| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2419004730051 |
| Дугаар | 2026/ДШМ/05 |
| Огноо | 2026-01-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/05
Б.Бод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/299 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Ц.Цэрэндуламын бичсэн эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Б.Бод холбогдох 2419004730051 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
* /РД: */
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 12-20-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн * сумын 03 дугаар баг *-ны 2-213 тоотод байрлах Ц.Мын тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч 200,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Бод яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүгдэгч Б.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 хоног буюу 120 цагийг эдлэх ялаас хасаж тооцож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй энэ шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шийтгэх тогтоолд "Шүүгдэгч Б.Б 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн * сумын 3 дугаар баг Залуучуудын гудамжны 2-213 тоот хашаанд байрлах үүдний амбаарын цоожийг татаж онгойлгон амбаарт орж Ц.Мын эзэмшлийн жижиг, том 4 ширхэг тогоо, 1 ширхэг хуучин аккумлятор нийт 200,000 төгрөгийн эд хөрөнгийг архи уух зорилгоор авч төмөрт тушаасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна" гэжээ.
Эрүүгийн 2419004730051 дугаартай хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд хохирогч Ц.Маас "Манай хашаанд байсан амбаарт хулгай орсон байна" гэсэн мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 34 минутад Цагдаагийн байгууллагад гаргасан байдаг.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бын "...эхнэр нь Дэлгэрэх нэртэй дэлгүүрийн үүдэнд таараад надад хандаж "чи ахынхаа амбаарт байсан тогоо аккумлятор зэргийг авчихсан байна шүү дээ, танай дүү Батзориг хэлж байна шүү дээ гэхээр нь би "эгчээ дүү нь авсан үнэн буцааж аваад өгчихнө гэж хэлэхэд за чи авч өгөөрэй гэж хэлчхээд яваад өгсөн. ...хэд хоногийн дараа Ц.М ах надтай уулзаж "...чи яагаад байгаа юм бэ ах нь чамд буруу санаж байсан удаа байхгүй дээ чи тэр амбаарын хаалганы цоожийг хүртэл эвдээд юм авчихсан байх юм гэхээр нь Жак ахад хандаж "за уучлаарай ахаа би амбаарын хаалгыг чинь цоожийг лоомоор цохиж эвдээд нэг бүтэн том тогоо нөгөө 3 нь эвдэрхий дундаа цоорхой жижиг тогоо нийт 4 ширхэг тогоо байсан санагдаж байна мөн жижиг аккумлятор зэргийг чинь авчхаад манай хойд хашааны айл болох Халзан гэх ахынд 150,000 төгрөгөөр зарчихсан юмаа..." гэх мэдүүлэг,
хохирогч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 4 удаагийн мэдүүлэгт "....цоож нь эвдэрчихсэн, цоож нь сэтэрчихсэн байсан. Тэгээд амбаараасаа эд зүйл хулгайд алдсан..." гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Мын тусгайлан хамгаалсан буюу цоожоор түгжсэн агуулахын зориулалттай амбаарын цоожийг эвдэн онгойлгож, хууль бусаар нэвтрэн орж улмаар амбаар дотор байсан 200,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нууцаар авч өөртөө захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг бол тус гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.1-т "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" үйлдсэнийг хамааруулан ойлгож, хохирлын хэмжээ шаардахгүй байхаар хуульчилжээ.
Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.М нь өөрийн эзэмшлийн цоожтой амбаараас эд зүйл хулгайд алдсан, сэжигтэн Б.Б нь бусдын эзэмшлийн цоожтой амбаарын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлж авсан талаар тодорхой мэдүүлэг өгсөн.
Гэвч хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь эмээ, өвөөгөөс өвлүүлэн ирсэн дундаа эдэлж хэрэглэдэг байсан амбаар мэтээр мэдүүлгээ өөрчилж өгсөн явдал нь тэдгээрийн садан төрлийн харилцаа холбоо нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй ба хэрэв дундын эзэмшил, өмчлөлийн амбаар байсан болох нь үнэн бол шүүгдэгч Б.Б амбаарын хаалганы цоожийг эвдэж орох шаардлага гаргахгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, хохирогч Ц.М нарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрхэн яаж няцааж, үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байна.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм" гэж тодорхойлсон атлаа тус хэргийн хохирлын хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан "бага хэмжээний хохирол" буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний үнийн дүнгээс бага байхад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2-д заасан "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэж үзэх үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөн шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 5 дахь заалтад "Шүүгдэгч Б.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 хоног буюу 120 цагийг эдлэх ялаас хасаж тооцсугай" гэсэн нь Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ... тооцож эдлэх ялаас хасна" гэсэн хуулийн зохицуулалтад нийцэхгүй, түүний эдлэх ялаас даруй 72 цагийг илүү тооцож хассан нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/299 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрсэн гэдгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Анхны шүүх хуралдаанд садан төрлийн холбоотой байсан учраас амбаарт орох эрхтэй байсан гэдгээр шүүхээс дүгнэж энэ нь бодит байдалтай нийцээгүй байна гэдгээр давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг буцаасан байдаг. Дахин хэлэлцэгдэхдээ ямар байдал тогтоогдсон гэхээр уг амбаар гээд байгаа эд зүйл нь Ц.М ын өмчлөлийнх ч биш, Баттогтохын ч өмчлөлийнх биш тухайн хашаанд байдаг хүмүүс дундаа хэрэглэдэг амбаар болж таарсан. Мөн цоож зүүсэн байгаа нь тухайн хашаанд амьдардаг гэр бүлийнхнээс бусад хүмүүс орохыг хориглосон байдал байдаг юм байна гэдэг нь тогтоогдсон. Энэ талаар Ц.М анхан шатны шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс үүнийг үндэслэн орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хохирлын хэмжээ хүрэхгүй байгаа ч гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаагүй яагаад гэхээр манай үйлчлүүлэгчийн зүгээс оногдуулсан ялыг биелүүлэх боломжтой гэдэг байдлаар хандсан. 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх гэснийг техникийн шинжтэй алдаа байна, засах боломжтой гэж харж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурор Ц.Цэрэндуламын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зэрэг нөхцөл байдлууд нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болсон.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Ц.М, шүүгдэгч Б.Бын ээжийнх нь төрсөн дүү бөгөөд Дорноговь аймгийн * сумын 3 дугаар баг, *-ны 2-213 тоотод байрлах байрны 2 талд тус тусдаа амьдардаг айлууд, шүүгдэгч Б.Б тус хашаанд байдаг амбаарын цоожийг эвдлэн орж Ц.Мын гэрийн эд хөрөнгө болох 3 ширхэг том жижиг тогоо, аккумлятор зэргийг архины мөнгө болгох зорилгоор хулгайлж, 200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.М, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Б.Б нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үйл баримт тогтоогдсон гэж Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “...шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийг прокуророос эс зөвшөөрч “...анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн” гэсэн үндэслэл бүхий агуулгаар эсэргүүцэл гаргасанд үндэслэн давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.
Учир нь, 3.1.Шүүгдэгч Б.Бын ээж хохирогч Ц.М нар нь төрсөн эгч, дүүс боловч тус тусдаа амьдардаг, шүүгдэгч Б.Б нь мөн тусдаа амьдардаг болох нь шүүгдэгч, хохирогч нарын ам бүлийн тодорхойлолт /хх35, 44/-оор,
-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх5-8/-д “...амбаарт шүүгдэгч Б.Бын гэрийн нүүрс хадгалагдаж байсан талаар тусгагдаагүй, Б.Бын гэх эд зүйл байгаагүй, амбаарын түлхүүр хохирогчийнх, түүнийг шүүгдэгч эвдсэн” болох нь тогтоогдсон,
-хохирогч Ц.Маас цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэрэг гарсан талаар гомдол гаргасан /хх4/ ба түүнийг мөн өдөр хохирогчоор тогтоож авсан мэдүүлэг /хх9/-т “...сэжиглэж байгаа хүнээ сайн таних уу гэсэн мөрдөгчийн асуултад “...Баттогтох гэдэг, нэг байшингийн хоёр хаалгаар ордог хөрш айл” гэж шүүгдэгчийг шууд заан нэрлэсэн,
-шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд “...би тухайн үед согтуу байсан, огт мөнгөгүй байсан болохоор архины мөнгө болгочих санаатай авсан юм, амбаар жижиг шар өнгийн цоожтой байсныг эвдэж ...орсон” гэж өгсөн /хх11, 18/ мэдүүлэг зэргээр хохирогч Ц.Мын хашаанд байх амбаарт шүүгдэгч Б.Б хууль бусаар, нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, эдгээр нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд юм.
Хохирогч, шүүгдэгч нар төрөл садны холбоотой хүмүүс гэдэгт үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгосон нь буруу болсон байна гэдэг үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2025/ДШМ/41 дугаартай магадлал гарсан ба “...анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлнэ” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн шийдвэр болсон байна.
3.2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу хулгайлах гэмт хэргийн тайлбарт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх “...200,000 төгрөгийн хохирлын хэмжээ гэмт хэрэгт тооцох хэмжээнд бага хэмжээнд хүрэхгүй байна” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
3.3.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч Б.Бын урьдчилан цагдан хоригдсон 6 хоногийг шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасахдаа хуульд зааснаас илүү “...120 цагийг эдлэх ялаас хасаж” гэсэн нь буруу болсон буюу Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд заасан “...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна” гэсэнд нийцээгүй, түүнийг мөн буруу хэрэглэсэн.
3.4.Анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б согтуу хүрэлцэн ирсэн ба түүний согтуурлыг шалгахад 2,62% /1хх166/-тай гарсан тул шүүх хуралдааныг 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон.
Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар гомдол, хүсэлтгүйгээр өөрийн санаачилгаар 12 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Б.Быг яллагдагч болгон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсөн нь шүүгчийн баримталсан мөн хуульд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1, 15.4 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар гомдол хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тус тус зөрчсөн.
4.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд энэ тухай прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/299 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурор Ц.Цэрэндуламаас гаргасан эсэргүүцлийг хангасугай.
2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
А.САЙНТӨГС