| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2409036131595 |
| Дугаар | 2026/ДШМ/148 |
| Огноо | 2026-01-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Даваахүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2026/ДШМ/148
2026 01 30 2026/ДШМ/148
О.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Д,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/7630 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Д-ийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр О.Б-д холбогдох эрүүгийн ................... дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч О.Б нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Н.Т-ын банкны дансны дугаар болон гүйлгээний мөнгөн дүнг андуурч түүний эзэмшлийн Хаан банкны ....... тоот данс руу шилжүүлсэн 18.000.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, улмаар гадаад худалдааны Binance бирж рүү шилжүүлэн 5,148.01 ширхэг USDT койн болгон хөрвүүлэн авч, бусдад нийт 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбаруудаас дүгнэхэд, шүүхийн хэлэлцүүлэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, мөн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэснийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн биш хийсэн байна. Өөрөөр хэлбэл, завших гэмт хэргийн гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон телеграммаар даалгавар хийж мөнгө авдаг хүн хоорондын хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад нь тухайн андуурагдсан гүйлгээтэй цаг хугацааны хувьд давхцаж буй эсэх, түүнчлэн хэн хаанаас ямар даалгавар өгөөд буй зэрэгт зөв дүгнэлт хийхийн тулд яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заасан нотолбол зохих байдлыг нотлох шаардлагатай байна. Учир нь, яллагдагч нь тухайн мөнгийг хүлээн аваад тэр дор нь бусад руу шилжүүлж 5.100 гаруй ам.долларын койн болгосон талаар бичгийн баримтууд хавтас хэрэгт авагдсан байна. Иймд яллагдагч О.Б-ийн цахим хаягт тулгуурлаад Д.С-ын шилжүүлсэн USTD нь яллагдагчийн нэрийн дансанд нь бодитоор байгаа эсэхийг шалгаж тодруулах, байгаа бол нэрийн данснаас нь гаргуулж хохиролд тооцуулах боломжтой эсэх талаар тодруулах шаардлагатай байна гэж шүүх үзэж, тус хэргийг яллагдагч О.Б-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч О.Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид “...завших гэмт хэргийн гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон телеграммаар даалгавар хийж мөнгө авдаг хүн хоорондын хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад нь тухайн андуурагдсан гүйлгээтэй цаг хугацааны хувьд давхцаж буй эсэх, түүнчлэн хэн, хаанаас ямар даалгавар өгөөд буй зэрэгт зөв дүгнэлт хийхийн тулд яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох шаардлагатай байна. ...” гэжээ. Хэрэгт цугларсан яллагдагч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт телеграммаар даалгавар биелүүлж байсан талаар мэдүүлсэн боловч холбогдох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй бөгөөд энэ нь яллагдагчийн хувийн нууцлалтай холбоотой мэдээлэл тул мөрдөгчийн зүгээс нэвтэрч, шалгах боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” хэмээн хуульчилсан бөгөөд яллагдагчийн зүгээс өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч О.Б-ийн өмгөөлөгч Ц.Д-аас хэргийн материалд хавсаргуулахаар ирүүлсэн баримтыг прокурорт танилцуулаагүй бөгөөд прокуророос дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан эсэх, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай давхцаж буй эсэхэд дүгнэлт хийж хариу тайлбар гаргах эрх хязгаарлагдсан нөхцөл байдал үүссэн болно. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүргийг хүлээхгүй” хэмээн хуульчилсан байна. Тус шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заасан нотолбол зохих байдлыг нотлох шаардлагатай байна. Учир нь, яллагдагч нь тухайн мөнгийг хүлээн аваад тэр дор нь бусад руу шилжүүлж 5.100 гаруй ам.долларын койн болгосон талаар бичгийн баримтууд хавтас хэрэгт авагдсан байна. Иймд яллагдагч О.Б-ийн цахим хаягт тулгуурлаад Д.С-ын шилжүүлсэн USTD нь яллагдагчийн нэрийн дансанд нь бодитоор байгаа эсэхийг шалгаж тодруулах, байгаа бол нэрийн данснаас нь гаргуулж хохиролд тооцуулах боломжтой эсэх талаар тодруулах шаардлагатай байна” гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.5 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох гэж заасан бөгөөд тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Т-д 18.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагч О.Б-ийн эзэмшлийн Хаан банкны ....... тоот дансны 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, гэрч Д.С-аас хэргийн материалд хавсаргуулахаар ирүүлсэн “койн арилжааны талаарх яллагдагчийн “.....” гэх нэрээр бүртгэлтэй Байяненс (Binance) хаягаас ирүүлсэн хүсэлт болон гүйлгээний баримтуудаар тогтоогдсон байна. Түүнчлэн Байяненс (Binance) гэх нэршил бүхий олон улсын койн (Крипто валют) арилжаалах бирж нь гадаад улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болохыг гэрч Д.С нь заан мэдүүлсэн бөгөөд яллагдагч О.Б нь тухайн Байяненс (Binance) олон улсын койн (Крипто валют) арилжаалах биржид ямар мэйл хаяг ашиглан бүртгүүлсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт заан мэдүүлээгүй бөгөөд яллагдагчийн нэр дээрх бүртгэлийг сэргээн үзлэг хийх боломжгүй, мөн яллагдагч О.Бгийн эзэмшлийн Хаан банкны ...... тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар телеграммаар даалгавар биелүүлж, ашиг олж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь яллагдагч О.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/7630 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлуудад хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “…нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, завших гэмт хэргийн гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон телеграммаар даалгавар хийж мөнгө авдаг хүн хоорондын хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад нь тухайн андуурагдсан гүйлгээтэй цаг хугацааны хувьд давхцаж буй эсэх, түүнчлэн хэн, хаанаас ямар даалгавар өгөөд буй зэрэгт зөв дүгнэлт хийхийн тулд яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох шаардлагатай. Мөн яллагдагч О.Б-ийн цахим хаягт тулгуурлаад Д.С-ын шилжүүлсэн USTD нь яллагдагчийн нэрийн дансанд нь бодитоор байгаа эсэхийг шалгаж тодруулах, байгаа бол нэрийн данснаас нь гаргуулж хохиролд тооцуулах боломжтой эсэх талаар тодруулах шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж, үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан яллагдагч О.Б-ийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэлээ.
Түүнчлэн, яллагдагч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул яллагдагч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/7630 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР