Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 390

 

С.Г, Н.С, Б.Э, Я.А, Г.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч Н.Оюунчимэг /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар магадлалтай, Н.С, С.Г, Б.Э, Г.Б, Я.А нарт холбогдох 1936001180169 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, Н.С нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

3. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

4. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Я.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

5. Монгол Улсын иргэн, 2000 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Баттөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Прокуророос С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Г-н хохирогч Ө.Е, Д.Д нарын 6 тооны ямааг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

С.Г-г бусдын мал хулгайлсан, бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын мал хулгайлсан, Б.Э, Г.Б нарыг бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлсан, шүүгдэгч Я.А-г бүлэглэн мал хулгайлсан, шүүгдэгч Н.С-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Н.С-д хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.С-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э-г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.С-д 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Г-д 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Б.Э-д 2 жил хорих ял, шүүгдэгч Г.Б-д 1 жил хорих, шүүгдэгч Я.А-д 6 сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангид 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажпыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч С.Г-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 мотоциклын үнэ 1,100,000 төгрөг, шүүгдэгч Б.Э-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 мотоциклын үнэ 1,650,000 төгрөг, шүүгдэгч Г.Б-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклын тал үнэ 900,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, шийдвэрлэсэн байна.

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, шүүгдэгч Я.А нарыг ял оногдуулахгүйгээр тус бүрийг 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.”

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр үйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, шүүгдэгч Я.А нарыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.”

16 дахь заалтын “болов” гэснийг “болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Г.Б, Я.А нар болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч С.Г, Н.С нар болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б, Я.А нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б, Я.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.С-н өмгөөлөгч Н.Оюунчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлалыг Н.С болон өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх Н.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “Шүүгдэгч Н.С нь өөрийн хүү, С.Г-г бусдын 24 тооны ямааг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хулгайлсныг мэдсээр байж бусдад зарахаар тохиролцож 100,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Г-с урьдчилгаа болгон авсан нь....мөрдөн шалгах ажиллагаанд С.Г-н  гэрчээр өгсөн....аав намайг О.Г-д ямаа тууж очсоныг хүнээс мэдсэн байх....гэх мэдүүлэг, гэрч Л.А-н өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна” гэж дүгнэснийг Давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэжээ. Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч Б.Г-с мэдүүлэг авахдаа бичиг үсэг мэдэхгүй гэсэн үндэслэлээр түүний эхнэр болох гэрч Л.А-г байлцуулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25:1 дүгээр зүйлийн 4- т заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул Б.Г-н мэдүүлгийг нотлох баримтаас хасаж тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасны дагуу гэрч Л.А-н мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгч Н.С-н иргэний нэхэмжлэгч Б.Г-тай иргэний нэхэмжлэгч Б.Г-н мэдүүлэгт оролцож гарын үсэг зурсны дараа гэрчийн мэдүүлэг өгсөн нь мэдүүлгийн эх сурвалж болж үнэлэгдэх нотлох баримтын нотлох чадвараа алдсан байна. Өөрөөр хэлбэл гэрч Л.А нь иргэний нэхэмжлэгч Б.Г-н мэдүүлэгт оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар “хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээлэл” байх тул гэрч Л.А нь гэрчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэгдэх хуульд заасан үндэслэлгүй болж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн Магадлал нь “нотлох баримтыг үнэлэх журам”-ыг зөрчиж, “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгч Н.С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжүүд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо нуусан, халхалсан, шилжүүлсэн ” үйлдэл, мөн гэмт хэрэгт биечлэн оролцоогүй ч түүнээс олсон орлогыг хууль бус гэдгийг мэдсээр байж хүлээн авч, нууж, шилжүүлсэн, хувиргасан идэвхтэй үйлдэл байх бөгөөд ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй санаа зорилго нэгдсэн байх гэсэн шинжийг давхар агуулсан шууд санаатай үйлдлийг хэлнэ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.С нь шүүгдэгч С.Г-тай гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг нуух, шилжүүлэх, хувиргах талаар санаа зорилго нэгдсэн, амлалт өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд яллагдагч мөрдөн шалгах ажиллагаанд С.Г-н “Би аавд мал авчирсан талаар хэлээгүй” гэх мэдүүлэг, яллагдагч Н.С-ын “Зах дээр Б.Г тааралдаад ямаа зарах уу гэхээр зарна гэсэн. Хот руу хадам ээжийг эмчилгээнд авч явах хэрэгтэй байна гээд урьдчилаад 100,000 төгрөг авсан. Би өөрөө ямаатай” гэх мэдүүлгүүд”-ээр үгүйсгэгдэж байна. Мөн Б.Гантулгатай ямаа худалдахаар тохиролцож, 100,000 төгрөг авсан ч гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг Б.Г-н өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, Б.Г-н хотонд байгаа С.Г-гийн авчирч тавьсан малнаас аваарай гэж хэлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул гэрч Л.А-н мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна. Зөвхөн гэрч Л.А-н мэдүүлгээр Н.С-ыг “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Мөнгө угаах гэмт хэрэгт оролцогч бүрийн санаатайгаар үйлдсэн “Тухайн хөрөнгө нь гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нуун дарагдуулах буюу өөрчлөх, эсхүл гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор уг эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх, тухайн эд хөрөнгийг хүлээн авч байх үед гэмт хэргээс олсон орлого гэдгийг нь мэдсээр байж түүнийг худалдан авч, эзэмших буюу ашиглах, гэмт хэрэгт оролцох , холбогдох, түүнийг үйлдэхэд хуйвалдах, тусгах хатгах дэмжих” шинжүүдтэй байна. Гэтэл Н.С-ын үйлдэлд С.Г-тай эд хөрөнгийг нуун далдлах, ашиглах, хувиргах талаар санаа зорилго нэгдсэн гэх шинж тогтоогдохгүй байх бөгөөд С.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсэн, мэдэж байсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Н.С-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч , С.Г, Б.Э, Г.Б, Я.А нар нь мал хулгайлах, Н.С нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэргийг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрч Л.А-н мэдүүлгийг үнэлээгүй буюу Б.Г-н мэдүүлгийг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.С-н өмгөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Н.С, С.Г, Б.Э, Г.Б, Я.А нарт холбогдох холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч С.Г нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг Дөрвийн газраас мотоцикл ашиглан 2019 оны 04 сарын 24-ний өдөр хохирогч Ө.Е-н 24 тооны ямаа, Д.Д-н 6 тооны ямаа нийт 30 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар,

шүүгдэгч Н.С нь 2019 оны 04 дүгээр сарын сүүл 5 дугаар сарын эхээр гэмт хэргийн улмаас олдсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж 100,000 төгрөг авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар,

шүүгдэгч С.Г, Б.Э нар нь бүлэглэн, мотоцикл ашиглан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б-н 2 тооны адуу хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар

шүүгдэгч Я.Амартүвшин, Г.Б. Б.Э нар нь бүлэглэн, мотоцикл ашиглан Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэр Майхан гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 27-нд шилжих шөнө хохирогч Ц.Н-н 1 тооны адуу хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Г-н хохирогч Ө.Е, Д.Д нарын 6 тооны ямаа хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, С.Г-г бусдын мал хулгайлсан, бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын мал хулгайлсан гэм буруутайд, Б.Э, Г.Б нарыг бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлсан гэм буруутайд, Я.А-г бүлэглэн мал хулгайлсан гэм буруутайд, Н.С-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч С.Г, Б.Э, Г.Б, Я.А, Н.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс Г.Б, Я.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг барагдуулсан байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.С-н өмгөөлөгч Н.Оюунчимэгийн зүгээс “гэрч Л.А нь иргэний нэхэмжлэгч Б.Г-ын мэдүүлэгт оролцсон нь хууль зөрчсөн. Н.С-н үйлдэл нотлогдон тогтоогдоогүй бөгөөд С.Г, Н.С нарын мэдүүлгээр Н.С-ын үйлдэл үгүйсгэгддэг тул Н.С-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох” эрхгүй гэж тодорхой заасан тул өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхээр хэргийн нөхцөл байдлыг өөрөөр дахин тогтоолгох, нотлох баримтыг үнэлүүлэх, үүнээс үндэслэн Н.С-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгуулахтай холбоотой хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримттай маргаж байгаа гомдлын хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан аливаа баримт мэдээлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжигдэж, гэрчлэгдсэн байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдсан байх нь чухал бөгөөд хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцдоггүй.

 

Улмаар хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдох боловч зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй. Харин хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван зөрчлүүдийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох буюу өөрчилдөг.

 

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Г бичиг үсэг мэдэхгүй тул түүний эхнэр, гэрч Л.А-г байлцуулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил гэж дүгнээд Б.Г-н мэдүүлгийг нотлох баримтаас шүүх хассан нь гэрч Л.А-н мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд саад учруулахгүй.  

 

Учир нь иргэний нэхэмжлэгч Б.Г, гэрч Л.А нар нь нэг гэр бүлийн эхнэр, нөхөр буюу нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд болохын хувьд тэднийг хамт байлцуулан гэрчээр мэдүүлэг авахад нэхэмжилж буй үнийн дүн,  нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн өөрчлөлтгүй, тэдгээрийн мэдүүлэг эхнээсээ тогтвортой буюу бодит байдлаас хэлтийгээгүй болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул Л.А-н мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах мөн боломжгүй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Н.С-н өмгөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С-н өмгөөлөгч Н.Оюунчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН                                                                                                                                                                                                                                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН