Би өөрөө Япон улсын дуудлага худалдааны сайтаас нийт 39 сая төгрөгөөр худалдаж авч байсан ба энэ нь тээврийн зардал болон үндсэн үнийн зардал, гаалийн татвар зэрэг багтсан. Монгол улсад ирэхэд нь Гурвалжингийн гүүрний зүүн урд тухайн захиалсан машины контейнер онгойсон бөгөөд би өөрөө онгойлгоод өөрөө авч явж байсан. Одоо энэ машин миний нэр дээр байхгүй, 2023 оны 09 дүгээр сарын 15-нд хүнд зарчихсан. Хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдахаар болж зар оруулсан...” гэх мэдүүлэг/2хх-ийн 98/,
“...Ч.А 2,500,000, 2,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдээлэлтэй Худалдаа хөгжлийн банк дахь С.У эзэмшлийн дансны хуулга /2хх-ийн 92/ зэрэг нотлох баримтуудаар,
6. Хохирогч Г.Д “...Япон улсаас “Тоёота Вангуард” загварын автомашин оруулж өгнө...” гэж хуурч мэхлэн ******** дүүргийн ** дугаар хороо, Автомашины худалдааны төвд байхдаа 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 27,302,200 төгрөг шилжүүлэн авсан болох нь:
Хохирогч Г.Д “...би авто худалдааны төвд автомашины дугуйн худалдаа эрхэлдэг юм. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай ажил дээр танил дүү Ч.А ирээд “...“Тоёота вангуард” маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн машин авах уу...” гээд гар утас дээрээсээ зураг үзүүлсэн. Ингээд 670,000 иен буюу тухайн үеийн ханшаар 16,522,200 төгрөгийг өөрийн ХААН банкны данснаас А ХААН банкны 5063329007 тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажил дээр ирээд “...машин ирж байгаа, та гаалийн татвар болох 8,530,000 төгрөгийн 3,930,000 төгрөгийг миний дансанд хийчих...” гэж хэлээд өөрийнхөө данс руу авсан. Үлдсэн 4,600,000 төгрөгийг миний зээлээр авсан обуд дугуйны тооцооноос хасаарай гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил дээр орж ирээд “...за машин чинь ирсэн тээврийн зардал болох 2,250,000 төгрөгийг өгчих...” гээд 2,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны дансаараа авч, 250,000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Би нийт 27,302,200 төгрөг А өгсөн...” гэх мэдүүлэг/2хх-ийн 161-162/,
“...ХААН банкны 5063239007 тоот данс руу 16,522,200 төгрөг, 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 620,000 төгрөг тус шилжүүлсэн...” гэсэн мэдээлэлтэй ХААН банк дахь Г.Д эзэмшлийн дансны хуулга /2хх-ийн 151-154/ зэрэг нотлох баримтуудаар,
7. Хохирогч А.Б “...Япон улсаас Приус-41 загварын тээврийн хэрэгсэл хямд үнээр оруулж өгнө, тээврийн хэрэгслийн урьдчилгаа, тээврийн зардал, татварын хураамж төлнө...” гэж хуурч мэхлэн “Худалдаа хөгжлийн банк” дахь ********* дугаартай дансаар 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 3,810,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ************ дугаартай дансаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 367,100 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,310,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 15,487,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч А.Б-н “... 2023 оны 03 дугаар сарын сүүлчээр өөрийн найз болох Алтан-Одтой фейсбүүк чатаар харьцахад “...“Приус-41” маркийн 4 машин 7 хоногийн дараа монголын гааль дээр бууна, чи өөрөө харж байгаад нэгийг нь ав...” гэж надад хэлсэн. Тэгээд би А руу ****** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа машины урьдчилгаа гэж А Худалдаа хөгжлийн банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр надаас тээврийн зардал гэж 3,810,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаалийн татвар гэж 367,100 төгрөг, онцгой татвар гэж 5 дугаар сарын 30-ны өдөр 1.310.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг/2хх-ийн 210- 211/,
Гэрч Г.Г “... гааль дээр ирсэн барааг эзэмшигч нь өөрөө гаалийн татвараа төлөөд бараагаа авна гэсэн тохиолдолд шууд өгнө, иргэний бараа удаан хугацаагаар гааль дээр байлгах боломжгүй...” гэх мэдүүлэг/2хх-ийн 214/,
“...3,810,000, 10,000,000, 367,100, 1,310,000 төгрөг тус тус шилжүүлсэн...” гэх мэдээлэлтэй ХААН банк дахь А.Б эзэмшлийн дансны хуулга /2хх-ийн 221-224/,
А.Б-с 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг бусад руу шилжүүлэх байдлаар хувийн хэрэгцээндээ зарцуулсан талаарх мэдээлэлтэй Ч.А ХААН банкны дансны хуулга/3хх-ийн 16-19/ зэрэг нотлох баримтуудаар,
8. Хохирогч С.Д “...хуучин машин авч байхаар Японоос орж ирж байгаа Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг татвараа төлөөд 25,000,000 төгрөгт ав...” гэж хуурч мэхлэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ****** дүүргийн * дугаар хороо, “Тэнгис” кинотеатрын Хаан банкаар 19,000,000 төгрөг шилжүүлүүлэн авсан болох нь:
Хохирогч С.Д “...би 2022 оны 09 дүгээр сараас эхлэн тээврийн хэрэгсэл худалдан авах санаатай фейсбүүк, интернэтээс зар харж судалсан. Тэгээд байж байхад надтай хамт нэг ангид сурч байсан Д гэх найз холбогдоод “...чи машин сонирхож байгаа юм уу, чи машин авах гэж байгаа бол манай хүргэн дүүгээр үзүүлээрэй, өөрөө машин зардаг хүн учраас техник сайн мэднэ...” гэж хэлсэн. Д дүү болох А гэх хүний утсыг авсан. “...Манай эгч танд тусал гэж хэлсэн учраас би танд тусалъя Японоос орж ирж байгаа “Приус-41” маркийн тээврийн хэрэгсэл байгаа, та татвараа төлөөд нийт 25 сая төгрөг болно. Татварынх нь өртөг 5,000,000-5,500,000 төгрөг болно...” гэж хэлсэн. Тэгээд би А гэх хүний ХААН банкны данс руу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ***** дүүрэгт байх “****” кинотеатрын тэнд явж байхдаа 19,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/3хх-ийн 56/,
Гэрч Н.Ж /2022 оны 10-р сарын 07-ны өдөр шилжүүлсэн 17,000,000 төгрөгийн талаар/ “... А 22-ын товчоон дээр өөрөө тээврийн хэрэгслийн зогсоолтой. Тэгээд би А-р дамжуулан “Приус-30” тээврийн хэрэгсэл захиалуулж байсан. Тэр машин нь ирсний дараа А зарчхаад надад мөнгийг нь буцааж өгөх байсан юм. Машин зарсан мөнгөө эргүүлж надад өгсөн нь энэ 17,000,000 төгрөг байгаа юм...” гэх мэдүүлэг/3хх-ийн 62/,
Гэрч Б.Н /2022 оны 10-р сарын 08-ны өдөр шилжүүлсэн 300,000 төгрөгийн талаар/ “...тухайн үед ковидын улмаас банк иен олгохдоо лимиттэй шилжүүлдэг байсан. Би өөрөө Японд сургууль төгссөн учраас хувиараа шилжүүлэг хийдэг хүмүүсээр дамжуулж А өгч байсан юм. Дээрх 300,000 төгрөгийг иен солиулахаар над руу шилжүүлж байсан 300,000 төгрөг гэж бодож байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 119/,
Гэрч Д.Ц /2022 оны 10-р сарын 08-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөгийн талаар/ “... А надад өртэй байгаад өрөндөө өгсөн. Ямар нэгэн зүйл худалдаж аваагүй...” гэх мэдүүлэг/3хх-ийн 117/,
“...ХААН банк дахь С.Д эзэмшлийн данснаас Хаан банк дахь Ч.А эзэмшлийн ********* тоот данс руу 19,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдээлэлтэй дансны хуулга /3хх-ийн 48-49/,
2022 оны 10-р сарын 07-ны өдөр С.Д данс руу 19,000,000 машины урьдчилгаа утгаар шилжсэн...” гэсэн мэдээлэлтэй Ч.А дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3 хх-ийн 63-64/,
ХААН банк дахь Ч.А эзэмшлийн данс руу Хаан банк дахь С.Д эзэмшлийн данснаас 19,000,000 төгрөг шилжсэн талаарх мэдээлэлтэй дансны хуулга /13 хх-ийн 75/ зэрэг нотлох баримтуудаар,
9. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ****** дүүргийн 32 дугаар хооронд байрлах “Автомашин худалдааны төв”-д хохирогч Т.М 2ш тээврийн хэрэгсэл худалдах тухай амаар тохиролцох байдлаар түүнийг хуурч мэхлэн уг өдрөөс хойш 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 27,650,000 төгрөг болон 24,000,000 төгрөгийн үнэ бүхий “Приус-30” машиныг нь авсан болох нь:
Хохирогч Т.М “... 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай үеэл өөрийн фейсбүүк сториндоо машин зарна гэсэн төрөл төрлийн машины зураг оруулчихсан байхаар нь холбогдтол “...нарийн мэдээллийг нь мэдэхгүй байна, хэзээ гааль дээр буухыг А ах мэдэж байгаа...” гэхээр нь би “...тэр А чинь найдвартай юм уу...би сайн танихгүй...” гэж хэлсэн чинь Б “...гайгүй итгэл даахаар хүн бид 2 хэд хэдэн удаа наймаа хийж, борлуулж байсан...” гэж хэлсэн... 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1 сая төгрөг, 03 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 03-ны өдөр 5,650,000 төгрөг, 04 дүгээр сарын 17-ны өдөр 18,000,000 төгрөгийг А Худалдаа хөгжлийн банкны ****** тоот данс болон ХААН банкны ****** тоот данс руу нийт 27,650,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараагаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн өглөө над руу залгаад “...чи машинаа зарах гэж тавьчихсан юм байгаа юм байна, зарах гэж удах юм байна, би чиний машиныг 24,000,000 төгрөгөөр бодож аваад барилгын бартерт өгөөд мөнгийг чинь би аваад 2 ширхэг “Приус- 30” маркийн автомашиныхаа урьдчилгаанд бодоод авчихъя...” гэж хэлээд бид хоёр Авто худалдааны төв дээр би өөрийнхөө зарах гэж байгаа автомашин дээрээ А итгэмжлэл хийлгэж өгөөд нотариатаар ороод баталгаажуулаад явуулсан. 27,650,000 төгрөг шилжүүлээд 24 сая төгрөгийн үнэтэй өөрийн тээврийн хэрэгслээ өгсөн юм. Ингэж бодохоор нийт 51,650,000 төгрөг болж байгаа. Түүнээс хойш А 1,500,000 төгрөг болон 22,000,000 төгрөгөөр бодож “Тоёота Камри” гэх машин авсан. Одоо би А 28,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/3хх-ийн 152, 155-156/,
Гэрч Д.Б-н “... 2023 оны 02 дугаар сард А надад “зарах олон машин байна, чи өөрийнхөө фейсбүүк стори дээр миний зарах гэж байгаа машины сториг хийчихгүй юу” гэхээр нь би тухайн үед за тэгье гээд зарах гэж байсан Приус- 30 маркийн машиныг зарна гэсэн стори хийсэн. Манай 22 дээр автомашин зарж байгаа хүмүүс бие биеийнхээ машиныг хурдан зарж өгөх гэж фейсбүүк дээрээ стори хийчихдэг юм. М “...энэ дажгүй тэрэг байна хэд юм бэ...” гэхээр нь би “...А ахын машин... хэдээр зарахыг нь асуугаад өгье...” гээд А ахаас тухайн үедээ машиных нь үнийг асуугаад Мөнхтүшиг рүү явуулж байсан. Надад А хамтран машин зарсан тохиолдол байхгүй...” гэх мэдүүлэг/3хх-ийн 164/,
“... Ч.А 1,000,000, 500,000, 500,000, 3,000,000, 3,000,000, 1,500,000, 5,650,000,18,000,000...” шилжүүлсэн гэх мэдээлэлтэй ХААН банк дахь Т.М эзэмшлийн дансны хуулга/3хх-ийн 176, 178-180/,
“...нийт төлбөрийн 51,650,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар 2023.06.09-ны дотор төлөхөөр тохиролцов...” гэх агуулгатай “төлбөр барагдуулах гэрээ”/3хх-ийн 183/,
“... **-** УАМ улсын дугаартай “Toyota Camry” маркийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэхэд төлөөлөх эрхийг М олгосон...” агуулгатай итгэмжлэлүүд /3хх-ийн 184-188/ зэрэг нотлох баримтуудаар,
10. Хохирогч Д.Г “...Япон улсаас Прадо-150, Приус-30 загварын машин хямд үнээр оруулж ирж өгнө...” хуурч мэхлэн 2022 оны 04 дүгээр сараас мөн оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 89,126,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард “...яаралтай мөнгөний хэрэг гарсан, 1 сарын хугацаатай зээлээч...” гэж хуурч мэхлэн 28,000,000 төгрөг, 2023 оны 01, 02 дугаар саруудад “... “Приус-30” маркийн автомашин захиалсан хүмүүс мөнгөө буцаахаар боллоо, та худалдаад авчих...” гэж итгүүлэн 17,500,000 төгрөг тус тус шилжүүлүүлэн нийт 134,626,000 төгрөг авсан болох нь:
Хохирогч Д.Г “...А “Прадо-150” маркийн машиныг Япон улсаас зуучлуулан авахаар тохиролцож 2022 оны 4 сарын 22-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр А ХААН банкны ******** тоот данс руу өөрийн ХААН банкны ****** тоот данснаас 58,500,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 4 дүгээр сарын 23-ны өдөр дээрх дансанд 4,150,000 төгрөг мөн шилжүүлсэн. 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 7,440,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 11,984,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7,052,000 төгрөг нийт 89,126,000 төгрөгийг “Тоёота прадо” маркийн автомашин авахаар шилжүүлсэн. Түүний дараа 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А над руу залгаад “яаралтай 22 сая төгрөг зээлээч” гэхээр нь надад зээлэх мөнгө алга, хүнээс асуугаад өгье гээд хүнээс асуутал 5 хувийн хүүтэй зээлэх мөнгө байна гэхээр нь А хэлтэл сарын хугацаатай мөнгийг чинь зээлж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь 2 удаагийн гүйлгээгээр 22 сая төгрөг шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр над руу дахин залгаад “6 сая төгрөгийн хэрэг байна, нөгөө хүнээсээ аваад өгөөч” гэхээр нь хүнээс зээлээд А данс руу 6 сая төгрөг шилжүүлсэн. 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1 сая төгрөг, 2 дугаар сарын 01- ний өдөр 9 сая төгрөг, дахин 5 сая төгрөг, 2 дугаар сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөг нийтдээ 17,500,000 төгрөгийг “Приус-30” машины мөнгө гэж А данс руу хийсэн. А нь “Прадо-150”, “Приус-30” машинуудын үнэ болон хүнээс зээлж өгсөн мөнгийг өгөхгүй надад хохирол учруулаад байна...” гэх мэдүүлэг/3хх-ийн 232/,
Гэрч Д.Г “...Г “...мөнгөний хэрэгцээ гараад байна, удахгүй мөнгийг чинь өгнө...” гэж хэлээд надаас 10,000,000 төгрөгийг өөрийнхөө данс руу миний данснаас шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г над руу яриад “...манай найз машины ченж хийдэг юм, тэгсэн өндөр хүүтэй хамаагүй мөнгө зээлээд өг гээд байна, удахгүй буцаагаад өгнө...” гэж хэлээд өөрийнхөө данс руу 6 сая төгрөг шилжүүлж авсан. Дахиад 12 дугаар сарын 30-ны өдөр “мөнгө зээлээч” гэхээр нь би хүүхдийн хадгаламж барьцаалж 5 сая төгрөгийг өгсөн. Би нийтдээ Г 21.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Г өгсөн дээрх 22 сая төгрөгөөс нэг ч төгрөг буцааж аваагүй. Машины ченж А нь “машинаа зарчихвал өгнө” гэж хэлээд мөнгөө өгдөггүй юм...” гэх мэдүүлэг/4хх-ийн 9-11/,
ХААН банк дахь Д.Г эзэмшлийн данснаас шүүгдэгчид шилжүүлсэн мөнгөний мэдээлэлтэй дансны хуулга/3хх-ийн 242-249/,
Ч.А 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж импортолсон машины мэдээлэл/4хх-ийн 19-20/ зэрэг нотлох баримтуудаар,
11. Хохирогч Х.М “...гаальтай Приус-20 автомашин хямд үнээр зарна...” гэж хуурч мэхлэн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд түүнээс ******* дүүргийн *** дугаар хороо, ***** 39-13 тоотод байхдаа шилжүүлсэн нийт 15,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны ***** тоот, Худалдаа хөгжлийн банкны ***** тоот, **** тоот дансуудад шилжүүлүүлэн авсан болох нь:
Хохирогч Х.М “... “...А 2023 оны 6 дугаар сар гэхэд ороод ирчихээр сувдан цагаан пруис-20 байна, 16 сая төгрөгөөр зарна...” гэхээр нь би авахаар болоод 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өөрийнхөө Төрийн банкны данснаас А ХААН банкны данс руу 5 сая төгрөг 2 удаа, 5 сарын 11-ний өдөр 520.000 төгрөг, 5 дугаар сарын 17-ны өдөр 2.480.000 төгрөг, 5 дугаар сарын 19-ний өдөр 1 сая төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 500.000 төгрөг, 5 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөг нийт 15 сая төгрөгийг шилжүүлсэн боловч одоог хүртэл машин өгөхгүй, “...машин чинь өнөөдөр буулаа, маргааш буулаа...” гээд дуудаад очихоор хотын хэдэн гаалийг тойруулаад л дуудаад, сүүлдээ утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг/4хх-ийн 51/,
Х.М, Ч. нарын утсаар харилцсан мессеж, худалдахаар тохиролцсон гэх тээврийн хэрэгслийн зураг/4хх-ийн 56-62/,
“...Ч.А руу 2,480,000, 1,000,000, 500,000, 500,000, 5,000,000, 5,000,000, 520,000 тус тус шилжүүлсэн...” гэх мэдээлэлтэй Төрийн банк дахь Х.М дансны хуулга /4-р хх-н 59-68/ зэрэг нотлох баримтуудаар,
12. Хохирогч Р.Э “...Япон улсаас Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл оруулж ирж өгнө...” гэж хуурч мэхлэн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд түүний ***** аймагт байхдаа шилжүүлсэн 14,000,000 төгрөг, ***** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 6,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг авсан болох нь,
Хохирогч Р.Э “...би өөрийн цэрэг байсан ахлах ахлагч Д.Ц дамжуулж А гэх хүнийг Япон улсаас машин оруулж ирдэг талаар сонссон. Тэгээд би итгээд “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авахаар захиалж эхний 10,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын сүүлчээр Ц данс руу шилжүүлсэн. Учир нь би тэр А гэх хүнийг танихгүй учраас Ц данс руу шилжүүлсэн. 2023 оны 1 дүгээр сард 4,000,000 төгрөг Ц дансаар шилжүүлж авсан. Энэ хугацаанд машин тэргээ сураглахаар гааль, Ковид 19-той холбоотой саатаад байна гэсэн тайлбар хэлж, А надтай чатаар холбогдож байсан ба дараа нь Ц надад А гар утасны дугаарыг өгсөн. А надад хэлэхдээ “...би таны явуулсан бүх мөнгийг хүлээж авсан...” гэж хэлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Төмөр замын өөртөө үйлчлэх дэлгүүрт уулзаж нэг нэг аяга кофе уух зуураа машиныхаа талаар асуухад “...таны машин гааль дээр буусан байгаа учир та урагшаа Эрээн гараад ирэх хооронд чинь би машиныг чинь асуудалгүй болгоно, та харин 6,000,000 төгрөгөө өгчих...” гээд байхаар нь би дэлгүүр дотор 3.000.000 төгрөгийг А данс руу хийгээд, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нь Улаанбаатар хотын Гаалийн газарт байрлах банкны салбараас бэлнээр авч, тэр өдрөө өгсөн. Би нийт 3 удаагийн үйлдлээр 20,000,000 төгрөгийг А гэх хүнд өгсөн...” гэх мэдүүлэг/4xx-ийн 100/,
Ч.А, Р.Э, Д.Ц нарын эзэмшлийн дансны хуулганд үзлэг хийсэн “...Э данснаас Ц данс руу 8,000,000, 1,000,000, 1,000,000 төгрөг шилжсэн байна...” гэсэн агуулгатай мэдээлэлтэй мөрдөгчийн тэмдэглэл/4хх-ийн 139-140/,
13. Хохирогч Д.Б “...шинэ тээврийн хэрэгсэл худалдана...” гэж хуурч мэхлэн түүнээс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 10-ны хооронд **** аймаг, С**** сумын 1 дүгээр баг ****-7 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 40,726,700 төгрөгийг авсан болох нь:
Хохирогч Д.Б “... би А 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 12 дугаар сард өдрийн санахгүй байна 2,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 5,000,063 төгрөг, 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,300,000 төгрөг, 11 дүгээр сарын 16-ны өдөр 16,243,700 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Анх зээлэхдээ надаас түр зээлээч гэсний дагуу “зээл” гээд өгсөн. Гэтэл А зээлсэн мөнгөө төлөхгүй байсан. 2023 оны 01 дүгээр сард Аруу залгаж ярихад найз нь Японоос машин оруулж ирж зарж байгаа, одоо надад “Лексус Ар экс-450” гэдэг машин байна. Чамаас зээлсэн 5 сая дээрээ дахиад 5 сая 63 мянган төгрөг шилжүүлчих гэсэн. Би А машин худалдаж авна гээд тэр мөнгийг шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сард залгаад А мөнгөө авъя гэхэд надад яг гааль дээр ирсэн 150 байна, чи тэрийг мөнгө нэмээд авчих гэсэн. Тэгээд намайг “...гаалийн мөнгө төлчих...” гэсний дагуу 16,243,700 төгрөгийг би А данс руу шилжүүлсэн. Би одоогоор нийт 43,226,700 төгрөг өгч залилуулсан. Эхний 5,000,000 төгрөгийг зээлийн журмаар өгсөн. Харин дараагийнх болох 38,000,000 төгрөгийг машин худалдаж авахаар өгсөн. 3,000,000 төгрөгөө ямар данснаас шилжүүлснээ санахгүй байна...Япон улсад байхдаа нэг багт хамт тоглодог байсан...” гэх мэдүүлэг/4хх-ийн 225, 228/,
“....Ч.А руу 500,000, 500,000, 5,000,000, 5,000,000, 5,000,000, 1,243,700, 2,000,000, 11,120,000, 5,063,000, 2,300,000 төгрөг тус тус шилжүүлсэн...” гэх мэдээлэлтэй ХААН банк дахь Д.Бэзэмшлийн дансны хуулга/4-р хх-н 239-246/,
Ч.А дансанд хохирогч Б шилжүүлсэн мөнгөний зарцуулалтыг тогтоох зорилгоор үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /5хх-ийн 1-6/,
14. Хохирогч Д.Т “...Харрьер загварын машин Япон улсаас хямд захиж оруулж ирж өгнө...” гэж хуурч мэхлэн түүнээс 2022 оны 05 дугаар сарын 24-өөс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд ***** дүүргийн *** дугаар хороо, “Тэнгис” кинотеатрын орчимд байхдаа шилжүүлсэн 18,000,000 төгрөгийг авсан болох нь:
Хохирогч Д.Т “... Анх манай дүү Б “...та машинаа солих уу манай найз машин оруулж ирдэг Ланд-105 машин дээр чинь 20 сая нэмж өгөөд “Харрьер” болгож өгье гэж байна...” гэж байсан... Тэгэхээр нь би зөвшөөрөөд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн ************ дугаар данснаас А гэх хүний ********** тоот данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 5 дугаар сарын 25-ны өдөр дээрх данс руу 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд машин орж ирэх хугацаа нь болсон боловч машин орж ирэхгүй, янз бүрийн шалтаг тоочоод нэлээд их хугацаа өнгөрсөн...” гэх мэдүүлэг /5хх-ийн 42/,
“...Ч.А эзэмшлийн ************ тоот ХААН банкны данс руу 10,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдээлэлтэй ХААН банкны шилжүүлгийн баримт/5хх-ийн 47-48/
15. Хохирогч Д.Б “...Япон улсаас машин захиалж өгнө...” гэж хуурч мэхлэн, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ********* дүүргийн 5 дугаар хороонд байхдаа шилжүүлсэн 35,665,000 төгрөгийг авсан болох нь:
Хохирогч Д.Б “... 2022 оны 12 дугаар сард мөнгөний хэрэг байна, мөнгөтэй болчихвол “RX-450” гаргаад мөнгийг чинь өгье, хүүтэй мөнгө зээлчих гээд байхаар нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн. “...2007 оны Харьер байна, урьдчилгаа хийчих...” гэхээр нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь иений төлөлт дутуу байна гэхээр нь 2,389,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 09 дүгээр сарын 19-ний өдөр тээврийн мөнгө гээд 4,450,000 төгрөг шилжүүлсэн. Мөн татварын мөнгө гээд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10,826,000 төгрөг шилжүүлж авсан. Гэтэл машин байгаа үгүй нь мэдэгдэхгүй болсон. Би А 53,665,000 төгрөг өгсөн. Энэ мөнгө нь машин худалдаж авах мөнгө байсан юм...” гэх мэдүүлэг/5хх-ийн 49-50, 90, 124/,
“...Ч.А эзэмшлийн 5063239007 тоот ХААН банкны данс руу 5,000,000, 4,000,000, 9,000,000, 2,389,000, 4,450,000, 10,826,000, 10,000,000, 8,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн...” гэх мэдээлэлтэй ХААН банк дахь Д.Б эзэмшлийн дансны хуулга, шилжүүлгийн баримт/5хх-ийн 79-83, 86, 87/,
ХААН банк дахь Д.Б эзэмшлийн дансны хуулганд үзлэг хийсэн “...5,000,000, 4,000,000, 9,000,000, 2,389,000, 4,450,000, 10,826,000 төгрөг Ч.А эзэмшлийн 5063239007 тоот ХААН банкны данс руу шилжсэн... ” гэсэн мэдээлэлтэй мөрдөгчийн тэмдэглэл /5хх-ийн 125/ зэрэг нотлох баримтуудаар,
16. Хохирогч Т.А “...зах зээлийн үнээс хямд Приус-41 маркийн машин худалдана...” гэж хуурч мэхлэн түүнээс 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Голомт банкны дансаар шилжүүлсэн 34,000,000 төгрөгийг авсан болох нь:
Хохирогч Т.А “... А гэх залуу надад зах зээлийн үнээс хямд зарах гэж байгаа “Приус-41” байна гэж хэлсэн. Тэгээд тэр тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцож 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5,000,000 төгрөг өгсөн. 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 11,500,000 төгрөг хийсэн. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг хийсэн. Тэгээд 03 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг хийсэн. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөг өгсөн. Дахиад “...машин чинь ирсэн байна, гааль дээр байна үлдэгдэл мөнгөө яаралтай өг...” гэхээр нь 6,000,000 төгрөгийг найзаасаа авч өгсөн. Тэгээд тэр эрэгтэй миний гар утсыг авахаа болиод алга болсон. Би нийт 34,000,000 төгрөг шилжүүлсэн. Би тээврийн хэрэгслээ авахаар А хамтаар гааль дээр ирэхэд байхгүй байсан... Би түүнээс машин хаана байна гэж зөндөө асуусан боловч надад юу ч хэлээгүй...” гэх мэдүүлэг /5хх-ийн 202, 6-р хх-н 68/,
Худалдаа хөгжлийн банк дахь Ч.А эзэмшлийн дансанд үзлэг хийсэн “...2,500,000, 2,500,000, 5,000,000, 2,500,000, 4,000,000, 3,000,000, 3,000,000 төгрөг А шилжүүлсэн байна...” гэх мэдээлэлтэй мөрдөгчийн тэмдэглэл /6хх-ийн 17/ зэрэг нотлох баримтуудаар,
17. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч О.Х 89089999 дугаарын утаснаас холбогдож “...25,000,000 төгрөгөөр Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн, үнээр нь зарна гээд фейсбүүк цахим сүлжээгээр Приус-41 загварын тээврийн хэрэгслийн зураг явуулан...” хуурч мэхлэн ********* дүүрэгт байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 4,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 1,710,000 төгрөг буюу нийт 16,710,000 төгрөгийг нь авсан болох нь:
Хохирогч О.Х “...миний садан төрлийн хамааралтай дүү А над руу 2023 оны 3 дугаар сарын 17-ны үед ******** дугаарын утаснаасаа залгаад “...ахаа таны машин хуучирсан байна, дүү нь машин зарж байгаа, намайг машины ченж хийж байгаа дээр шинэчлээд авчихвал зүгээр ш дээ, би танд орж ирсэн үнээр нь 25,000,000 төгрөгөөр “Приус-41” маркийн машиныг өгнө, та миний хэлсэн өдрүүдэд цувуулаад эхний ээлжид 15,000,000 төгрөг, үлдэгдлийг нь намар ногоо хураагаад зарахдаа өгөөрэй...” гэж надад хэлсэн. Ингээд “**********” гэдэг фейсбүүкээр “Приус-41” машины зураг над руу явуулаад та сонголтоо хий гэж хэлсэн. Би 2023 оны 04 дүгээр сарын 08-нд 8,000,000 төгрөгийг өөрийн ********* дугаартай данснаасаа А ****** дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр Г.А ******* дугаарын данснаас А ******* данс руу 4,000,000 төгрөг, дараа нь 2023 оны 04 дүгээр сарын 27- ны өдөр эхнэрийнхээ ********** дугаарын данснаас А ****** данс руу 3,000,000 төгрөг, сүүлийнх нь би өөрийн 5001189862 дугаарын данснаасаа С Н гэх нэртэй 5429104076 дугаарын дансанд 1,710,000 төгрөг тус тус шилжүүлж нийт 16,710,000 төгрөг өгсөн боловч одоог хүртэл машинаа авч чадахгүй байхаар нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүннү моллын зогсоол дээр уулзахад А нь надад “...2, 3 хоногоос машинаа өгчихмөөр яг болох гэж байна, амралтын өдөр таарчихлаа...” гэх мэтээр зүйл ярьж байсан. Би “...одоо больё мөнгөө авъя...” гэсэн. А надад 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр миний 16,710,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буцаан өгөхөө илэрхийлсэн боловч одоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй тул гомдол гаргасан. Би А руу 16,710,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6хх-ийн 148,151-152/,
Хохирогч О.Х-с гаргаж өгсөн банкны дансны хуулга, төлбөр барагдуулах тухай баримт /6хх-ийн 139-143/ зэрэг нотлох баримтуудаар,
18. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ********** дүүргийн ** дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “******” ББСБ-д гаалийн бичигтэй 3 ширхэг автомашины сертификат болох бичиг баримтыг нь барьцаалсан, улмаар зээлийн гэрээ байгуулан 22,239,000 төгрөгийг авсан боловч “машинаа оношилгоонд оруулна” гэх байдлаар, мөн гаалийн бичгийг нь хаясан зэргээр дахин бичиг гаргуулан авч уг тээврийн хэрэгслүүдээ бусдад худалдан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь:
Хохирогч Б.А “... 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр А гэх хүн манай байгууллагын 22 салбар дээр ирж “Subaru Forestor” маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж 22,239,000 төгрөгийн зээл авсан. Уг машиныг барьцаанд тавихдаа манайхтай 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар зээл авсан. Уг тээврийн хэрэгсэл гаалийн цэнхэр бичигтэй, дугаар аваагүй байсан тул тухайн үедээ цэнхэр бичгийг манайх барьцаанд авч машин нь зах дээр зарагдах гээд зогсож байсан. Учир нь манай дээр цэнхэр бичиг нь байхдаа машинаа зараад зээлээ барагдуулаад цэнхэр бичгээ авч болохоор гэрээ хийсэн. Тэгээд эхний машиныхаа зээлийн төлбөрөөс 10,295,014 төгрөг төлсөн. Тухайн үедээ манай 22 салбарын захирлаар ажиллаж байсан А.А гэгч нь уулзаад “машинаа оношилгоонд оруулаадахъя” гэж хэлээд гаалийн цэнхэр бичгээ түүнээс авсан байсан. Тэгээд А гаалийн цэнхэр бичгээ буцаагаад авах гэтэл тус “Subaru forestor” автомашиныг цааш нь хүнд зарчихсан байсан тул зээлийн төлбөр дээрээ нэмж барьцаанд “Toyota crown”, “Toyota mark-2” тээврийн хэрэгслүүдийн гаалийн цэнхэр бичгийг барьцаанд тавьсан. Тэгтэл А нь сүүлд барьцаанд тавьсан “Toyota crown” маркийн тээврийн хэрэгслийн гаалийн цэнхэр бичгийг авто тээврийн үндэсний төвөөс “уг бичгээ алга болгосон” гэж худлаа мэдүүлээд тус машиндаа улсын дугаар олгуулаад хүнд зарчихсан байсан. Харин үлдсэн “Toyota mark-2” маркийн машин хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Бас “Toyota crown” маркийн тээврийн хэрэгсэл нь 2022 онд орж ирсэн атал тээврийн хэрэгслийн цахим мэдээллийн санд уг машиныг 2023 оны 4 дүгээр сард импортоор орж ирсэн гэж өөрчилсөн байсан. Ямар ч байсан уг тээврийн хэрэгслүүдийн цэнхэр бичиг манай дээр барьцаанд байгаа. А нь нийт 3 машиныг 22,239,000 төгрөгөөр барьцаалж зээл авсан. Тэгээд үндсэн зээлээсээ 10.295.013 төгрөг төлж, 11,943,986 төгрөг үлдсэн байсан. Гэвч уг зээлээ төлөлгүй 514 хоногийн хугацаа өнгөрч байгаа тул хүү нь бодогдсоор одоо 18.738.772 төгрөг болсон байгаа...” гэх мэдүүлэг /7хх-ийн 2-3, 6/,
2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “*******” ББСБ ХХК нь Ч.А байгуулсан №1142****** дугаартай зээлийн гэрээ /6хх-ийн 227-230/,
2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №1142***** дугаартай барьцааны гэрээ /6хх-ийн 231- 232/,
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №1142******* дугаартай барьцааны гэрээ /6хх-ийн 233-234/,
Зээлийн хорооны хурлын шийдвэр/6хх-ийн 241/,
Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “...toyota crowm GRS20000****** арлын дугаартай тээврийн хэрэгсэл 2023 оны 12-р сарын 27-ны өдөр бусдад шилжсэн...” гэх агуулгатай мэдээлэл бүхий №13 дугаартай албан бичиг түүний хавсралт /7хх-ийн 25/,
Яллагдагч Ц.А “...1 машиныхаа цэнхэр бичгийг хаясан гээд авто тээврийн үндэсний төвийн Цирк дахь салбараас нь дахин гаргуулж аваад зарсан...” гэх мэдүүлэг/7хх-ийн 47/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Ч.А урьд нь хамт ажилладаг, хамаатан садны харилцаа хамааралтай, тухайн цаг хугацаанд танилцсан, хөршийн болон зүс таних, урьдын харилцаатай байсан хүмүүстээ Япон улсаас автомашин оруулж ирж зардаг өөрийн бизнесийн үйл ажиллагаатай байдлаараа итгэл төрүүлэн “...машиныг чинь зараад өгнө...хямдхан машин өгнө...машин захиалгын төлбөр...татвар, тээврийн зардлын төлбөр...бусдын зарж байгаа тээврийн хэрэгслийн зургийг үзүүлэх...” гэх байдлаар хуурч мэхлэн хохирогч нараас мөнгө, тээврийн хэрэгслийг нь шилжүүлэн авсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн “...бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” үндсэн шинжийг, учруулсан хохирлын хэмжээ, үйлдлийн арга, давтагдах шинж, хохирогч нараас авсан мөнгөний зарцуулалт нь “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хүндрүүлэх шинжийг бүрэн хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Шүүгдэгч Ч.А үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүх хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.А хохирогч нараас шилжүүлсэн нийт 660,237,613 төгрөгийн зарцуулалтад мөрдөгч үзлэг хийхэд захиалсан автомашины төлбөртөө биш ахуйн хэрэгцээндээ эсвэл өөр хүмүүс рүү болон бусдад төлөх өр төлбөртөө шилжүүлсэн болох нь тогтоогддог. Тухайлбал, хохирогч С.Д авсан 19,000,000 төгрөгөөс гэрч Н.Ж өгөх байсан приус-30 автомашины үнийг төлсөн, хохирогч Ж.Э авсан 30,500,000 төгрөгөөр гэрч Н.З автомашины үнийг төлсөн төдийгүй бусад хохирогч нараас ч авсан мөнгөө тэдний захиалгын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн, шүүгдэгч Ч.А “*******” ББСБ-д гаалийн бичигтэй 3 ширхэг автомашины сертификат болох бичиг баримтыг нь барьцаалан 22,239,000 зээл авсан боловч энэ зээлийн үүргээ биелүүлэхгүй байх зорилгоор барьцаанд байсан тээврийн хэрэгслүүдийнхээ бичгийг “оношилгоонд оруулчхаад буцааж өгнө” гээд авах, эсвэл “бичиг баримтыг хаячихлаа” гэх байдлаар төрийн байгууллагаас дахин бичиг баримтыг гаргуулан авч бусдад худалдаж байгаа түүний үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгааг дурдах нь зүйтэй.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд нь үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.А 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх бөгөөд түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогч Ж.Э “...шүүхийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, **** УНҮ улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашиныг Ж.Э надад олгуулахаар зааж өгнө үү. ...” ...шүүгдэгч Ч.А “...хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах хүсэлтэй байна. ...”, шүүгдэгч Ч.А өмгөөлөгч Б.М “...Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан амьдралын эх үүсвэр болгосон гэж ял ногдуулсан нь үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол билээ. Хохирол нь гэмт хэргийн улмаас үүсч буй алдагдал, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар ба тооцон хэмжиж болохуйцын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байна.
Хохирлыг эдийн болон эдийн бус, нөхөн төлөгдөх ба төлөгдөхгүй гэж ангилагдах бөгөөд үүнээс эдийн хохирол нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд үр дагавар болж, бодит хохирол болон алдагдсан ашиг, орлогын хэлбэрээр илэрдэг ба мөнгөөр үнэлэгдэж хэмжигдэж болохуйц байх гэсэн агуулгаар тайлбарлагдана. Ийнхүү үнэлэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн тухайн эд зүйлийн зах зээлийн ханшаар хохирлын хэмжээг тогтооно. Энэхүү мөнгөөр үнэлж болох эдийн хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх байдлаар сэргээн тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэсэнд хамаарна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.А “залилах” гэмт хэрэг үйлдэхээс өмнөх байдлаар буюу “Toyota Harrier” маркийн автомашиныг хохирогч Б.Р, харин хохирогч Ж.Э шилжүүлсэн 30,500,000 төгрөг болон “тоёота клугер” маркийн автомашины үнэлгээ 28,550,313 гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэр энэ зорилтод нийцнэ.
Түүнчлэн, хохирогч нар нь шүүгдэгч Ч.А хууран мэхэлсэн үйлдлээс шалтгаалан мөнгө, эд зүйлсээ шилжүүлсэн тул шүүгдэгч “...энэ хэрэгт хамааралтай өөр хүмүүсийн үйлдлийг шалгуулах...” агуулгатай гомдол үндэслэлгүй байна. Мөн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлийн талаар дээр тайлбарласан болохыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчийн өмчлөх эрхийг хязгаарлах, хориглох учруулсан хохиролтой тэнцүү хэмжээний хөрөнгө орлогыг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж буй эрүүгийн хариуцлагын нэг төрөлд хамаарна.
Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол болох “Toyota Harrier” маркийн автомашиныг хохирогч Б.Р олгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримталсан нь уг зохицуулалтын агуулга, зорилготой нийцэхгүй шийдэл болжээ.
Иймд, дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2399 дүгээр шийтгэх тогтоолын 5 дах заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан...” гэснийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Э, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ч.А шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 91 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2399 дүгээр шийтгэх тогтоолыг дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дах заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан...” гэснийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж хохирогч Ж.Э, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА