Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/06

 

 

 

 

   С.Мт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;  

Прокурор Г.Нандин-Эрдэнэ /цахим/,

Яллагдагч С.М, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од, Д.Бурмаа, Н.Нарангуа /цахим/,

Хохирогч И.Бын өмгөөлөгч Б.Намнансүрэн /цахим/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /цахим/,

Хохирогч И.М /цахим/, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн /цахим/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б /цахим/, түүний өмгөөлөгч Ж.Гантулга /цахим/, А.Даваахүү /цахим/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/363 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн яллагдагч С.Мт холбогдох 2403000830262 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Яллагдагчийн биеийн байцаалт:

* /РД:*/.

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Яллагдагч С.М нь Дорноговь аймгийн * сумын нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 20 минутын орчим Замын-Үүд сумаас 167 км, Улаанбаатар хотоос 492 км-ийн шонгийн хажууд Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй YUTONG маркийн автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3.“Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг урсгал сөрөн Toyota Alphard маркийн *  улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар зорчигч П.Гийн биед хөнгөн, жолооч И.Б, зорчигч И.М нарын биед хүндэвтэр, зорчигч Г.Н, М.М нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3.Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 488 дугаартай магадалгаагаар яллагдагч С.Мын Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт хийсэн байх боловч яллагдагч С.М болон хохирогч И.Б нар нь хэдэн км цагийн хурдтай явсан,

С.Мын хувьд эсрэг урсгал руу орсон эсэх, орсон бол ямар шалтгааны улмаас орсон  эсэх,

Үзэгдэх орчин буюу хохирогч И.Бын жолоодон явсан Toyota Alphard маркийн *  улсын дугаартай тээврийн хэрэгслийг харсан эсэх талаар мэргэшсэн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах,

Toyota Alphard маркийн *  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй ямар шалтгааны улмаас салж унасныг мөн техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Яллагдагчийн өмгөөлөгч нарын зарим хүсэлтийг хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * холбогдох эрүүгийн 2403000830262 тоот хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж,

Яллагдагч С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 4 ширхэг сиди, 1 ширхэг хатуу дискийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Г.Нандин-Эрдэнэ эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно гэж хуульчилсны дагуу мөрдөгч магадалгаа гаргасан байгаа. Уг магадалгааг прокурор үндэслэлтэй гэж үзээд дахин шинжээч томилох шаардлагагүй гэж шүүх рүү шилжүүлсэн байгаа. Учир нь энэ мөрдөгчийн магадалгаанд авагдсан баримтууд нь хэрэгт авагдсан баримтуудаас мөрдөгчийн магадалгаанууд зөрүүгүй байна. ...Хэрвээ эргэлзээтэй бол прокурор дахин шинжээч томилохоор хуульд заасан. Миний зүгээс эргэлзээтэй нөхцөл байхгүй байна гэдэг учраас шинжээч томилоогүй гэж хэлмээр байна. Энэ хэргийн нөхцөл байдал энэ хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. Шуурхай шийдвэрлэх зорилтыг хангах ёстой. Тэгэхээр Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 411 дугаартай тогтоолд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон, мөрдөн байцаалт нь зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй ажиллагаа хамаарна. Мөрдөн байцаалтаар хийсэн ажиллагааг зөрчилгүй болохыг тогтоосон зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засварлах, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон, эсвэл шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гээд үндсэн ажиллагаанууд хамаарна гэж үзэж байна. Тийм учраас энэ хэрэгт авагдсан баримтуудаар энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж үзэж байгаа учраас хэргийг анхан шатын шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг оролцуулаад шийдвэрлэх боломжтой гэж харж байна.” гэв.

6.Яллагдагч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувд анхнаасаа энэ хэргийг үнэн зөвөөр шийдээсэй гэж бодож байна. Би урсгал сөрсөн зүйл байхгүй. Намайг сөрсөн гэж үзэж байгаа. Мандах гэдэг байцаагчид би байцаалт өгөөгүй. Нэг удаа ч надаас тайлбар аваагүй. Энэ дээр би гайхдаг юм. Шүүгч та нар минь үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Үүнд би их гомдолтой явдаг.” гэв.

7.Яллагдагчийн өмгөөлөгч Д.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатын шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар прокурорт буцаах захирамж гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Автобус жолоодож явсан С.М эсрэг урсгалд орсон эсэх нь эргэлзээтэй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын схем зураг, камерын бичлэгээс зөрүүтэй байдаг. ...осолд зөвхөн автобусны жолооч С.Мыг буруутган нэг талийг барьж шалгасан. Би маш их хүсэлт, гомдол шат дараалан гаргадаг, хүсэлтийг хангадаггүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр үнэхээр үндэслэлтэй байна гээд прокурор буцааж байсан. Энэ хугацаанд би гомдлоо бичиж байсан боловч Нандин-Эрдэнэ прокурор болон дээд шатных нь прокурор хангаагүй. Тэгэхээр С.Мыг буруутай, эсрэг урсгалд орчихсон гээд буруутгаад байдаг. ...Нөгөө талаар энэ эсэргүүцэлд бичээд байгаа дугуйг шалгасан ямар ч баримт байхгүй байгаа. Тэр автомашинд өөрт нь үзлэг хийсэн байгаа. Тэгэхэд зүүн урд дугуй нь салаад уначихсан нь тогтоогдоод байгаа. Зүүн урд дугуй нь салаад унасан байхад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл байхгүй. Энэ дугуй яагаад уначхав гэдгийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй. Прокурор үүнийгээ шалгасан мэтээр яриад байгаа. Гэрч Г хэлдэг Альфард гэнэтхэн дайвалзаад унасан гэдэг нь 32-37 дугаар хуудсанд байна. 2024 оны 01 дүгээр сарын 20-нд Г гэрчийг байцаасан байна. Машин дайвалзаад унасан тэгээд дайвалзахаар нь хүүе яагаад дайвалзав гээд сэргэтэл урдаас автобустай тулчихсан. Тийм учраас би техникийн шинжээч томилох зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. Зөвхөн мөрдөгч магадалгаа гаргах ёстой мөрдөгч магадалгаа гаргах талаар Улсын дээд шүүх ингэж тайлбарласан гэж байгаа боловч яг ямар нотлох баримтаар энэ жолоочийг буруутгаад байгаа юм. Энэ шүүгчийн захирамжид заасан ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Ослын талаар мэргэжлийн шинжээч дахин томилох шаардлагатай. Магадалгаагаар хязгаарлаж болохгүй гэж үзэж байгаа. Тийм учраас 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 363 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

8.Яллагдагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.М нь эгнээндээ явж байсан нь харагддаг. 1, 2 секунд болоход С.Мын жолоодож явсан автобусны шил хагарсан зураас орж ирж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж байгаа. Үүнд миний үйлчлүүлэгч С.М мөн хамаарна. Мөрдөгч асуухдаа ганц асуулт асуусан. Энэ нь та яагаад урдаа хунгарласан цасыг тойрч урдаас нь очиж мөргөсөн бэ гэж шууд асуусан байгаа. Ийм байдлаар мэдүүлэг тайлбар авч хэргийг бүрдүүлж зөвхөн үйлчлүүлэгчийг гэм буруутай байдлаар сая Бурмаа өмгөөлөгч хэлсэн хэргийн нөхцөл байдлаас уруудаж яваа тал нь хохирогч болоод байгаа Бын тал байгаа. Өгсөж яваа тал нь С.Мын тал байгаа. Гэтэл яллах дүгнэлт дээр болон мөрдөгчийн магадалгаа дээр бичигдэж байгаа байдал нь С.М уруудаж явсан юм шиг бичигдсэн. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр Ютон маркийн автобус нь Альфард маркийн автомашиныг мөргөж гэдэг байдлаар бичигдсэн байгаа. Энэ үзлэгээр Б ч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх магадлалтай байгаа. Хөдлөнгийн гэрчүүд хэлдэг цуваа явж байсан бид нар хүлээгээд гараад явсан гэдэг. Хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай асуудал яригдах ёстой. Гэтэл яллагдагчид бүх бурууг тохоод манай үйлчлүүлэгчийн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад тендер зарласан байгууллагаас төрийн байгууллагаас хохирогчдын ар гэрт тусламж үзүүлсэн зүйл байдаг. Мөрдөгчийн магадалгаа нь зөвхөн нэг талыг барьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотолбол зохих нотлох баримтууд бүгд нотлогдоогүй. Саяын хэлсэн дугуйны асуудал ч яригдаж байна. Шинжээчийн дүгнэлт зайлшгүй гарах ёстой, нэмэлт ажиллагаанууд хийгдэх ёстой. Өмгөөлөгч бид нар хүсэлт гаргахаар дандаа хүлээж авдаггүй гэв.

9.Яллагдагчийн өмгөөлөгч Н.Нарангуа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын гаргаж байгаа эсэргүүцлийг зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 363 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлаар гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотолбол зохих баримт бүрэн нотлогдоогүй байхад гэм буруугийн байдлыг хангалттай нотолж чадаагүй байхад шүүхээр хэргийг хэлэлцэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа. Миний бие яллагдагч С.Мын өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатаас авхуулаад ажиллаж байгаа. Энэ хугацаанд шат шатны прокурорт энэ Альфард машины жолооч Бын гэм буруутай байдлыг тогтоох байдлаар олон удаагийн хүсэлт гомдлуудыг гаргаж ирсэн боловч энэ нөхцөл байдлыг ерөөсөө хангалттай хүлээж авч нотолдоггүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорт хүсэлт, гомдлыг удаа дараа гаргаж явсан. Энэ мөрдөгчийн магадалгааг бид нар эс зөвшөөрч байна. Мэргэжлийнх нь шинжээчийг зайлшгүй томилж байж энэ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлүүдэд хэний гэм буруугаас болсон юм бэ гэдгийг хангалттай нотолж байж шийдэх ёстой. Гэм буруугийн байдлыг хангалттай нотлоогүй цагт эрүүгийн хариуцлагыг бусдад халдаах байдлаар шийдвэрлэх ноцтой зөрчил гарах үндэслэл бүрдэж байгаа учраас шинжээчийн дүгнэлт гаргаж, автомашины хурдыг тодорхойлуулах нь зайлшгүй шаардлагатай гэж үзсээр ирсэн. Тийм ч учраас өнөөдөр прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Энэ хэрэгт хангалттай байдлаар гэрч нар мэдүүлж байдаг. Энэ замын нөхцөл байдал, саадын асуудал бол хангалттай байдаг. Гэтэл энэ прокурор эсэргүүцэлтэй тайлбарлаж, нэмэлт тайлбар гаргахдаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч дүгнэлт гаргах шаардлагагүй, фото зургаар хангалттай харагдаж байгаа гэж байна. Фото зураг гэдэг нь өрөөсгөл ойлголт. Тухайн цагт авч байгаа агшин зуурын ийм фото зургууд байгаа. Гэтэл шинжээч гэдэг нь мэргэжлийн, хууль ёсны эрх бүхий ийм этгээд олон талаас нь хэрэгт цугларсан баримт болоод техникийн үзүүлэлтүүдэд үндэслэж дүгнэлт гаргах ёстой. Ийм учраас мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргах нь энэ хэргийг шударгаар, үнэн зөвөөр, хангалттай нотолж, шийдвэрлэж үндэслэл болно. Альфард машины жолооч тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх ийм зөвшөөрөлгүй этгээд зорчигч тээврийн үйлчилгээг эрхэлж явахдаа шөнийн цагаар нойргүй явж байгаад 2024 оны 1 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд байгаль цаг уурын онц аюултай нөхцөл байдалтай байна шүү, үзэгдэх орчин хязгаарлагдмал битгий хэл онц ноцтой үзэгдэл болгоод байна гээд Ус цаг уур, орчны шинжилгээний газар, онцгой байдлын орон нутгийн болоод Улаанбаатарын онцгой байдлын салбар хэлтэс, газруудаас анхаарал өгөөд байхад зорчигч тээврийн үйл ажиллагааг хууль бусаар эрхэлж яваад энэ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдож байдаг. Тэгэхээр Альфард машины жолооч Быг энэ хэрэг гарахад хангалттай буруутай гэж үзэж байгаа. Тийм учраас энэ Бын жолоодож явсан тээврийн хэрэгслийн цаг, хурдыг тодорхойлоогүй тохиолдолд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Альфард машины зүүн урд талын дугуй тухайн хэрэг гарсан газрын хэргийн газрын үзлэгт тэмдэглэгдээгүй үлдчихсэн юм бэ? Яагаад энэ Онцгой байдлын газрын алба хаагч нар энэ Альфард машины урд дугуйг С.Мын жолоодож явсан тээврийн хэрэгслийн тэнхлэг доороос татаж гаргаж ирээд байгаа юм бэ? урсгал сөрж ороод Альфард машин автобусыг мөргөөд энэ осол гараад байна уу? энэ эргэлзээтэй. Тийм учраас энэ нөхцөл байдлыг шүүх хуралдааны хэлэлцүүлэг, гэрч, хохирогч, шинжээч магадгүй бусад нотлох баримтыг шинжлэн судлаад ч тогтоогдох боломжгүй. Ийм учраас мэргэжлийн шинжээчийг томилж нөхөн гүйцэтгэх хэрэгтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүйгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэв.

10.Хохирогч И.Бын өмгөөлөгч Б.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг гараад 2 дахь жилийн хугацаа өнгөрсөн. Энэ зам тээврийн осол, хэрэг гэдэг маргаан нь үндсэндээ бусад хэргээс онцлог. Ялангуяа хэргийн газрын үзлэг болон зам тээврийн ослын гэрэл зураг, дээрээс нь тухайн үеийн замын нөхцөл байдал хавтаст хэрэгт хангалттай нотлогдож тогтоогдсон байгаа. Тухайн үеийн замын нөхцөл байдал гэхээр зам дээр хунгарлаад байгаа цас, энэ тээврийн хэрэгсэл жолоодоод хөдөлгөөнд оролцоод яваад байгаа автобусны жолооч болон Альфард машины жолоочийн хэнийх нь явж байсан эгнээнд ийм цас байсан юм бэ гэдэг нь хөтөлбөргүй нотлогдоод тогтоогдчихоод байгаа. Дээрээс нь энэ мөрдөгчийн магадалгаа болон прокурорын тайлбарлаад байгаа энэ эсэргүүцэл бичээд байгаа гол шалтгаан нь урсгал сөрсөн гэдэг асуудлыг хөтөлбөргүй нотлоод тогтоосон. Тэр дугуй салж унаж байгаа асуудал бол ослын дараах асуудал. Миний үйлчлүүлэгч Б өөрөө мэдүүлэгтээ хэлдэг. Хэрвээ би баруун тал руугаа дараагүй байсан бол Альфард маркийн автомашинд зорчиж явсан бүх хүн амь насаа алдах эрсдэлтэй байсан. Би баруун гар тал руугаа дарсан тулдаа өнөөдөр хохирогч Мөнхтулга болон Б нар өнөөдөр амьд байж байгаа. Дээрээс нь мөргөлдсөний дараа тухайн тээврийн хэрэгсэл яагаад 25 метр замын баруун гар тал руу орж зогсоогоод байгаа юм бэ. Энэ чинь бүгдээрээ шинжлэх ухааны үндэслэлтэй ийм масштабтай ийм асуудлууд байгаа. Энэ дээр ерөөсөө маргаад ямар нэгэн байдлаар энэ хэрэг тендертэй холбоотой тийм зүйл байхгүй гэдгийг хэлж байдаг. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хангалттай. Энэ эсэргүүцлээрээ тайлбарыг нь хэлчихсэн байгаа учраас энэ хэргийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримтаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид өөрсдөө энэ нотлох баримтуудаа шинжлэн судлаад, мэдүүлэг тайлбараа гаргаад, шаардлагатай тохиолдолд гэрч, шинжээч оролцуулаад хурлаа хийчих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Ийм учраас энэ шүүгчийн захирамжийг хүчингүй болгоод шүүх хуралдаанаараа хэлэлцүүлж өгөөч гэсэн тайлбарыг хэлье.” гэв.

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг анх 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр анхан шатны шүүхээс прокурорт буцааж шийдвэрлэсэн байгаа. Анхан шатны шүүхээс буцаасан даалгаврууд биелэгдээд ирсэн. Ингээд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэргийг шүүхээс прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэж буцааж шийдвэрлэхдээ автомашин эсрэг дурсгал орсныг тогтоох. Сая хэд хэдэн нөхдүүд дурдлаа. Ямар шалтгааны улмаас эсрэг урсгалд орсон юм бэ? үүнийг харсан хүн байна уу, урд дугуй ямар шалтгааны улмаас салсан юм бэ? эдгээр байдлуудыг тогтоо гэсэн байна. Энэ ослын хэрэг дээр хамгийн гол нөхцөл байдал чинь хэргийн газрын үзлэгээрээ тогтоогдоод байгаа. Хэргийн газрын үзлэгээр мөргөлдсөн А цэг хаана байрлаад байна вэ гэдгийг тогтоох. Тэгэхээр аль тээврийн хэрэгсэлд эсрэг урсгалд орсон бэ гэдэг нь энүүгээр тогтоогдоно. Ямар нэгэн эргэлзээтэй нөхцөл байдал үүсэхгүй. Яагаад гэвэл хэргийн газрын үзлэгээр хөтөлбөргүй тогтоогдож байгаа зүйл. Тэгээд 2-оос 3 секундийн өмнө энэ машин өөрийнхөө урсгалаар явж байжээ. Ийм учраас энэ С.М гэж хүн эсрэг урсгалд орох ёсгүй юм гэдэг юм яриад байна. Энэ хэргийн нөхцөл байдал нэгхэн секундийн дотор өөрчлөгдөнө. 30-аас 40 километр цагийн хурдтай яваа тээврийн хэрэгсэл нэг секунд нь 12-оос 13 метр замыг туулах чадвартай хөдөлгөөн үргэлжлүүлээд тэр нөхцөл байдлыг хэрэг гарахаас 2-оос 3 секундийн өмнө нөхцөл байдлаа тодорхойлж болохгүй. Энэ автобус өөрийнхөө эгнээнд явж байсан бүх автобуснууд цуваагаараа явж байсан. Бид нар нэг л замаар явж байсан гэдэг тайлбар хэлж байх шиг байна. Гэтэл нэг замаар явж байсан тээврийн хэрэгсэл яг нэг дугуй явсан замаар бүгд явсан бол энэ зам дээр тогтсон хунгарласан цас дайрагдаж замын үзэгдэх орчин нь хязгаарлагдах нөхцөл байдал үүсэхгүй. Тэгэхлээр зөвхөн энэ жишээнээс харахад тухайн тээврийн хэрэгслүүд эгнээ байраа, зорчиж байсан чиглэлээрээ өөрчлөгдөх нөхцөл байдал хамгийн наад зах нь энүүгээр автобусанд бичигдсэн камерын бичлэгээр тогтоогдоод байгаа. Тэгэхээр ослын хэрэг нь хамгийн гол нөхцөл байдал нь эсрэг урсгалд орсон нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс энэ байдлыг тогтоо гээд байгаа. Эсрэг урсгалд орсон нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэгээрээ л тогтоогдож байгаа. Мөргөлдсөн цэг хаана байна тэр цэгээрээ тогтоогдоно. Үзэгдэх орчин ямар байсан юм бэ, ямар шалтгааны улмаас эсрэг урсгалд орсон бэ? Энэ нь субьектив шинжтэй асуудал. Энэ нь хяналтын камераараа хангалттай тогтоогдож байгаа. Альфард маркийн тээврийн хэрэгслийн дугуй хэдийд нь салж унасан юм бэ гэдгийг энэ ослоос өмнө салж унасан гэсэн нөхцөл байдлыг зарим нь хэлээд байх шиг байна. Тэгэхээр анхан шатны шүүхээс үүнийг тогтоочихсон байдаг. Хэрэв ослоос өмнө Альфард маркийн тээврийн хэрэгслийн дугуй салж унасан бол энэ автобусны доор орохгүй. Тэр ослоос өмнө дугуй салж унасан бол энэ нь өөрөө чиглэлээ өөрчлөөд өөр тийшээ явах боломжтой. Гэтэл ослын улмаас энэ Альфард маркийн тээврийн хэрэгслийн дугуй салж унаад автобусан доор орчихсон байгаа нөхцөл байдал тогтоогдоод байна. Яагаад энэ автобус доор орсон юм бэ гэхээр хоёр тээврийн хэрэгсэл А цэг дээр огтлолцох тохиолдолд автобус Альфард машинаас илүү жинтэй тээврийн хэрэгсэл учраас Альфард маркийн тээврийн хэрэгслийг мөргөөд энэ үйлдлийн улмаас Альфард маркийн тээврийн хэрэгслийн дугуй энэ автобус доор орсон нөхцөл байдал хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургаараа тогтоогдоод дугуйг нь автобус доороос гаргаж ирсэн нөхцөл байдлыг өмгөөлөгч нар чинь өөрсдөө тодорхойлоод байгаа. Ийм учраас эргэлзээтэй нөхцөл байдал энэ дээр үүссэн байна гэдэг асуудал яригддаг. Үнэхээр эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн бол үүнийг шүүх хурал дээр үнэхээр эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэдгээ нотлох баримтыг шинжлэн судлуулаад анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж би үзэж байгаа. Түүнээс анхан шатын шүүхээс нэг удаа нэг нөхцөлөөр буцаачхаад дараа ороод ирэхээр нь арай өөр нөхцөлөөр дахиж ингэж хэргийг буцааж хэргийг удаашруулах, хүмүүсийг чирэгдүүлэх ийм нөхцөл байдлыг үүсгэж болохгүй гэж миний зүгээс үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад анхан шатын шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж миний зүгээс үзэж байгаа.” гэв.

12.Хохирогч И.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Мын өмгөөлөгч нар тайлбар хэлж байна. 2, 3 секундийн дотор яг цагаан зураасаа явж байсан камерын бичлэг байна гэж байгаа. Би жолооч болоод 18 жил болж байна. Жолооч хүний хувьд хэлэхэд осол аваар гэдэг зүйл нэг секундээр хэмжигддэг гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Г машин дайвалзах шиг болсон гэдгийг хэлж байна. Жолоочийн самбаачлах үйл явцад машин дайвалцсан байгаа. Тэгэхэд манай хүн унтаж байгаад сэрэхэд автобус урсгал сөрөөд урдаас орж ирсэн гэж манай нөхөр өөрөө надад хэлдэг. Эхний хэдэн өдөрт би ухаан санаа орж гараад өчнөөн ухаан алдаж эмнэлэгт хүртэл ухаан алдаад эмч нарын чадвараар амьд үлдчихээд сууж байна. Яг хүн харахад би зүгээр сайхан байх шиг байна. Хүмүүсийн яриад байгаагаар амьд мэнд үлдсэн сайхан л байна гээд байх шиг байна. Удаа дараа шүүх хурлыг удаашруулж байна. 2 жил боллоо. Хэдий бид хоёр залуу гэр бүл, бид хоёрын ард 4 нялх хүүхэд минь байлаа. 6 сар бид хоёр эмнэлгээр эмчилгээ гэж явсан. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. Хурдан асуудлыг шийдэж өгөөч гэдгийг хэлмээр байна.” гэв.

13.Хохирогч И.Мөнхтулга, Д.Г нарын өмгөөлөгч У.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа. Энэ хэрэг 2 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явагдсан хэрэг. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу магадалгааг гаргасан. Тухайн Альфард автомашин нь зөвшөөрөлгүйгээр зорчигч тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан эрхэлж байсан гээд байгаа. Энэ зөвшөөрөлтэй юу, зөвшөөрөлгүй юу гэдэг чинь тухайн авто тээврийн хэргийн хэрэг учрал болох шалтгаан нөхцөл биш. Хоёрдугаарт тухайн хэргийн газрын үзлэг, фото зургаар тухайн нөхцөл байдлыг мөрдөгч, прокурорын зүгээс хангалттай нотлогдсон хэрэг учраас гэм буруугийн шүүх хурал дээр яллагдагчийн өмгөөлөгч нар асууж тодруулах зүйлүүдээ тодруулаад явчих бүрэн боломжтой гэдгийг хүсэж байгаа учраас би прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

14.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэг болсноос хойш 2 жил, 6 өдөр болсон байна. Миний хувьд сэтгэл санаагаар хохироод маш хэцүү өдөр хоногийг өнгөрөөж байна. Шүүх хуралдааныг хурдан хийж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

15.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өмгөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хууль зүйн үндэслэлтэй гэж харж байна. Үндэслэл нь анхан шатны шүүгч захирамж гаргахдаа прокурорын магадалгаа хэрэгт авагдсан, цугларсан нотлох баримтын хүрээнд яллагдагч С.Мт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гээд байгаа. Мөрдөгчийн магадалгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй, нотлох баримтын хүрэлцээ хүрээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д заасны дагуу шинжээч томилох зайлшгүй шаардлагатай гэж байгаа. Гэхдээ мөрдөгчийн энэ хэргийн яллагдагчийн өмгөөлөгч нар, шүүгч энэ 27.11-д заасан мөрдөгчийн магадалгаа хууль зөрчсөн үндэслэл нь ямар юм, нотлох баримтын хүрэлцээ нь ямар агуулгаар гараад байгаа гэдэг энэ шүүгчийн шийдвэрийн үндэслэлээ тодорхой гаргаагүй. Хэргийн оролцогч нар, ялангуяа хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар, би 2 жилийн хугацаанд явлаа гэж байна. 2 жилийн хугацаанд явахдаа хамгийн гол нь мөрдөгчийн магадалгаа, шинжээч томилох шаардлагагүй үед мөрдөгч хэрэгт цугларсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-д заасан хэргийн газрын үзлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримт дээр үндэслээд магадлахаар гаргасан магадалгаа нотлох баримтын шаардлагыг хангасан. Тэгэхээр эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч, яллагдагчтай холбогдох хэргийг гэм буруугийн шүүхэд хэлэлцүүлэх бүрэн боломжтой үйл явдалд анхан шатны шүүх  үндэслэлгүй захирамж гаргасан. Прокурор үндэслэл бүхий дүгнэлт гаргаад эсэргүүцэл бичсэн байна. Ер нь хууль хэрэглээнийхээ тал дээр хэргийг шүүхэд шилжүүлээд хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг болон бусад хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад талуудын хэрэгт хэлэлцэх эрхийг хангаад явсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 13, 14-д заасны дагуу яллагдагчийг өмнө нь мөрдөн байцаалтын шатанд дахин шинжээч томилох энэ асуудлыг үнэхээр үүссэн байна уу гэдэг нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийгээд явах бүрэн боломжтой. Хэргийг шийдвэрлээд явахад бүрэн боломжтой. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

16.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өмгөөлөгч А.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын тайлбар болон прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хурал дээр яллагдагчийн өмгөөлөгч нарын хэлээд байгаа гэм буруугийн асуудлыг яриад байх юм. Түрүүн Бат-Эрдэнэ өмгөөлөгч ярьж байсан. Тэгэхээр өнөөдөр гэм буруугийн асуудал ярихгүй, зөвхөн прокурорын эсэргүүцэл, шүүгчийн захирамжтай холбоотой асуудлуудыг ярьж байна. Миний хувьд шинжээчийг томилох энэ асуудал байгаа. Тэгэхээр мөрдөгчийн магадалгаа Дээд шүүхийн тайлбараар шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэсэн нэг ийм асуудал байгаа. Магадалгаа хууль зүйн үндэслэлгүй гарсан юм бэ гэдэг энэ асуудал өнөөдөр яригдаж байх шиг байна. Энэ хэрэг урьд нь нэг буцсан. Тэгээд энэ буцсан заалт дээр дахиж шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудал яригдаагүй. Өөр үндэслэлээр хэрэг шалгах, буцаах энэ асуудал яригдсан. Мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол шүүхийн гэм буруугийн хурал руу шилжүүлээд энэ дээрээ мэтгэлцэж болно. Үнэхээр энэ хүний асуудал эргэлзээтэй байгаа бол  өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр нотлох баримтуудаа шинжлэн судлаад үнэхээр гэм буруугүй гэж байгаа бол цагаатгах үндэслэл байгаа. 60 хоногийн хугацаагаар хэргийг буцаах ийм хууль зүйн зохицуулалтууд байгаа гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-д заасан байгаа. Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, өмгөөлөгч хэрэг хянан шийдэх нь үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заана гээд заасан байгаа. Гэм буруугийн хурал руу шилжүүлээд энэ асуудлаа мэтгэлцээний зарчим дээр тулгуурлаад шийдэж болно. Энэ зам тээврийн ослын шалтгаан нөхцөл хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар буюу үйл баримтаараа тогтоогдож байгаа. Үйл баримтаар тогтоогдож байгаа энэ асуудал байна гэж миний хувьд үзэж байгаа учраас мөрдөгчийн магадалгаа шинжээчийн дүгнэлттэй адилтгаж байгаа учраас энэ саналуудаа хэлж байна. Тэгээд гэм буруугийн хурал руу очих. Өнөөдөр нотлох баримт харсан юм байхгүй санаагаараа ярьж байна. Жишээлбэл түрүүн хүртэл өгсөж байгаа машин нь уруудаж байгаадаа зам тавьж өгнө ч гэх шиг. Зам тавьж өгнө гэсэн юм яриад байх юм. Огцом өгсүүр энэ газарт саадыг тойрон гарч байгаа энэ тохиолдолд өгсөж байгаа тээврийн хэрэгсэл нь уруудаж байгаадаа зам тавьж өгнө гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалт байдаг. Тийм учраас ийм байдлуудаар түрүүн хэлээд байна. Санасан санаснаараа зөвшөөрөлгүй явсан гэсэн ийм асуудлууд ярьж байна. Үүнээс гадна 3 секундийн өмнө эгнээндээ явж байсан гээд байгаа. Хохирогч нар мөн өмгөөлөгч нар хэлээд байна. Секундийн дотор юм шиг бүр доолиор хэмжигддэг ийм асуудал байгаа гэдгийг би хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тийм учраас эсэргүүцлийг хүлээж аваач гэсэн хүсэлтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Г.Нандин-Эрдэнээс гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэж байна гэж давж заалдах шатны үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр С.М Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй “YUTONG” маркийн автобусыг жолоодон Улаанбаатарын чиглэлд, И.Б “Toyota Alphard” маркийн *  улсын дугаартай автомашиныг жолоодон Замын-Үүдийн чиглэлд тус тус эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож явахдаа мөргөлдөж, зам тээврийн осол гарсны улмаас  “Тoyota Alphard” маркийн *  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч П.Гийн биед хөнгөн, жолооч И.Б, зорчигч И.М нарын биед хүндэвтэр, зорчигч Г.Н, М.М нарын амь нас хохирсон үйл баримт болсон ба энэ үйл баримтад холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллагдагч С.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд “...Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 488 дугаартай магадалгаагаар яллагдагч С.Мын Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт хийсэн боловч С.М, И.Б нар нь хэдэн км цагийн хурдтай явсан, С.Мын хувьд эсрэг урсгалд орсон эсэх, орсон бол ямар шалтгааны улмаас орсон эсэх, үзэгдэх орчин зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудын талаар дүгнээгүй орхигдуулсан тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах,

“Toyota Alphard” маркийн *  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй ямар шалтгааны улмаас салж унасан талаар техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэснийг прокуророос эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

Учир нь, Хэрэгт осол болсон шалтгаан нөхцөлийн талаар мөрдөгчөөс ...С.М “YUTONG” маркийн автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3.“Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, “Toyota Alphard” маркийн *  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.Б Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй” гэсэн магадалгаа /3хх 114-116/-г гаргасан, өөрөөр тусгай мэдлэг бүхий мэргэшсэн шинжээчийн дүгнэлт гараагүй.

Мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон анхан шатны шүүхэд яллагдагч С.М, түүний өмгөөлөгч нарын зүгээс мөрдөгчийн магадалгааг эс зөвшөөрч осол болсон нөхцөл, шалтгааныг шинжээчийн дүгнэлт гаргуулж тодруулахыг удаа дараа хүссэн боловч тэдгээрийг хүсэлт /3хх 179, 185, 211, 4хх 13, 59/- ийг огт хүлээж аваагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “...тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч магадалгаа гаргаж болно” гэж эрх олгосон ба мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4-д “...мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болох”-ыг тус тус заасан.

Энэ нөхцөл нь магадалгааг эс зөвшөөрвөл шинжээчийн дүгнэлт гаргуулж болно гэж заасны дагуу яллагдагч С.М, түүний өмгөөлөгч нарын өмгөөлөгч нарын удаа дараагийн ослын талаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаад байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасан “...яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэнд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Энэ хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн их хэмжээний хохирол учирсан хүнд гэмт хэрэг учир хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шатанд шинжилгээ хийлгэж болохоор байгаа боловч мөрдөн байцаалт, прокурорын шатанд ослын талаар огт шинжилгээ хийгдээгүй, одоо шинээр хийгдвэл зохих  ажиллагаа учраас мөрдөн байцаалтын шатанд хийгдэж, оролцогч нарын эрхийг хангах нь илүү боломжтой гэж давж заалдах шатны шүүх мөн үзсэн.

6.Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан яллагдагч, түүний өмгөөлөгч нараас гаргасан “...осол болсон нөхцөл байдлын талаар шинжээч томилж шинжилгээ хийлгэх” тухай хүсэлтийг хангасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-д тус тус заасан “...мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, энэ талаарх оролцогчийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

7.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.                                                                                                                                                                                            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/363 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хэргийг прокурорт очтол яллагдагч С.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БОЛОРМАА

                    

                   ШҮҮГЧИД                                        Д.МӨНХБҮРЭН

                                                                          

                                                                            А.САЙНТӨГС