| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0142/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2018-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нармандал
Шүүгдэгч: Л.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лгийн Пд холбогдох 1712000490110 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: , Б овогт Лгийн П /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.П нь 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ,,,, гэх газарт иргэн И.Мгийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Пгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр сургуулийн ой болсон. Тэнд анги хамт олноороо нийлээд орой үдэшлэгт явна гээд зарим хэсэг нь яваад, Б, Г, бид гурав үлдсэн. И.М намайг унтаж байхад гэрт орж ирээд тохойлдсон бөгөөд би тухайн үед элэгний вирусны эм уугаад унтаж байсан. И.М орж ирээд тохойлдсон чинь Д.Б чи наад бие муутай хүнээ яах гээд байгаа юм бэ, наад хүн чинь хөл, гар муутай хүн шүү дээ гэж хэлэхээр нь би босч ирээд яах гээд байгаа юм гэж хэлсэн чинь чи яасан их унтдаг юм бэ гэж хэлсэн. Б босч ирээд Мг гэрээс гаргасан. Миний хувьд гэрээс гарсан асуудал байхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1712000490110 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч И.Мгийн мэдүүлсэн: ...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршооллын сургуулийн 60 жилийн ойн баярын арга хэмжээг үзэж яваад морь барианы хэсэгт П гэх манай дээд төгсөлтийн залуу нилээн согтуу тааралдаад намайг хар нүдний шилээ авчих, чи хэзээ ийм болчихсон юм гэх зэргээр хэл амаар доромжлоод миний малгайг толгой дээрээс авч газар шидээд байсан юм. Тухайн үед би согтуу хүнтэй юм яриад яахав гэж бодоод миний хөгшин нилээн согтсон байна, одоо амар гэх зэргээр аргадаж байгаад явсан бөгөөд орой 22 цагийн үед манай ангийнхан байрлаж байсан гэрт очиход хажуу талынх нь гэрт П ганцаараа байхаар нь би ороод унтаагүй юм уу гэж асуухад чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд намайг мөргөсөн. Би ухаан алдаад нэг сэрсэн чинь гэрийн гадаа Птэй зодолдож байсан бөгөөд П миний дээр гарчихсан намайг нүдээд байсан. Би арай гэж доороос нь бултаж гараад машин руугаа ороод аймгийн төв рүү цагдаа, эмнэлэг дуудахаар явсан юм. П одоогоос нэг жилийн өмнө намайг эзгүй хойгуур манай аймгийн төвд байдаг гэрт ирж агсан тавьж эхнэр, хүүхдүүдийг айлгасан байхаар нь би өөрт нь хэлэхэд тоосон шинжгүй байсан. Би архи бага зэрэг уусан байсан бөгөөд яахаа алдтал согтоогүй, халамцуу л байсан. Намайг Пд зодуулахыг харсан үзсэн хүн байхгүй байх. Тухайн үед хүмүүс бүжгэнд орох гээд явчихсан байсан бөгөөд би гэр сахиж байгаад хажуу талын гэрт ортол Птэй тааралдаад зодоон хийсэн. Өөр хүн байгаагүй. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, баруун мөр хөхөрсөн, зүүн зовхи хагарсан, цээжний хэсэгт хөхөрсөн бөгөөд ханиалгахаар цустай цэр гарч байгаа. Толгой тархи байнга өвдөж байна. Би доороос нь гарахын тулд хүзүүнээс нь багалзуурдаж түлхсэнээс өөр гар хүрсэн асуудал байхгүй. Би гомдолтой байна. Би зодуулах үедээ Самсунг-мига маркийн гар утас, монетан гинжээ алга болгосон бөгөөд гар утсаа 2016 оны 11 сард 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан баримт нь байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/
Хохирогч И.Мгийн дахин мэдүүлсэн: ...Миний биед учирсан гэмтлүүдийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орой 22 цаг өнгөрч байх үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутагт сургуулийн ойн баяр болж байсан гэрүүдийн гадаа П гэдэг хүн зодож, цохиж учруулсан. Би 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Б, ГБ, Г гээд манай дээд төгсөлтийн ангийн хүүхдүүд байх үед гэрт нь орсон. Энэ үед Г, Б, П нар байгаагүй. Гэхдээ энэ миний орсон гэрт баярлаж байсан ангийн хүүхдүүд байгаа юм. Намайг П гэдэг хүн цохиж, зодсон. Миний монетан гинж, Самсунг мига маркийн гар утас зэрэг эд зүйл алга болсон. Эдгээр эд зүйлс нь намайг Пд зодуулах үед алга болсон. Тухайн үед гадаа харанхуй байсан. Би тухайн үед Птэй ангийнх нь нийллэг болж байсан гэрт маргалдаад намайг барьж аваад гэрээс гараад гэрийн гадаа цохиж, зодсон. Өөрийгөө зодсон хүнийг П гэж таньж байгаа. Би тухайн үед Пд зодуулчихаад гэрт ороод Оыг сэрээгээд хамт аймаг руу явъя гэж дуудаад хамт гарахад П над руу ална гээд дайрч л байсан. П намайг зодож байхыг О бол хараагүй. Харин зодуулсныхаа дараа дуудаж харуулсан юм. О гэдэг хүн одоо Архангай аймгийн төвд Доной гэдэг газар байдаг юм байна лээ. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Хохирогч И.Мгийн дахин мэдүүлсэн: ...Тэр өдөр сургуулийн ойн арга хэмжээ болж дуусаад сургуулийнхаа ойролцоо төгсөлтийнхөө барьсан гэрт очсон юм. Тэндээ наргиж, цэнгэцгээж байгаад би Отой хамт гэр орноо харах гээд үлдсэн юм. Намайг нөгөө гэртээ орсон хойгуур О соёлын төвд болж байсан бүжиг рүү явсан юм уу ямар ч байсан байхгүй байсан. Би зодуулчихаад гэрт ороход О гэрт газар унтаж байсан. Тэгэхээр нь би хүнд зодуулчихлаа, аймаг руу явахгүй бол болохгүй гээд түүнийг дагуулаад аймгийн төв рүү ирж эмнэлэгт үзүүлээд, эмнэлэгт хэвтсэн юм. Би Л.П гэдэг хүнд зодуулсан юм. Тухайн үед шөнийн 00 цаг болсон байсан байх, ямар ч байсан харанхуй болчихсон байсан. Гэгээ бол тасарсан харанхуй байсан. Би гэрийн гадаа зодуулсан, гэр дотор зодоон, цохион болоогүй. Намайг зодуулах үед ямар ч хүн байгаагүй, П бид хоёр хоёулахнаа л байсан. Г, Б хоёр бол гэр дотор байсан. Би жаахан уусан халамцуу л байсан, болсон асуудлаа бүгдийг нь мэдэж байгаа. Би хүнд зодуулчихаад ороход О газар унтаж байсан. Зодоон, цохион болсныг бол хараагүй. Би түүнд зодуулчихлаа гэж өөрөө хэлсэн юм. Би Оыг гэрээс гарсан үгүйг мэдэхгүй, зодуулчихаад гэрт ороход унтаж байсан. О согтуу л унтаж байсан. Уг нь тухайн үед гар утас, хүзүүний монетан гинж зэрэг алга болсон бөгөөд ядаж түүнийгээ нэхэмжилмээр байна. Л.Пгийн гэрийн гадаа хүн бол байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/
Гэрч Д.Бын мэдүүлсэн: ...2017 оны 07 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Хоршооллын төвд сургуулийн ойн баяр болж гаднаас их хүмүүс цугларсан. Тэгээд Хоршооллын төвд төгсөлт болгон нэг, нэг гэр барьж өгсөн. Манай төгсөлтийн гэр Мгийн төгсөлтийн гэр хоёр зэрэгцээ байрлалтай байсан. Орой болоод хүмүүс бүжгэнд яваад гэртээ би П, Г нартай унтаж үлдсэн. Тэгтэл шөнө 03 цагийн үед гэрт хүн чанга, чанга яриад орилсон. Би сэрээд харахад манай гэрт М ганцаараа орж ирчихсэн баруун талын орон дээр унтаж байгаа Пг унтаж байхад нь нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Би боль гэж хэлээд босч салгасан. М манай гэрээс гараад явсан. Түүнээс хойш М хаагуур явсан, хаана унтсан талаар мэдэхгүй, би гэрээсээ гараагүй. Пгийн уруул нь бага зэрэг хавдсан байсан. М нилээн согтуу байсан. Би ямар шалтгааны улмаас цохиж, зодсон талаар мэдэхгүй байна. Дараа нь хамт нэг гэрт байсан ангийнх нь хүмүүсийн яриаг сонсож байхад М согтоод гэрт унтаад үлдсэн гэж байсан. Гэрт Мг П цохиж, зодоогүй. Би Мг одоо гар гэж хэлээд гэрээс гаргасан. Гэрт Мг цохиж, зодсон хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Б.Гын мэдүүлсэн: ...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн 8 жилийн дунд сургуулийн 60 жилийн ойн баяр болсон. Энэ баяр дээр манай ангийнхан уулзсан. Тэгээд төгсөлт төгсөлтөөрөө гэр бариад баярласан. Тэгээд орой бүжиг болоод манай ангийнхан бүжиг рүү явна гээд явцгаасан. Гэртээ П, Б бид гурав 3 үлдсэн. Би урьд шөнө нойр муутай байсан болохоор унтаад өгсөн байсан. Нэг сэртэл Б Мг чи гараач хөл муутай хүнийг яах гээд байгаа юм гээд гэрээс гаргаж байсан. Би тухайн үед орон дээр унтаж байсан бөгөөд орноос босоогүй. Бид нарын байсан гэрт Мг цохиж, зодсон хүн байхгүй. Тухайн үед баяр болж байсан болохоор тодорхой хэмжээний архи уусан байсан. Гэхдээ согттолоо уугаагүй байсан. П хөл муутай, бие муу байна гээд уухгүй байсан. М согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Мгийн биед ил харагдах шарх, сорив байсан талаар би мэдэхгүй, би орон дээрээс босоогүй, унтаж байгаад сэрээд нойрон дундаа л харсан. П, Мг цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Би унтаж байсан. Намайг сэрэхэд Б Мг чи хөл муутай хүнийг яах гээд байгаа юм, гараач гэж байсан. М П рүү дайраад П орон дээрээ хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/
Гэрч Д.Оын мэдүүлсэн: ...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн сургуулийн ой болсон юм. Би тэр ойд очсон. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нээлт тоглолт зэрэг үйл ажиллагаа болоод орой манай ангийнхан нэг гэрт цугларч нийлж хоол унд идэж ганц, нэг шил архи ууцгаасан. Тэгээд орой харанхуй болсон байх үед манай ангийнхан байрлаж байсан гэрээсээ гарцгааж Соёлын төв рүү бүжгэнд орохоор явсан. Энэ үед М гэрт үлдээд үлдсэн бүх хүмүүс Соёлын төв рүү явсан. Би Соёлын төв дээр ойролцоогоор 1 цаг орчим болоод эргээд байрлаж байсан гэртээ ирэхэд М гэрт байхгүй байсан. Би гэрт байж байхад миний араас М хүнд зодуулсан байдалтай орж ирээд намайг П зодчихлоо гэж хэлж байсан. Нүүр, ам нь цус болсон байсан. Тэгээд хоёулаа хамт аймаг явъя, эмнэлэгт үзүүлье гээд явсан. Архангай аймагт ирээд түргэн дуудаж эмнэлэгт үзүүлсэн. Бас миний гар утас, гинж 2 алга болсон гэж байсан. Мг П цохиж зодсон. М өөрөө тэгж хэлж байсан. Би М Пг цохиж зодож байхыг хараагүй. Намайг Соёлын төвөөс ирэхэд М зодуулчихсан байсан. Манай ангийнхан байрлаж байсан гэр бол Пгийн ангийн хүүхдүүд байсан гэр хоёр зэрэгцсэн байсан. Би Мтэй гэрээс гараад машинд суух гэж байхад Пгийн дуу өөрийн байрлаж байсан гэртээ ярьж байгаа нь сонсогдож байсан. М надтай хамт байх үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Мгийн нүүр нь шалбараад цус гарсан байгаа харагдаж байсан. Би сайн мэдэхгүй байна. Манай ангийнхан нийлж байх үед Мгийн гар утас, хүзүүний гинж зэрэг эд зүйл байсан. Би Мтэй хамт гэрт нь байж байгаад машинаар сургуулийн ойд очсон юм. Мгийн гар утас том хэмжээтэй л гар утас байсан. Би маркийг нь сайн мэдэхгүй байна. Хүзүүний гинж нь шар өнгөтэй л гинж байсан. Би анзаарч сайн хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
Гэрч Д.Оын дахин мэдүүлсэн: ...2017 оны 07-р сарын 21-ний шөнө гэгээ тасраагүй байхад Соёлын төв рүү бүжгэнд явсан бөгөөд цагийг нь сайн санахгүй байна, бүжгээс гарч ирэхэд ямар ч байсан харанхуй болчихсон байсан. Тэгээд би шууд төгсөлтийн барьсан байсан гэрт очиход хүн байхгүй болохоор нь би тэр гэрт ороод хэвтэж байтал М гаднаас нүүр, ам нь цус болчихсон орж ирсэн. Би яасан гэж асуухад П намайг зодоод ийм болгочихлоо, хоёулаа хамт аймаг руу явъя гээд аймгийн эмнэлэгт үзүүлж хэвтсэн юм. Зодоон, цохион болох үед би бол байгаагүй, хараагүй. Намайг бүжигнээс ирэхэд М гэрт байхгүй байсан, гадаа бол харагдаагүй, намайг гэрт ороод хэвтэж байхад гаднаас орж ирсэн. ...М хэлэхдээ П нь намайг зодлоо гэж байсан, өөр юм бол яриагүй. М гаднаас орж ирэхдээ толгой их өвдөөд гэж ярьж байсан ба нүүр, амнаас нь цус гойжсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 74 хуу/
Гэрч Л.Бгийн мэдүүлсэн: ...Бид эцэг эхээсээ долуулаа бөгөөд П миний төрсөн дүү байгаа юм. П уян зөөлөн сэтгэлтэй, төлөв даруу ааш зантай хүн юм. Эхнэр, 2 хүүхэдтэйгээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багт малчин бөгөөд 2 хүүхэд нь сургуульд сурдаг. Эхнэр Б нь 6 дугаар багт малаа малладаг малчин юм. Тэрээр архи, тамхи хэрэглэдэг бөгөөд хааяа уусан үедээ янз бүрийн авир араншин гаргадаггүй унтаад өгдөг. Эрдэнэбулган сум 6 дугаар багт бага сургууль төгссөн, өөр сургууль төгсөөгүй, мал маллаж амьдардаг. Манай П хамт олон хүмүүсийн дунд нэр хүнд сайтай хүн тусархуу, хүрээ сайтай, ах, дүү хамаатан дотор нэр хүнд сайтай, төлөв даруу зан ааштай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 хуу/
Яллагдагч Л.Пгийн мэдүүлсэн: ...Би И.Мг зодоогүй учраас уг хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2017 оны 07 дугаар сарын 21-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн сургуулийн 60 жилийн ой болсон. Энэ ой дээр ангийнхан уулзацгаасан юм. Уг орой 20 цагийн орчим бүжиг болоод манай ангийн хүүхдүүд бүжгэнд яваад Б, Г бид гурав гэрээ хараад үлдсэн. Бид гурав гэрийн гурван талын орон дээр унтаж байтал гаднаас нэг хүн орж ирээд миний унтаж байсан орны өмнө суугаад тохойлдоод сэрээсэн юм. Тэгэхээр нь сэрээд хартал М сууж байсан. Тэгээд би яаж байнаа гэсэн чинь яасан их унтдаг юм бэ гэхэд Б босч ирээд Мд наад хүний чинь гар, хөл нь хадаастай хөл, гарыг нь хөндчихөв, зүгээр бай гэж хэлж байсан. Тэгээд Б Мг гэрээс гаргаад явуулсан юм. Манай ангийн хүүхдүүд архи уугаад байсан. Би бага хэмжээгээр ганц нэг рунк архи татсан бөгөөд бараг эрүүл шахуу байсан. Би Мг бол зодоогүй. Бид хоёр хэрүүл маргаан ч хийгээгүй. М архи уусан согтуу байсан. Ойн арга хэмжээ өнгөрөөд 2-3 хоногийн дараа цагдаа дээр ирээд Мтэй уулзахад түүний аль нүд нь байсныг санахгүй байна, нүдний шанаа орчим нь хөхөрсөн байсан. Би Мтэй нэг оны цэрэг бөгөөд найз нөхдийн холбоотой. М манай гэрт ороход ямар нэгэн ил харагдах шарх, сорив байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84-86 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 313 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. И.Мгийн биед зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн хөмсөгт жижиг язарсан шарх, баруун мөр, цээжний зүүн урд дээд хэсэгт цус хуралт, баруун хацрын дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 37 хуу/
Гэрч хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 48-52, 53-57 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26, 27хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 89-90 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 97 хуу/
Л.Пгийн хүсэлт /хх-ийн 98, 104 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 105 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршоолол гэх газарт иргэн И.Мгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Л.П нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршоолол гэх газарт иргэн И.Мгийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч И.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршооллын сургуулийн 60 жилийн ойн баярын арга хэмжээг үзэж яваад морь барианы хэсэгт П гэх манай дээд төгсөлтийн залуу нилээн согтуу тааралдаад намайг хар нүдний шилээ авчих, чи хэзээ ийм болчихсон юм гэх зэргээр хэл амаар доромжлоод миний малгайг толгой дээрээс авч газар шидээд байсан юм. Тухайн үед би согтуу хүнтэй юм яриад яахав гэж бодоод миний хөгшин нилээн согтсон байна, одоо амар гэх зэргээр аргадаж байгаад явсан бөгөөд орой 22 цагийн үед манай ангийнхан байрлаж байсан гэрт очиход хажуу талынх нь гэрт П ганцаараа байхаар нь би ороод унтаагүй юм уу гэж асуухад чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд намайг мөргөсөн бөгөөд би ухаан алдаад нэг сэрсэн чинь гэрийн гадаа Птэй зодолдож байсан бөгөөд П миний дээр гарчихсан намайг нүдээд байсан. Би арай гэж доороос нь бултаж гараад машин руугаа ороод аймгийн төв рүү цагдаа, эмнэлэг дуудахаар явсан юм. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, баруун мөр хөхөрсөн, зүүн зовхи хагарсан, цээжний хэсэгт хөхөрсөн бөгөөд ханиалгахаар цустай цэр гарч байгаа. Толгой тархи байнга өвдөж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/, хохирогч И.Мгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “миний биед учирсан гэмтлүүдийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орой 22 цаг өнгөрч байх үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутагт сургуулийн ойн баяр болж байсан гэрүүдийн гадаа П гэдэг хүн зодож, цохиж учруулсан. Өөрийгөө зодсон хүнийг П гэж таньж байгаа. Би тухайн үед Пд зодуулчихаад гэрт ороод Оыг сэрээгээд хамт аймаг руу явъя гэж дуудаад хамт гарахад П над руу ална гээд дайрч л байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, гэрч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би гэрт байж байхад миний араас М хүнд зодуулсан байдалтай орж ирээд намайг П зодчихлоо гэж хэлж байсан. Нүүр, ам нь цус болсон байсан. Тэгээд хоёулаа хамт аймаг явъя, эмнэлэгт үзүүлье гээд явсан. Архангай аймагт ирээд түргэн дуудаж эмнэлэгт үзүүлсэн. Мг П цохиж зодсон, М өөрөө тэгж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/, гэрч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “би шууд төгсөлтийн барьсан байсан гэрт очиход хүн байхгүй болохоор нь би тэр гэрт ороод хэвтэж байтал М гаднаас нүүр, ам нь цус болчихсон орж ирсэн. Би яасан гэж асуухад П намайг зодоод ийм болгочихлоо, хоёулаа хамт аймаг руу явъя гээд аймгийн эмнэлэгт үзүүлж хэвтсэн юм. М нь П нь намайг зодлоо гэж байсан, М гаднаас орж ирэхдээ толгой их өвдөөд гэж ярьж байсан ба нүүр, амнаас нь цус гоожсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74/, хохирогч И.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 313 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Л.Пгийн “би Мг зодож гэмтэл учруулаагүй, гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн мэдүүлэг нь няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Б овогт Лгийн Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.П нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Л.Пд холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.5, 3, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Лгийн Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Пд холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Л.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ