Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 319/ШШ2025/01019

 

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 319/ШШ2025/01019

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* сумын ******* багт  оршин суух, Төнхөн овгийн ******* ******* хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие ******* нь 1970 оны 11 сарын 13-ны өдөр төрсөн. Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангид 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр элсэн орж 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 8 дугаар анги төгссөн. 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуульд элсэн орж суралцаад 1988 оны 06 дугаар сард 10 дугаар анги төгссөн. 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Ховд аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээг удирдах газрын фото зургийн газарт үйлчлэгчээр ажилд орж ажиллаж байгаад 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 6 дугаар цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр ажилд орж ажиллаж байгаад 1994 оны 11 сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн ******* намайг 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээг удирдах газрын фото зургийн газарт үйлчлэгчээр, 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 20-ны өдөр  хүртэл 6 дугаар цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.... гэжээ.

2.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлтийн шаардлагаа дэмжиж байна. Ахуй үйлчилгээ тарахад миний хөдөлмөрийн дэвтэр алга болсон байсан учраас би тэрийгээ нөхөж авахуулах гэж хүсэлт гаргасан гэв.

3. Хүсэлт гаргагчаас Ч.******* иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаартай тушаалын хуулбар, Ховд аймгийн 6 дугаар цэцэрлэгийн 1991 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалын хуулбар төрсний бүртгэлийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажиллаж байсан үеийн гэрэл зураг, гэрч Г*******, ******* нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн зураг зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

4. Шүүхээс Ховд аймгийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1132 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нийтийн аж ахуй, Ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаартай тушаалын хуулбар, 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаар тушаалын хуулбар, Үндэсний төв архиын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03/1217 тоот албан бичгээр ирүүлсэн хүн ам орон сууцны 1989 оны улсын тооллогын лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3. Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээ удирдах газрын фото зургийн газарт үйлчлэгчээр, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  хүртэл 6 дугаар цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна.

3.1. 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1132 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нийтийн аж ахуй, Ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 76 тушаалын 1-д *******г 7 сарын 20-ноос тус фото зургийн үйлчилэгчээр ажиллуулахаар,  

- Ховд аймгийн Нийтийн аж ахуй, Ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай шагнал олгох тухай тушаалын 44-д шагнахаар,

- Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03-01/8109 1989 оны хүн амын тооллого дээр ******* 18 настай эмэгтэй,

-Нийтийн ахуй үйлчилгээний фото зургийн газарт ажиллаж байсан үеийн гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй.

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Т*******ийн шүүхэд өгсөн ...Би *******г Ховд аймгийн нийтийн ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр 1987 онд орж ажилласан үеэс таних болсон. Би тухайн үед зурагчингаар ажиллаж байсан. ******* бид хоёр нийтийн ахуй үйлчилгээ татан буугдах хүртэл хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай цаг хугацааны хувьд тохирч байх тул уг гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

5. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн *******г  1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээ удирдах газрын фото зургийн газарт үйлчлэгчээр, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  хүртэл 6 дугаар цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Төнхөн овгийн *******   1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээ удирдах газрын фото зургийн газарт үйлчлэгчээр, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  хүртэл 6 дугаар цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ГАНТӨГС