| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2503000360427 |
| Дугаар | 2026/ДШМ/147 |
| Огноо | 2026-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2026/ДШМ/147
2026 01 30 2026/ДШМ/147
Ө.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.М,
хохирогч С.М,
шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Д.Б,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2434 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Ө.М-д холбогдох эрүүгийн ...................... дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ө.М нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим ...... дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн урд замд “Toyota Prius” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-т “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чиг зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэж заасныг зөрчсөнөөс “Yutong E18Pro” загварын ....... улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн урдуур гэнэт орсны улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч Ц.У нь тоормос гишгэснээр “Yutong E18Pro” загварын ..... улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн зорчигч С.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ө.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ө.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ээс 4,825,340 төгрөгийг гаргуулан хохирогч С.М-д, 4,462,212 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч С.М нь цаашид гарах эмчилгээний хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.М-ээс нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.М цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.М-ийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж шүүгдэгч Ө.М-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар шүүхээс шүүгдэгч Ө.М нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим ...... дүүргийн .... хороо Улсын Их дэлгүүрийн замын урд “Тоёота приус” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-т заасан “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэх заалтыг зөрчин “Yutong E18Pro” загварын ...... улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн урдуур гэнэт орсны улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч болох Ц.У нь тоормос гишгэснээр “Yutong E18Pro” загварын ....... улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн зорчигч С.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл нэр заан дурдсан нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч С.М-ийн мэдүүлэг, гэрч Ц.У-ын мэдүүлэг, гэрч Т.С-ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 987 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГО825/1608 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудын аль нь Ө.М-г Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-т заасан заалтыг зөрчсөн болохыг нотолдоггүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь өөрөө камераар авч тоноглогдсон, хэрэг учрал өдрийн цагт болж өнгөрсөн байдаг. Тухайн тээврийн хэрэгсэлд суурилагдсан камерууд нь хэвийн ажиллаж байсан байдаг боловч гэнэт тормос гишгэсэн ямар нэг машин аль ч камерт нь бичигдээгүй байдаг. Мөн Улсын Их дэлгүүрийн өмнөх зам бол хамгийн олон үйлчилгээний газартай нутаг дэвсгэр юм. Улсын Их дэлгүүрийн зүүн талын зам дагуу байрлах камерын бичлэгт саарал өнгийн “Приус 30” загварын тээврийн хэрэгсэл гарч байгаа нь дүрслэгдсэн боловч тухайн тээврийн хэрэгслийн дугаарыг тогтоох боломжгүй болохыг шинжээч тогтоосон. Тухайн нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С гэгч жолоочийн ард зогсоод явж байсан гэж мэдүүлдэг. Гэтэл камерын бичлэгт автобусанд зорчигч сийрэг, сул суудал ихтэй, жолоочийн ард ямар нэг хүн зогсож байгаагүй болох нь камерын бичлэгт тодорхой харагддаг. Гэтэл тухайн үед байсан эсэх нь эргэлзээтэй, ... билүү .... билүү саарал өнгийн Приус байсан гэх бүрэн биш, мэдүүлгийг үндэслэсэн байсан Ө.М-г 73 хоногийн дараа гэрчээр асууж, гэмт хэрэгт сэжиглэж буй хүнээ гэрчээр хөтөлж, тулгаж, хуурч мэхлэн мэдүүлэг авсан байдаг. Мөн С-ын мэдүүлэг өөрөө бүрэн бишийн дээр гарын үсэг нь засвартай, мөрдөгчийн гарын үсэг нь өөр нотлох баримтын шаардлага хангахгүй мэдүүлгийг үндэслэсэн нь шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар өмгөөлөгчийн зүгээс гэрч Т.С-ын мэдүүлэг нь Ө.М-г яллагдагчаар татахаас өмнө авагдсан байхаар огноотой байсан боловч яллагдагчаар татахдаа түүнийг мэдүүлгийг тусгаагүй байсан тул хавтаст хэрэг шүүх рүү шилжсэний дараа танилцаж, гарын үсэг засвартай, нотлох баримт бэхжүүлэхдээ хууль зөрчсөнийг шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө нотлох баримтаас хасуулах саналаа гаргасан. Гэтэл шүүх хүлээн аваагүй байж, хурлаа үргэлжлүүлж явуулж хуульд заагаагүй үндэслэлээр 60 хоногийн завсарлага авсан. Энэ хугацаанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн боловч Ө.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж чадаагүй. Энэ талаар шүүх хуралдаан дээр гаргасан миний саналын үндэслэл болсон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ зааж чадаагүй. Иймд хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчийн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
Хохирогч С.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маш их гомдолтой байна. Шүүгдэгч Ө.М нь өнөөдрийг хүртэл хугацаанд надад учирсан хохирлыг төлөөгүй. Энэ явдлаас болж би эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа маш их хохирсон. Тухайн үед буух ёстой буудал маань ойртсон байсан учраас би хаалга руу дөхөж зогсоод автобусны хажуу талын баганаасаа бариад зогссон. Тэр үед автобус огзом тоормос гишгэж, би шидэгдсэн. Энэ явдлаас болж миний нуруу хугарсан надад эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй зүйлүүд их гарсан. Би одоог хүртэл эмчилгээ хийлгүүлж байгаа. ...” гэв.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Уг хэрэг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 50 минутын үед ..... дүүргийн .... дугаар хороо, Улсын их дэлгүүрийн урд зам дээр гарсан. Гэмт хэргийн талаар дуудлага мэдээллийг хохирогч Б.М нь анх цагдаагийн байгууллагад өгсөн. Хохирогчийн өгсөн дуудлага мэдээллийн дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаа нээгдэж, хэргийг шалгаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нийтийн тээвэрт зорчиж явсан иргэн Т.С нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэрээр мэдүүлэгтээ “...Би автобусны урд зогсож байсан тэгсэн, 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл автобусны урдуур орж ирээд огзом тоормосолсон...” гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан автобусны жолооч гэрч Ц.У-ын мэдүүлэг, автобусны хяналтын камерын бичлэг, гэрч нарын мэдүүлгээр автобусны урдуур орж ирээд тоормос гишгэсэн тээврийн хэрэгслийг зөв талдаа үрүүлтэй буюу их гэрлийнхээ 2 талд шар дохиотой, “Тоёота приус” загварын тээвэр хэрэгсэл байсан гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлгүүдэд үндэслэж тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагаа зарлаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэрэг учрал болсноос хойш 73 хоногийн дараа шүүгдэгч Ө.М-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болохыг олж тогтоон түүнээс гэрчийн мэдүүлэг авахаар цагдаагийн газар дуудсан. Шүүгдэгч нь хэрэг бүртгэлийн ажиллагааны шатанд өгсөн эхний мэдүүлэгтээ осол болсон цаг хугацаанд тухайн зам дээр зорчсон, нийтийн тээврийн хэрэгслийн явж байсан эгнээ рүү шилжиж орсон болохоо мэдүүлдэг. Хэргийг шүүх рүү шилжүүлсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлтийг гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан. Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд “...Т.С-ын гарын үсэг засвартай байна. Мөн “Тоёота приус” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ө.М жолоодож яваагүй...” гэх агуулгатай хүсэлтийг гаргасан боловч шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Гэвч анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр гэрч Т.С-ын гарын үсэгтэй холбоотой шалгаж, тогтоох шаардлагатай нөхцөл байдал байна гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан. Анхан шатын шүүхийн шүүх хуралдааныг хойшлуулсан захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүгдэгч Ө.М нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 50 минутын үед ..... дүүргийн ..... дугаар хороо, Улсын их дэлгүүрийн урд замд “Toyota Prius” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-т заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чиг зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэх заалтыг зөрчин “Yutong E18Pro” загварын ........ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн урдуур гэнэт орсны улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч болох Ц.У нь тоормос гишгэснээр “Yutong E18Pro” загварын ........ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн зорчигч С.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.М нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим ..... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн урд замд “Toyota Prius” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-т “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чиг зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэж заасныг зөрчсөнөөс “Yutong E18Pro” загварын ..... улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн урдуур гэнэт орсны улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч Ц.У нь тоормос гишгэснээр “Yutong E18Pro” загварын ....... улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн зорчигч С.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.М-ийн “...Автобус Мөнгөн завъяагаас хөдлөөд маш хурдтай явсан. Мөнгөн завъяа дээр зогсоогүй. Тэгсэн яг Улсын их дэлгүүрийн урд ирж байхад гэнэт тоормос гишгэсэн. Би буух дөхөж байхаар нь хаалга руу дөхөхөөр суудал дээрээс босож бариулаас барьсан яг тэр үед тоормос гишгэж урагшаа унасан. ...Гэмтлийн эмнэлэгт 6 хоног нурууны мэс заслын тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Одоо нуруугаар байнга өвдөнө, удаан суух, зогсоход өвдөнө. ...” /1хх 34-37/,
гэрч Ц.У-ын “...Би энэ өдрийн өглөө баазаас “Yutong E18Pro” загварын ..... улсын дугаартай ... автобусыг авч гараад “М-1” чиглэл буюу “Офицеруудын ордон таван шар” чиглэлд явсан. Би тэр өдрийн өглөө “Мөнгөн завъяа”-гийн автобусны буудал дээр зогсож зорчигчдоо буулгаж суулгаад ертөнцийн зүгээр баруун тийш явж байхад Улсын Их дэлгүүрийн зүүн талд 2 дугаар эгнээнээс саарал өнгийн машин гэнэт баруун гар тийш дарсны улмаас зам тээврийн осол гаргахгүйн тулд тоормос гишгэсэн. Тэр үед зааланд хүн орилох чимээ сонсогдсон, би тухайн үед автобусаа жоохон урагшаа болгож, замаа чөлөөлж зогсоод нөгөө хүн дээр очсон. Настай эмэгтэй хүн байсан. Би 103, 102-т залгаж дуудлага өгсөн. ...” /1хх 66-67/,
гэрч Т.С-ын “...Тэр өдөр Мөнгөн завъяагаас хөдлөөд явж байхад автобус гэнэт тоормос гишгээд хойно эмэгтэй хүн орилсон. Жолооч нь зогсож тухайн эмэгтэй дээр очсон. Би урд зогсоод явж байсан. Жолооч машины дугаарыг харсан уу гэж чанга хэлэхээр нь харахад ямар ч байсан приус мөнгөлөг өнгөтэй 45-10 билүү, 10-45 билүү дугаартай харагдсан, тэрийг жолоочид хэлсэн. ...” /1хх 69-71/,
шүүгдэгч Ө.М-ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Тоёота приус 30 загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэн нэгэн хүнд өгч явуулаагүй. ... Бичлэг үзээд миний тээврийн хэрэгсэл мөн байх л гэж бодсон. ...” /1хх 125-126/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 987 дугаартай “...С.М-ийн биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухай осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1хх 77-79/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ЕГО825/1608 дугаартай “...С.М-ийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” /1хх 159-160/,
Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 08/174 дугаартай “...“Yutong E18PRO” загварын ..... улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. “Toyota Prius” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө.М нь 10.5-р заалт буюу “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун ...гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ... “Toyota Prius” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө.М нь 10.5-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. ...” /1хх 111-112/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0225/247 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “10, 5, 05.mp4” нэртэй дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт мөнгөлөг саарал өнгийн Toyota Prius-30 марк /Third generation/-ийн дүрслэгдэж байна. Тухайн автомашины улсын дугаарыг тогтоох боломжгүй байна. ...” /1хх 99-102/ тус тус шинжээчийн дүгнэлтүүд,
зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 7-8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-10, 13-14/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1хх 91/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-24, 25-27/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ө.М-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ө.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-т “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чиг зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэж заасныг зөрчин нийтийн тээврийн хэрэгслийн урдуур гэнэт орсны улмаас уг тээврийн хэрэгслийг гэнэт тоормослуулж, үйлчлүүлж байсан зорчигч С.М унаснаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б “...хэрэгт авагдсан баримтуудаар миний үйлчлүүлэгч Ө.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж чадаагүй. ...Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-т заасан заалтыг зөрчсөн болохыг нотолдоггүй. ... тээврийн хэрэгслийн дугаарыг тогтоох боломжгүй болохыг шинжээч тогтоосон. ... Гэтэл тухайн үед байсан эсэх нь эргэлзээтэй гэрч Т.С-ын мэдүүлгийг үндэслэсэн. ... Гэрч Т.С-ын мэдүүлэг өөрөө бүрэн биш ба гарын үсэг нь засвартай, мөрдөгчийн гарын үсэг нь өөр нотлох баримтын шаардлага хангахгүй мэдүүлгийг үндэслэсэн нь шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийхэд нөлөөлсөн. ... Ө.М-г хуурч мэхлэн мэдүүлэг авсан. ...Ө.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлохоор хуульчилсны эрүүгийн эрх зүйн ач холбогдол нь гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон хүнийг эрүүгийн хариуцлагад татаж болох хэмжээ, хязгаарыг тодорхойлох, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, оновчтой ял оногдуулах урьдач нөхцөл болохоос гадна цаашлаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдогоор илэрхийлэгдэнэ.
Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгааныг тодруулах зорилгоор техникийн тусгай мэдлэгийн хүрээнд 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахад 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 08/174 дугаартай “…“Toyota Prius” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон…” /1хх 111-112/ гэсэн дүгнэлтээр жолооч Ө.М замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн, түүний нийтийн тээврийн хэрэгслийн урдуур орсон үйлдэл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт, үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.М нь гэрчээр “...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Тоёота приус 30 загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслээ өөрөө жолоодож явсан. ... Би тэр өдрийн өглөө 09 цагийн орчимд Мөнгөн завьяагаас Улсын их дэлгүүрийн зүүн талаар хойшоо эргэснээ санаж байна. Тухайн үед автобус 1-р эгнээгээр маш удаан явж байсан. Би 1-р эгнээнд ороод автобусны араас дагаад явахаар камерт бичигдэж торгууль ирэх гээд байхаар нь 2-р эгнээгээр автобусны хажууд явж байгаад автобусыг өнгөрөөгөөд баруун гар тийш эргэчихье гэж бодоод явж байхад араас машинууд сигналдаад мөн 2-р эгнээг хаах гээд байхаар удаан явж байсан. Автобусны урдуур баруун гар тийш эргэх дохио өгч ороод Улсын их дэлгүүрийн зүүн талаар ертөнцийн зүгээр хойшоо явсан. ... Тиймээ би бичлэгийг үзлээ. Бичлэг дээрх мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл миний машин мөн байна. ...” /1хх 73-74/ гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлгийг хохирогч С.М /1хх 34-37/, гэрч Ц.У /1хх 66-67/, Т.С /1хх 69-71/ нарын мэдүүлэгтэй харьцуулан шинжлэн судлахад уг нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.
Мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй… Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Харин мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үед тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд өөрийнхөө болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхийг нь сайтар тайлбарлаж өгөх үүрэгтэй.
Шүүгдэгч Ө.М-д холбогдох хэргийн хувьд, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн урд замд “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг хэн жолоодон явсан нь 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ЕГ0225/247 дүгнэлтээр /1хх 99-102/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, шүүгдэгч Ө.М-г уг хэрэгт холбогдуулан шалгах хангалттай нотлох баримт, үндэслэл үүсээгүй байх үед түүнээс гэрчийн мэдүүлэг авсан байх тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхүүдийг зөрчөөгүй байна.
Мөн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Т.С-оос 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эрх, үүрэг тайлбарлан, хууль сануулан тухайн өдрөө мэдүүлэг /1хх 68-71/ авсан ба тэрээр “...надад тогтсон гарын үсэг байхгүй. Тухайн мэдүүлэг авдаг өдөр нэрээ бичээд гарын үсэг зурсан...” гэж мэдүүлсэн байхад түүний гарын үсгийг хуурамчаар зурсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тус мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хохирогч С.М-д 4,825,340 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 4,462,212 төгрөгийг тус тус шүүгдэгч Ө.М-ээс гаргуулан олгохоор заасан нь үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.М-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэгтэй уялдаатай авч үздэг.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2434 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР