| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2519002820224 |
| Дугаар | 2026/ДШМ/08 |
| Огноо | 2026-01-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/08
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас
И.Иад холбогдох эрүүгийн хэргийг сэргээх
тухай прокурорын дүгнэлт
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор: Ц.Цэрэндулам,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул шийдвэрлэсэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас хэргийг сэргээх тухай прокурор Ц.Цэрэндуламын дүгнэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.*.
2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын агуулга:
Шүүгдэгч И.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Иыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Иад оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Иад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ЗШ/646 дугаар шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан үеэс эхлэн тоолж,
шүүгдэгчид оногдуулсан торгох, эрх хасах ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж, шийдвэрлэсэн ба энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч оролцогч нараас гомдол гаргаагүй.
5.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунай давж заалдах шатны шүүхэд гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Иад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасах ялын хугацааг, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ЗШ/646 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан үеэс эхлэн тоолсугай” гэж эрх хасах нэмэгдэл ялыг зөрчлийн шийтгэврээр хүлээлгэсэн эрх хасах шийтгэлийг биелүүлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэсэн үндэслэлд хамаарч байгаагаас гадна, тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших хугацаанд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ХШТ/118 дугаартай тогтоолоор хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж жишиг тогтоосон шийдвэр гарсан ба анхан шатны шүүхийн шийдвэр нь Улсын Дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлан, хуулийн үзэл баримтлал агуулгаас илт зөрүүтэй шийдвэрлэсэн байх тул хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/205 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурор Ц.Цэрэндуламаас гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянан хэлэлцээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Прокуророос Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл тогтоогдсон гэж дүгнэлт гаргасан боловч үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлд заасан журмын дагуу шалгаж тогтоох ажиллагааг хийлгүйгээр дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, 1.Прокурорын дүгнэлтэд бичсэнээр “...Дорноговь аймах дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоол гаргаж шүүгдэгч И.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахдаа түүний 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ЗШ/646 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан үеэс шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг тоолж эхэлнэ гэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч И.И шүүхээс оногдуулсан ялыг хугацаанд нь эдэлж чадахгүй болж эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна” гэсэн.
Энэ нөхцөлийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзсэн үндэслэл нь Улсын дээд шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ХШТ/118 дугаартай тогтоолоор шүүгдэгч И.И шиг нөхцөлөөр шийдвэрлэгдсэн өөр шийтгэх тогтоолд “...шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг хасч, шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг тогтоол гарсан үеэс тоолох”-оор өөрчлөлт орж шийдвэрлэгдсэнд үндэслэсэн байна.
Тодруулбал, Улсын дээд шүүхээс гарсан тус тогтоолд “...эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, эдгээрийн шийдвэр гүйцэтгэх журмыг тусдаа бие даасан хуулиар зохицуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлийг хамтад нь биелүүлэхээр шийтгэх тогтоолд заасан нь буруу болсон” гэж заажээ.
2.Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлээс прокурор мөн зүйлийн 1.4-д заасан “...хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэх үндэслэлийг баримтлан дүгнэлт гаргасан.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын тухай гомдол, хүсэлтийг прокурор хүлээн авч, уг байдлыг өөрөө, эсхүл мөрдөгчид даалгавар өгч хянан шалгаж тогтогдсоны дараа прокурор бичгээр дүгнэлт гаргаж хэргийн хамт давж заалдах эсхүл хяналтын шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2, 41.3, 41.4 дүгээр зүйлүүдэд тус тус заасан.
Гэтэл прокуророос энэ хуульд заасан ажиллагааг огт хийлгүйгээр зөвхөн дүгнэлт гаргаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөчин нэгдүгээр бүлэгт заасан журамд нийцээгүй, журам зөрчигдсөн байна.
3.Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан.
Прокурорын дүгнэлтэд бичигдсэний дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосноор анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрх хасах ялыг шүүгдэгчид шинээр оногдуулж, шийтгэх тогтоол гарсан үеэс ялын хугацаа тоолох нөхцөл байдал үүснэ.
Энэ нь түүний 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулж тоологдсон эрх хасах ялын хугацаа хүчингүй болсноор шүүгдэгчийн эрх зүйн байдлыг бүр дордуулсан нөхцөл бий болохыг анхаараагүй, энэ нөхцөл байдлыг хэрхэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх талаар дүгнэлт тусгагдаагүй байна.
4.Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг прокурорт буцаахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас гаргасан 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, буцаасугай.
2.Дүгнэлтийг прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах Тэгшдүүрэнд даалгасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧ А.САЙНТӨГС