Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0476

 

2018 оны 08 сарын 29 өдөр

   Дугаар 221/МА2018/0476

            Улаанбаатар хот

 

“М.У.Р” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0329 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “М.У.Р” ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.20, 11 дүгээр зүйлийн 11.1.20-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “М.У.Р” ХХК-ийн XV-018243 дугаар тусгай зөвшөөрлийн 2017 онд төлөгдсөн 255,128,914 төгрөгийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Нэг. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөөс үл хамаарах шалтгаанаар буюу төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтан зохих ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж 255.128.914 төгрөгийг үргүй зарлагадах нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна Улсын ерөнхий байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 2 талбайд хоёуланд нь хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хууль тогтоомжид заасны дагуу олгочихсон бол ийнхүү маргаан гаргахгүй байжээ гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ.

Шүүхийн энэхүү дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж байна. Учир нь хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газар оролцсон байтал улсын ерөнхий байцаагчийн үйл ажиллагааг буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагчаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлээгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хадгалах нэг нөхцөл болдог.

“М.У.Р” ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х\/-018243 тоот тусгай зөвшөөрлийн 7 дах жилийн төлбөрт 255.128.914 төгрөгийг төлж бүртгүүлсэн байна. Ашигг малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт “тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчинп/й болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно’’ гэж заасан байдаг ба өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл цуцлагдаж хайгуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж тэрхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр гарснаар арилж байгаа бол тухайн жилийн төлбөрийг нөхөн тооцуулах боломжтой байдаг.

“М.У.Р” ХХК-ийн хувьд хайгуулын үйл ажиллагааг хуулийн дагуу зогсоогоогүй байтал үйл ажиллагаагаа явуулаагүй 7 дахь жилийн төлбөрийг 8 дахь жилдээ дахин тооцуулах нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “М.У.Р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-18243 дугаар тусгай зөвшөөрлийн 2017 онд төлөгдсөн 255.128.914 төгрөгийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцохыг Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг шилжүүлэн тооцох тухай зохицуулалт нь Ашигт малтмалын тухай болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль зэргээр зохицуулагдаагүй болно.

Хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0329 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М.У.Р” ХХК“ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан тоот хууль бус болохыг тогтоолгох, “М.У.Р” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт орших цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-018243 тоот Шувуун уул нэртэй талбайн хайгуулын 7 дахь жилийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцох захиргааны акт гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэл гаргах болсон үндэслэлийг “...манай байгууллага 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нийт 3 удаа цацрагийн үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл хүссэн албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт явуулсан ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/3223 тоотоор Сүхбаатар аймгийн нутагт орших “Хэрэмийн цагаан өндөр” нэртэй талбайд хайгуул судалгааны ажил явуулах зөвшөөрөл олгож, Дорноговь аймаг дахь тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлээгүй ...манай байгууллагаас үл шалтгаалах нөхцөл байдал буюу мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн талбайд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгохгүй байсны улмаас тухайн жилийн төлбөрөө төлсөн боловч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Төрийн захиргааны байгууллагын үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй үйлдлийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, ...мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих зөвшөөрлийг олгоогүйгээс шалтгаалж хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй тул төлбөрийг дараа жилийн төлбөрт тооцуулах хүсэлтийг ...хангахаас татгалзсан ...Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, ...11 дүгээр зүйлийн 11.1.20, 22 дугаар зүйлийн 22.1.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч ...тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагийн хувьд жил бүр төлбөр төлөх үндэслэлтэй ...харин төрийн байгууллагаас шалтгаалж үйл ажиллагаа явуулж чадаагүй тохиолдолд хайгуул хийсэн гэж үзэхгүй, ...тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуулийн үндэслэлгүй ...Ашигт малтмалын газар бүрэн эрхийнхээ хүрээнд ...компанийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан өгөх, эсхүл дараа жилд тооцох шийдвэр гаргах хуулийн үндэслэлтэй ...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч “...Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хадгалах нэг нөхцөл болдог ...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдсан, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч, тэрхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр гарснаар арилж байгаа бол тухайн жилийн төлбөрийг нөхөн тооцуулах боломжтой ...“ М.У.Р” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагааг зогсоогоогүй ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 32.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 32.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор хуульд заасны дагуу төлөх төлбөр болох тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс эхлэн тооцож жил бүр төлөхийг үүрэг болгосон, энэ журмаар төлөөгүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор заасныг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд дагаж мөрдөх үүрэгтэй байна.

Хариуцагчийн “...тусгай зөвшөөрөл цуцлагдсан, ...үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч, тэрхүү нөхцөл нь шүүхийн шийдвэр гарснаар арилж байгаа бол тухайн жилийн төлбөрийг нөхөн тооцуулах боломжтой ...” М.У.Р” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагааг хуулийн дагуу зогсоогоогүй, байтал 7 дахь жилийн төлбөрийг 8 дахь жилд тооцуулах хууль зүйн үндэслэлгүй ...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1-д “Анхан шатны шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана”, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч “М.У.Р” ХХК тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 8 дахь жилд нөхөн тооцуулахыг хүссэн үндэслэлээ “...манай байгууллагаас үл шалтгаалах нөхцөл байдал буюу мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн талбайд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгохгүй байсны улмаас тухайн жилийн төлбөрөө төлсөн боловч тухайн жилд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ...” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...манай байгууллага 2017 оны 06 дугаар сарын 21, 2017 оны 09 дүгээр сарын 14, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нийт 3 удаа цацрагийн үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл хүсэх тухай албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт явуулсан ...” гэж дурдсан байх бөгөөд хэрэгт авагдсан “М.У.Р” ХХК-аас 2017 оны 06 дугаар сарын 21, 2017 оны 09 дүгээр сарын 14, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт хүргүүлсэн “Цацрагийн үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл хүсэх тухай” албан бичгүүд хавтас хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “М.У.Р” ХХК нь цаг хугацааны хувьд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр буюу эхний хагас жил дуусч байхад цацрагийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсч анхны удаа мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан, түүнчлэн тус компанийн хүсэлтийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй нь дан ганц мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтны буруутай болохыг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй байхад “төрийн байгууллагын үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй үйлдлийн улмаас 7 дахь жилийн төлбөрөө төлсөн боловч мэргэжлийн хяналтын байгууллага зохих зөвшөөрлийг олгоогүй, үүнээс шалтгаалж үйл ажиллагаагаа явуулж чадаагүй ...” гэж маргасан нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тус тайлбарыг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д ”тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг” ойлгохоор, 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж тус тус зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийн төлбөр гэдэг нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс төлж буй төлбөр байх тул нэхэмжлэгчээс “үйл ажиллагаа явуулсан бол тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлнө” гэх агуулгаар маргасан нь үндэслэлгүй түүнчлэн дээрх хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох журмыг зааж хуульчилснаас бус тусгай зөвшөөрлийн төлбөрийг дараа жилийн төлбөрт нөхөн тооцох, тусгай зөвшөөрлийн хугацааг тасалдсанд тооцох, улмаар үргэлжлүүлэн тооцох талаар Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд зааж хуульчлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын татгалзал хууль бус гэж үзэж, тус газарт тусгай зөвшөөрлийн төлбөрийг нөхөн тооцохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад хариуцагч биш Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаатай холбоотой үйл баримтын талаар дүгнэж, “...улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 2 талбайд хоёуланд нь хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг ...олгочихсон бол ийнхүү маргаан гарахгүй байжээ ...төгрөгийг үргүй зарлагадах нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд зогсохгүй шударга ёсонд үл нийцнэ ...“ гэх зэрэг дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй, хууль бус байна.

Учир нь, нэхэмжлэгч зөвхөн Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар тодорхойлж, тус газрын тусгай зөвшөөрлийн төлбөр нөхөн тооцуулах хүсэлтэд татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, төлбөрийг дараа жилийн төлбөрт нөхөн тооцохыг даалгуулахаар шүүхэд хандсан байхад шүүх хариуцагч Ашигт малтмалын газрын татгалзал хуульд нийцсэн эсэх, тус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, нэхэмжлэгчийн төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг дараа жилийн төлбөрт нөхөн тооцохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар буюу зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар дүгнэж, түүнийгээ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болгож, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрлийн төлбөрийг дараа жилийн төлбөрт тооцуулах”-аар маргаж байхад “улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалын тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох” талаар заасан Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, “хайгуулын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн төлбөр гэж юуг ойлгох” талаар заасан Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.15, 4.1.20, “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах эрх олгосон” мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20 дахь хэсгийн зүйл, заалтуудыг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ” М.У.Р” ХХК-ийн “...XV-018243 тоот тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцуулах тухай” хүсэлтэд “ ...шилжүүүлэн тооцох боломжгүй ...” гэж хариу өгсөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/217 дугаар албан бичиг хууль бус болох нь, түүнчлэн хариуцагчийн тус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдохгүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын нэхэмжлэгчийн хүсэлтэд татгалзсан хариу албан бичгийг хууль бус болохыг тогтоож, ” М.У.Р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0329 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М.У.Р” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан тоот хууль бус болохыг тогтоолгох, “М.У.Р” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт орших цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ХҮ-018243 тоот Шувуун уул нэртэй талбайн хайгуулын 7 дахь жилийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцох захиргааны акт гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

        ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ