Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 148

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Б.Мээпам 

Шүүгдэгч: Б.Г, О.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Огийн Ж, Б овогт Б Г нарт холбогдох 1812001920124 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, дүү нарын хамт ...гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Огийн Ж /РД:.../   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт .... газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр ангийн 211.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 220 дугаартай захирамжаар биеэр эдлээгүй үлдсэн 2 сар 21 хоногийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Б Г /РД:.../ 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г, О.Ж нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн Мойлт гэх газраас иргэн Д.Эын 2 тооны гүүг хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1812001920124 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч Д.Эын мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой манай адуу Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Мойлт гэх газарт бэлчээртээ бүрэн байсан. Маргааш нь адуугаа өглөө эрт бүртгэсэн. Манай адуунаас хоёр тооны хязаалан насны байдсан гүү хулгайд алдагдсан байсан. Би адуу байсан газраа очсон бөгөөд адууны мөрийг үзэхэд зүүн талаасаа нэг морьтой хүн ирээд адуугаа хөлөөр нь туугаад Мойлтын аманд байх Мандахын эзэнгүй хашаанд хашсан байсан. Тэр хашааны залгаа хашаанд нь Жын малын хашаа, гэр нь байдаг. Тэгээд манай адууг буцаагаад хөөгөөд гэрийн урд болгосон байсан. Би үргэлжлүүлээд Жын хотноос гарсан 3 адууны мөрийг хөөж модон дундуур явж байгаад Хөх сүм багийн Мухарын аманд Гийн гэрийн гадаа ирээд Гийн гэрт нь ороход А гээд ах нь ганцаараа байсан. А ахад манайх 2 тооны адуугаа алдлаа, мөрийг нь хөөгөөд танай гадаа ирлээ гэдгийг хэлэхэд А ах хэлэхдээ би гэртээ байхгүй байж байгаад өнөөдөр ирсэн, намайг гэртээ байхгүй байхад гэрт манай дүү Г байсан бөгөөд Г Нгийн Бандиатай хамт Төвшрүүлэх сумын төв явчихлаа гэж хэлсэн. Би А ахад танай дүү чинь хулгай хийчихээд сумын төв явчихлаа гэдгийг хэлсэн. Тэгтэл А ах манай бага гэр болон хашаа саравчинд үзээд яв гэж хэлсэн. Намайг А ахын бага гэрт ороход бага гэрийнх нь орон доогуур адууны арьс байсан бөгөөд би татаж гаргаад үзэхэд манай хоёр адууны арьс мөн байсан. Мөн малынх нь хашааны саравчин дээр хоёр адууны махыг гаргаж хураагаад бүтээлгээр бүтээсэн, дээрээс нь төмрийн хог, мотоциклийн хуучин рам тавьж нуусан байдалтай байсан. А ах надад ярихдаа ах нь гэртээ байгаагүй, намайг гэртээ байхгүй байх хойгуур Г хулгай хийгээд шөнөө сумын төв явчихсан байна гэдгийг хэлсэн. Дараа нь Жтай очиж уулзаад үнэнийг нь хэлсэн бөгөөд тэр үед Ж гэртээ байсан. Сумын төв яваагүй, юу ч болоогүй юм шиг юм яриад байснаа үнэнийг нь хэлэхээр танай адууг гэрийнхээ гадаа аваачиж хулгайлж барьж аваад Гийн гэрт нь аваачиж Гтэй хамт шөнө нядалчихаад буцаад гэртээ ирсэн, одоо хохирлыг чинь төлнө гэж хэлсэн. Хохиролдоо 2 тооны байдсан гүү, 2 төлөг, 2 эм хонь авсан. Сумынхаа хэсгийн төлөөлөгчид хэлэх гэтэл сумандаа байгаагүй дараа нь хэлсэн. Хязаалан байдсаа хоёуланг нь ижил үнээр 700.000 төгрөгөөр үнэлсэн. Манай хоёр байдсан гүү хоёулаа их тарган, сувай гүүнүүд бөгөөд унагалаагүй байсан. Тэгээд идэшний адууны үнээр үнэлсэн. Тэр үед адууны мах 1 кг 4400 төгрөгийн ханштай, хятадууд авч байгаа гээд адуу худалдаж авах гэсэн хүн олон байсан. Махаа Г, Ж хоёр өөрсдөө зараад мөнгийг нь авсан байх, би бол мөнгийг нь аваагүй. Одоо нэхэмжлэх зүйл 250.000 төгрөг байгаа бөгөөд өөр гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/ 

 

Гэрч Р.О мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 20-д гаргаад би нөхөртөйгөө төв явсан байсан. Тэгээд манай хажуу айлын Х 2 байдас чинь алга байна гэсэн бөгөөд манай нөхөр тэр өдрөө хайгаад олоогүй, харин 2 хоногийн дараа мөрийг нь хөөж яваад олсон. Ж, Г хоёр хулгайлаад махалсан байсан. Тэр үед яагаад цагдаагийн байгууллагад хандаагүй талаар би мэдэхгүй байна, манай нөхөрт цагдаад битгий хэлээч, төлөөд өгье гээд гуйгаад байсан. 2018 оны 03 дугаар сарын 10-ны үед саяхан 2 тооны байдас 4 тооны хонь өгсөн. Дараа нь 250.000 төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй байгаа. Тэр хоёр манайд улаан хээр байдас, хүрэн халзан байдас өгсөн бөгөөд им, тамгыг нь бол мэдэхгүй байна, мөн 2 эм хонь, 2 хурган төлөг өгсөн. Одоо 250.000 төгрөг өгнө гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

             Гэрч А.Бгийн мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр одоо өдрийг нь хэзээний өдөр байсан талаар санахгүй байна, намайг ах Г, 3 настай хүү нарын хамт унтаж байхад 01 цагийн үед гэрийн хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхөд Ж ганцаараа байсан. Ж гэрт орж ирээд манай ах Гт адуу нядалчихмаар байна, хамт нядлаад өгөөч гэж гуйсан. Г хувцасаа өмсөөд гарсан. Би Гөөс хайчих гэж байгаа юм гэж асуусан чинь Г ах ойрхон гарна гэж ярьсан. Би буцаад унтсан. Маргааш өглөө нь Г ах намайг сэрэхэд гэртээ унтаж байсан бөгөөд Г ах босоод Пүүжээгийнд очно гээд замын унаанд суугаад Төвшрүүлэх сумын төв рүү явсан. Удалгүй манайхтай ойрхон нутагладаг Э ах ирээд танайд хэн, хэн байна, шөнө хэн ирсэн гэж асуусан. Мөн бага гэрт ормоор байна гэхээр нь би өөрөө бага гэрээ онгойлгож үзүүлсэн чинь орон доороос адууны арьс гарч ирсэн. Мөн малын хашаан дээр хоёр адууны мах хураасан байна гэж хэлсэн. Би мэдэхгүй, шөнө Ж ирсэн бөгөөд Г ахыг гэрээс дагуулж гарсан гэж үнэнийг нь хэлсэн. Үүний дараа манай аав, ээж хоёр хотоос ирсэн...гэх мэдүүлэг /30-31 хуу/

 

            Гэрч О.Аы мэдүүлсэн: ...Ж бол манайхтай саахалт нутагладаг, Г бол манай эхнэрийн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Манайд багаасаа амьдарч байна. Харин тухайн үед манай охин Б, дүү Г нар байсан. Дараа нь манай гэрийн гадаа Эын 2 тооны адууг нядлаад баригдсан талаар мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 

            Гэрч Н.Нын мэдүүлсэн: ...Ж манайд надтай хамт амьдардаг. Тэр үеэр би гэртээ байгаагүй, Ж гэртээ ганцаараа байсан бөгөөд намайг хоёр хоноод ирэхэд айлын адуу хулгайлсан талаар дуулсан. Хохирлыг нь нөхөн төлсөн. Манайх тэр үеэр хонгор зүсмийн морь унаж байсан. Одоо уг морь адуун дотроо байгаа...гэх мэдүүлэг /34-35 хуу/ 

Яллагдагч Б.Гийн мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цаг 00 минутын үед Жын гэрт очсон юм. Намайг очиход Ж адуундаа явчихсан байсан. Тэгээд адуунаасаа ирээд гадаа хужир дээр 50 гаруй тооны адуу байна гэсэн. Бид 2 хамт гараад нөгөө адуунууд дээр очоод 2 байдас барьж авсан. Бид 2 Жын хонгор морин дээр сундлаад нөгөө 2 гүүг хөтлөөд явж байгаад морь явж өгөхгүй болохоор нь зээрд байдсан дээр нь би мордоод явсан. Тэгээд манай гадаа ирээд нөгөө 2 адуугаа нядлаад махыг нь байрны дээр тавьчихаад арьсыг нь бага гэрийн орон доогуур нуусан. Маргааш нь би сумын төв рүү замын унаанд суугаад явсан юм. Намайг явсан хойгуур Э ах манай гэрт ирээд Ж бид хоёрын хулгайлсан байдасны арьс, махыг үзсэн гэсэн. Намайг сумын төвд явж байхад Э ах над руу залгаад Гөө гэртээ хүрээд ир гэсэн. Би Төвшрүүлэх сумын төв дээр байдаг Сүхбат гэдэг ахынхаа мотоциклийг гуйж унаад гэртээ яваад очиход Э ах гэрт байж байсан. Миний саравчин дээр нууж тавьсан байсан мах, бага гэрт байсан адууны ширийг үзээд чи ахынхаа адууг хулгайлж алсан байна гэхэд нь би үнэнээ хэлсэн. Тэгээд Э ах би наад махыг чинь авахгүй, би малаа малаар нь авна, чи ахдаа хавар байдас өг, наад махаа өөрсдөө ав гэчихээд яваад өгсөн. Би буцаж сумын төв рүү ороод П гэдэг найзыгаа гуйж гэрт байсан 2 адууныхаа махыг сумын төв рүү авчирч махны ченж Мэндээ гэх хүнд 500.000 төгрөгөөр зарсан. Би Жтай хамт явсан. Ж манай гадаа 50 гаруй тооны адуу ирчихсэн байна гэхээр нь л бид 2 гараад ярьж байгаад тэр адуунаас хоёрыг нь хулгайлж нядалсан. Мөнгөтэй болох гэж хулгай хийсэн. Ж манай гадаа 50 гаруй тооны адуу ирсэн байна, энэ адуунаас 2 байдсыг нь авчихъя гэж хэлсэн. Бид 2 Жын хонгор зүсмийн морийг нь унаж явсан юм. Бид 2 тэр гүүг хөтөлж явж байгаад морь явж өгөхгүй болохоор нь би нэг гүүн дээр нь мордоод явсан юм. Жын гэрээс мяндсан ногт аваад ногтлоод манайх руу хөтлөөд авч явсан бөгөөд тэр ногт нь Жын ногт байсан, одоо тэр ногт нь Жын гэрт байгаа. Бид 2 тэр адуунуудыг манай шар иштэй хятад хутгаар гаргасан бөгөөд тэр хутга манай гэрт байгаа. Би тэр хутгыг авчирч өгнө. Тэр 2 адууны махыг Э ах авахгүй гэсэн болохоор нь П гэдэг найзыгаа гуйгаад түүний жижиг суудлын тэргээр нь махаа ачиж Төвшрүүлэх сумын төв рүү авчирсан юм. Би Пд хэлэхдээ сумын төв рүү мах оруулж зарах гэсэн юм, чи хөгшиндөө төв оруулаад өгөөч л гэж хэлсэн. Намайг хулгайн мах ачих гэж байгааг П мэдээгүй. Пгийн унаж явсан машины талаар би мэдэхгүй, бөмбөгөр саарал тэрэг л байсан, марк, улсын дугаарыг нь анзаараагүй. П манай найз, гэхдээ нэг их дотно бол байдаггүй. Тэр Улаанбаатар хотод амьдардаг гэсэн, Төвшрүүлэх сумын 3 дугаар багт эмээ нь байдаг бөгөөд тэр үед эмээ дээрээ байсан байх. Харин одоо Улаанбаатар хотод байгаа, ямар хаяг дээр байдгийг нь мэдэхгүй. Бид 2 Эод нэг, нэг байдас өгөөд мөн Эоос хулгайлсан 2 адууг зараад авсан 500.000 төгрөгөө бэлнээр өгч гомдол хохиролгүй болгосон. Би аав, төрсөн  2 ах, нэг дүүгийн хамт амьдардаг, ээж маань өнгөрчихсөн. Ах нар маань тусдаа гарчихсан. Миний нэр дээр данстай мал байхгүй. Би галын түлээ хийдэг. Одоо хүний хуц ухна гэрээгээр цалинтай малладаг. Манай аав ажилгүй гэртээ байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 47-51 хуу/

        Яллагдагч О.Жийн мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой бүрэнхий тасарч байхад хонио хайгаад явж байтал Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Мойлтын эхээд 50 гаруй тооны адуу бэлчээд байж байсан. Би тэр адуунуудыг Мойлтын эхээс гол руу уруудуулж дарчихаад хонио туугаад гэртээ ирсэн. Би гэртээ ирээд нэг их удаагүй байж байтал нөгөө адуунууд манай гадаа хүрээд ирсэн. Намайг хониндоо явчихаад ирэхэд Г манайд ирчихсэн байсан. Би Гт манай гадаа 50 гаруй тооны адуу ирчихсэн байна гээд дагуулж гарсан. Бид 2 харж байгаад тэр адуунаас 2 байдсыг нь барьж аваад миний хонгор зүсмийн морин дээр сундлаад нөгөө 2 байдсаа хөтлөөд Гийн гэрийн гадаа аваачсан. Тэгээд тэндээ 2 адуугаа нядлаад махыг нь малын байрны дээр тавьчихаад арьс, толгойг нь бага гэрийнх нь орон доогуур хийчихээд би гэр рүүгээ харьсан. Маргааш орой нь Э ах манайд ирээд Г та хоёр ахынхаа байдсыг авсан байна гэхээр нь би Э ахаас айгаад би танай адууг аваагүй гэж хэлээд явуулсан. Э ах гэртээ харихаар яваад удаагүй мах, арьс хоёрыг нь үзчихээд ирлээ, чи манай 2 адууг авсан байна гээд байхаар нь үнэнээ хэлээд уучлалт гуйсан. Тэр үед Э ах нь та 2 тэр адууныхаа махыг өөрсдөө аваарай би малаа малаар нь авна гэж хэлсэн. Бусдын 2 тооны адууг хулгайлах үед би Гтэй хамт явсан. Надад мөнгөний хэрэг байсан учраас тэр 2 адууг хулгайлаад зарж мөнгө болгоё гэж л бодсон юм. Тэр үед надад хулгай хийх санаа байгаагүй. Мойлтын эхэнд чоно ихтэй болохоор л гол уруудуулж дарсан юм. Тэгсэн тэр адуунууд өөрсдөө манай гадаа хүрээд ирсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан. Манай адуу гадаа ирчихсэн байсан болохоор нь би Гийг дагуулж гараад харж байгаад эндээс 2 адууг нь авчих уу гэж хэлсэн чинь Г тэгье гэсэн. Бид хоёр тэр хоёр адууг Гийн гэрийн гадаа авчрахдаа манай аавын төрсөн дүү Н ахын хонгор зүсмийн морийг нь унаж явсан юм. Бид 2 тэр байдсыг хөтөлж явж байгаад морь явж өгөхгүй болохоор нь Г нэг байдсан дээр нь мордоод явсан юм. Тэр 2 адууг миний мяндсан ногтоор ногтлоод хөтлөөд авч явсан бөгөөд тэр ногт нь манай гэрт байгаа, би авчирч өгнө. Бид хоёр тэр адуунуудыг Гийн гэрээс шар иштэй хятад хутга авчирч гаргасан. Тэр хутга Гийн гэрт байгаа. Би төхөөрсөн адуунуудыг Төвшрүүлэх сумын төв рүү авч явахад хамт яваагүй, харин Г нэг найзынхаа машиныг гуйгаад Төвшрүүлэх суманд аваачиж зарсан гэж байсан. Бид 2 Эод нэг, нэг байдас өгөөд мөн Эоос хулгайлсан 2 адууг зараад авсан 500.000 төгрөгөө бэлнээр өгч гомдол хохиролгүй болгосон. Би аав, 4 дүүгийн хамт амьдардаг, ээж маань өнгөрчихсөн. Миний нэр дээр данстай мал байхгүй. Өвлийн цагт нь Н ахынхаа мал дээр малыг нь харалцаад байж байдаг, харин зун болохоор зам ангид ажилладаг. Манай аав Төвшрүүлэх сумын сургуулийн галч хийдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 55-60 хуу/

 

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 141 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12 хуу/

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 122 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн Мойлт гэх газраас иргэн Д.Эын 2 тооны гүү хулгайлагдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Г, О.Ж нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн Мойлт гэх газраас иргэн Д.Эын 2 тооны гүүг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой манай адуу Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Мойлт гэх газарт бэлчээртээ бүрэн байсан. Маргааш нь адуугаа өглөө эрт бүртгэсэн. Манай адуунаас хоёр тооны хязаалан насны байдсан гүү хулгайд алдагдсан байсан. Намайг А ахын бага гэрт ороход бага гэрийнх нь орон доогуур адууны арьс байсан бөгөөд би татаж гаргаад үзэхэд манай хоёр адууны арьс мөн байсан. Мөн малынх нь хашааны саравчин дээр хоёр адууны махыг гаргаж хураагаад бүтээлгээр бүтээсэн, дээрээс нь төмрийн хог, мотоциклийн хуучин рам тавьж нуусан байдалтай байсан. А ах надад ярихдаа ах нь гэртээ байгаагүй, намайг гэртээ байхгүй байх хойгуур Г хулгай хийгээд шөнөө сумын төв явчихсан байна гэдгийг хэлсэн. Дараа нь Жтай очиж уулзаад үнэнийг нь хэлсэн чинь Ж танай адууг гэрийнхээ гадаа аваачиж хулгайлж барьж аваад Гийн гэрт нь аваачиж Гтэй хамт шөнө нядалчихаад буцаад гэртээ ирсэн талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Р.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай хажуу айлын Х 2 байдас чинь алга байна гэсэн бөгөөд манай нөхөр тэр өдрөө хайгаад олоогүй, харин 2 хоногийн дараа мөрийг нь хөөж яваад олсон. Ж, Г хоёр хулгайлаад махалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын сүүлээр одоо өдрийг нь хэзээний өдөр байсан талаар санахгүй байна, намайг ах Г, 3 настай хүү нарын хамт унтаж байхад 01 цагийн үед гэрийн хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхөд Ж ганцаараа байсан. Ж гэрт орж ирээд манай ах Гт адуу нядалчихмаар байна, хамт нядлаад өгөөч гэж гуйсан. Г хувцасаа өмсөөд гарсан. Удалгүй манайхтай ойрхон нутагладаг Э ах ирээд танайд хэн, хэн байна, шөнө хэн ирсэн гэж асуусан. Мөн бага гэрт ормоор байна гэхээр нь би өөрөө бага гэрээ онгойлгож үзүүлсэн чинь орон доороос адууны арьс гарч ирсэн. Мөн малын хашаан дээр хоёр адууны мах хураасан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /30-31/, гэрч О.Аы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “дараа нь манай гэрийн гадаа Эын 2 тооны адууг нядлаад баригдсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Ж гэртээ ганцаараа байсан бөгөөд намайг хоёр хоноод ирэхэд айлын адуу хулгайлсан талаар дуулсан” гэх мэдүүлэг /34-35/, Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “бид 2 хамт гараад нөгөө адуунууд дээр очоод 2 байдас барьж авсан. Манай гадаа ирээд нөгөө 2 адуугаа нядлаад махыг нь байрны дээр тавьчихаад арьсыг нь бага гэрийн орон доогуур нуусан. Маргааш нь би сумын төв рүү замын унаанд суугаад явсан юм. Намайг явсан хойгуур Э ах манай гэрт ирээд Ж бид хоёрын хулгайлсан байдасны арьс, махыг үзсэн гэсэн. Миний саравчин дээр нууж тавьсан байсан мах, бага гэрт байсан адууны ширийг үзээд чи ахынхаа адууг хулгайлж алсан байна гэхэд нь би үнэнээ хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-51/, О.Жийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой бүрэнхий тасарч байхад хонио хайгаад явж байтал Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Мойлтын эхээд 50 гаруй тооны адуу бэлчээд байж байсан. Би Гт манай гадаа 50 гаруй тооны адуу ирчихсэн байна гээд дагуулж гарсан. Бид 2 харж байгаад тэр адуунаас 2 байдсыг нь барьж аваад миний хонгор зүсмийн морин дээр сундлаад нөгөө 2 байдсаа хөтлөөд Гийн гэрийн гадаа аваачсан. Тэгээд тэндээ 2 адуугаа нядлаад махыг нь малын байрны дээр тавьчихаад арьс, толгойг нь бага гэрийнх нь орон доогуур хийчихээд би гэр рүүгээ харьсан. Э ах гэртээ харихаар яваад удаагүй мах, арьс хоёрыг нь үзчихээд ирлээ, чи манай 2 адууг авсан байна гээд байхаар нь үнэнээ хэлээд уучлалт гуйсан. Манай адуу гадаа ирчихсэн байсан болохоор нь би Гийг дагуулж гараад харж байгаад эндээс 2 адууг нь авчих уу гэж хэлсэн чинь Г тэгье гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 55-60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд Б овогт Б Г, Б овогт Огийн Ж нарыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Г, О.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мяндсан ногт 2 ширхэг, шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн морь нь иргэний нэхэмжлэгч Н.Нын өмчлөлийн морь болох нь нотлогдож байх тул Архангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож битүүмжлэгдсэн нас нийлсэн шар зүсмийн морийг иргэний нэхэмжлэгч Н.Над шилжүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, О.Ж нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морины үнэнд шүүгдэгч Б.Гөөс 325.000 /гурван зуун хорин таван мянга/, шүүгдэгч О.Жаас 325.000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөг тус тус албадан гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Д.Э нь нэмж 250.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Г, О.Ж нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Б.Г, О.Ж нар нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г, О.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б Г, Б овогт Огийн Ж нарыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч О.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мяндсан ногт 2 ширхэг, шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1.1-т зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож битүүмжлэгдсэн нас нийлсэн шар зүсмийн морийг иргэний нэхэмжлэгч Н.Над шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, О.Ж нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морины үнэнд шүүгдэгч Б.Гөөс 325.000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөг, шүүгдэгч О.Жаас 325.000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөг тус тус албадан гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, О.Ж нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд тус тус заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г, О.Ж нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8.  Шүүгдэгч Б.Г, О.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Э нь бусад учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Г, О.Ж нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ