Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/0075

 

Ё.Шинэхишигийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас

дахин хянуулах тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01732 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 823 дугаар магадлалтай,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2016/00767 дугаар тогтоолтой,

Ё.Шинэхишигийн нэхэмжлэлтэй

“Номин Констракшн” ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн зөрүү 37.974.290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай нэхэмжлэгч Ё.Шинэхишигийн гаргасан хүсэлтийг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, өмгөөлөгч Д.Наранбулаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Шинэхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхоныг барьж байгаа “Номин констракшн” ХХК-тай харилцан тохиролцож 318 дугаар байрны 401 тоот, 179.8 мкв орон сууцыг тэдний санал болгосон “Орон сууц захиалан бариулах тухай” RG313318401-2 тоот гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж, худалдан авсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны үнэ 688.900.000 төгрөг гэсэн бөгөөд энэ нь 1 мкв-ийн үнийг 3.831.479 төгрөг байхаар тохиролцсон. Захиалагчийн хувьд гэрээний дагуу бүх төлбөр тооцоог хугацаанд нь, дурдсан дансанд шилжүүлж дууссанаар үүргээ зохих ёсоор биелүүлсэн бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байраа хүлээн авсан. Орон сууцны талбайн хэмжээг RG313318401-2 тоот гэрээнд тодорхой тусгасан ба байраа хүлээн авсны дараа байрны талбайн хэмжээ илтэд жижиг байсан нь үнэхээр 179.8 мкв бүхий байна гэдэгт эргэлзээ төрсөн юм. Ингээд би албан ёсны тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн “Голден морган” ХХК-д хандаж Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж байгаа Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан MNS 6058:2009 стандартад тохирч нийцэж байгаа эсэхэд хэмжилт хийлгэсэн. Хэмжилт зөрүүтэй байсан учраас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах үүднээс нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсгийг үндэслэн “Номин констракшн” ХХК-иас байрны талбайн зөрүү 9.73 мкв талбайд илүү төлсөн төлбөр болох 37 280 290 төгрөг, “Голден морган” ХХК-иар талбайн хэмжилт хийлгүүлэн дүгнэлт гаргуулсан төлбөр 358 000 төгрөг, “Хот айл” ХХК-ийн шинжээчийн төлбөр 336 000 төгрөг, нийт 37 974 290 төгрөгийг хариуцагч “Номин констракшн” ХХК, “Ривер гарден девелопмент” ХХК-иудаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ё.Шинэхишигтэй 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Ривер Гарден” хотхоны 318 дугаар байрны 401 орон сууцны захиалга, хөрөнгө оруулалттай холбогдох RG313318401 тоот “Орон сууцны захиалан бариулах тухай гэрээ” байгуулан улмаар орон сууцыг түүнд актаар хүлээлгэн өгсөн. Захиалагч Ё.Шинэхишигийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Гэрээнд заасан орон сууцны талбайн хэмжээ нь MNS 6058-2009 стандартын дагуу хэмжихэд гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байгаа гэх үйл баримтын хувьд гэрээний 1.3-т гэж тухайн орон сууцны талбайн хэмжээг тогтоох, тооцох аргачлал, ийнхүү тогтоосон талбайн хэмжээтэй холбогдох асуудлаар гомдлын шаардлага гаргах эрх, түүний хязгаарын талаар тохиролцон туйлын тодорхой заасан. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа байсан юм. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээнд тохиролцсон талбайн хэмжээг тооцох, тогтоох аргачлалаас өөр аргачлалаар орон сууцны талбайг хэмжсэн учир зөрүү гарах нь ойлгомжтой.

2. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь “...Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны үнэ 688 900 000 төгрөг гэсэн бөгөөд энэ нь 1 мкв-ын үнийг 3 831 479 байхаар тохиролцсон... байрны талбайн зөрүү 9.73 мкв талбайд илүү төлсөн төлбөр болох 37 280 290 төгрөг... гаргуулж өгнө үү” гэсэн орон сууцны үнийг нийт талбайд хувааж гарсан дүнг зөрүү гэж өөрсдийн тогтоосон талбайн хэмжээнд үржүүлэх байдлаар үнийг нь тодорхойлох аргачлалаар өөрийн нь тогтоосон төлбөрийн шаардлага гаргасан. Гэрээгээр тохиролцсоноос өөр аргачлалаар талбайг тооцон талбайн их хэмжээний зөрүү гаргаж түүнийгээ өөрийн тодорхойлсон мөнгөн дүнгээр үржүүлэн илэрхийлсэн дур зоргын шинжтэй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэлгүй.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан “Голден морган” ХХК-ийн хэмжилтийн зураг, сууцны талбайн хэмжээ дүгнэлт нь зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний зардлаар, бидний оролцоогүйгээр талуудын гэрээнд нарийвчлан зааж тохиролцсоноос өөр аргачлалаар хийгдсэн учир хүлээн зөвшөөрөхгүй. Харин бид тухайн орон сууцны талбайг гэрээний дагуу дахин хэмжиж баталгаажуулсан талбайн байгуулалтын зургийг энэхүү тайлбарын хамтаар хүргүүлж байна. Уг хэмжилтээр тухайн сууцны талбайн хэмжээ нь 177.8 мкв буюу гэрээнд зааснаас 2 мкв дутуу байгаа боловч энэ нь гэрээний 1.3-т заасан хүлцэх, /1,5 хувиас их эсвэл бага/ алдаанаас хэтрээгүй байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01732 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Номин констракшн” ХХК-иас 37 616 291 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Шинэхишигт олгож, үлдэх 357 999 төгрөг болон “Ривер гарден деволмент” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356 810 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 356 810 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардал 200 000 төгрөгийг “Номин констракшн” ХХК-иас гаргуулж “Инжкон” ХХК-ид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 823 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/01732 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...243 дугаар зүйлийн 243.1 ... 219 дүгээр зүйлийн 219.1...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 032 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2016/00767 дугаар тогтоолоор: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01732 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 823 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “Номин констракшн” ХХК, “Ривер гарден девелопмент” ХХК-иудад холбогдох Ё.Шинэхишигийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346 032 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ё.Шинэхишигийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/01732 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 823 дугаар магадлалтай, Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 001/ХТ2016/00767 дугаартай тогтоолыг ИХШХШТХуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 заасны дагуу Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дахин хянуулах хүсэлт гаргах нь:

“Номин Констракшн” ХХК-нь Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1,3-т: Орон сууцны талбайн хэмжээ нь батлагдсан ажлын зургийн дагуу анхны зохион байгуулалтын зурагт заасан хэмжээг үндэслэн тодорхойлох бөгөөд орон сууцны гадна ханын дотор гадаргаас хэмжиж тогтоохоор заасан байхад уг Батлагдсан зураг хэрэгт авагдаагүй бөгөөд “Номин Констракшн” ХХК-ны батлагдсан зураг гээд өгсөн зураг нь батлагдаагүй зураг болох нь Үндэсний төв архиваас авсан Ривер Гарден орон сууцны хороолол БА-318 блок гэсэн Батлагдсан зургаар нотлогдож байна.

Дээрхи батлагдсан зургийн дагуу “Цаст богд” ХХК-наар орон сууцны талбайн хэмжээг тогтоолгоход 2017 оны 01 дүгээр сарын 05 өдөр Сууцны өрөө дасалгаа хэмжилт хийж, түүний талбайг тооцсон дүгнэлтийг гаргасан байх бөгөөд уг дүгнэлтээр манай байрыг талбайг 170,48 болохыг тогтоосон байна.

Мөн Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мэдээлэл хүргүүлэх тухай баримтаар “Номин Констракшн” ХХК-ны гаргаж өгсөн батлагдаагүй зурагт авагдсан гадна ханын дотор талаар авсан хэмжээгээр орон сууцны талбайг тооцохгүй, зөвхөн Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан Орон сууцны барилгын сууцны доторх талбай тооцох аргачлал МN86058:2009 заавал мөрдөх стандартын дагуу тооцож мөрдөнө гэсэн байна. Иймд дээрхи баримтуудаар хэргийг дахин хянуулах хүсэлтийг гаргаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ “...шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах” талаар дурдаад, Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 1/2518 дугаар албан бичиг, “Цаст богд” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн “Сууцны өрөө тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон дүгнэлт”, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривэр гарден” орон сууцны хорооллын БА318-р блокийн зургийг хавсарган ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1.-д зааснаар шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно гэж заасан бөгөөд Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 1/2518 дугаар албан бичиг, “Цаст богд” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Сууцны өрөө тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон дүгнэлт” нь шүүхийн шийдвэр гарснаас хойш бий болсон баримт буюу хуулийн уг заалтад хамаарахгүй баримт байна.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривэр гарден” орон сууцны хорооллын БА318-р блокийн зураг нь хэргийн 106 дугаар талд авагдсан, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, шүүх хуульд заасан журмын дагуу үнэлж шийдвэр, магадлалд тусгагдсан баримт бөгөөд уг баримтыг хуурамч гэж үзэх, мөн шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тухай баримтыг хүсэлтэд хавсаргаж ирүүлээгүй байна.

Хуульд заасан дээрх үндэслэлээс өөр нөхцөл байдлыг шинээр илэрсэн гэж үзэх, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянах үндэслэл болгох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1., 181 дүгээр зүйлийн 181.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01732 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 823 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2016/00767 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгч Ё.Шинэхишигийн хүсэлтийг хангахаас татгалзсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ