Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 319/ШШ2025/00018

 

 

 

 

2025 01 13 319/ШШ2025/00018

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол Д.Сүхбаатарын гудамж, ******* байрны ******* давхар, 201 тоотод байрлах ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Шинэ асар ******* айл ******* тоотод оршин суух Шар бүргэд овогт ******* Баярцэцэгт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,277,044.68 төгрөг, зээлийн хүү 509,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,923 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 2,662,513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь тус байгууллагтай 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1042 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2,100,000 / Хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн зээлийг Iphone-11 Promax загварын гар утас худалдан авах зориулалтаар авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодож, 2022 оны 08-р сарын 26-ны өдрөөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ дуусах хүртэл төлөх байсан боловч зээл авснаас хойш нийт 14 удаагийн төлөлтөөр 1,787,765 төгрөгийн төлөлт хийж /Зээл эргэн төлөлтийн хуулгыг хавсаргав/, энэ оны 1******* сарын 12-ны өдрийн байдлаар үлдэгдэл зээлийн эргэн төлөлтөө хийлгүй нийт 357 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.

Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлээ төлөхийг утсан харилцаагаар холбогдож удаа дараа шаардсан боловч "Мартчихсан байна, одоо цайндаа орохдоо төлөлтөө хийчий, Маргааш нөгөөдрөөс цалин буухаар төлөлтөө хийчий" гэх мэт худал мэдээлэл өгч хугацаа хэтрэлтэд хүрсэн байна. Иймд хариуцагч үндсэн зээл 1,277,044.68 төгрөг, зээлийн хүү 509,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,923 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 2,662,513 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,277,044.68 төгрөг, зээлийн хүү 509,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,923 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 2,662,513 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч М.******* холбогдуулан үндсэн зээл 1,277,044.68 төгрөг, зээлийн хүү 509,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,923 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 2,662,513 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,662,513 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

2. Зээлдэгч нь ******* ******* ******* ХХК иас 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone-11 pro загварын гар утас зээлээр худалдан авсан болох нь 1042 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд зээл, хүүгийн тооцооллын талаар маргахгүй байна. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,551 төгрөгийн тавин хувь болох 28,775.5 төгрөгийг төрийн сангаас, 28,775.5 төгрөгийг хариуцагчээс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК -д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, энэ талаар баримтад гарын үсэг зуруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.******* холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,662,513 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,551 төгрөгийн тавин хувь болох 28,775.5 төгрөгийг төрийн сангаас, 28,775.5 төгрөгийг хариуцагчээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.РАУШАН