| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0137/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2018-07-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Мээпам
Хохирогч: Ц.П
Шүүгдэгч: М.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мийн Год холбогдох 1812001990159 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Б овогт М-ийн Г /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ,,,тоот хашааны гадна иргэн Ц.Пг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч Ц.Пгийн мэдүүлсэн: Энэ айлаас манайх хашаа байшин худалдаж авсан байсан. Тэгээд засвараа хийж өгөлгүй 2 жил болохоор нь би энэ хавар аймаг руу орж ирэхээр болсон учраас М.Год хандаж цонхоо шиллүүлэх гэсэн юм, цонхныхоо шилний үнийг өгөөч машинаар явж авчирмаар байна гэсэн чинь чадахгүй, өгөхгүй гэхээр нь утсаар маргалдсан. Тэгээд бид нар явах гээд машин дээрээ юм ачиж байтал нөхөртэйгээ, бас нэг 2 хүнтэй дөрвүүлээ машинтай согтуу ирсэн. Тэр үед гадаа хүйтэн салхитай байсан учраас би машин дотроо суугаад, манай нөхөр нэг хүнтэй хамт машин дээрээ юм ачиж байтал Г ирээд намайг буугаад ир гээд байхаар нь би согтуу болохоор нь айгаад буухгүй байсан чинь машины баруун талын хаалганы ручкийг мулт татчихаар нь согтуу хүмүүс юм хум эвдчих юм шиг байна гэж бодоод буугаад очтол намайг заамдаж аваад хашаа руу тулгаад алгадаад, шанаа руу цохисон. Энэ хүнтэй хамт явсан залуу салгах гэсэн чинь салахгүй байсан. Тухайн үед манай нөхөр ч бууж ирж салгаагүй, тэр хамт явсан хүмүүс нь ч салгахгүй байсан чинь энэ хүн нөхөртэйгээ намайг барьж аваад хэд, хэдэн удаа цохиж байгаад нөхөр нь түрүүлээд яваад өгсөн. Эхнэр нь намайг барьж аваад салгахгүй байсан чинь нөхөр нь ирээд эхнэрийгээ боль гээд аваад явсан. Тиймэрхүү л асуудал болсон. Би шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохиролд 2 сая төгрөг нэхэмжилсэн болно. Би гомдолтой байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812001990159 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ц.Пгийн мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед манай нөхөр Г нь Бын гэрт уулзах гээд орсон чинь Б гэртээ байхгүй байсан. Би Бын 95334496 дугаар руу залгахад эхнэр Г нь утсаа авсан. Тэгээд би Гтой утсаар яриад авах юмаа авъя гэж хэлсэн чинь өгөхгүй гээд утсаар хэрэлдээд байсан. 10-15 минутын дараа хашааны гадаа би манай Г, Т нарын хамт машин дээр хөлдөөгч ачаад зогсож байтал Б, Г, Ч, А нарын хамт цагаан саарал өнгийн жип маркийн машинтай манай хашааны гадаа ирсэн. Би машин дотор сууж байтал Б гэдэг хүн машины баруун талын хаалгаар ирээд онгойлгох гээд чадаагүй. Гэтэл Бын эхнэр Г нь машины зүүн талын хаалгаар орж ирээд машинаасаа буугаад ир гээд миний дээлний энгэрээс татаад байхаар нь машины баруун талын хаалгаар буугаад очтол Г чи миний дүүтэй суугаад сагаж байгаа хулгайч, тэгээд аальгүй янхан гэж хэл амаар доромжлоод байсан. Б нь миний хажууд ирээд танайхан тэгж ярих юм бол бүгдээрээ хулгайч, хулгай хийчихээд боож үхдэг гэж ярьж байсан. Г нь миний зүүн талын хацар руу гараараа 1 удаа алгадсан, зүүн талын шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгээд Г нь намайг хашаа руу шахаад заамдаад зогсож байтал Б ирээд эхнэрээ боль гэж хэлээд Б нь миний гэдэс рүү 1 удаа хүчтэй цохичихоод эхнэрээ аваад яваад өгсөн. Гтой 2018 оны 01 дүгээр сарын 20-ны үед 1 удаа хэрэлдэж байсан. Зүүн талын шанаа руу гараараа 1 удаа алгадаж, 3 удаа цохиж авсан. Тархи, толгой, нуруу, ууц өвдөөд доошоогоо улаан хүрэн өнгийн шингэн зүйл гараад байна. 2017 оны 07 дугаар сарын 24-25-ны үед Бын хашаа байшинг худалдаж авсан юм. Тухайн үед байшингийн цонх гадна талыг нь янзалж өгнө гэхээр нь 8.000.000 төгрөгөөр бодож мал өгөөд одоог хүртэл янзалж өгөөгүй. Тэр асуудлаас өөр юм байхгүй. Хэвлий, гэдэс орчим руу гараараа 1 удаа цохисон. Б, Г хоёрыг авчирч буулгаад удаагүй явсан. Би гомдолтой байна. Машины хаалганы түгжээ эвдсэн, баруун талын чихэнд зүүж байсан мөнгөн ээмэг унаж алга болсон. Миний бие маш их өвдөж байгаа тул эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Гэрч С.Г мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчим би Гын 95334496 дугаар руу залгахад байшингийнхаа цонхыг шилжүүлж өгөхгүй юм уу гэж асуухад чадахгүй та нар өөрсдөө янзалж ав гэсэн. Чи хийж өгөх ёстой биз дээ гэсэн чинь хийж өгч чадахгүй гээд утсаа салгасан. 10-20 минутын дараа Цагаан саарал өнгийн Парадо маркийн тээврийн хэрэгслээр өөрийнхөө хашааны ард талын хаалган дээр зогсоод Б нь машинаас буугаад хүрч ирээд яасан, яасан гэнээ гэж хэлэхээр нь за юу гэхэв цаашаа яв гэж хэлсэн. Тэгээд Б нь машинд сууж байсан, манай эхнэр П рүү дайраад байсан. Бын эхнэр Г нь араас нь ирээд П рүү дайраад машинаас буулгаж ирээд Г нь Пг толгой руу болон бие рүү цохисон. Тэгээд орилолдоод байхаар нь Т машин дээрээс буугаад салгасан. Тэгсэн чинь Г нь Пг барьж аваад хашаа руу шахаад дахиад толгой руу нь цохиод байсан. Тэгээд Б очоод манай эхнэр Пг 1 удаа хэвлий гэдэс орчим нь цохиж аваад эхнэр Гыг аваад гэрийнхээ хашаа руу орсон. Б, Г нар нь архи уусан байсан. Ч гэдэг хүн машинаа барьж ирээд удаагүй яваад өгсөн. Г нь миний харснаар бие болон толгой руу 6-7 удаа гараараа цохиж харагдсан. Машинаасаа буугаагүй болохоор мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Гэрч Н.Тын мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Тариат сумын Суман багийн Сансар хорооллын 8-7 тоот хашааны үүдэнд Г хамт машин дээр хөлдөөгч ачиж байтал Г эхнэр утсаар яриад гарч ирж байсан. Тэгээд П нь утсаа салгахаар нь би гар утсаа өгөөч гээд утсаар ярьчихаад кармандаа хийчихсэн байсан. Тэгээд байж байж байтал Саарал өнгийн Парадо маркийн тээврийн хэрэгсэл Бын хашааны арын хаалган дээр ирээд зогссон. Машинаас Б нь бууж бид гурав дээр ирээд Пүүжээ чи цонх шиллэж өгөхгүй гэж хэлээгүй байхад яагаад хэл амаар доромжлоод байгаа хүүхэн бэ гэж хэлсэн. Тэгээд зогсож байхад нь хөлдөөгчөөс өргөөд өгөөч гээд хөлдөөгч өргүүлсэн. Машин дээр хөлдөөгч өргөөд байж байтал П, Г хоёр хэрэлдээд байсан. П намайг утас аваад ир цагдаа дуудах гэсэн юм гээд орилоод байхаар нь эргээд харсан чинь П, Г хоёр бие биенийхээ энгэрээс барьчихсан зогсож байхаар нь машин дээрээс бууж П, Г хоёрын дундуур орж гаруудыг нь тавиулаад Пд гар утсыг нь өгөөд, Гыг гарнаас нь хөтлөөд хашааных нь үүдэнд аваачиж өгсөн. Б, Г нараас архи үнэртэж байсан. Б нь дунд зэрэг, Г нь бага зэрэг уусан байсан. Б, Г нар нь мөнгөлөг бараан өнгийн Парадо маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн бөгөөд улсын дугаарыг нь хараагүй, жолоочийг нь танихгүй хүн байсан. Г нь Пгийн биеийн аль хэсэг рүү хэдэн удаа цохиж авсан талаар хараагүй. П Г нар нь бие биеийнхээ энгэрээс барьчихсан зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Л.Бын мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчим ажил дээр сууж байтал Г утсаар залгаад Гтой яръя гэхээр нь би эхнэр Гтой ярь гээд утсаа Год өгсөн. Г нь утсаар ярихдаа утасны дууг чанга дээр тавиад ярьсан. Миний сонсоноор П нь Год ирж зарсан хашаан дотор байгаа хогоо арилга гэж хэлж байсан. Харин Г нь өнөөдөр бол чадахгүй, завгүй, ажилтай гэж хэлж байсан. П нь Год хулгайч, янхан минь ирж янзал гэж хэл амаар доромжилсон. Тэгээд миний эхнэр Г за тэгвэл би одоо очиж уулзъя гэж хэлээд гар утсаа салгасан. Би тэгээд цэцэрлэг рүү явж 2 хүүхдээ аваад цэцэрлэгийн гадаа гарч ирэхэд манай эхнэр Г нь Чын машинтай цэцэрлэгийн үүдэнд ирээд зогсчихсон байсан. Тэгээд Чын машинд суугаад гэрийнхээ гадаа хүргүүлсэн. Г, П хоёр нь машины хажууд хэрэлдээд зогсож байсан. Миний сонсоноор П Год муу гуйлгачингууд минь та нар өвөл хөлдөөгчийн мотор хулгай хийгээ биз дээ гэж хэлсэн. Харин Г нь хариуд нь Пд чи эрэмдэг хүүхэд далимдуулан битгий хулгайд шаагаад бай гээд хэрэлдэж байхад нь би хоёр хүүхдээ аваад гэр рүүгээ орсон. Гэртээ хүүхдээ оруулж өгчихөөд эргээд иртэл хашааны хажууд байгаа шонгийн модны хажууд Г, П хоёр бие биенийхээ энгэрээс барьчихсан зогсож байгаа харагдсан. Би Г, П хоёр дээр очоод та хоёр боль гээд салгасан. Тэгээд манай эхнэр Г нь гэр рүү орсон. Харин П нь та нарыг цагдаад очиж хэлнэ, шоронд чинь хатаана даа гэж хэлээд гудамж уруудаад гүйгээд явсан. Би цохиж байгааг нь хараагүй, харин намайг гэрээс гараад ирэхэд Г, П хоёр бие биенийхээ энгэрээс барьчихсан зогсож байсан. Манай эхнэр Г нь надад хэлэхдээ П нь намайг алгадаад авахаар зөрүүлээд алгадаад авсан гэж хэлж байсан. Би Пг цохиж аваагүй. Харин барьцалдаад зогсож байхад нь салгасан. Би нэг пиво уусан байсан. Г, П нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Пгийн биед нүдэнд ил харагдах шарх сорив байхгүй, харин Гын зүүн шанаа нь овойгоод хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Яллагдагч М.Гын мэдүүлсэн: ...Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын “Ахуй үйлчилгээний төв”-д ажил дээр байж байтал Г нь утсаар ярихдаа хашааны хог арилга, байшингийн цонх шиллэж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо амжихгүй дараа болъё гээд утсаа тасалсан. Тэгсэн чинь Г эхнэр П нь утсаар залгаад хурдан янзалж өг, архичин, янхан хүүхэн минь, танайхан бүгд хулгайч гэж хэлэхээр нь би тэгвэл янзалж чадахгүй гээд би одоо очлоо, намайг очтол байж байгаарай хоёулаа хэл амаа олъё гэж хэлээд утсаа салгасан. Гэрийн гадаа очоод буухад Г хашааны үүдэнд цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл харагдаж байсан. Машины хажууд Т, машин дээр Г, машин дотор П харагдаж байсан. Тэгээд машины жолоочийн болон зүүн талаар очоод хаалгыг нь онгойлгоод П чи яахаараа хулгайч гэдэг юм бэ, би чиний юуг авсан юм гэж хэлсэн. П нь хэлэхдээ танай хүүхэд манай хөлдөөгчний моторыг хулгай хийгээд аваа биз дээ гэхээр нь би манай хүүхэд авах чадал байхгүй, хараа муутай гэж хэлсэн. Гэтэл П нь танайхаас өөр хэн авдаг юм, лам хүртэл тэгж хэлж байна лээ архичин хүүхэн минь гэж орилоод машинаасаа буугаад ирсэн. Би машины урдуур тойроод П дээр яваад очтол танайхаас өөр хэн авдаг юм, хулгайчууд гээд орилоод байхаар нь би Пд манай хүүхэд тэр моторыг чинь аваагүй гэж хэлсэн. Гэтэл П нь миний толгой орчим баруун талын нүдний дээд талд гараараа 1 удаа цохиж авсан. Тэгэхээр нь би Пг чи яахаараа намайг цохидог юм бэ гээд Пгийн толгойны зүүн талын шанаа орчим 1 удаа цохиж авсан. Тэгээд хэл амаар доромжлоод над руу гараараа зааж орилоод байхаар нь 2 гарыг нь бариад зогсож байтал манай нөхөр Б ирээд одоо боль, хэл амаар доромжилж байг гээд бид хоёрыг салгаад миний араас гараараа түлхээд гэрийнхээ хашаа руу орсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Птэй урьд өмнө нь хэрэлдэж байгаагүй. П намайг хэл амаар доромжлоод цохиж авахаар нь би зөрүүлээд цохиж авсан. Пгийн толгойны зүүн шанаа орчим нь баруун талын гараараа нэг удаа цохисон. Би Птэй өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Т нь машины хажууд Г машин дээрээ зогсож байгаа харагдсан. П манай бэр юм. Пгийн биед тухайн үед ил харагдах шарх сорив байгаагүй. Би нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Би гутал засаад олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээдэг. Тогтсон орлого байхгүй. Нэр дээрээ мал байхгүй. Би Пд 300.000 төгрөг бэлэн тоолж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 166 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ц.Пгийн биед тархи доргилт, зүүн шанаа орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48-49 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 хуу/
Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогч Ц.Пгийн эмчилгээтэй холбоотой 5 хуудас баримт зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман баг Сансар хорооллын 08-07 тоот хашааны гадна иргэн Ц.П нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч М.Г дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман баг Сансар хорооллын 08-07 тоот хашааны гадна иргэн Ц.Пг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Ц.Пгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “тэр үед гадаа хүйтэн салхитай байсан учраас би машин дотроо суугаад, манай нөхөр нэг хүнтэй хамт машин дээрээ юм ачиж байтал Г ирээд намайг буугаад ир гээд байхаар нь би согтуу болохоор нь айгаад буухгүй байсан чинь машины баруун талын хаалганы ручкийг мулт татчихаар нь согтуу хүмүүс юм эвдчих юм шиг байна гэж бодоод буугаад очтол намайг заамдаж аваад хашаа руу тулгаад алгадаад, шанаа руу цохисон. Энэ хүнтэй хамт явсан залуу салгах гэсэн чинь салахгүй байсан” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Пгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Г нь миний зүүн талын хацар руу гараараа 1 удаа алгадсан, зүүн талын шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгээд Г нь намайг хашаа руу шахаад заамдаад зогсож байтал Б ирээд эхнэрээ боль гэж хэлээд эхнэрээ аваад яваад өгсөн. Зүүн талын шанаа руу гараараа 1 удаа алгадаж, 3 удаа цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/, гэрч С.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Бын эхнэр Г нь араас нь ирээд П рүү дайраад машинаас буулгаж ирээд Г нь Пг толгой руу болон бие рүү цохисон. Г нь Пг барьж аваад хашаа руу шахаад дахиад толгой руу нь цохиод байсан. Тэгээд Б очоод эхнэр Гыгоо аваад гэрийнхээ хашаа руу орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, гэрч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “П намайг утас аваад ир цагдаа дуудах гэсэн юм гээд орилоод байхаар нь эргээд харсан чинь П, Г хоёр бие биенийхээ энгэрээс барьчихсан зогсож байхаар нь машин дээрээс бууж П, Г хоёрын дундуур орж гаруудыг нь тавиулаад Пд гар утсыг нь өгөөд, Гыг гарнаас нь хөтлөөд хашааных нь үүдэнд аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “гэртээ хүүхдээ оруулж өгчихөөд эргээд иртэл хашааны хажууд байгаа шонгийн модны хажууд Г, П хоёр бие биенийхээ энгэрээс барьчихсан зогсож байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, М.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Би Пг чи яахаараа намайг цохидог юм бэ гээд Пгийн толгойны зүүн талын шанаа орчим 1 удаа цохиж авсан. Тэгээд хэл амаар доромжлоод над руу гараараа зааж орилоод байхаар нь 2 гарыг нь бариад зогсож байтал манай нөхөр Б ирээд одоо боль, хэл амаар доромжилж байг гээд бид хоёрыг салгаад миний араас гараараа түлхээд гэрийнхээ хашаа руу орсон. П намайг хэл амаар доромжлоод цохиж авахаар нь би зөрүүлээд цохиж авсан. Пгийн толгойны зүүн шанаа орчим нь баруун талын гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45/, хохирогч Ц.Пгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 166 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Мийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэхээр тогтов.
Хохирогч Ц.П нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт үзүүлсэн эмчийн үзлэгийн болон шинжилгээний 256.000 төгрөг төлсөн болох нь үзлэгийн захиалгын хуудас 2 ширхэг, мөнгө төлсөн баримт 2 хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч М.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд 300.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байх тул дээрх хохирлыг төлөгдсөн гэж дүгнэв.
Хохирогч Ц.П нь нэмж 2 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүний 2 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад учирсан хохирлыг баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Год оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Год хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ