Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 03

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙДВЭР

 

2017 оны 01 сарын 09 өдөр                Дугаар 03                                          Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

         Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооны  нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

 

          Нэхэмжлэлийн шаардлага: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус хурлаас гарсан Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг батлах тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай, Аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагч Д.Хосбаяр, гуравдагч этгээд Ж.Батсуурийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооны дарга З.Энхтөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох 7 дахь удаагийн ээлжит сонгууль 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болж орон нутгийн сонгуулийн дүнгээр Ардчилсан нам 16, Монгол Ардын нам 17 төлөөлөгч сонгогч ард иргэдийнхээ итгэлийг өвөрлөн сонгогдсон. 

Гэвч дараах нөхцөл байдал үүсч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэх төлөөлөгчийн бүрэн эрх хүчинтэй эсэх талаар дараах асуудал үүссэн. Үүнд: 

Монгол ардын намаас сонгогдсон төлөөлөгч Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 70.1.4 дэх хэсгийг зөрчсөн гэж Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай шийтгэвэр гарсан. Мөн Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай магадлалаар тус 44 дугаартай шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Гэвч тус шүүхүүдээс гаргасан шийтгэвэр, магадлалын хууль зүйн үр дагавар нь Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг тогтоосон болохоос биш Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас 835 сонгогчийн саналыг авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхэд нь хамааралгүй юм...

           Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “ аливаа шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “УДШ-ийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхэд хяналтын гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01, “Тооллогын комисс байгуулах тухай” 02, “Тогтоолын төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай” 03, “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 04, “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай” 05, “аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай асуудлаар Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ардчилсан намын төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдаанаар “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай” 01, “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийг батлах тухай” 02, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 03, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай” 04, “Аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулах тухай” 05 тогтоолуудыг холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин баталсан нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний тэргүүлэгчдийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд хууль бусаар халдсан үйлдэл бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна... 

 

Иймд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Хосбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооны дарга З.Энхтөрөөс Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тус хурлаас гарсан “ Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хуралдааны дэгийг батлах тухай” 02, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 03, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай” 04, “Аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулах тухай” 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 7 дахь удаагийн сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болж Ардчилсан нам 16, Монгол ардын нам 17 суудал авч сонгуулийн дүн гарсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин хуралдаж 36 дугаар тогтоолоор анхдугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэж Ардчилсан нам Монгол ардын намд мэдэгдэж, мөн өдрийн 37 дугаар тогтоолоор 07 дугаар сарын 20-ны өдөр хуралдааныг хуралдуулахаар шийдвэрлэж хурлын товыг тогтоосон байдаг. 

Ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид хуульд заасан бүрэн эрхийн дагуу анхдугаар хуралдааныг хойшлуулж, товыг дахин тогтоон Ардчилсан нам, Монгол ардын намд мэдэгдсэн байхад Монгол ардын намаас нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон 17 төлөөлөгч 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр анхдугаар хуралдааныг хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулан, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлэх эрхээ аймгийн Сонгуулийн хороо хэрэгжүүлээгүй байхад Монгол ардын намаас нэр дэвшиж сонгогдсон 17 төлөөлөгч анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн болохыг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0647 магадлалаар тогтоосон. 

Аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор төлөөлөгчийн түр үнэмлэх олгохдоо тогтоолын нэг дэх заалтаар 32 төлөөлөгчид түр үнэмлэх олгож, хоёр дахь заалтаар Дарьганга сумын 3 дугаар тойрогт нэр дэвшиж олонхийн санал авсан Д.Болдбаатарт түр үнэмлэх олгохыг шүүхийн шийдвэр эцэслэн гартал хойшлуулж шийдвэрлэсэн. Д.Болдбаатар нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, түр үнэмлэх олгохыг сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Д.Болдбаатарыг Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан болохыг тогтоож, эцсийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. 

Ийнхүү сонгуулийн хороо магадлалыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Д.Болдбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, 20 дугаар тогтоолоор Дарьганга сумын 3 дугаар тойрогт дахин сонгууль зарлаж Монгол ардын нам, Ардчилсан нам дахин сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлж, нэр дэвшигчид нь тодорч сонгуульд өрсөлдсөн нь Д.Болдбаатарын зөрчлийг хүлээн зөвшөөрсөн болох нь харагдаж байна.

Сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19, “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолоо үндэслэн тогтоолуудыг гаргасан бөгөөд Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн шүүх 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13 дугаар шийдвэрээр сонгуулийн хороог хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан болохыг тогтоож, түүнийг нь захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх баталгаажуулсан. 

2016 оны 10 дугаар сарын 19-нд Дарьганга суманд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль болж Ардчилсан намаас П.Мөнхжаргал, Монгол ардын намаас З.Энхтөр нар өрсөлдөж Ардчилсан намын нэр дэвшигч П.Мөнхжаргал олонхийн санал авч сонгогдсон.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж хуралдаж тогтоол шийдвэр гаргаж Сүхбаатар аймгийн Монгол ардын намын эрх ашигт халдсан шийдвэрийг гаргаагүй болно. 

Сонгуулийн хорооноос иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг өргөн барих боломжгүй талаар албан бичиг ирсэн ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхи төлөөлөгч ирж сонгуулийн хороог төслөө танилцуулахыг урьхад сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга хуралдаанд ирж тогтоолын төслийг өргөн барьсан. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10 дахь хэсэгт зааснаар нарийн бичгийн дарга сонгуулийн хорооны даргын эзгүйд сонгуулийн хороог төлөөлөх эрхтэй болно. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны хуралдаанд сайн дураараа оролцоогүй Монгол ардын нам болон түүний сонгогдсон төлөөлөгчдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг гаргаагүй. 

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааныг хүчин төгөлдөр хурал болсон гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Нийслэл дэх давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр бус анхдугаар хуралдаан болсон гэсэн шийдвэр гаргасан байсан. Мөн Д.Болдбаатартай холбоотой захиргааны зөрчлийн материалын шат шатны шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу дахин сонгууль зарлагдаж, Монгол ардын намын дарга З.Энхтөр өрсөлдөж Ардчилсан намын 17 дахь төлөөлөгч П.Мөнхжаргал ялалт байгуулсан. 

Үүнийг анх удаа 17 төлөөлөгч бүрдлээ гэж үзэж хуралдаан хийсэн. 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хурлыг яагаад хүчин төгөлдөр бус гэж үзсэн гэхээр тухайн өдрийн 14.00 цагт Д.Болдбаатарын зөрчлийн материалыг хэлэлцэх шүүх хуралдаан болсон учраас хуучин Хурлын Тэргүүлэгчид хурлыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хийхээр зарлаж, хойшлуулсан шийдвэр гаргасан. Тэргүүлэгчдийн хууль ёсны шийдвэрийг хүлээж аваад хуралд суух эрхгүй Д.Болдбаатарыг оролцуулан хуралдсан.

 Д.Болдбаатарт холбогдох Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч, уншиж сонсгосноос хойш 30-40 минутын дараа аймгийн хурлын танхимд Монгол ардын намын анхдугаар хуралдаан эхэлсэн байдаг. Хуучин хурлын Тэргүүлэгчид хуралдааныг хойшлуулсан, хууль ёсны бус бүрэлдэхүүнтэй хуралдсан хурлаас гарсан тогтоол, хууль бус гэж үзэж байна. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдааныг Тэргүүлэгчид зарлах зайлшгүй шаардлагатай байсан. Хурлын тов хүргэгдсэн байсан, Монгол ардын намын зүгээс хуралд оролцоогүй. 

Тухайн үед дээд шүүх дээр маргаан явж байгаа гэдэг байдлаар хандсан. Сонгуулийн хорооноос төлөөлөгчдийн нэрсийг бүрэн эхээр нь өргөн барьсан. Сонгуулийн хороо албан ёсоор хуралдаагүй гэдэгт санал нийлэхгүй байна. Аймгийн Сонгуулийн хорооны даргын хувьд улс төрийн шалтгааны улмаас сонгуулийн хорооны хуралд ирээгүй. Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга төлөөлөгчийн нэрсийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралд өргөн барьсан. Тухайн өдөр Монгол ардын намын зүгээс хурлыг хуралдуулахгүй байх бүхий л аргыг хэрэглэсэн. Яагаад гэхээр энэ хурал хууль ёсны байх үндэслэлтэй байсан. Гэхдээ бидний зүгээс хуулийн дагуу бүхий л боломжийг ашигласан. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааныг хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна гэв.

 

Гуравдагч этгээд Ж.Батсуурь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох 7 дахь удаагийн сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болж өнгөрсөн. Тус сонгуулиар ардчилсан нам 16, ардын нам 17 суудал авсан боловч Монгол ардын намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Болдбаатар нь сонгуулийн хууль зөрчсөн нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 тоот шийтгэвэр, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Болдбаатарыг хууль зөрчсөнийг эцэслэн шийдвэрлэж шүүхийн магадлал гарснаар Ардчилсан нам 16, Монгол ардын нам 16 төлөөлөгчийн суудалтай болж аль ч нам нь олонхи болоогүй байхад Монгол ардын нам Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан Тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол тухайн хурал хүчинтэйд тооцно гэсэн заалтыг зөрчиж хууль бус ирц бүрдүүлж хуралдаж уг хуралдаанаас гарсан 01, 02, 03,04,05, 06 дугаар тогтоолуудыг гаргасан. 

Дээрхи анхдугаар хуралдаан, хуралдаанаас гарсан тогтоолуудыг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0647 дугаар магадлалаар бүхэлд нь хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан.

Иймд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоол гарч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойрог / Дарьганга сум/-д дахин сонгууль зарлаж 2016 оны 10 дугаар сарын 19-нд санал хураалтын дүнгээр Ардчилсан намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 17 төлөөлөгчийн суудал авч олонх болж сонгуулийн хорооноос төлөөлөгчийн түр үнэмлэхийг гардаж авсан. 

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 52 дугаар тогтоол гарч орон нутгийн хурлын сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 14:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдуулахаар товлосон боловч тухайн өдөр Монгол ардын намын төлөөлөгч болон ард иргэдийг зохион байгуулалттайгаар товлосон анхдугаар хуралдааныг хуралдуулахгүй гэж танхимын хаалгыг дарж эмх замбараагүй байдал бий болсон учир аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба шийдвэр гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газрын 106 тоотод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааныг хуралдуулсан болно. 

Уг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 16:00 цагт эхэлж аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Буянтогтох сонгуулийн дүн танилцуулж мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Жаргалсайхан төлөөлөгчдийн ирц 17 буюу 51% ирцтэй байна гэж танилцуулснаар анхдугаар хуралдаан хуралдаж Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг батлах,  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай, аймгийн Засаг даргад Ж.Батсуурь миний биеийг томилуулах тухай тогтоолуудыг баталсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй гэж үзэж байна гэв.   

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр явагдсан. Энэ сонгуулиар Монгол ардын намын 17, Ардчилсан намын 16 төлөөлөгч суудал авсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  анхдугаар хуралдааныг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14.00 цагт хийхээр зарлагдсан. Үүний дагуу аймгийн шинээр сонгогдсон төлөөлөгч нарыг оролцуулан анхдугаар хуралдааныг хийсэн. Тухайн хуралдаанаар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрүүдийг гаргасан. Анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар аймгийн Ардчилсан нам шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэсэн. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хяналтын шатны шүүхийн 444 дүгээр тогтоолоор анхдугаар хуралдаан хүчин төгөлдөр явагдсан гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл хуучин Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анхдугаар хуралдаан гэгчийг зарлан хуралдуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдуулахаар тогтоож, хурлаас зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, 01-05 тоот тогтоол гаргасан. Дээрх хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Сүхбаатар аймгийн Монгол ардын намаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хуучин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зарласан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдаан, хурлаас гарсан тогтоол холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. 

Тухайлбал, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа хуулиараа 4 жил. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-т “төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно” гэж заасан. 

2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар шинээр сонгогдсон 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн. Мөн хуралдаанаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарыг шинээр сонгосон тогтоол гарсан. 

 

Ийм учраас хуучин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид хуралдааныг зарлах эрхгүй, хуучин хурлын Тэргүүлэгчид хуралдаан зарласнаар 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдсан үйлдэл болсон гэж үзэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаас гарсан тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.1.1а, 18.1.1б, 18.1.1в, 18.1.1г-д заасан шинээр байгуулагдсан хурлын бүрэн эрх, мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдсан хууль зөрчсөн үйлдэл болсон. 

 

Хуралдаанаас гарсан тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар шинээр сонгогдсон хурлын дарга, Засаг дарга нарын эрхэд халдсан үйлдэл болсон. Ардчилсан нам хариу тайлбартаа анхдугаар хуралдаан олонхоороо хуралдсан ирц бүрэн байсан гэдэг ч 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан анхдугаар хуралдаанаар 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан. Дахин сонгуулиар Дарьганга сумын төлөөлөгчөөр сонгогдсон П.Мөнхжаргалын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гараагүй. 

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанд П.Мөнхжаргалыг төлөөлөгчөөр оролцуулж ирц бүрдүүлж хуралдсан. Тэгэхээр хуралдаанд олонх гэх асуудал байхгүй гэж бодож байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.4 дэх заалтуудыг зөрчсөн. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаан дээр Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Буянтогтох төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг уншиж танилцуулсан байдаг. Сонгуулийн хорооны дарга Ж.Түвшинжаргалыг гэрчээр асуухад тайлбартаа аймгийн Сонгуулийн хороо хуралдаагүй, өмнөх анхдугаар хуралдаан дээр төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолыг хуралд өгсөн. Түүнээс биш П.Мөнхжаргалын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг Сонгуулийн хороо хуралдаж гаргаагүй. Б.Буянтогтоход Сонгуулийн хорооноос тогтоолын төслийг танилцуулах эрх өгөөгүй гэдэг. 

 

Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга эдлэх ёсгүй эрхийг эдэлж оролцсоноор дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай энэ заалт нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1а-д заасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны төлөөлөгчийн бүрэн эрхэд аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга, Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар халдсан. 

Хуралдаан зарласан асуудлын хувьд  тайлбар хийхэд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 43 тоот шүүгчийн захирамжид П.Мөнхжаргалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Энэ захирамжид ямар нэг давж заалдах гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон.

 Аймгийн Засаг даргыг томилсон Монгол Улсын ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 тоот захирамж гарсан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан тус шүүхийн 7943 тоот шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. 

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдааныг хийхдээ Ардчилсан намын төлөөлөгчид бүлгийн хурал хийх гэж байгаа гэдэг баримт телевизийн бичлэгээр хэрэгт авагдсан. Хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 444 тоот тогтоол гарсан. Хууль баримтлан ажиллах ёстой байтал хурлаас гарсан тогтоол хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. 

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ж.Батсуурийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг сонслоо. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдаанаар Сүхбаатар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын ерөнхий сайдад өргөн барихаар тогтоол гарсан. 

Хариуцагчийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01-05 тоот тогтоол хүчинтэй гэж үзэж байгааг дэмжиж байна. 

Нэхэмжлэгч олонхоороо хуралдаагүй гэсэн тайлбар өгч байна. 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар хуралдаан олонхоороо хуралдаагүй гэж үзэж байна. Учир нь зөрчил гаргагч, түр үнэмлэх аваагүй Д.Болдбаатарыг оролцуулан нэр бүхий 5 тогтоолыг зөрчлийн материалыг шийдвэрлэсэн шийдвэр гарснаас хойш шийдвэрлэсэн нь цаг хугацааны хувьд тодорхой харагдаж байна.

 Төслийг хэлэлцэж байхад Д.Болдбаатарыг утсаар дуудаж анхдугаар хуралдаанд оролцуулж, өнөөдрийн ийм байдал бий болсон. 2016 оны 11 дүгээр  сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдааны хувьд дахин сонгууль явагдахаар зарлагдаж, түр үнэмлэхийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Ж.Түвшинжаргал П.Мөнхжаргалд гардуулж, хуулийн хугацаанд хийсэн хурал гэж ойлгож байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооны дарга З.Энхтөр Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус хурлаас гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргажээ. 

 

Шүүх нэхэмжлэлийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасан нутгийн өөрөө удирдах байгууллагад холбогдуулан гаргасан маргаан тул хэргийн харьяаллыг, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “ нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын Захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэж заасны дагуу тус шүүхэд гаргасан нь нутаг дэвсгэрийн харьяаллыг тус тус зөрчөөгүйн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хүлээн авч хэрэг хянан шалгах ажиллагаа явуулсан. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлийг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байна. 

 

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 7 дахь удаагийн сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болж сонгуулийн дүн гарсан. 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “ анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор зарлан хуралдуулна” гэсэн хуулиар тогтоосон хугацаанд багтааж, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдуулан төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг.  

 

Уг анхдугаар хуралдааныг хууль бус гэх маргааныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар эцэслэн хэлэлцэж 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 444 дугаартай тогтоолоор Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар хуралдаан хуульд заасан хугацаанд хуралдсан, ирцийн хувьд мөн хуулийн шаардлага хангасан, хэлэлцэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргасан гэж үзсэн байна. 

 

Иймд Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдааныг хууль бус, тус хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Монгол ардын намын хорооны дарга З.Энхтөрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ЭРДЭНЭТУЯА