Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/138

 

2026           01            29                                                                               2026/ДШМ/138

 

Э.М-, Д.Т- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Очгэрэл,

шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Д.Т-, түүний өмгөөлөгч Г.Бадамханд, Ц.Цэрмаа,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2522 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М-, шүүгдэгч Д.Т-ий өмгөөлөгч Г.Бадамханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.М-, Д.Т- нарт холбогдох 2502 00000 0170 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

1. Ч- овгийн Э-ын М-, ......, /РД: Э-/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

2. Х- овгийн Д-гийн Т-, ......, ял шийтгэлгүй, /РД: Д-/;                                  

Шүүгдэгч Д.Т-, Э.М- нар нь бүлэглэн 2025 оны 4 дүгээр сарын                 16- ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Д- байрны 83 тоот, Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо Д- байрны 1 тоот байруудад Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин, мөн конвенцын 4 дүгээр жагсаалтад багтдаг фентермин /phentermine/ бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 25.644 гр жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодсыг хууль бусаар худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.М-, Д.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.М-, Д.Т- нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Т-д 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 1 ширхэг 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, жижиг, өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн зүйл /цэвэр жин нь 2,9786 грамм/, жижиг, өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн зүйл /цэвэр жин нь 3,3983 грамм/, жижиг, өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн зүйл /цэвэр жин нь 0,0901 грамм/, 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 ширхэг цэнхэр өнгийн соруул, 2 ширхэг ногоон өнгийн соруул, 3 ширхэг чихний хөвөн, 1 ширхэг шилэн гуурс, 1 ширхэг улаан өнгийн резинэн зүйл, 1 ширхэг хар өнгийн резинэн зүйл, 1 ширхэг дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн сав, 1 ширхэг ягаан өнгийн тагтай өнгөгүй хуванцар сав, 4 ширхэг зиплок ууттай, цагаан өнгийн талстлаг зүйл 4 ширхэг /цэвэр жин 5,6218 грамм, 5,3898 грамм, 5,3691 грамм, 2,7963 грамм/, цагаан өнгийн савтай хар өнгийн жин, 2 гэж дугаарласан дээд хэсэгт нь шилэн гуурс мзт зүйл, хуванцар гуурс мэт зүйлтэй ногоон өнгийн хуванцар сав, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гуурс мэт зүйл, ногоон өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн хуванцар соруул, өнгөгүй хуванцар соруул, хоосон тарианы шил мэт зүйл, хоосон зиплок уут 66 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ын цагдан хоригдсон 203 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Т- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Э.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус хэргээр өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байна. Хоригдож байх үеэс эхлэн ар гэрийн байдал маань тогтворгүй болж эхлэн нөхрөөсөө салж, 3 хүүхэд минь өсвөр насандаа бие болон сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон бөгөөд энэ хэргийн хор уршгийг үр хүүхдүүдтэйгээ хүртэл хамтран үүрч байгаадаа маш их харамсаж байна. Би энэ хэргээс болж 3 хүүхдийнхээ ирээдүйг харлуулж, эх хүн байх эрх үүргээ ухамсарлахгүй буруу зүйлд автаж, нийгэм болон өөрийн гэр бүлдээ маш их хор уршиг учруулсандаа маш их гэмшиж байна. Мөн гэмт хэрэг болон гэм буруугийн талаар маргахгүй, цаашид зөв амьдрах болно. Би ахин гэмт хэрэгт холбогдохгүй, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэхгүй, нийгэмд хор хохирол учруулах гэмт хэрэгт холбогдохгүй. Иймд та бүхэн миний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялаас зохих хэмжээгээр багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Т-ий өмгөөлөгч Г.Бадамханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс “... хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тухайн бодисыг олон тоогоор хувааж савласан байдал, шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Д.Т-ий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. ... Хавтаст хэрэгт авагдсан 3125 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. Мөн мансууруулах бодисыг Э.М-ын хамт нэг удаа хэрэглэсэн гэж мэдүүлэх боловч 3125 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн Д.Т- гэсэн хаягтай шээснээс метамфетамин, тетрагидроканнабинол илэрч байна...” гэжээ. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд Д.Т-ээс метамфетамин, тетрагидроканнабинол гэх сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн ба Э.М-аас өөр төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн ба шүүгдэгч Д.Т-ий дээрх мэдүүлэг нь бодит байдалтай нийцэхгүй байна.” гэсэн дүгнэлт хийж, Д.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын ял шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Д.Т- сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, фентермин бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 25,644 гр жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор хадгалсан Э.М-ын үйлдэлтэй ямар ч холбоогүй болохыг нотолж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Д.Т-ий тухайд сэтгэцэд нөлөөт 2 төрлийн бодисыг 2025 оны 04 дүгээр сарын 14-нд Э.М-ын бэлтгэж, санал болгосноор нэг удаа хэрэглэсэн дээр маргадаггүй. Харин сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, фентермин бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 25,644 гр жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор хадгалсан үйлдэлд огт холбоогүй болох нь дараах үйл баримтуудаар нотлогддог. Үүнд: Э.М- нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “мөрдөгчийн ... Та Т- гэх хүнд сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг ямар нэгэн байдлаар өгч байсан уу? гэсэн асуултад “... Би Т-д бол өгөөгүй харин хамт хэрэглэж байсан...” гэх, мөн мөрдөгчийн “... та сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис хадгалж байсан талаараа Д.Т- гэх хүнд хэлж байсан уу? Д.Т- нь энэ талаар мэдэх үү? гэсэн асуултад: ...Д.Т- бол энэ талаар юу ч мэдэхгүй. Харин би Т-тэй хамт байхдаа хүн өгсөн гэж хэлээд өөрт байсан мөсийг гаргаж өгөөд хамт хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1 хх 17/, мөн Д.Т-ий 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх 33/, мөн Д.Т-ий биед болон гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 62-67/ зэрэгт Д.Т- нь сэтгэцэд нөлөөт ямар нэг бодис олж авсан, хадгалсан үйл баримт байгаагүй бөгөөд зөвхөн сэтгэцэд нөлөөт 2 төрлийн бодисыг Э.М-ын бэлтгэж, санал болгосноор нэг удаа хэрэглэсэн нь тогтоогдсон байхад шүүх эдгээр үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Д.Т-ээс Э.М-тай найзлахаа болих санал тавьж утас, бусад харилцаагаар харилцахгүй байх үед буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-нд Э.М- нь Д.Т- лүү жижиг гялгар ууттай гаднаас нь харахад арц шиг зүйлийн зураг явуулсан байдаг. Энэ нь Э.М- өвсөн төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсныг нотолдог. Мөн Э.М- нь Д.Т-г найзлахгүй гэснийх нь төлөө энэ зургийг дарамтлах хэрэгсэл болгож явуулсан шинжтэй байдаг. Үүнээс гадна Э.М- нь 2025 оны 04 дүгээр сарын 14-нд уулзаж 2 төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний дараа Д.Т-ээс харилцаагаа дуусгая гэсэн саналаа дахин илэрхийлэхэд нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.Т- лүү хашааны зураг явуулсан байдаг ба “яаж байгаа юм над руу явуулж” гэж асуухад нь “андуурчихлаа” гэж хариу өгсөн байдаг. Эдгээр нь зөвхөн Э.М-ын санаачлагатай, түүнийг найзлахгүй гэсний төлөө эрхшээлдээ байлгах гэж явуулсан шинжтэй үйлдлүүд байх тул Д.Т-г яллах нотолгоо болохгүй гэж үзэж байна. /1 хх 85-89/ Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өмгөөлөгч миний бие Э.М-аас “та хоёр 2025 оны 04 дүгээр сарын 14-нд уулзахдаа хэдэн төрлийн бодис хэрэглэсэн юм бэ гэж асуухад 2 төрлийн бодис хэрэглэсэн. Т- хоёуланг нь хэрэглэсэн. Би зөвхөн мөс хэрэглэсэн. Өвс нь бага байсан. Түүнийг Т- хэрэглээд дуусчихсан. Би хэрэглээгүй” гэсэн хариулт өгч байсанд шүүх огт дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Миний бие энэ талаар өөрийн санал дүгнэлтдээ тодорхой хэлсэн боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт миний санал дүгнэлт тусгагдаагүй төдийгүй няцаан үгүйсгэсэн үндэслэл байхгүй байна. Иймд гомдлыг хянан үзэж, Д.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын ял шийтгэсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Э.М-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.М- болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй. Шүүгдэгч М- нь гурван хүүхэдтэй бөгөөд аль болох хурдан хугацаанд хорих ялаа эдлэн дуусгаж, хүүхдүүддээ хань болж, ээжийнхээ үүргийг гүйцэтгэн амьдрах бодит хэрэгцээ, шаардлага байгаа. М- өөрөө үйлдсэн хэрэгтээ гэмшиж, энэ хугацаанд ухаарч ойлгосон, цаашид дахин алдаа гаргахгүй, нийгэмд зөв байр суурь эзлэн, хүн шиг амьдрах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлдэг. Иймд дээрх нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, хэрэв давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзвэл оногдуулсан ялын хугацааг тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс дэмжин илэрхийлж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч нартай санал нэг байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Т-ий өмгөөлөгч Ц.Цэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Т-г М-тай бүлэглэн, хэрэгт дурдагдсан хоёр байранд сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж үзэн, гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь буруу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг буруу тодорхойлсон, мөн Т- нь М-тай бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан гэх идэвхтэй үйлдэл хийсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлогдож тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-т заасан шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, сэдэлт, гэм буруугийн санаа зорилгыг үнэн зөв тогтоож, үндэслэлтэй дүгнэж чадаагүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Т-, М- нар 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 20 минутад уг хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгч Эрдэнэтөгсийн тэмдэглэл авагдсан байдаг. Мөн хавтаст хэргийн 22 дугаар талд Т-ий мэдүүлгээр 2025 оны 4 дүгээр сарын 14-ний орой М-ын санал болгосноор сэтгэцэд нөлөөлөх бодисыг анх удаа хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн М-ын мэдүүлгээр 4 дүгээр сарын 15-ны орой ажлаасаа тарж, тухайн байранд ирэхэд цагдаагийн алба хаагчид очсон байсан талаар дурдсан байдаг. Иймд гэмт хэрэг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн гэх дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагааны баримтуудтай нийцэхгүй бөгөөд бичиг, техникийн алдаа гарсан байх магадлалтай гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд ч 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хэрэглэсэн гэдгийг өмгөөлөгч удаа дараа тодруулж асуусан. Бүлэглэн хууль бусаар хадгалсан гэх үйлдлийг шийдвэрлэхдээ шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй. Т- сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалагдаж байсныг мэдсэн эсэх, хаана, хэн хадгалсан, худалдаалах зорилго байсан эсэх, Т- ямар үг, үйлдлээр нэгдэн оролцсон нь тогтоогдоогүй. Т- нь М-тай танилцаад нэг сар хүрэхгүй хугацаанд, хоёр өөр байранд тус бүр нэг удаа орсон бөгөөд нэг удаа л сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн. Тухайн байранд өөр ямар бодис хадгалагдаж байсныг мэдэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Идэвхтэй хадгалсан, худалдаалах зорилготой үйлдэл тогтоогдоогүй. Мөн М- нь өмнө нь ижил төрлийн гэмт хэрэгт хоёр удаа холбогдож байсан, Т-тэй насны хувьд зөрүүтэй бөгөөд Т-г шинэ хэрэглэгч болгох, ашиглах зорилготой байсан байх боломжийг үгүйсгэхгүй. Нэг удаагийн хэрэглээгээр бүлэглэсэн үйлдэл гэж үзэх боломжгүй. Хэрэв Т-г сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн бодит байдалд нийцүүлэн Д.Т-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, эрх хэмжээнийхээ хүрээнд зохих шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хууль зүйн үндэслэлтэй, бодитой тогтоож, тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. М-ын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэт харагдавч шүүх хуралдаанд өөрөө “худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэж тайлбар өгсөн нь гэм буруугийн талаар маргаж байгаа хэлбэр юм. Тэрээр уг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаа, үргэлжлүүлэн үйлдсэн бөгөөд хадгалж байсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээ нь их хэмжээний ангилалд хамаарах, жижиглэн савласан хэлбэртэй байсан нь худалдаалах зорилготой гэж дүгнэх үндэслэл болсон. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын нэг удаагийн хэрэглээний хэмжээтэй харьцуулахад 0,699 грамм нь их хэмжээд тооцогдох тул уг нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас санал болгосон хэмжээнээс бага байсан бөгөөд шүүх дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хөнгөрүүлж оногдуулсан гэж үзэж байна. Т-ий хувьд гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Т- нь М-тай бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогддог. Түүний биеэс авсан биологийн дээжийн шинжилгээний дүн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн байдал, мөн М-, Т- нарын хоорондын харилцааг нотлох зурвасууд, байршил заасан мэдээлэл, бодис бүхий зургийн баримтууд багтана. Т- нь зөвхөн хамт байхдаа сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн төдий бус, хадгалж байсан нөхцөл байдлыг мэдэж байсан гэж үзэж байна. Энэ нь түүний гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Тодруулбал, бодис хадгалагдаж байсан байршлыг илэрхийлсэн байршлын мэдээлэл болон тухайн байршилтай холбоотой зургуудыг харилцан илгээсэн нь тогтоогдсон. Эдгээр баримтаас харахад Т- тухайн бодис хаана хадгалагдаж байсныг мэдэж байсан гэж дүгнэх үндэслэлтэй. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Т- нь М-тай хамтран, бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэгт оролцсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.М-, Д.Т- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Т-, Э.М- нар нь бүлэглэн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Д- байрны 83 тоот, Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо Д- байрны 1 тоот байруудад Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин, мөн конвенцын 4 дүгээр жагсаалтад багтдаг фентермин /phentermine/ бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 25.644 гр жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодсыг хууль бусаар худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Э- М- 2024.04.16” гэсэн хаягтай шээснээс МDMА, метамфетамин илэрч байна. Илэрсэн МDMА нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад, метамфетамин нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно..." гэх 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0325/3126 дугаартай дүгнэлт, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 149-151/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Д- Т- метамфетамин, тетрагидроканнабинол илэрч байна. 2024.04.16” гэсэн хаягтай шээснээс илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх 2025 оны 4 дүгээр сарын 22-ны Өдрийн ЕГ0325/3125 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 155-157/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1-5” хүртэл дугаарласан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын өнгөгүй зиплок ууттай “1” болон “2 “ гэж дугаарласан жижиг өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн зүйл, 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 ширхэг цэнхэр өнгийн соруул, 2 ширхэг ногоон өнгийн соруул, 3 ширхэг чихний хөвөн, 1 ширхэг шилэн гуурс, 1 ширхэг улаан өнгийн резинэн зүйл, 1 ширхэг хар өнгийн резинэн зүйл, дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн сав, ягаан өнгийн тагтай өнгөгүй хуванцар сав, Монгол Улсын АМ2873526 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс метамфетамин илэрсэн. ... Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан “104 БЗД Д- хороо Д--1 мөс а/д Б.Б- 2025.04.16” гэж хаягласан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын өнгөгүй зиплок уутан дотор “1” гэж дугаарласан жижиг өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн зүйлийн цэвэр жин 2,9786 грамм, ... “2” гэж дугаарласан жижиг өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн зүйлийн цэвэр жин 3,3983 грамм, ... “3” гэж дугаарласан ... гэж хаягласан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын өнгөгүй зиплок уутан дотор цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 0,0901 грамм байна....” гэх 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0325/3127 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх  176-181/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... №1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйл 4 ширхэг, цагаан өнгийн савтай хар өнгийн жин, №2 гэж дугаарласан дээд хэсэгт нь шилэн гуурс мэт зүйл, хуванцар гуурс мэт зүйлтэй, ногоон өнгийн хуванцар сав, №3 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гуурс мэт зүйл, ногоон өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн хуванцар соруул, өнгөгүй хуванцар соруул, хоосон тарианы шил мэт зүйл, хоосон зиплок уут тус бүрээс метамфетамин, фентермин илэрч байна. ... №1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 5,6218 грамм, №2 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 5,3898 грамм, №3 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 5,3691 грамм, №4 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 2,7963 грамм байна. Бусад дээжээс арчдас авч шинжилгээний дээж бэлтгэсэн тул цэвэр жинг тогтоох боломжгүй...” гэх 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0325/3128 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 184-188/,

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 42/, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Д- байрны 83 тоот орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 43-49/, Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Д- байрны 1 тоот орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 50-55/, Э.М-ын биед үзлэг хийж, Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 56-61/, Д.Т-ий биед үзлэг хийж, Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 62-67/, Э.М-ын эзэмшлийн 4 төрлийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 78-83/, Д.Т-ий эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 85-89/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-, Д.Т- нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Т-д 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Шүүгдэгч Д.Т-ий өмгөөлөгч Г.Бадамхандаас “... Д.Т- нь сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, фентермин бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 25,644 гр жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор хадгалсан үйлдэлд огт холбоогүй, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Э.М-аас “... миний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялаас зохих хэмжээгээр багасгаж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруу, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, илэрсэн сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч нарт ялыг ялгамжтай байдлаар оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий байхаас гадна, тэдэнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

 Анхан шатны шүүх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагаврын талаар болон шүүгдэгч нарын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан Д.Т-, Э.М- нарын харилцаж байсан фэйсбүүк чатуудад тэдний хоорондын харилцааг нотолсон зурвасууд, тухайлбал байршил заасан мэдээлэл, бодис бүхий зураг зэргээс үзэхэд хориглосон эд зүйл болохыг ухамсарлаж байснаас гадна хадгалж байгааг мэдсэн болохыг илтгэх бөгөөд тэдний уг үйлдлийг санаа зорилгоороо нэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэстэй.

Үүнээс гадна Д.Т-ээс авсан биологийн дээжээс метамфетамин, тетрагидроканнабинол гэсэн хоёр төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн /1 хх 155-157/ бөгөөд энэ нь Э.М-ын гэрээс олдсон сэтгэцэд нөлөөлөх бодисоос өөр төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон.

Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч Д.Т-ий “...анх удаа сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг үндэслэлгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч шүүгдэгч Э.М-, шүүгдэгч Д.Т-ий өмгөөлөгч Г.Бадамханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.М-, Д.Т- нар нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс энэ өдрийг хүртэл тус бүр 83 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2522 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-, шүүгдэгч Д.Т-ий өмгөөлөгч Г.Бадамханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-, Д.Т- нар нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тус бүр 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                            П.ГАНДОЛГОР

 

            ШҮҮГЧ                                                                             Л.ОДОНЧИМЭГ

   

                        ШҮҮГЧ                                                              М.АЛДАР